| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2019/01060/И |
| Дугаар | 102/ШШ2019/01133 |
| Огноо | 2019-04-22 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2019/01133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 59-р байрны 56 тоотод түр оршин суух, эрэгтэй, РД-ТГ90082812, Алаг адуун овогт Даваахүүгийн Баярцогтын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 50-р байрны 103 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УС84031943, Тайж овогт Очирбатын Түмэн-Өлзийд холбогдох,
350 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Баярцогт, хариуцагч О.Түмэн-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу төлсөн 350 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2018-10-23 өдөр С.Түмэн-Өлзийтэй аман гэрээ хийж, гал тогооны өрөөг нь найз охин болон дүүргийн хамт түрээслэн суухаар тохирч, 1 сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг, барьцаа 300 000 төгрөг, нийт 600 000 төгрөгийг С.Түмэн-Өлзийгийн данс руу шилжүүлсэн.
2018-11-24 өдөр дараа сарын түрээсийн төлбөр 300 000 төгрөг дээр орон сууц ашиглалтын зардалд 1 хүний 10 000 төгрөгөөр тооцож, 2 сарын ашиглалтын зардалд 60 000 төгрөгийн хамт төлсөн.
2018-11-24 өдөр түрээсийн төлбөрөө бүрэн төлсөн боловч удалгүй буюу 15 хоногийн дараа 2018-12-09 өдөр байрнаас гарч, байрыг нь хүлээлгэн өгсөн. Байрнаас гарахад барьцаа 300 000 төгрөг, сарын үлдэгдэл төлбөрт 150 000 төгрөг, нийт 450 000 төгрөгийг авах ёстой байснаас 2018-01-27 өдөр 100 000 төгрөгийг авч, үлдэгдэл 350 000 төгрөгийг өгөхгүй байгаа.
Иймд С.Түмэн-Өлзийгөөс 350 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагч тайлбартаа: Миний бие 2018-10-23 өдөр Д.Баярцогттой өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18-р хороо, 50-р байрны 103 тоотод байрлах, 2 өрөө орон сууцны нэг өрөөг сарын 300 000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохирч, барьцаанд 300 000 төгрөгийг урьдчилан авахаар тохирсон. Д.Баярцогт нь эхний сарын хөлс болон барьцаа төлбөрт нийт 600 000 төгрөгийг өгсөн. Д.Баярцогт болон түүний найз охинтой харилцан тохирч, бид сантехникийн завсар үйлчилгээ байрандаа авсан бөгөөд нийт 150 000 төгрөгийг амьдарч байгаа нийт 6 хүндээ хувааж төлөхөөр тохирсон.
Д.Баярцогт нь 2018-12-16 өдөр байраа чөлөөлсөн. Барьцааны төлбөр 300 000 төгрөгөөс орон сууцны хэрэглээний зардалд 60 000 төгрөг, сантехникийн засвар үйлчилгээний зардалд 75 000 төгрөг, өрөөний цэвэрлэгээний зардалд 45 000 төгрөг, цоожны гол солиулахад 20 000 төгрөг, нийт 200 000 төгрөгийг суутгаж, үлдсэн 100 000 төгрөгийг 2019-01-27 өдөр Д.Баярцогтын данс руу шилжүүлсэн.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2 өрөө орон сууцны 3х3 хэмжээтэй 1 өрөөг сард 300 000 төгрөгөөр хөлслөхөөр 2018-10-23 өдөр амаар тохирч, нэг сарын хөлс 300 000 төгрөг, хөлслөх гэрээний үүргийн барьцаанд 300 000 төгрөгийг, 2018-11-24 өдөр 2 дахь сарын хөлс 300 000 төгрөг ашиглалтын зардал 60 000 төгрөгийн хамт төлсөн, хариуцагч дээрх мөнгөнөөс 100 000 төгрөг буцааж нэхэмжлэгчид 2019-01-27 өдөр өгсөн үйл баримтыг талаар зохигч маргаангүй байна.
Зохигч Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээг амаар байгуулсан байна.Хөлслүүлэгч, хөлслөгч гэрээний дагуу хүлээсэн өрөөг эзэмшилд нь шилжүүлэн өгөх, тохирсон хөлсийг төлөх үүргээ хэн аль нь тохирсон хугацаандаа биелүүлсэн байна.
Нэхэмжлэгч орон сууц хөлслөх гэрээг 2018-12-09 өдөр цуцалж, байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, барьцаанд өгсөн мөнгөнөөс үлдсэн 200 000 төгрөг, орон сууцыг ашиглаагүй хугацаанд хамаарах урьдчилж төлсөн хөлс 150 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь татгалзаж, ашиглалтын зардлыг нэг хүн сард 20 000 төгрөг байхаар тохирсон учир ашиглалтын зардалд 60 000 төгрөг, 3 түлхүүр нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн боловч 2 түлхүүр буцааж өгсөн тул цоожны голыг солиулахад зарцуулсан 20 000 төгрөг, байрыг цэвэрлүүлэхэд төлсөн хөлс 45 000 төгрөг, коридорт угаалтуур гаргахад гарсан зардал 150 000 төгрөгөөс 3 хүнд ногдох 75 000 төгрөгийг суутгасан, орон сууцнаас нэхэмжлэгч 2018-12-16 өдөр гарсан тул хөлс буцаахгүй гэж тайлбарласан болно.Зохигчийн дээрх тайлбараас гэрээг цуцлах нэхэмжлэгчийн саналыг хариуцагч зөвшөөрсөн боловч цуцалсан хугацааны талаар маргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч мэтгэлцсэн мэтгэлцээнээр орон сууц хөлслөх гэрээний хугацааг тодорхой тохироогүй, харин орон сууцны хөлсийг ашиглах сарын эхэнд төлөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна. Орон сууц ашиглах хугацаанд ус, цахилгаан, дулааны зардлыг хөлслөгч хүн бүрээр төлөхөөр зохигч тохирсон нь тогтоогдож байх боловч, нэг хүний төлөх зардлын хэмжээний талаар зохигч маргаж, нэхэмжлэгч нэг хүний зардлыг 10 000 төгрөгөөр тохирсон учир 2018-11-24 өдөр 3 хүний 2 сарын зардал 60 000 төгрөгийг 11 сард хөлсний хамт нэхэмжлэгчид шилжүүлсэн, хариуцагч барьцааны мөнгийг буцааж өгөхгүйн тулд нэг хүний зардлыг хүн тус бүр 20 000 төгрөг болгож тайлбарлаж байна байгаа гэж үзэж байгаагаа тайлбарласан болно.
Орон сууц хөлслөх гэрээг хөлслөгч 2018-12-09 өдөр цуцалж, байрыг 3 түлхүүрийн хамт энэ өдөр хөлслүүлэгчид хүлээлгэж өгсөн тухай тайлбарыг хариуцагч үгүйсгэж, 2018-12-16 өдөр гэрээг цуцалсан, 2 түлхүүр хүлээж авсан гэж тайлбарласан боловч тэрээр татгалзлаа нотлоогүй тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч орон сууц ашигласны хөлсийг төлөх үүрэгтэй, гэрээг 2018-12-16 өдөр цуцалсан нь нотлогдоогүй тул 2018-12-09 өдрөөс хойш орон сууцыг ашиглаагүй хугацаанд урьдчилж төлсөн хөлс 150 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4, 288 дугаар зүйлийн 288.1.1 дэх хэсэгт зааснаар хөлслүүлэгч нь хөлслөх хугацааны турш оршин суух зориулалтаар ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын доголдолгүй өрөөг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх, 288.1.3 дахь хэсэгт зааснаар хөлслүүлсэн хөрөнгөд засвар үйлчилгээг хийх үүрэгтэй.
Амаар байгуулсан орон сууц хөлслөх гэрээний зарим тохиролцооны талаар зохигч маргаж, гэрээг бичгээр байгуулаагүй шалтгаанаа орон сууцны бичиг баримтаа зээлийн барьцаанд өгсөн байснаас шалтгаалсан гэж хариуцагч тайлбарласан болно.
Нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан хариуцагч татгалзлаа нотлох тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч орон сууцыг хүлээлгэж өгөх үед хэвийн элэгдлээс илүүтэйгээр муутгасан байсан нь тогтоогдоогүй тул орон сууц хөлслөх гэрээний барьцаагаар хангагдах шаардлага Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон гэж үзнэ.
Иймд хариуцагч өөрийн орон сууцанд 2018-11-25 өдөр хийсэн гал тогооны шугам зөөж, тосгуур сольж, угаалгын машин холбосон зардал, 2018-12-16 өдөр цоожны гол сольсон хөлс, 2018-12-25 өдөр гэрээ дуудлагын цэвэрлэгээгээр цэвэрлүүлсэн хөлс, хөлслөгчийн гэр бүлийн нэг хүний ашиглалтын зардлыг сард 20 000 төгрөгөөр тооцож барьцаалуулсан мөнгөнөөс 200 000 төгрөгийг суутган авах үндэслэлгүй байна байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчээс төлсөн 12 650 төгрөгөөс 11 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 1500 төгрөгийг улсын орлогоос буцааж, хариуцагчаас 11 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч О.Түмэн-Өлзийгээс 350 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярцогтод олгосугай.