Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/01043

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 05 сарын 01 өдөр

                Дугаар 183/ШШ2019/01043

                  Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э ХХК-д холбогдох,

 

Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй, буруу халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 17.712.360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т, Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, нарийн бичгийн дарга Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Э” ХХК-д 2012 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээг Оюу толгой ХХК-тай манай компани хамтран ажиллах төслийн хугацаагаар байгуулж, инженер засварчин албан тушаал дээр ажилд орж 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажил үүргээ хэвийн гүйцэтгэж ажиллаж байсан болно. Гэтэл намайг 2018 оны 6 дугаар сард хамтран ажиллагч Бу-д гэмтэл учруулсан гэж үзэн, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэнэт ажлаас халсанд гомдолтой байна. “Э ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Оюу толгой” ХХК-ийн уурхайд уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэх, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туслан гүйцэтгэгч компани бөгөөд ажилчид нь ээлжиндээ 14 хоног ажиллаж, 7 хоног амрах хуваарьтай байдаг. Болсон үйл явдлыг тодруулан тайлбарлавал, миний бие 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 18 цаг 10 минутанд ээлжийн ажилд гарахын өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааны хурал дуусаад, тус хурлын өрөөнд байхад хамт ажилладаг инженер Бу-тай энгийн дотно байдлаар харилцан ярилцаж байтал тэрээр ард явж байгаад миний араас тэвэрсэн ба би хариуд нь толгойноос нь барьж тавиулах үед Бу хөл эвгүй болчихлоо гэсэн. Эвгүй гишгэсэн гэж бодоод эмнэлэгт очих уу гэж асуутал “гайгүй байна” гэж хэлсэн. Энэ үед аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч байсан “Н” болон” С” гэдэг компанийн ажилтнууд болон манай ээлжийн ахлах Л зэрэг олон хүмүүс хамт байсан юм. Гэтэл ажлаас халсан тушаалд намайг Бу-г “ноцолдож байгаад газар унагаасан” гэж буруутгасан байна. Тэгж ноцолдож газар унагаасан явдал огт болоогүй юм. Би 2018 оны 12 дугаар сарын эхээр 7 хоногийн амралт авсан, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ээлжийн ажилд намайг очихоос хоёр хоногийн өмнө Бу гүний уурхайгаас дээшээ гарч ирээд ажлын дараа усанд ордог, хувцсаа сольж цэвэрлэгээ угаалганд өгдөг нийтийн усанд ордог газарт усанд орж байгаад халтирч унаад хөлийн тойгны ясаа гэмтээгээд Улаанбаатар хот руу буцсан тухай сонссон. Намайг уурхай дээр очсоны дараа Хүний нөөцийн хэлтсээс 12 дугаар сарын 08, 09-ний өдөр сургалт зохион байгуулсан ба энэ үеэр хүний нөөцийн менежер н.Б Бу-тай 6 сард болсон асуудлын талаар надаас болон ээлжийн ахлах Л-с тайлбар авсан. Ажлаас буугаад бид ээлжээрээ нэг сая төгрөг цуглуулж Бу-г эргэж, аавд нь 6 сард болсон явдпыг тайлбарлаж хэлсэн юм. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би уурхай руу ээлжиндээ явсан ба маргааш нь буюу 12 дугаар сарын 21-ний өдөр цалин буухад миний цалин бага орсон байсан, үүнийг нягтлан бодогчоос асуусан. Нягтлан бодогч хүний нөөцөөс цалинг чинь 12 дугаар сарын 24-ний өдрөөр хаа гэсэн, өөрөө асуу гэж хариу хэлсэн. Хүний нөөцийн ажилтан н.Б руу ярихад “чи даваа гарагт ирж уулз” гэсэн ба би газраар Улаанбаатар хот руу буцаж даваа гарагт буюу 12 дугаар сарын 24-ний өдөр хүний нөөцийн н.М руу ярьсан чинь хүлээж бай дуудна гэсэн ба 12 сарын 25-ны өдөр дуудаад 6 сард юу болсон талаар дахин тайлбар бичүүлж авсан, дахиад холбогдоно хүлээж бай гэсэн чинь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаас халах тушаалыг хүний нөөцийн н.Б, н.М нар надад өгсөн. Миний бие 2018 оны 6 дугаар сард Бу-тай тоглоом байдлаар нэг нэгтэйгээ найрсаг харьцсан, ямар нэгэн байдлаар гэмтээх санаа бодол огт агуулаагүй, тухайн үед хөл нь эвгүй боллоо гэхэд нь эмчид үзүүлэх үү гэхэд хэрэггүй, гайгүй гэж өөрөө хэлж байсан, шөрмөс жаахан гэмтсэн байна гэж хэлж байсан нь үнэн. Бу нь хэдийгээр хөл нь гэмтэж эмчилгээ хийлгэж байсан боловч эдгэрсэн болоод ажилдаа орсон байх гэж миний зүгээс бодож байна. 2018 оны 12 сард уурхайд ажилд гарахад эрүүл мэндийн хувьд саадгүй, эдгэрсэн, ажилдаа тэнцэнэ гэдэг эмчийн дүгнэлт заавар байсан учир компани ажилд гарахыг зөвшөөрсөн байх журамтай. Амралтын байрандаа, усанд орж байхдаа Бу халтирч унасан нь халуун усны аюулгүй байдал болон нойтон шалны хамгаалалт зэрэг асуудалтай холбоотой байж болох байтал надтай зун тоглож байгаад хөлөө эвгүй гишгэсэн явдалтай холбон намайг шууд буруутган ажлаас халсанд гомдолтой байна. Миний төрсөн аав Н овогтой Г нь тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаанаар хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтайгаар группт байдаг ба аавд маань энэ өвчний улмаас бусдын байнгын асрамж халамж шаардлагатай байдаг юм. Ажлаас халагдсанаас хойш 2018 оны 1 сард би аавыгаа Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын группын хурлаар группыг нь сунгуулах, шинээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгохоор хамт авч явах, асрах зэргээр 2018 оны 01 сарын 23-наас 02 сарын 23-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлэхэд нь сахиж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг ар гэрийн гачигдалтай байдлаас шалтгаалан хэтрүүлсэн байна. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг ба миний бие ажпаас үндэслэлгүйгээр гэнэт халагдсантай холбоотойгоор сэтгэл санаа болон санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байна. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгөхийг хүсч, хариуцагч “Э ХХК нь намайг ажлаас буруу халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 17.712.360 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э ХХК нь Г.Б-той 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж гүний уурхайн засвар, үйлчилгээний хэлтэст инженер засварчны ажлын байранд ажиллуулсан. Гэтэл Г.Б нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Бу нэртэй ажилтантай ноцолдож, урт хугацаагаар эмчлүүлэхэд хүргэсэн гэмтэл хөлд нь учруулсан төдийгүй энэ үйлдлээ нуун дарагдуулсан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасны дагуу "хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил" гаргасан гэсэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн ерөнхий захирлын 18/255 тушаалаар цуцалсан болно. Г.Б хөдөлмөрийн гэрээг зөрчиж, дараах ноцтой зөрчлүүдийг гаргасан: 10.2.6-т "аюулгүй ажиллах дүрэм, журмыг биелүүлээгүй", 10.2.9 "ажлын байранд гарсан осол, гэмтлийг санаатайгаар нуун дарагдуулж, мэдэгдэхгүй байсан", 10.2.11 "хамтран ажилладаг болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж дарамталсан, хүчирхийлсэн", 10.2.12 "Компанийн ёс зүйн журмыг зөрчсөн" байна. Г.Б нэхэмжлэлдээ Бу-г "ноцолдож байгаад газар унагасан явдал огт болоогүй учир намайг ажлаас буруу халсан" гэж тайлбарлажээ. Гэтэл Бу-г ноцолдож гэмтээсэн нь дараах баримтуудаар тогтоогдсон: Бу 2018 оны 12 дугаар сарын 08-нд тус компанид гаргасан гомдолдоо "Г.Б- миний өөдөөс хүрч ирээд энгэрээс барьж тонгороод өвдгөөр таг гэж дуугараад газарт унасан учир алхаж чадахгүй болсон" гэж бичсэн байдаг. Г.Б Хүний нөөцөд 2018 оны 12 дугаар сарын 08-нд өөрийн өгсөн тайлбартаа "2018.06.04-ны өдөр Бу-тай тоглож байгаад араас тэврэхээр нь толгойг нь уургалж мушгисан" гэж хэлсэн байдаг. Бу, Г.Б-той ноцолдож унасан болохыг хамт ажилладаг н.Бя, н.Э, н.Р, н.Л харсан бөгөөд эдгээр ажилтнуудаас авсан тайлбарт энэ тухай тодорхой заасан байгаа. Мөн хамт ажилладаг нөхдүүд нь Г.Б-ыг ширүүн авиртай, дээрэлхүү, бусдыгаа шилэн хүзүүнээс татах, өдөх үйлдэл гаргадаг гэж тодорхойлжээ. Энэ зөрчлөө нуун дарагдуулсан бөгөөд Бу 2018 оны 12 сарын 8-нд компанид утсаар ярьж, 12 сарын 9-нд бичгээр гомдол гаргасан үед л илэрсэн юм. Г.Б Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан бөгөөд ийм зөрчилд ажлаас халах арга хэмжээ авдаг гэдгийг мэдэж байсан. Э группийн ёс зүйн дүрэм, бусад дүрэм, журмыг танилцуулах сургалтад хамрагдсан, мөн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөг сургалтаас гарангуут энэ зөрчлийг гаргасан байна. Иймд Г.Б-ыг ажлаас хууль бусаар, үндэслэлгүй буруу халсан гэсэн нэхэмжлэлийн шаардлага болон ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага тавих нь үндэслэлгүй юм. Түүний хүний буруугаас болж манай ажилтан Бу нь 6 сар ажлаа хийж чадахгүй хохирсон байна гэв.

 

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

 Г.Б-ын нэхэмжлэлтэй, “Э ХХК-д холбогдох, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх, ажлаас үндэслэлгүй, буруу халсан болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 17.712.360 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Э ХХК-ийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 18/022 дугаар тушаалаар “...Г.Б-ыг тус компанийн Инженер засварчин албан тушаалд томилсугай” гэсэн байх бөгөөд талууд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Ажил олгогч “Э ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18/255 дугаар тушаалаар “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Э ёс зүйн дүрэм, дотоод журмын 9.3, Ажлын байрны дарамт ялгаварлаас урьдчилан сэргийлэх журмын 4, Хөдөлмөрийн гэрээний 8.1.3-т зааснаар Г.Б- нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил эхлэхээс өмнө Бу-г ноцолдож байгаад газар унагасан ба Бу нь 6 сард хуваарьт амралтаараа амрах үедээ эмнэлэгт үзүүлж хөл нь гэмтсэнг тогтоолгосон. Энэхүү явдлыг нуун дарагдуулж, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр илрүүлж, судалсан ба судалгааны явцад Г.Б нь Бу-гийн биед гэмтэл учруулж, цаг тухайд нь мэдэгдээгүй, санаа тавиагүй ба улмаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д “ажлын байранд гарсан осол, гэмтэлийг санаатайгаар нуун дарагдуулах, мэдэгдэхгүй байх буюу ослын талаар худал мэдээлэл өгсөн бол” болон 10.2.11-д “өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамталсан, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан бол” гэх ноцтой зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул Г.Б-ыг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.

 

Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д “ажлын байранд гарсан осол, гэмтэлийг санаатайгаар нуун дарагдуулах, мэдэгдэхгүй байх буюу ослын талаар худал мэдээлэл өгсөн бол”, мөн гэрээний 10.2.11-д “өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамталсан, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан бол” гэсэн тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тухайлан заасан ноцтой зөрчилд тооцохоор тохиролцжээ.

 

            “Э ХХК-ийн Хүний нөөцийн менежер А.Б, Хүний нөөцийн мэргэжилтэн П.М нарын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Судалгааны тайлангаар “...Б-ын зүй бус үйлдлийн улмаас Б хөлөө гэмтээсэн байна. Б нь Б-г өвчний улмаас чөлөөтэй байсан 5 сарын хугацаанд Б-д анхаарал тавиагүй, тэрээр энэ үйлдлийн талаар 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хэнд ч хэлээгүй, Б-ыг шинээр ажилд орсон ажилчидтай үе үе ширүүн харьцдаг, хүмүүсийн талаар эвгүй тоглоом шоглоом хийдэг гэдгийг хамт ажиллагсад нь хэд хэдэн мэдүүлэгт дурдсан, ...энэ нь ноцтой зөрчил гэж тооцогдоно. Иймд Б-ын гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэж дүгнэлт ба зөвлөмж гаргав” гэсэн нь “Э ХХК-ийн дотоод дүрэм, журам, ёс зүйн дүрэм, хуульд зааснаар эрх бүхий этгээд дээрх дүгнэлт, зөвлөмжийг гаргасан болох нь нотлогдохгүй байна.

 

Г.Б, Бу нар ажлын байран дээрээ 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ноцолдсон талаар талууд маргаагүй ба уг үйлдлийн улмаас “...Г.Б нь Бу-гийн хөлийг гэмтээсэн мөн гэмтлийг санаатайгаар нуун дарагдуулсан, мэдэгдээгүй” гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Б-ын “...Бу-тай энгийн дотно байдлаар харилцан ярилцаж байтал тэрээр ард явж байгаад миний араас тэвэрсэн ба би хариуд нь тавиулах үед Бу хөл эвгүй болчихлоо гэсэн. Эвгүй гишгэсэн гэж бодоод эмнэлэгт очих уу гэж асуутал зүгээр байна, хэрэггүй гэж хэлсэн” гэсэн тайлбар, гэрч Бу-гийн “...Г.Б ирээд энгэрээс бариад авсан, би зөрүүлээд бариад авсан, гэтэл өөрөө намайг үүрэх маягтай тэврээд унасан, бид хоёр өс хонзон, муудалцаагүй, тухайн үед би Г.Б-ыг бодоод эмчид үзүүлээд хэрэггүй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэгээс дүгнэхэд Г.Б-ыг Хөдөлмөрийн гэрээний 10.2.9-д зааснаар “ажлын байранд гарсан осол, гэмтэлийг санаатайгаар нуун дарагдуулсан, мэдэгдээгүй” гэх боломжгүй юм.

 

Мөн Хөдөлмөрийн гэрээний 10.2.11-д зааснаар Г.Б нь өөртэй нь хамтран ажиллагч болон шууд удирдлагад ажилладаг ажилтантай зүй бусаар харьцаж, дарамталсан, хүчирхийлсэн, хүчирхийлэхийг завдсан гэх үйл баримт нотлогдохгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Г.Б нь Хөдөлмөрийн гэрээний 10.2.9, 10.2.11-д тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдохгүй байх тул “Э ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18/255 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчсөн байна гэж дүгнэн, Г.Б-ыг “Э ХХК-ийн Инженер засварчин ажилд нь эгүүлэн тогтоож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэж байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Г.Б-ын ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 2018 оны 9, 10, 11 дугаар саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 169.258 төгрөгийг /2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны/ 89 хоногоор тооцож 15.064.011 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.648.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

Нэхэмжлэгч Г.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болох нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 191/0220 дугаар Комиссын шийдвэр, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0093134 дугаар актаар тогтоогдож байх тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3, 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б-ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоож, Г.Б-ыг “Э ХХК-ийн Инженер засварчин ажилд нь эгүүлэн тогтоож, хариуцагч “Э ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 15.064.011 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.648.349 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Г.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Э ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б- нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 152.080 буцаан олгож, хариуцагч “Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 233.270 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД