Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/211

 

   2022          12           08                                       2022/ШЦТ/211

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.,

Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Бунжаа,

Шүүгдэгч Ч.Оийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Цагцалмаа,

Шүүгдэгч: Л.А, Ч.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ю овогт Лын А, Х овогт Чы О нарт холбогдох эрүүгийн 2235000000177 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, ах, эмээгийн хамт амьдардаг, Увс аймгийн ...... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Юүжин овогт Лхагважавын А, регистрийн дугаар: ..............,

2. Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Увс аймгийн ...... суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... сумын ............................, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ...... сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Харагчин овогт Чулууны О, регистрийн дугаар: ..........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн ...... сумын 1 дүгээр багийн нутагт иргэн З.Бийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу гражийн цоожийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох дугуй задлагч лапатак төмөр ашиглан онгойлгон,нэвтэрч хохирогч Д.Бын эзэмшлийн 2.671.900 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-150” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д  заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч Л.А, Ч.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.О, Л.А нар нь бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө Увс аймгийн ...... сумын 1 дүгээр багийн нутагт иргэн З.Бийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу гражид тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох дугуйны лапатак ашиглан нэвтэрч хохирогч Д.Бын эзэмшлийн 2.671.900 төгрөгийн үнэ бүхий “Мустанг-150” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.

2. Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Б.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, Мотоцикль хулгайлах гэмт хэрэгт нь оролцоогүй нь Л.Агийн мэдүүлгээр нотлогдож байна. Л.Аг хашаа руу ороход Б.О хашааны гадна талд үлдсэн байдаг. Б.Оийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй. Иймд Б.Оийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Л.Аы өмгөөлөгч Д.Бунжаа шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Л.А нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн, мөн хохирогчийг мотоциклио хурдан олоход Л.А нь тусалж, чиглүүлж өгсөн талаар мэдүүлсэн. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч Л.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Миний ар гэрийн амьдралыг харгалзан үзэж надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Энэ хэрэгт Б.О оролцоогүй, бид бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй, энэ хэргийг би ганцаараа хийсэн” гэх  мэдүүлгийг,

 5. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт: “Би энэ гэмт хэрэгт хамтран оролцоогүй. Тухайн үед цагдаа та хоёр хоёулаа хамт явсан бол явсан гэдгээ хэлж, мэдүүлгээ зөрүүлэхгүй адилхан өгвөл  хэрэг чинь хурдан шийдэгдэнэ гэж байсан. Би урьд хэрэгт холбогдож шалгагдаж байгаагүй, хуулийн мэдлэггүй учраас анхны мэдүүлгээ буруу зөрүү ярьж, худлаа мэдүүлэг өгсөн. А бид хоёр адил мэдүүлэг өгнө гэсэн бодлоор мэдүүлгийг өгсөн. Мөрдөгч С.Нямдаваа бид хоёрыг өмгөөлөгч авах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Б.Цагцалмаа өмгөөлөгчтэй холбогдсон. Өмгөөлөгчтэй 2 дахь мэдүүлгээ өгсөн. Би өмгөөлөгчид би энэ гэмт хэргийг үйлдээгүй гэдгээ хэлж, дахин мэдүүлэг өгсөн. Иймд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2235000000177 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал);

2. Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-15 дахь тал);

3. Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 16-17, 21 дэх тал);

4. Хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрт байхад над руу Б ахын залуу Н-О залгаж та мотоциклио авсан уу гэж асуусан, би аваагүй гэхэд таны мотоцикль байхгүй байна, гражийн хаалганы цоож онгорхой ямар нэг эд зүйлээр эвдэлж хулгай орсон юм байна. Та аавыг аваад ороод ир гэж хэлсэн. Тэгээд би Б ахыг авч бид хоёр миний УАЗ-469 машинтай орж ирсэн юм. Сумын төвд Б ахын хашаанд ирээд гражид орж үзэхэд миний мотоцикл байхгүй, харин мотоциклийн ар талын шаврын хаалтын хагарсан эд зүйл болон ачааны тайлж тавьсан даруулга үлдсэн байсан юм. Би хавар 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ...... сумын Халиунбулаг багийн нутаг дэвсгэр “Олон нуур” гэх газар руу нүүхдээ мотоциклио өөрийн хүү С-т өгч, сумын төвд Б ахын гражид тавь гэж хэлээд явуулсан юм. Түүнээс хойш мотоциклио очиж хараагүй. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би хүүгээ Б ахын гэрт очиж түлхүүр аваад мотоциклио авчих гэж явуулсан, манай залуу Б ахын гэрт очиход Б “ах гражийн түлхүүр мөн мотоциклийн түлхүүр сумын төвд авдарт байгаа, би гэрийн түлхүүр өгч чадахгүй юм байна” гэж хэллээ гэж хэлэхээр нь би за тэгвэл хэрэггүй найзтайгаа хамт яваад ачаагаа аваад ир айлын гэрлүү бас яаж орчихов зөв зөв гэж хэлээд явуулсан...Би тухайн мотоциклийг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ...... сумын Б-Э гэх хүний дэлгүүрээс 2.850.000 төгрөгөөр авсан надад тухайн үед гаалийн бичиг өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл аваагүй байгаа юм...", "...Манай сумын Н гэх залуу 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр залгаж Шивэр багийн Хар хөтөл гэх газар Л гэх айлын хаваржааны хажууд нэг шинэ цэнхэр мотоцикль байна та ирж үзэх үү, би таныг тосож аваад зам заагаад өгье гэж хэлсэн юм. Би хөдөө байх гэрээс явж очиж харахад миний мотоцикль мөн байсан. Би мотоциклио хүлээж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 28 дахь тал);

5. Иргэний нэхэмжлэгч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гэрт байхад манай малчин Д.Б гэрт ирж танай залуу ярилаа, миний мотоцикль алга болсон байна гэж хэллээ, та бид хоёрыг ороод ир гэж байна гэж хэлсэн. Би Д.Бтай хамт миний машинтай сумын төв орж ирээд харахад гражийн хаалга цоожлоод даавуугаар боосон байдалтай байхад тухайн боолт байхгүй болохоор манай залуу орж шалгасан гэсэн, би очиж харахад гражийн хаалга онгорхой, цоож дүүжилсэн байдалтай байсан гражид манай 2 мотоцикль, Бын нэг мотоцикль, Хүрлээ гэх хүний 1 мотоцикль нийт 4 мотоцикль байсан. Гэтэл Д.Бын шинэ мотоцикль алга байсан юм...надад гомдол санал хүсэлт байхгүй...", "... Манай байдаг Голын эхэн гэх газар сүлжээ байхгүй. Сүлжээнд гараад утсаар ярьдаг ба яг амьдарч байгаа газарт бол сүлжээ байхгүй. Миний утас дуудлага хадгалах үйлчилгээтэй ба сүлжээ ороход дуудлага хадгалах үйлчилгээнд хадгалагдсан дугаарууд дотор А, О нарын дуудлага байгаагүй, тэд надтай ямар нэгэн байдлаар холбоо бариагүй..." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 31-32, 187 дахь тал);

6. Гэрч Б.Н-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө найз С-Оын хамт манай мотоцикльтой,  ачит нуур орсон, мотоциклийн бензин дуусаж, бид хоёр сумын төв рүү 14 цагийн үед орж мотоцикльд бензин хийгээд манай хажуу талын хөршийнд цай уугаад Голын эхэн гэх газар гэрлүү явах гээд хөршийн гэрээс гарч өөрийн хашаа зөрөхөд хашаа хаалга онгорхой байсан тул бууж хашааны хаалгаар ороход мотоцикль гараад явсан мөр байсан, би очиж гражийн хаалга харахад гадна талын бөсөөр боосон боолт газар унасан байсан, мөн хоёр хүний мөр бас байсан юм. Манай граж дотор манай 2 мотоцикль, Б ахын 1 мотоцикль, Хүрэлээ гэх хүний 1, нийт 4 мотоцикль байсан. Манай 2 мотоцикль болохоор хурд загварын улаан өнгөтэй юм. Хүрэлээ гэх айлын мотоцикль ногоон өнгийн мустанг-150 загварын мотоцикль байсан. Харин алга болсон Б гэх хүний цэнхэр өнгийн мустанг-150 мотоцикль бөгөөд алга болсон байсан юм...", "... Оийг нэг нутаг гэдэг утгаар танина, харин А надаас 2, 3 нас дүү болохоор бид мэнд устай явдаг хүмүүс. Найз нөхдийн дотно холбоо байхгүй. Тухайн үед хашаанд ороход 2 хүний мөр байсан, нэг нь арзгар ултай байсан ба нэг нь цагаан ултай юм шиг мөр нь тод гарахгүй гутал байсан. Хашааны дотор, гадна гэх мэт газар мөрнүүд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36, 191 дэх тал);

7. Гэрч Ц.С-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Н-Оын хамт ...... сумын Халиунбулаг багийн Голын эхэн гэх газраас Ачит нуур ороод буцах гэтэл мотоциклийн бензин дуусаад сумын төв орж бензин аваад  Н-Оын аавын хашааны хажуу талын хөрш айлд цай уучаад буцах гээд Н-Оын гэрийн хажуу талаар өнгөртөл Н-О  хашаан хаалгаар мотоцикль гараад явсан мөр байна гэж хэлээд бууж, бид хоёр хашааны дотор ороход грашийн хаалга хаалттай хаалганаас цоож дүүжлээстэй байсан. Грашийн хаалга онгойлоход Н-О нэг мотоцикль алга гэж хэлсэн, манай мал хариулдаг Б ахын мотоцикль авсан байна гэж хэлээд Б ах руу залгаж та мотоциклио авсан уу гэж асуухад үгүй гэж хэлэхэд таны мотоцикль алга болсон байна, аавыг авч ирж хар гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал);

8. Гэрч З.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Л ахын хаваржааны хажуугаар мал туугаад өнгөрч байхад тухайн модон амбаар дотор юм гялалзаж харагдаад байхаар очиж харахад мотоцикль байхаар урд өдөр Нямаа ахын гэрт байхад Б ахын дүү Б манай ахын хашаан дотроос Бын шинэ цэнхэр мустанг-150 мотоцикль хулгайд алдагдсан гэж хэлж байсан, тэр мотоцикль юм байхдаа гэж бодоод би Б руу залгаж Шивэр багийн хар хөтөл гэх газар байна би болохгүй бол таныг тосож зам зааж өгье гэж хэлсэн 1 цагийн дараа ирж үзээд миний мотоцикль мөн байна баярлалаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал);

9. Гэрч Л.Ц-Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...А О нар нь гэрт хоол идэнгээ хадуурын бүсний талаар хоорондоо ярилцаж байгаад гадагш гараад явсан. Хаашаа ямар ажлаар явж байгаа талаар хэлээгүй. Гарч явснаас хойш 10-20 минутын дараа манай нөхөр О гэртээ ганцаараа буцаж ирсэн бөгөөд би хаанаас ирсэн талаар ямар нэгэн юм асуухгүйгээр гэр бүлээрээ хамтаар зурагт үзэж байгаад унтсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал);

10. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 283 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар Увс аймагт “Мустанг-150” маркийн шинэвтэр мотоциклийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 2.671.900 (хоёр сая зургаан зуун далан нэгэн мянга есөн зуу) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 66 дахь тал);

11. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаартай "...Шинжилгээнд ирүүлсэн цоож нь хэвийн ажиллагаатай биш байна, хатуу зүйлээр хүчтэй цохих буюу хөших хүчний үйлчлэлээр буюу эвдлэгч багаж хэрэгслээр эвдсэн байна, уг цоожийг дахин ашиглах боломжгүй. Цоожийг өөрийн түлхүүрээс бусад аргаар онгойлсон байж болно. Шинжилгээнд ирүүлсэн цоожийг өөрийнх нь түлхүүрээс өөр ямар нэг тодорхой багаж буюу бусад зүйлээр онгойлгож болно..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-80 дахь тал);

12. Шүүгдэгч Л.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр би Увс аймгийн ...... сумын 2 дугаар багт оршин суух хуурай ах Ч.Оийн гэрт очсон. Тухайн үед онцын шаардлагагүйгээр 22 цагийн үед очсон. О ах бид хоёр гэрийн гадна байх машинд болон гэрийн нь ойролцоо байх толгой дээр гарч юм ярьж байгаад энэ намар хаанаас ямар байдлаар хадлан авах, ашиглах хадуурын талаар ярилцаж миний хадуурын бүс муудсан тул Д.Бын хүү Н-О нь Хонда гэх хадууртай учраас бүсийг авах талаар ярилцаж Н-Оын гэр нь сумын төв дээр байдаг, мөн хадланд гарахаас нь хадуурын бүсийг нь авч хэрэглээд буцаагаад өгье гэж бодоод бид хоёр 23 цаг өнгөрч байхад Д.Бийн хашаанд очсон. Бийн гэрийнх нь хөдөө зусланруу явсан учраас хашаанд хүн байхгүй байсан тул бид хоёр хашаанд нь ороод хашааны зүүн талд байх шавар амбаар нь Монгол цоожтой байхаар нь цоожийг татаж онгойлгоод дотогш ороход гурил будаа болон бусад ахуйн зүйлс болон цахилгаан хадуур байсан боловч хадуурын бүс байхгүй учраас буцаж гараад цоожийг нь буцаан янзалсан. Учир айлын амбаараас ямар нэгэн зүйл алга болж магадгүй гэж бодоод янзалж амбаараас ямар нэгэн авсан зүйл байхгүй. Амбаараас гарсны дараа хашааны баруун талд байх ногоон өнгийн хаалгатай гражруу очиход жижиг хятад цоожтой байсан бөгөөд гражны хаалганы доод талд байсан хоёр төмрийг нь холдуулаад би барьж явсан дугуйны лапатакаар цоожийг хөшихөд цоож нь онгойж бид хоёр дотогш ороход граж дотор дөрвөн ширхэг мотоцикль байсан, мөн хадуур байхгүй байсан учраас бид хадуурын бүс хайхгүйгээр дотор нь ороод байж байхад О ах гражийн хаалга талд буюу захад нь байсан ягаан өнгийн бүтээлэгтэй цэнхэр мотоциклийг хөдөлгөж үзээд бензин нь дүүрэн байна гэж хэлээд энэ мотоциклиор ...... сумын 1 дүгээр багийн нутаг Ямаат гэх газарлуу сонгинод явж ирээд эзэнд нь мэдэгдэхгүйгээр хариу авч ирээд хийчихье гэж хэлээд мотоциклий тогны утас салгах гэж оролдоход гар нь багтахгүй байсан учраас би очиж утсыг салгасан. Учир нь мотоциклийн түлхүүр байхгүй байсан учраас тогны утсыг нь салгаж мотоциклийг гражаас болон хашаанаас түлхэж гаргасан. Би мотоцикль түлхэж явсан учраас О ах гражийн хаалга болон хашааны хаалга хаасан. Гражийн хаалганы цоожийг буцааж цоожилсон эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Мотоциклийг хашаанаас түлхэж гарсны дараа би мотоциклийн маниулыг гишгэхэд тогны утсыг нь салгасан учраас шууд ассан тул би мотоциклийг барихад О ах тус сумын 1 дүгээр багийн Л гэх хүний хаваржаа руу очиж амбаар руу нь хийчихээд маргааш нь тэндээс явья гэж хэлсэн учраас 2-3 километр байх хаваржаа руу очиход модон амбаар нь хаалгагүй байсан, тэгээд мотоциклийг нь дотогш оруулж О ах хаалгыг нь төмрөөр хааж, бид хоёр буцаж гэрлүүгээ алхаж харьсан. Маргааш өглөө нь надад ажил гарсан учраас сонгинод явахгүйгээр зуслан руу явсан. 2-3 хоногийн дараа би О ахтай утсаар холбогдоход Б ахын мотоцикль алга болсон учраас цагдаа нар хайж байна гэж хэлж бид хоёр хоорондоо цагдаад мэдэгдэхгүйгээр яаж эзэнд өгөх талаар ярилцсан боловч айж сандарсан учраас ямар нэгэнд шийдэлд хүрч чадахгүйгээр утсаа тасалсан... Тухайн үед миний дугуйны лапатак О ахад байсан учраас би гэрлүүгээ авч явахын тулд лапатак барьж явсан. Тэгээд замдаа гражаас орж хадуурын бүс хайх гэж байсан учраас цоожийг татахад онгойхгүй болохоор лапатакаар хөшиж онгойлгосон. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 99-100 дахь тал);

13. Шүүгдэгч Ч.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 08 дугаар сарын 20-ны шөнө хуурай дүү болох Ч.А манай гэрт ирж бид хоёр гэрийн гадаа гарч хоорондоо юм ярьж байгаад А хадуурын бүс муудсан тул хэнээс авч болох талаар ярилцаж, З.Б гэх хүнд хадуурын бүс  байж магадгүй хадландаа гарахаас нь өмнө авч хэрэглээд буцаагаад өгье гэж ярьсан. Тэгээд Бийн сумын төвд байх гэрт нь очиход зусланруугаа нүүсэн учраас хашаанд ямар нэгэн хүн байхгүй байсан тул дотогш орж хашааны зүүн талд байх амбаарт орж үзэхэд цахилгаан хадуур байсан боловч бид хоёрын хайж явсан бүс байгаагүй, амбаараас гарч хаалгыг нь хааж хашааны баруун талд байх гражид байж магадгүй гэж бодоод очиход тэр гражийн хаалгыг ногоон өнгийн цоожоор цоожилж хоёр төмрөөр даруулж тавьсан байхаар нь би төмрийг нь холдуулж цоожийг Л.А нь төмөр ломбоор хөшиж онгойлгон бид хоёр дотогш орж хадуурын бүс дахин хайсан боловч олдоогүй бөгөөд тус граж дотор дөрвөн ширхэг мотоцикль байсан. Би нэг мотоциклийг нь очиж үзэхэд бензинтэй байсан учраас ууланд сонгинод унаж явчихаад буцаж эзэнд мэдэгдэхгүйгээр буцаагаад авч ирээд үлдээчихье гэж ярилцаад мотоциклийг би асаах гэсэн боловч тогны утсыг нь салгаж чадахгүй байсан учир А ирж тогны утсыг нь салгасны дараа гадагш түлхэж гаргаад би гражын хаалгыг хааж холдуулсан хоёр төмрийг нь буцааж тавиад цоожийг нь буцааж цоожлоход цоож нь цоожлогдохгүй байхаар тэр чигт нь үлдээж хашаан гадна гарч мотоциклийг асааж А бариад хүнд мэдэгдэхгүйгээр нууцаар сонгинод явах байсан тул гэрлүүгээ авч явбал хүмүүс мэдэж магадгүй гэж бодоод сумын төвөөс 2-3 километрт байх Л гэх хүний хаваржаанд аваачиж амбаарт нь оруулж тавиад буцаж сумын төврүү алхаж явсан.” “...Би Атай цуг Б ахын гэрт нь очиход хүн байхгүй байсан учраас А дотогш ороод хадуурын бүс хайж байгаад удалгүй гарч ирэхдээ дүүрэн бензинтэй мотоцикль байна энэ мотоциклийг сонгинод унаж явчихаад буцаагаад ирье, мотоциклийн эзэн Н-О нь миний найз учраас буруугаар бодохгүй гэж хэлэхэд нь би хүний мотоцикль зөвшөөрөлгүй авч явж болохгүй гэж сануулсан. А нь би үнэн учир байдлыг нь хэлнэ гэж хэлээд асаахаар нь чи өөрөө зохицуул гэж хэлээд гэж хэлээд би гэрлүүгээ алхаж харьсан. Би гэртээ харихад эхнэр хүүхдүүд унтаагүй байсан, намайг хаанаас ирсэн талаар асуухад би А нь Б гэх айлаас очиж Н-Оын хадуурын бүс очиж авья гэж хэлэхээр нь хамт явсан боловч олохгүй ирсэн гэдгээ хэлээд унтаж амарсан”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110-111, 113 дахь тал); зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Оийн  өмгөөлөгч хэргээс:

1. Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан: “Иргэн Л.Агаас гаргаж өгсөн дугуйн лапатак-1 ширхэг, өмсөж явсан пүүз -2 ширхэг зэрэг эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 16-17 дахь тал);

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаартай Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 19 дэх тал);

3. Гэрч З.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ...... сумын Шивэр багаас ...... сумын Давс гэх газар руу дунд намаржаандаа нүүхдээ зам асуухаар Лхагважав ахын гэрт очиход Лхагважав ахын залуу А надад уулын дундуур мал туугаад явахад зам товчилж явдаг юм гэж хэлсэн, та Л гэх айлын хаваржааны байшингийн хажуугаар яваарай гэж зам зааж өгсөн, тухайн замаар Л ахын хаваржааны хажуугаар мал туугаад өнгөрч байхад хаваржааны модон амбаар дотор юм гялалзаж харагдаад байхаар очиж харахад мотоцикль байсан. ..Тэгээд би тэр мотоциклийг Б ахыг дуудаж үзүүлэхэд, миний мотоцикль мөн байна гэсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал);

4. Шүүгдэгч Ч.Октбярийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би дахин Атай утсаар холбогдож мотоциклийг нь буцааж хүргэж талаар хэлсэн боловч ажил ихтэй амжихгүй гэж хэлээд байхаар нь би өөрөө Н-О болон түүний аав Бэд утсаар хэлэх гэж залгасан боловч холбогдож чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал);

5. Гэрч Б.Н-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад хадуурын бүс байдаг, харин 2022 оны 6 дугаар сард А, Шовко, Өлзийхутаг манай аав бид нар Хагийн хэрцгийн замын ажилд хамт ажилласан. Тухайн үед А надаас хадуурын бүс асуусан байж мэдэх юм, би яг хаана, хэзээ асуусан талаар сайн санахгүй байна” (хавтаст хэргийн 191 дэх тал) гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч хэргээс:

1. Шүүгдэгч Л.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Н гэх ахыг хаваржааны хажуугаар явбал бид хоёрын нуусан мотоциклийг олоод эзэнд хэл хүргэг гэж бодоод зааж өгсөн” “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна...би Б ахын хашаанаас найз Н-Оын мотоциклийг зөвшөөрөлгүйгээр асааж сонгино түүх зорилгоор унаж явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, харамсаж байгаа бөгөөд тухайн үед болсон явдлыг нь үнэн зөвөөр Б ах болон Н-От хэлэх гэсэн боловч мотоцикль алга болсон хэргээр цагдаа ирсэн байна гэхээр нь намайг хулгай хийсэн гэж бодож магадгүй тул би өөрийн биеэр хэлж чадахгүй байсан. Тэгээд Н ахыг Лгийн хашаан дээгүүр малаа туугаад явбал мотоциклийг нь хараад эзэнд нь нэг хоногийн өмнө боловч мэдэгдээд мотоциклио олж аваг гэж бодоод дөт зам гэж худлаа зам зааж  өгч мотоциклийг олуулсан.... өөрийнхөө хийсэн үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53, 103 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А, Ч.О нарын үйлдсэн хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтооход:

-Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны орой Ч.Оийн гэрээс хамт гарч, Увс аймгийн ...... сумын 1 дүгээр багт оршин суух иргэн З.Бээс хадуурын бүс асуухаар очиход тэднийх эзэнгүй байсан, улмаар Л.А, Ч.О нар З.Бийн хашааны зүүн талд байх амбаарт орж хадуурын бүс хайсан боловч олдоогүй тул амбаараас гарч, хашааны баруун талд байрлах граж руу очиход гражийн хаалгыг ногоон өнгийн цоожоор цоожилж, хаалганы доод хэсгийг 2 ширхэг төмрөөр даруулж тавьсан байсан,

-Шүүгдэгч Ч.О нь З.Бийн гражийн хаалганы доод хэсгийг даруулж тавьсан байсан 2 ширхэг төмрийг холдуулахад шүүгдэгч Л.А нь Ч.Оийн гэрээс гарахдаа авч явсан автомашины дугуй задлагч /лапатак/ төмрөөр гражийг цоожилсон байсан ногоон өнгийн цоожийг хөшиж онгойлгон, гражид нэвтрэн ороход тухайн гражид 4 ширхэг мотоцикль байсан,

-Шүүгдэгч Ч.О нь тэдгээр мотоциклиос дүүрэн бензинтэй, цэнхэр өнгийн, “Мустанг-150” маркийн мотоциклийн тогны утсыг салгаж, асаах гэсэн боловч чадаагүй тул Л.А мотоциклийн тогны утсыг салгаж, гражаас түлхэж гаргахад шүүгдэгч Ч.О гражийн хаалгыг хааж, хаалганаас цоожийг нь дүүжлэн, хаалганы доод талд тавьсан байсан төмрийг буцааж тавьсны дараа шүүгдэгч Л.А мотоциклийг асааж жолоодон, Ч.Оийн хамт сумын төвөөс 2-3 км зайтай газарт байх Л гэх хүний хаваржаанд очиж,  мотоциклийг нууж тавиад Ч.О, Л.А нар буцаж сумын төв рүү явган алхаж, гэр гэртээ харьцгаасан.

- Ч.О, Л.А нарын З.Бийн эзэмшлийн гражаас авсан дээрх цэнхэр өнгийн “Мустанг-150” маркийн мотоцикль нь Увс аймгийн ...... сумын 4 дүгээр багийн малчин, Даваа овогтой Бын эзэмшлийнх болох нь тогтоогдсон,

-Тухайн үйл явдал болсноос хойш 2-3 хоногийн дараа мотоциклийг цагдаагаас хайж байгааг сонсоод шүүгдэгч Л.А нь Д.Бын мотоциклийг Л гэх айлын хаваржааны амбаарт байгааг мэдүүлэх, зааж өгөх зорилгоор тэдний гэрт мал туух зам асуухаар ирсэн З.Нд “Та Л ахын хаваржааны хажуугаар малаа туувал ойрхон, дөт замтай шүү” гэж хэлсний дагуу З.Н нь Лгийн хаваржааны хажуугаар малаа туун өнгөрч явахдаа хаваржааны модон амбаарт байсан мотоциклийг хараад хохирогч З.Бт мэдэгдсэнээр хохирогч З.Б мотоциклио бүрэн бүтэн хүлээж авсан гэх үйл баримт тогтоогджээ.

2. Дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-15 дахь тал/, хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25,28 дахь тал/, иргэний нэхэмжлэгч З.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32,187 дахь тал/,гэрч Б.Н-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36,191 дэх тал/, гэрч Ц.С-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, гэрч З.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болон,

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-15 дахь тал), эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 16-17, 21 дэх тал), шүүгдэгч Л.Агийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 98-100 дахь тал/, шүүгдэгч Ч.Оийн 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 110-111 дэх тал/ зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

Нотлох баримтын үнэлгээ

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн (15) “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ.

2. Шүүх хуралдаанаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон ба улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, харилцан хамаарал бүхий, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул тэдгээрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй  гэж үзлээ.

3. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн (1) “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, (2) “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг.........энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж зааснаас үзэхэд эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь хуульд заасан нотлох баримт гэх ойлголтод хамаарч байх бөгөөд мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар тооцохдоо дангаар нь биш, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байвал нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоор хуульд заажээ.

4. Улсын яллагчаас шүүгдэгч Л.А, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгч Л.А, Ч.О нарын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг нотлох баримтаар тусгаагүй ч улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А, Ч.О нарын мөрдөн байцаалтын шатанд анх удаа яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг яллах талын нотлох баримтаар шинжлэн судалсан, шүүгдэгч нарын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүхээс тэдгээрийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд: “Тухайн орой иргэн З.Бээс хадуурын бүс асуухаар тэдний хашаанд очиход эзэнгүй байсан, хашаа руу нь ороход хашааны зүүн талд амбаар, баруун талд граж байсан, гражийн хаалгыг ногоон өнгийн цоожоор цоожилж, 2 ширхэг төмрөөр даруулсан байсан, цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгон дотогш ороход гражид 4 ширхэг мотоцикль байсан, цэнхэр өнгийн мотоцикль нь дүүрэн бензинтэй байсныг тогийг нь  салгаж, шууд холбож асаагаад унаад явсан, гражийн хаалгыг хаагаад цоожийг нь цоожлох гэхэд  цоожлогдохгүй байхаар хаалганаас зүүгээд төмрийг нь тавиад орхисон, тэгээд мотоциклийг Л гэх айлын хаваржаанд байх амбаарт аваачиж тавьсан. 2-3 хоногийн дараа цагдаагаас мотоцикль хайж байна гэхээр нь мал туух зам асууж ирсэн Н гэх хүнээр дамжуулан мотоциклийг нь зааж өгсөн” гэх зэргээр мэдүүлсэн нь хохирогч Д.Бын “Манай сумын Н гэх залуу нэг өдөр надруу залгаж, Л гэх айлын хаваржааны хажууд нэг шинэ цэнхэр мотоцикль байна гэж хэлээд дуудсан, тэгээд Лгийн хаваржаанд очиж үзэхэд миний мотоцикль мөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, иргэний нэхэмжлэгч З.Бийн: “Би Бтай хамт машинтай орж ирээд харахад гражийн хаалганаас цоож дүүжилсэн байдалтай байсан, орж үзэхэд гражид 4 мотоцикль байснаас 3 байсан, Д.Бын шинэ мотоцикль алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч Б.Н-Оын “Хашааныхаа хажуугаар зөрөх үед хаалга нь онгорхой байхаар нь орж харахад мотоцикль гараад явсан мөр байсан, гражийн гадна талын цоожийг даавуугаар боосон байсныг тайлж газар хаясан байсан, хашаанд 2 хүний гутлын мөр байсан, манай граж дотор манай 2 мотоцикль, Б ахын 1 мотоцикль, Хүрлээ гэх хүний мотоцикль, нийт 4 мотоцикль байснаас Б ахын цэнхэр өнгийн “Мустанг-150”  маркийн мотоцикль алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-36 дахь тал/, гэрч Ц.С-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Буцаад Н-Оын гэрийн хажуу талаар өнгөртөл Н-О манайхаас мотоцикль гараад явсан мөр байна гэж хэлэхээр нь бид 2 бууж хашаанд ороход гражийн хаалганаас цоож дүүжлээстэй байсан, гражийн хаалга онгойлгоход Н-О 1 мотоцикль алга, манай малыг хариулдаг Б ахын мотоцикль алга гэж хэлсэн, граж руу ороход 3 мотоцикль байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал/, гэрч З.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Л.Агийн зааж өгсөн замаар Лгийн хаваржааны хажуугаар өнгөрч явтал модон амбаарт цэнхэр өнгийн Мустанг-150 маркийн мотоцикль байсан, тэгээд би Бын ахын мотоцикль хулгайд алдагдсан талаар сонссон тул холбоо барьж хэлэхэд ирж үзээд Б ах миний мотоцикль мөн байна гээд авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/, гэрч Л.Ц-Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 20-21 цагийн үед А манайд ирсэн. Тэгээд О, А нар гэрт хоол идэж байхдаа хадуурын бүсний талаар ярьж байгаад гараад явсан, удалгүй манай нөхөр О ганцаараа буцаж ирсэн” гэх мэдүүлэг /60-61 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-8 дахь тал), мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-15 дахь тал), эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хавтаст хэргийн 16-17, 21 дэх тал) зэрэг баримтуудаар давхар нотлогдож байна.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаартай дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн “zarker” гэх нэртэй цоожийг хөших хүчний үйлчлэлээр эвдлэгч багаж ашиглан эвдсэн буюу түлхүүрээс бусад аргаар онгойлгосны улмаас уг цоожийг дахин ашиглах боломжгүй болсныг тогтоосон нь шүүгдэгч Л.А, Ч.Октбрь нарын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: “З.Бийн эзэмшлийн гражийн ногоон өнгийн цоожийг Л.А дугуйны лапатакаар хөшиж онгойлгож орсон” гэх мэдүүлэгтэй агуулгын хувьд тохирч байна.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ч.О, Л.А нар нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мэдүүлгийнхээ эх сурвалжийг хангалттай зааж чадсан байна.

Иймд шүүгдэгч Л.А, Ч.О нарын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийг улсын яллагч яллах дүгнэлтдээ яллах талын нотлох баримтаар тусгаагүй ч шүүх хуралдаанд яллах талын нотлох баримтаар шинжлэн судалсан, дээрх мэдүүлгүүд нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, нотолгооны ач холбогдолтой байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Л.А, Ч.О нарын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар анх удаа өгсөн мэдүүлгүүдийг шүүхээс нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

-Харин Л.А, Ч.О нарын 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлгүүд нь хууль  зөрчсөн, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нь өмнөхөөсөө эрс зөрүүтэй, эх сурвалж нь тодорхойгүй буюу үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Хууль зүйн дүгнэлт:

1. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.А, Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул Л.А, Ч.О нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

-Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.

-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.

-Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдэх аргыг заасан нь уг гэмт хэргийн обьектив талын шинж бөгөөд энэ  нь хэргийн зүйчлэлд нөлөөлнө.

Тодруулбал: Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол  “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан нь энэ гэмт хэргийн обьектив талын шинж юм.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Л.А, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны орой 20-21 цагийн үед  Увс аймгийн ...... сумын 1 дүгээр багийн нутагт байрлах, иргэн З.Бийн эзэмшлийн гражийн цоожийг дугуй задлагч /лапатак/ төмөр ашиглан хөшиж онгойлгон нэвтрэн орж, хохирогч Д.Бын эзэмшлийн “Мустанг-150” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр авсан нь “хулгайлах”  гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх  обьектив талын үндсэн шинжийг хангаж байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.А, Ч.О нар нь иргэн З.Бийн эзэмшлийн гражид хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Д.Бын эзэмшлийн “Мустанг-150” загварын улсын дугааргүй, цэнхэр өнгийн мотоциклийг хулгайлан авч, хохирогчид 2.671.900  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг бүрэн хангаж байна. (хавтаст хэргийн 66 дахь тал);

Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны орой иргэн З.Бийн гражид хууль бусаар нэвтрэн орж, хохирогч Д.Бын эзэмшлийн “Мустанг-150” маркийн мотоциклийг бүлэглэн хулгайлж, иргэн н.Лгийн хаваржааны амбаарт аваачин нууж, хохирогч Д.Бын эзэмшлийн мотоциклийг өөрсдийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хулгайлах гэмт хэрэг төгссөн байх тул шүүгдэгч нарын “Сонгинод явах зорилгоор Д.Бын мотоциклийг авсан. Уг мотоциклийг зарж борлуулах, захиран зарцуулах санаа зорилго байгаагүй” гэх мэдүүлэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “.....тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус заасан  ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.

“Тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар,  илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж.....зэргийг хамааруулан ойлгох тул иргэн З.Бийн хашаанд байрлах автомашины гражийг “тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж үзнэ.

Шүүгдэгч Л.А, Ч.О нарын хувьд  иргэн З.Бийн эд хөрөнгөө байнга болон түр хадгалах зориулалттай автомашины граж болон  амбаар, зэрэг нь өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэх боломжгүй обьект байх бөгөөд тухайн цаг хугацаанд иргэн З.Б нь өөрийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох гражийг гадны халдлагаас хамгаалах зорилгоор хаалгыг нь ногоон өнгийн цоожоор цоожилж, хаалганы доод хэсэгт 2 ширхэг төмөр тавьж, “орж болохгүй” гэх агуулга бүхий хориг, саад хамгаалалтыг бусдад хангалттай мэдэгдэхээр байршуулсан нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Л.А, Ч.О нар нь дээрх хориг саадыг мэдсээр байж, гражийн хаалганы доод талд тавьсан 2 ширхэг төмрийг Ч.О холдуулж, Л.А гражийн цоожийг машины дугуй задлагч лапатак төмрөөр хөшиж онгойлгож, нэвтрэн орсон нь “хууль бус нэвтрэлт” юм.

Шүүгдэгч Л.А, Ч.Октярь нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэхдээ “тухайн гражид хадуурын бүс байж магадгүй гэж бодоод орсон” гэж мэдүүлсэн боловч Ч.О, Л.А нар нь хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэхээс өмнө тухайн автомашины гражид байгаа эд хөрөнгийг урьдчилан мэдсэн, мэдээгүй эсэхээс үл хамааран тэдний үйлдэл хулгайлах гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх үндсэн шинж, “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангана.

3. Түүнчлэн шүүгдэгч Л.А, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө иргэний нэхэмжлэгч З.Бийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу гражид хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхийн тулд учрах саадыг арилгах зорилгоор гражийн цоожийг дугуй задлагч /лапатак/ төмөр ашиглан хөшиж онгойлгон нэвтрэн орсон нь тогтоогдсон байх бөгөөд прокуророос шүүгдэгч нарын дээрх үйлдлийг “учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, үйлдсэн” гэх “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчлэн ирүүлжээ.

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж хуульчлан тогтоосон байх бөгөөд автомашины дугуй задлагч лапатак төмөр нь дээрх тайлбарт заасан аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтаар бүтээгдсэн эд зүйлийн шинжийг хангахгүйгээс гадна шүүгдэгч Л.А, Ч.О нар нь дээрх эд зүйлийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг биш, харин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор ашигласан болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул прокуророос шүүгдэгч Л.А, Ч.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэв.

            4. Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

   5. Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь хохирогч Д.Бын  эзэмшлийн мотоциклийг хулгайлахаар урьдаас үгсэн тохиролцсон нь хангалттай тогтоогдоогүй ч тухайн цаг хугацаанд санаатай нэгдэж, хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул тэдгээрийг гэмт хэргийг “бүлэглэн гүйцэтгэж” үйлдсэн гэж үзэх тул Ч.О, Л.А нарын үйлдсэн хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлах үндэслэлтэй байна.

6. Иймд шүүгдэгч Л.А, Ч.О нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул  шүүгдэгч Л.А, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн боловч шүүгдэгч Л.А нь гэмт хэргийг Ч.Отай бүлэглэж үйлдээгүй гэж мэдүүлснийг түүний өмгөөлөгч Д.Бунжаа дэмжиж оролцсон,

Шүүгдэгч Ч.О нь Л.Атай бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэх мэдүүлгийг гаргаж, цагаатгуулахаар маргасныг түүний өмгөөлөгч дэмжиж оролцсон боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Оийг цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Тодруулбал: Шүүгдэгч Ч.О нь “хэргийг хурдан шийдүүлэхийн тулд цагдаагийн алба хаагчийн зөвлөснөөр Л.Атай хамт мотоцикль хулгайлсан гэх агуулгатай, адилхан мэдүүлэг өгсөн, би мотоцикль хулгайлах гэмт хэрэгт огт оролцоогүй, Л.Аг гражид орох үед би хашааны гадна байсан, Аг энэ мотоциклийг аваад сонгино түүгээд ирье гэхэд нь хэрэггүй гэж хэлсэн. 2 хоногийн дараа Л.А руу залгаж хүний мотоцикль аваачиж тавьсан уу гэхэд үгүй гэж хэлэхээр нь Н-О болон түүний аав руу 2 удаа залгахад холбогдохгүй байсан, хэргийг ингэж хүндэрнэ гэж мэдээгүй, хууль мэдэхгүйгээс ийм асуудалд холбогдож, мэдүүлгээ буруу өгсөн, өмгөөлөгч аваад мэдүүлгээ зөвтгөж өгч байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх хүсэлтэй” гэх мэдүүлгийг өгсөн боловч Л.А, Ч.О нар нь 2022 оны 8 дугаар сарын 16-ны орой 20-21 цагийн үед тусгайлан хамгаалсан байр, агуулахад зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч, хохирогч Д.Бын мотоциклийг бүлэглэн хулгайлж, Л гэх айлын хаваржааны амбаарт аваачин тавьж, уг мотоциклийг өөрсдийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг төгссөн тул Ч.Оийн хувьд гэмт хэрэг төгссөний дараа гэмт хэргийн талаар мэдээлэхээр З.Б, Б.Н-О нарын утас руу залгасан эсэх нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй,

-Шүүгдэгч Ч.О нь  шүүгдэгч Л.Агаас 12 насаар ах, аливаа зүйлийн зөв бурууг Л.Агаас илүү мэдэх эрх зүйн бүрэн чадамжтай, төрд ажилладаг иргэн байх бөгөөд хулгайн гэмт хэрэгт оролцоогүй атлаа “цагдаагийн албан хаагчийн зөвлөснөөр Л.Атай хамт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдүүлсэн” гэх түүний мэдүүлэг нь өөрөө эргэлзээ бүхий, хэн нэгэн цагдаагийн алба хаагчийн зүгээс Л.А, Ч.О нарыг мэдүүлэг өгөхөд хууль бусаар нөлөөлсөн гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, хуулийн талаарх зохих мэдлэггүй байсан нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлд хамаарах хэдий ч хулгайлах гэмт хэргийг үгүйсгэх хуульд заасан үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Л.А нь “Б.Н-О бид хоёр дотно найз нөхдийн холбоотой тул би найздаа итгээд тэдний гражид хадуурын бүс хайхаар цоожийг нь эвдэн нэвтрэн орсон” гэж мэдүүлсэн бөгөөд гэрч Б.Н-Оын зүгээс Л.Ад гражид нэвтрэх зөвшөөрөл өгсөн нь нотлогдоогүй, найз нөхдийн харилцаатай байсан ч шөнө оройн цагаар бусдын /найзынхаа/ эд хөрөнгөд хууль бусаар халдаж байгаа Л.Агийн үйлдэл хуулийн дагуух үйлдэл биш байна.  

Шүүхээс шүүгдэгч Ч.О, Л.А нарыг бүлэглэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын “Гэмт хэргийг шүүгдэгч Л.А ганцаараа үйлдсэн, Ч.Оийн оролцоо байхгүй тул Ч.От холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх санал, хүсэлт, шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын “Ч.О нь Л.Атай бүлэглэж, хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” санал, хүсэлтийг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

8. Түүнчлэн шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас “хэргийн газрын үзлэгээр З.Бийн хашаанаас гутлын мөр илрүүлэн бэхжүүлж, түүнтэй холбогдуулан шүүгдэгч Л.Агийн өмсөж явсан хос пүүзийг хураан авсан боловч мөрдөн байцаалтын шатанд Л.Агийн пүүзийг хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын мөртэй харьцуулах шинжилгээг хийлгээгүй, пүүзийг одоо хүртэл буцааж өгөөгүй. Ийм учраас энэ ажиллагааг гүйцэтгүүлж, З.Бийн хашаанаас илэрсэн гутлын мөрийг хэнийх вэ гэдгийг тогтоолгох шаардлагатай” гэх тайлбар, дүгнэлтийг гаргаж, хэрэгт энэ үндэслэлээр нэмэлт ажиллагаа хийлгэхээр маргажээ.

Хавтаст хэргийн 16-19 дэх талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эрүүгийн мөрдөгч Б.Хүрэлсайхан нь 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Л.Агийн өмсөж явсан 1 хос пүүзийг хойшлуулшгүй ажиллагаа явуулан хураан авсныг Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 146 дугаартай тогтоолоор хүчинтэйд тооцсон байна.

Гэвч мөрдөн байцаалтын шатанд хэргийн газраас илрүүлсэн гутлын мөрийг шүүгдэгч Л.Агаас хураан авсан 1 хос пүүзний мөртэй тохирч байгаа эсэхийг харьцуулах шинжилгээгээр тогтоолгох ажиллагааг гүйцэтгээгүй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт прокурор энэ талаар “Хэрэг учрал 2022 оны 8 дугаар сарын 16-ны шөнө үйлдэгдсэн бөгөөд гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг цагдаагийн байгууллага 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хэргийн газарт үзлэг хийж, гутлын мөр бэхжүүлж авсан байдаг. Гэтэл хэргийн газрын үзлэг хийхээс 4-5 хоногийн өмнө  иргэн З.Бийн хашаанд гэрч Б.Н-О, Ц.С-О,  иргэний нэхэмжлэгч З.Б, хохирогч Д.Б гэх хүмүүс орж гарсан гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас хэргийн газрын үзлэгээр илэрсэн гутлын мөрийг шүүгдэгч Л.Агаас хурааж авсан пүүзтэй харьцуулах шинжилгээ хийлгээд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрэхгүй гэж үзэж, энэ ажиллагааг хийлгээгүй” гэх тайлбар гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн тул харьцуулах шинжилгээ хийлгэхээр хэргийг буцаах шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Л.А, Ч.О нарт холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Харин шүүгдэгч Л.Агаас 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хураан авсан 1 хос пүүзийг шүүгдэгчид буцаан өгөх асуудлыг даруй шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлэхийг мөрдөгч Б.Хүрэлсайханд даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Л.А, Ч.О нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бын эд хөрөнгөд 2.671.900 төгрөгийн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч нь өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн мотоциклийг Увс аймгийн ...... сумын малчин н.Лгийн хаваржаанаас биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг, тодорхойлолт зэргийг гаргажээ. (хавтаст хэргийн 20, 23, 82 дахь тал),

2. Иймд энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Л.А, Ч.О нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Л.А, Ч.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул Ч.О, Л.А нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.О, Л.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1, 2.4-т зааснаар тус бүрт нь 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ч.Оийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд ...Миний үйлчлүүлэгч Ч.О нь залуу гэр бүл, ...... сумын Засаг даргын тамгын газарт 6 дахь жилдээ сантехникчээр ажиллаж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг гэх хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлж барагдуулсан гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхаарч үзнэ үү. Мөн Б.О нь шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг багасгаж ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Л.Агийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Л.Агийн дүү нь 2022 оны 10 дугаар сарын  18-ны өдөр зуурдаар нас барсан, ах, эмээ нар нь Л.Агийн асаргаанд байдаг. Тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдэж, хохирлоо барагдуулсан нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэргийн 2.1, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээг багасгаж оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг  тус тус гаргаж мэтгэлцэв.

5. Шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:  “Би анхнаасаа буруу мэдүүлэг өгч ирсэн. Одоо шүүхийн шийдвэрийг ойлгосон. Би архи, тамхи хэрэглэдэггүй. Гэр бүл болоод 10 гаруй жил болж байна. Эхнэр нурууны өвчтэй. Би сантехникч хийдэг. Би хавар банкнаас зээл авч байшин барьсан. Хийсэн хэргийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа боловч ар гэрийн хувьд хүнд байдалд орохоор байна. Эхнэр маань зээл төлөх чадваргүй, өвчний улмаас ажил төрөл хийдэггүй тул манай гэр бүлийн санхүүгийн байдал хэцүү байна. Иймд надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.

6. Шүүгдэгч Л.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Миний ар гэрийн амьдралыг харгалзан үзэж надад бага ял оногдуулж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Л.А, Ч.О нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

- Шүүгдэгч Л.А, Ч.О нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул тэдгээрийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.  (хавтаст хэргийн  121, 122 дахь тал), 

-Шүүгдэгч Л.А, Ч.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч, санаатай үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид мөнгөн хэлбэрээр болон бусад байдлаар хохирлыг нөхөн төлсөн нь нотлогдоогүй тул “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцлийг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг тэдгээрийн хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй.

-Түүнчлэн шүүгдэгч Л.Агийн хувийн зан байдлын талаар гэрч С.Л мөрдөн байцаалтын шатанд: “Миний хүү А нь манай дунд хүү буюу дээрээс нь гурав дахь хүүхэд юм. Манай том хүү нь 30 настай, Намир гэх нэртэй бөгөөд анх төрсөн цагаасаа эхлэн хөлд ороогүй, одоог хүртэл асаргаанд байж тэргэнцэрт сууж байгаа, хааяа мөлхөж явдаг, 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группэд байдаг. А нь Өмнөговь сумын Ерөнхий боловсролын сургуульд 4 дүгээр анги хүртэл суралцаж байгаад хичээлээс гарч хөдөө гэртээ мал маллаж амьдардаг болсон. А нь 2018 онд цэрэгт явж ,Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 340 дүгээр ангид алба хаасан. Цэргээс халагдаж ирээд мөн мал маллаж хөгжлийн бэрхшээлтэй ахыгаа асрах болон хадлан өвс тоос зэрэг хөдөөний бүхий л ажилд тус дэм болж байдаг. Зан төлөвийн хувьд төлөв даруу хүний хэлсэн үгнээс зөрөөд байдаггүй хүнд тусархаг ийм ажил хийгээд өг гэхээр үгнээс гарахгүйгээр хийчихдэг”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Гэрч Л.Т мөрдөн байцаалтын шатанд: “ Л.А нь 2000 онд төрсөн, 22 настай, ам бүл 5, эцэг, эх, ах, эмээгийн хамт Увс аймгийн ...... сумын 2 дугаар багт мал маллаж амьдардаг. Л.А нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй төрсөн ах болох Намир, 89 настай, нүдний хараагүй эмээ Гэвээ нарыг асардаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу, хүнийг хүндлэхдээ сайн, хүний үгнээс гардаггүй, гэнэн цайлган итгэмтгий зантай, архи согтууруулах ундааны зүйл хааяа найз нөхөдтэйгээ багаар хэрэглэдэг боловч хэрүүл маргаан үүсгэж гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал) тус тус өгснийг болон Л.Агийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Оийн хувийн зан байдлын талаар гэрч Л.Ц-Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ч.О нь миний нөхөр бөгөөд 1988 онд төрсөн 34 настай, 2010 онд айл гэр бүл болсон, том хүү 10 настай, бага охин 3 настай, би ажилгүй тул хүүхдээ хардаг. Манай нөхөр Ч.О нь ...... сумын Засаг даргын тамгын газарт сантехникч ажилтай бөгөөд 6 дахь жилдээ ажиллаж байгаа, мөн манай гэрийн орлогыг бүрдүүлж байгаа ганц хүн гэж хэлж болно. Зан байдлын хувьд төлөв даруу халамжтай, манай амьдралыг ганц авч явж байгаа хүн учраас хүнд тусархаг эрхэлсэн ажлаас гадна хөлсний ямар ажил байна бүгдийг нь хийдэг. Архи согтууруулах ундааны зүйл болон тамхи хэрэглэдэггүй бөгөөд гэр бүлдээ өндөр халамж тавьдаг сайн аав болон хань гэх хүндэтгэлийг хүлээсэн хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) болон Ч.Оийн хувийн байдлын талаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

9. Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, Л.А, Ч.О нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгасан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Л.А, Ч.О нарын тус бүрт 2 (хоёр) жил хорих ял шийтгэж, шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.

10. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Цагцалмаа, Д.Бунжаа нар нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.А, Ч.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх” дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

-Учир нь шүүгдэгч Ч.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгч Л.А нь “энэ гэмт хэрэгт Ч.О оролцоогүй, би ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлгийг гаргаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, хохирогч Д.Бын “мотоциклио буцааж авсан тул нэхэмжлэх хохирол, санал, гомдолгүй” гэх мэдүүлэг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу шүүгдэгч нар нь хохирогч Д.Бын мотоциклийг буцаан өгч, хохирлыг арилгасан нөхцөл байдал, шүүгдэгч нарын ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан Л.А, Ч.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 /хоёр/ жилийн хорих ялыг сонгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.

11.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.А, Ч.О нарт хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, ногоон өнгийн хятад цоож 1 ширхэг, дугуй задлагч лапатак төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Л.Агаас хураан авсан гэх 1 хос пүүзийг тус шүүхэд ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Юүжин овогт Лхагважавын А, Харагчин овогтой Чулууны О нарыг “тусгайлан хамгаалсан байр, агуулах саванд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, нэвтэрч,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Ч.О, Л.А нарын тус бүрт нь 2 (хоёр) жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.О, Л.А нарт оногдуулсан 2 (хоёр) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ч.О, Л.А нарын эдлэх хорих ялыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.О, Л.А нараас гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, ногоон өнгийн хятад цоож 1 ширхэг, дугуй задлагч лапатак төмөр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Л.Агаас 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хураан авсан 1 хос пүүзийг шүүгдэгчид буцаан өгөх асуудлыг даруй шийдвэрлэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлэхийг мөрдөгч Б.Хүрэлсайханд даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА