Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/209

 

2022          12           07                                       2022/ШЦТ/209

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Б,

Шүүгдэгч: Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нгийн Дд холбогдох эрүүгийн 2235000000218 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х овогт Нгийн Д, 1985 оны 11 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 1 дүгээр баг.................... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ...............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багийн нутагт ........... УНЗ улсын дугаартай “Hyundai porter” загварын тээврийн хэрэгслийг шороон гадаргуутай замд жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 23.1-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тэвшин дээр зорчиж явсан өөрийн төрсөн дүү Н.Быг дайрч, амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Д нь Увс аймгийн ........... сумын 1 дүгээр агийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ........... УНЗ улсын угаартай Хюндай Портер загварын автомашиныг шороон гадаргуутай замд жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн аргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 23.1-д заасан заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас автомашины тэвшин дээр зорчиж явсан иргэн Н.Быг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Миний үйлчлүүлэгч Н.Д нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох эх П.Ч нь асаргаа, дэмжлэг шаардлагатай байдаг бөгөөд хүү Н.Д нь харж ханддаг. Н.Дгийн хувийн байдал, гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “Надад гомдол байхгүй. Би хэцүү байна, ганцаараа амьдарч байгаа. Би хоолоо л амандаа хийж байна. Өөр чадах зүйлгүй. Миний хүү Н.Д санамсар болгоомжгүй байдлаар осол гаргаж дүүгээ алдсан. Бидэнд хэцүү байна. Миний хүү Н.Дд хөнгөн ял өгнө үү.” гэх мэдүүлгийг,

4. Гэрч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Талийгаач бид хоёр Портер загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн суудалны арын нугасанд сууж явсан. Нугасанд сууж явахад хөл өвдөөд хэцүү байсан тул “Систем” нэртэй газраас буцахдаа талийгаач Н.Б бид хоёр "Портер" загварын ........... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж явсан. Талийгаач Н.Б бид хоёр автомашины тэвшний урд талд хойшоо харж суусан, би жолооч талд Н.Б миний хажууд запас дугуйн дээр сууж, айлаас авсан хонио тэвшний арын хэсэгт нь хөлийн боож тавьсан. Бид нар ........... сумын 1 дүгээр баг “Туруун гол” нэртэй газар буюу сумын төв рүү орж явахад замын байдлаас болж, машин надруу бага зэрэг хазайх үед талийгаач над дээгүүр даваад  машинаас уначихсан, тухайн үед би талийгаачийг машинд дайруулсан эсэхийг, ер нь яаж унасныг сайн харж чадаагүй, сандраад хүн уначихлаа гэж орилоод машины арын цонх цохиж автомашиныг зогсооход нөхөр Н.Д талийгаач руу гүйж очиж татсан боловч талийгаачийн толгой хэсгээс их цус гарчихсан, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан” гэх мэдүүлгийг,

5. Шүүгдэгч Н.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “Би дүүгээ ийм байдалд хүргэсэндээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж  байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235000000218 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-13 дахь тал);

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-19 дахь тал);

3. Хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-22 дахь тал);

4. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-31 дэх тал);

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр түүний эх П.Чыг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 37 дахь тал);

6. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Над руу 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Увс аймгийн ........... сумаас хүү Н.Д гар утсаар залгаж дүү Н.Б "Портер" загварын ........... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр явж байгаад унаад бие нь муу байна, та наашаа хүрээд ир гэж дуудсан. Би тухайн өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багт ирэхэд хүү Н.Б нь нас барчихсан байсан. Хүү Н.Б нь болгоомжгүй байдлын улмаас болж автомашины тэвшин дээрээс унаж нас барсан учир надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал);

7. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нөхөр Н.Д, аав С.Д, ээж Б.Н талийгаач Н.Б бид нар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед "Портер" загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс 30 гаруй км зайтай байх “Систем” нэртэй газар байх айлд очиж идэшний хонь авсан. Бид нар “Систем” нэртэй газар луу явахад нөхөр Н.Д жолоо барьж, түүний хажууд аав С.Д сууж, хаалга талд нь ээж Б.Н суусан. Талийгаач бид хоёр Портер загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн суудалны арын нугасанд сууж явсан. Нугасанд сууж явахад хөл өвдөөд хэцүү байсан тул “Систем” нэртэй газраас буцахдаа талийгаач Н.Б бид хоёр "Портер" загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж явсан. Талийгаач Н.Б бид хоёр автомашины тэвшний урд талд хойшоо харж суусан, би жолооч талд, Н.Б миний хажууд запас дугуйн дээр сууж, айлаас авсан хонио тэвшний арын хэсэгт нь хөлийн боож тавьсан. Бид нар ........... сумын 1 дүгээр баг “Туруун гол” нэртэй газар буюу сумын төв рүү орж явахад талийгаач газрын ташуу хэсэгт над дээгүүр давж машинаас унасан, би хүн уначихлаа гэж орилоод машины арын цонх цохиж автомашиныг зогсоогоод нөхөр Н.Д талийгаач руу гүйж очиж татсан боловч талийгаачийн толгой хэсгээс их цус гарчихсан, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Бид нар талийгаачийг өргөж авто машины тэвшин дээр тавиад гэртээ очиж эмч дуудаж талийгаачийг үзүүлэхэд эмч нас барчихсан байна гэж хэлсэн тул нөхөр цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал);

8.  Гэрч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д, А, нөхөр С.Д, талийгаач Н.Б бид нар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед "Портер" загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс 30 гаруй км зайтай байх Систем нэртэй газар байх айлд очиж идэшний хонь авсан. Бид нар Систем нэртэй газарлуу явахад хүргэн Н.Д тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, миний нөхөр С.Д сууж явсан. Талийгаач, охин Д.А хоёр Портер загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн суудалны арын нугасанд сууж явсан. Нугасанд сууж явахад хөл өвдөөд байна гэж охин болон талийгаач нар хэлж байсан. Систем нэртэй газраас буцахдаа талийгаач Н.Б, охин хоёр "Портер" загварын УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр суусан. Бид нар ........... сумын 1 дүгээр баг Туруун гол нэртэй газар буюу сумын төв рүү орж хүргэн зогссон. Энэ үед охин Д.А машин дээрээс хүн уначихлаа гэж хэлж байгаа нь сонсогдоод хүргэн хойд зүг рүү гүйгээд явчихсан. Нөхөр бид хоёр хоёулаа хөл муутай учир машинаас бууж чадаагүй машин дотор байсан. Тухайн өдөр хүргэн Н.Д архи, согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй. Талийгаач Хуунаа гэх айлд 1.2 литрийн савтай монгол нэрмэл архи уусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал);

9.  Гэрч С.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Д, А, эхнэр Б.Н, талийгаач Н.Б бид нар 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн "Портер" загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй сумын төвөөс 30 гаруй км зайтай байх Систем нэртэй газар байх айлд очиж идэшний хонь авсан. Бид нар Систем нэртэй газарлуу явахад хүргэн Н.Д тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан, миний эхнэр Б.Н миний хажуу талд сууж явсан. Талийгаач, охин Д.А хоёр Портер загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн суудалны арын нугасанд сууж явсан. Нугасанд сууж явахад хөл өвдөөд байна гэж охин болон талийгаач нар хэлж байсан. Систем нэртэй газраас буцахдаа талийгаач Н.Б, охин хоёр "Портер" загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр суусан. Бид нар ........... сумын 1 дүгээр баг Туруун гол нэртэй газар буюу сумын төв рүү орж хүргэн зогссон. Энэ үед охин Д.А машин дээрээс хүн уначихлаа гэж хэлж байгаа нь сонсогдоод хүргэн хойд зүг рүү гүйгээд явчихсан. Эхнэр бид хоёр хоёулаа хөл муутай учир машинаас бууж чадаагүй машин дотор байсан Тухайн өдөр хүргэн Н.Д архи, согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй. Талийгаач Хуунаа гэх айлд 1.2 литрийн савтай монгол нэрмэл архи уусан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал);

10. Гэрч Ө.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт С.Д, эхнэр Б.Н, охин Д.А, түүний нөхөр Н.Д, нэг танихгүй залуу Дгийн дүү гэж сонссон хүмүүс Портер загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай гэрт ирсэн бөгөөд С.Д ахын хүргэн Н.Д автомашин жолоодож ирээд хоол, цай идэж уучихаад мөн Д автомашинаа жолоодоод явсан. Манай гэрт ирэхдээ Н.Дгийн эхнэр Д.А, түүний дүү гэх залуу хоёр тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж ирсэн, явахдаа мөн Дгийн эхнэр Д.А, дүү гэх залуу хоёр тэвшин дээр суугаад явсан. ...Н.Д, түүний дүү залуу болон хамт явсан хүмүүс бүгд эрүүл явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй..." гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал);

11. Э. Гэрч М.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт С.Д, Б.Н, Д.А, Н.Д, түүний дүү гэх танихгүй залуу нар намайг гэртээ ганцаараа байхад ирсэн. Уг хүмүүс Портер загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Н.Д уг тээврийн хэрэгслийг жолоодож Д.А, Н.Дгийн дүү гэх залуу хоёр тэвшин дээр суучихсан ирсэн. Манай гэрээс явахдаа мөн Н.Д тээврийн хэрэгслээ жолоодож С.Д, Б.Н нар кабинд сууж, Д.А, С.Дгийн дүү нар тэвшин дээр суугаад явсан. ...Уг хүмүүс манай ирэхдээ эрүүл ирсэн. Архи уусан хүн байхгүй манай гэрт орж ирэхээр нь би 1.2 литрийн савтай нэрмэл монгол архи задалж өгсөн уг архийг С.Д, Н.Дгийн дүү нар хувааж уусан. Н.Д архи уугаагүй эрүүл манай гэрээс автомашинаа бариад явсан” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 54-56 дахь тал);

12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай "Амь хохирогч Н.Бын биед дух, баруун, зүүн зулай, дагз, суурь яс, баруун, зүүн ухархайн дээд хана, хамар ясыг хамарсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, орой хэсгээр хатуу хальсны урагдалт, тархины няцрал, дагз, зулай хэсгийн хатуу хальсны дээр болон доор цусан хураа, дух, баруун, зүүн зулай хэсгийн хуйхны доор цус хуралт, духны баруун хэсэгт, баруун хацар, эрүүний баруун урд хэсэгт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхинд, баруун тохойн үений гадна хэсэгт, баруун, зүүн гарын бугуйн үений дотно хэсэгт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гавал, тархины гэмтлүүд нь дарагдах, шахагдах хүчний нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал, гавал тархины гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. Амь хохирогч Н.Бын биед бүтцийн хувьд үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдоогүй. Н.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 2.1% промилли, ходоодны агууламжинд 8.1 % промилли, шээсэнд 0.6 промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нас барах үедээ дунд зэргийг согтолттой байсан байна. Амь хохирогч Н.Б нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна. Амь хохирогч Н.Б нь цогцост үзлэг, шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 12-18 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-65 дахь тал);

13. Увс аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4 дугаартай “........ УНЗ улсын дугаартай Hyundai porter загварын тээврийн хэрэгсэлд дараах эвдрэл гэмтэл гарсаныг комисс үзэж шалгаж тогтоов. Үүнд: Ослоос шалтгаалсан гэмтэл гараагүй байна. .....УНЗ улсын дугаартай портер загварын автомашинд тоормослох, явах эд ангитай холбоотой эд анги эвдэрч гэмтээгүй байв” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 76-78 дахь тал);

14. Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...",

Хүн тээвэрлэх "Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно",

Тээврийн хэрэгслийн хурд "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 88-89 дэх тал);

14. Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх "Нгийн Д  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй" гэх лавлагаа (хавтаст хэргийн 118 дахь тал);

15. Яллагдагч Н.Дгийн  “...Би дүү Н.Бод хандаж чи автомашинаа жолоодоод яв би эхнэртэйгээ хамт тэвшин дээр суугаад хонио бариад явъя гэж хэлэхэд талийгаач дүү зүгээр зүгээр та автомашинаа жолоодоод яв би тэвшин дээр явчихая гэж хэлээд суусан. Талийгаач Н.Б, эхнэр хоёр автомашины тэвшний урд тад хойшоо харж, запас дугуйн дээр сууж байсан. Би ........... сумын 1 дүгээр баг Туруун гол нэртэй газар буюу сумын төв орж явахад машины арын шил цохих шиг болохоор нь зогсоод автомашинаас буухад эхнэр надад хандаж Н.Б автомашины тэвшин дээрээс уначихлаа гэж хэлсэн. Би хойд зүг рүү харахад миний зогссон газраас нэлээд зайтай дүү Н.Б газар уначихсан толгой нь хойд зүг рүү харчихсан, баруун талын хажуугаараа хэвтэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би В.Н гэх хүнтэй 1984 онд нэг гэр болж 5 хүүхдийн эцэг эх болсон. Н.Д нь манай ууган хүү, талийгаач хүү Н.Б нь 2 дахь хүүхэд байгаа юм. Би Улаанбаатар хотод хүү Н.Бын хамт амьдарч байгаад 2022 оны хавар 03 дугаар сарын сүүл үеэр Увс аймгийн ........... сумын Зүүнтуруун багт шилжиж ирсэн, хүү Н.Б нь намайг дагаж Зүүнтуруун багийн хөдөө мал маллаж амьдарч байсан. Миний хүү Н.Б нь Увс аймгийн Зүүнхангай суманд 1987 онд В.Н гэх 5 хүүхэдтэй айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн. Дээрээ нэг ахтай, доороо 2 эрэгтэй, 1 эмэгтэй дүүтэй. Эцэг В.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Миний 3 дахь хүү Н.Батболд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байсан бөгөөд 2020 оны 12 сард нас барсан. Хүү Н.Б нь сургуульд суралцаагүй, бичиг үсэг мэддэг, уншиж бичиж чаддаг байсан. Улаанбаатар хотод байхдаа барилга, ногооны талбай дээр ажилладаг байсан Увс аймгийн ........... сумын Зүүнтуруун багт шилжиж ирснээс хойш миний нэр дээр бүртгэлтэй байдаг 10 гаруй үхрийн хариулж байсан. Хүү Н.Б нь эхнэр авч өрх тусгаарлаж тусдаа гараагүй, хүүхэдгүй, сэтгэцийн өөрчлөлтэй гэх шалтгаанаар цэргийн албанд тэнцээгүй учир цэргийн алба хаагаагүй, сэтгэцийн хувьд ямар нэгэн онош тодруулж эмчилгээ хийлгэж байгаагүй. Бид нарт зүгээр энгийн л хүн шиг санагддаг байсан. Миний хүү Н.Д нь Увс аймгийн Зүүнхангай суманд 1985 онд В.Нгийн ууган хүүхэд болон мэндэлсэн. Хүү Н.Д нв Увс аймгийн Зүүнхангай  сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан, бичиг үсэг мэддэг, уншиж бичиж чаддаг. Одоо Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багт 5 ханатай монгол гэрт эхнэр Д.А, хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал);

2. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Д нь миний нөхөр юм. ... талийгаач Н.Б бид хоёр "Портер" загварын ..... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр сууж явсан...Бид нар ........... сумын 1 дүгээр баг “Туруун гол” нэртэй газар буюу сумын төв рүү орж явахад талийгаач газрын ташуу хэсэгт над дээгүүр давж машинаас унасан, би хүн уначихлаа гэж орилоод машины арын цонх цохиж автомашиныг зогсоогоод нөхөр Н.Д талийгаач руу гүйж очиж татсан боловч талийгаачийн толгой хэсгээс их цус гарчихсан, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Бид нар талийгаачийг өргөж авто машины тэвшин дээр тавиад гэртээ очиж эмч дуудаж талийгаачийг үзүүлэхэд эмч нас барчихсан байна гэж хэлсэн тул нөхөр цагдаагийн байгууллагад хандсан...тухайн өдөр Н.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Талийгаач Н.Б нэрмэл монгол архи уусан боловч нэг их согтоогүй зүгээр байсан. Тухайн үед талийгаач сэрүүн надтай юм яриад явж байсан. Гэнэт надруу налж унаад намайг даваад машинаас уначихсан, тэр үед тээврийн хэрэгсэл зөөлөн, удаан явж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь талийгаач Н.Бын нэр дээр байдаг боловч талийгаач болон хадам ээж Ч, нөхөр Н.Д нарын мөнгө нийлүүлж авсан, ахуйн ажилд хэрэглэх гэсэн дундын автомашин юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал);

3. Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн тээврийн хэрэгслийг 6 сая төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдаж авсан. Би тээврийн хэрэгсэл авахад 2.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал);

4. Гэрч Н.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Д нь  1985 онд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, бидний том ах юм, Зүүнхангай сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага сургуулийг төгсөөд Зүүнхангай суманд малчин хийж байгаад 2004 онд цэрэгт явж, 2005 онд халагдаж ирсэн. 2021 онд эхнэр Д.Атай хурим хийж, өрх тусгаарласан. Одоо Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багт эхнэр, хүүхдийн хамт амьдардаг,....Талийгаач ах Н.Б нь эхнэр, хүүхэд байхгүй, ээж П.Чын хамт амьдардаг бөгөөд Н.Д ахтай их дотно харилцаатай, хамт нийлж ар гэрийн бүхий л ажил төрлийг хийдэг байсан. Н.Д ах хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, ямар нэгэн суурь өвчин байхгүй, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, тамхи татдаг, архийг тохируулж хэрэглэдэг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн шударга зантай, уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн зан ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал);

5. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119 дугаартай “Амь хохирогч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Түүний цусанд 2,1% промилли, ходоодны агууламжинд 8.1% промилли, шээсэнд 0.6% промилли спиртийн агууламж илэрч байна. Амь хохирогч нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дэх тал);

6. Шүүгдэгч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, болгоомжгүй байдлаас болж өөрийн хайртай төрсөн дүүгийн амь насанд хүрч, ар гэртээ уй гашуу авч ирсэндээ харамсаж, гэмшиж байна. (хавтаст хэргийн 102-103 дахь тал);

7. Шүүгдэгч Н.Дгийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  (хавтаст хэргийн 107 дахь тал);

8. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чын Цагдаагийн газарт гаргасан: “..Миний хүү Н.Д нь авто осол гаргасны улмаас төрсөн дүү Н.Бын амь нас хохирсон хэрэгт талийгаач хүүгийнхээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Цагдаагийн газарт мэдүүлэг өгсөнтэй холбогдуулан санал хүсэлтээ уламжилж байна. Хэдийгээр миний хүү Н.Д нь санамсар болгоомжгүйгээр осол гаргаж төрсөн дүүгийнхээ амь насанд хүрсэнд эх хүний хувьд хэцүү байгаа ч хоёр хүүгийнхээ нэгийг нь шороонд хийж, нөгөөг нь шоронд оруулахыг хүсэхгүй байна. Иймд Дд ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, амьд үлдсэн хүү Дгийн ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 127 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

9. Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чын өвчний түүхийн хуулбарыг Н.Дд холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зорилгоор тус тус шинжлэн судлав.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ч, шүүгдэгч Н.Д нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Харин энэ хэрэгт магадлагаа гаргаж, зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон гэх ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Ганзоригийн магадлагаа нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6-д заасан ”Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг талбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, түүнчлэн ахлах мөрдөгч Г.Ганзориг нь зам тээврийн осол дээр шинжээчийн хувиар дүгнэлт гаргахдаа тухайн асуудлаар тусгай мэдлэг эзэмшсэн эсэх нь хэрэгт тогтоогдохгүй байх тул ахлах мөрдөгч Г.Ганзоригийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай магадлагааг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч Н.Д нь 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ амь хохирогч Н.Бын эзэмшлийн “Hyundai porter” маркийн ........... УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, ........... сумын 1 багийн нутагт шороон гадаргуутай замд хөдөлгөөнд оролцож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 23.1-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас тэвшин дээр зорчиж явсан, түүний төрсөн дүү  Н.Б машины тэвшнээс унаж, дайрагдан амь насаа алдсан үйл баримт тогтоогдож байна.

-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-13 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 14-19 дахь тал), хохирогчийн хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-22 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 23-31 дэх тал), амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чын мэдүүлэг (хавтаст хэргийн 38-40 дахь тал), гэрч Д.А, Б.Н, С.Д, Ө.Ц, М.Мягаа нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-56 дахь тал), Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 62-65 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвөөс авсан жолоочийн эрхтэй эсэх талаарх лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 118 дахь тал), шүүгдэгч Н.Дгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заасан байна.

“Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм” нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, эсхүл амь насыг нь хохироосон бол гэмт хэрэгт тооцно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

2. Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдлыг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч Н.Д нь ачааны зориулалттай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож явах үед тэвшин дээр зорчиж явсан Н.Б унаж, нас барсан нь тогтоогдож байх тул түүнийг  зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Н.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь хавтаст хэргийн 118 дахь талд авагдсан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэх талаарх лавлагаагаар нотлогдож байна.

3. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Н.Д нь  Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багийн нутаг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ........... УНЗ улсын дугаартай  авотмашиныг шороон гадаргуутай замд жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна.

4. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 71 дугаартай, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний  ".... Амь хохирогч Н.Бын биед дух, баруун, зүүн зулай, дагз, суурь яс, баруун, зүүн ухархайн дээд хана, хамар ясыг хамарсан олон тооны хэлтэрхий үүсгэсэн хугарал, орой хэсгээр хатуу хальсны урагдалт, тархины няцрал, дагз, зулай хэсгийн хатуу хальсны дээр болон доор цусан хураа, дух, баруун, зүүн зулай хэсгийн хуйхны доор цус хуралт, духны баруун хэсэгт, баруун хацар, эрүүний баруун урд хэсэгт, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхинд, баруун тохойн үений гадна хэсэгт, баруун, зүүн гарын бугуйн үений дотно хэсэгт, баруун өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо... Дээрх гавал, гавал тархины гэмтлүүд нь үхлийн шалтгаанд шууд нөлөөлсөн байна. Амь хохирогч Н.Б нь дээрх гавал, тархины гэмтлүүдийн улмаас нас барсан байна. " гэх дүгнэлт (хавтаст хэргийн 62-65 дахь тал)-ээр уг зам тээврийн ослын улмаас талийгаач Н.Бын биед гэмтэл учирч, нас барсан болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Д нь Монгол Улсын Засгийн газраас хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 12.3, 23.1-д заасан заалтуудыг тус тус зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, ачааны зориулалт бүхий тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүн тээвэрлэж явсны улмаас шороон замын бартаат хэсэгт машин хазайсан тал руу амь хохирогч Н.Б унаж, тээврийн хэрэгслийн дугуйнд толгой хэсгээрээ дайрагдаж, гавал тархины хүнд гэмтэл авч нас барсан, Н.Д нь хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн даруйд тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй,  Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 119 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Н.Б нь зам тээврийн осолд өртөж нас барах үедээ  дунд зэргийн согтолттой байсан нь тус тус эргэлзээгүй байдлаар нотлогдон тогтоогдсон байна.

5. Шүүгдэгч Н.Дгийн үйлдлийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэж үзэх бөгөөд шүүгдэгч Н.Дгийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл нь хохирогчийн амь хохирсон үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсаны улмаас болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон буюу гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

6.  Иймд шүүгдэгч Н.Дгийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглоно, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 23.1-д заасан “Зорчигчийг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Ачааны автомашины жолоочийн бүхээг дотор зориулалтын суудалд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх бөгөөд харин түүний тэвшин дээр энэ дүрмийн 23.2, 23.3-т зааснаас бусад тохиолдолд хүн тээвэрлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн  үндэслэлтэй байна.

7. Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгч Н.Дгаас хохирол, төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Дгаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч Н.Д нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хүү Н.Дд аль болох хорих ял оногдуулахгүй байх хүсэлтийг,

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б  эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд Н.Д нь хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох эх П.Ч санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, одоо тэрээр хүү Н.Дгийн асаргаанд байдаг зэргийг харгалзан Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

5. Шүүгдэгч Н.Д нь эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзлээ.

-Шүүгдэгч Н.Дгийн хувийн зан байлын талаар гэрч Н.А нь мөрдөн байцаалтын шатанд “Н.Д нь миний нь том ах бөгөөд 1985 онд төрсөн, 37 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын 1 дүгээр багт мал маллаж амьдардаг. Ах Н.Д нь 8 ханатай Монгол гэр, 8 тооны бод малтай, “Мустанг” загварын мотоцикльтой өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Зан араншингийн хувьд хүнд худлаа хэлдэггүй, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв дүйтэй, төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, тамхи татдаг, архийг тохируулж хэрэглэдэг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн шударга зантай, ууралж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн зан ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг юм” гэх мэдүүлэг өгснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй (хавтаст хэргийн 58 дахь тал);

-Шүүгдэгч Н.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 107 дахь тал);

- Шүүгдэгч Н.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.

7. Иймд шүүх шударга ёсны, гэм буруугийн, энэрэнгүй ёсны зарчмыг тус тус баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хувьд  өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас төрсөн дүүгээ алдаж, хүнд хор уршиг учирсан нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний эх П.Чын “Би нэг хүүгээ шороонд хийсэн, одоо нэг хүүгээ шоронд явуулахыг хүсэхгүй байна, нэгэнт санамсар болгоомжгүй үйлдэгдсэн ослын улмаас миний хүү Н.Б нас барсан тул том хүү Н.Дд санал гомдолгүй, би одоогоор хүү Н.Дгийн асаргаанд байдаг” гэх хүсэлт, шүүгдэгч Н.Дгийн анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа” гэмт хэрэг үйлдсэн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Дд  оногдуулсан 1 (нэг) жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн ........... сумын  нутаг буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгчээс гаргуулах, хохирол хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

9. Амь хохирогчийн эзэмшлийн “Hyundai porter” загварын, ........... УНЗ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чт олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Нгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Жолооч Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Н.Дд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Дд  оногдуулсан 1 (нэг) жилийн  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн ........... сумын  нутаг буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д  нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Н.Дд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, “Hyundai Porter” маркийн, ........... УНЗ улсын дугаартай, тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг, өмчлөгч амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Чт олгосугай.

9. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА