| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0206/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/212 |
| Огноо | 2022-12-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/212
2022 12 08 2022/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: Г.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Гийн Ад холбогдох эрүүгийн 2235000000220 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн ................. суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ................. сумын 8 дугаар баг Довны фермд амьдардаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, С овогт Гийн А, регистрийн дугаар: .....................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Увс аймгийн ................. сумын 3 дугаар багийн 55 айлын орон сууцны 1-09 тоотод байрлах иргэн Д.Мийн гэрт буюу хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн “Samsung-А71” загварын гар утас, эхнэр Д.Цийн эзэмшлийн “Redmi-9 pro” загварын гар утсыг тус тус хулгайлж, нийт 940.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Г.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ................. сумын 3 дугаар багийн 55 айлын орон сууцны 1-09 тоотод байрлах иргэн Д.Мийн хүн байнга амьдрах орон байранд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө нууцаар, хууль бусаар нэвтэрч түүний эзэмшлийн “Samsung-А71” загварын гар утас, эхнэр Д.Цийн эзэмшлийн “Redmi-9 pro” загварын гар утсыг тус тус хулгайлж, нийт 940.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Г.А нь эхнэр, 1 настай хүүхэдтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтйиг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт:“ ... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2235000000220 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-6 дахь тал);
2. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-9 дэх тал),
3. Хохирогч Д.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2022 оны 10 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө ................. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 55 айлын 09 тоотод байрлах манай гэрт миний найз нөхөд ирээд юм ярьж сууж байгаад оройн 23 цагийн үед явсан. Тэгээд манай эхнэр Ц бид хоёр унтаж амарсан. Гэтэл шөнө 01 цагийн үед манай эхнэр Ц гэрт хулгай ороод ирчихсэн байна гэж орилохоор нь би бостол манайхаас С өмд цамцтай хүн гараад гүйх шиг болсон. Тэгээд бид хоёр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд миний Samsung-A71 загварын, манай эхнэрийн Redmi-9 pro загварын гар утаснууд алга болсон байсан. Тэгээд эхнэр хажуу айлын утас гуйж цагдаад дуудлага өгсөн юм. Би өөрийн утаснуудыг бүрэн бүтэн хүлээн авсан одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал);
4. Хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай ажлын найз нөхөд манай гэрт ирээд юм яриад сууж байгаад оройн 23 цагийн үед явсан. Тэгээд манай нөхөр М бид хоёр унтаж амарсан. Тухайн үед бид нар бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул хүмүүс явлаа гэхээр нь шууд амарсан. Гэтэл шөнө 1 цагийн үед юм дуугарах чимээнээр сэртэл нэг эрэгтэй хүн манай гэрийн хувцасны шкабыг ухаад зогсож байсан. Тэгээд би босоод чи хэн бэ гэхэд С өмд цамцтай хүн манай гэрээс гараад гүйсэн. Тэгээд нөхөр бид хоёр гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд манай нөхрийн Samsung-A71 загварын, миний Redmi-9 pro загварын гар утаснууд алга болсон байсан тул хажуу айлын утас гуйж цагдаад дуудлага өгсөн юм. Би өөрийн утаснуудыг бүрэн бүтэн хүлээн авсан одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-23 дахь тал);
5. Гэрч Д.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн багын найз болох Агийн гэрт очсон юм. Тэгээд бид хоёр 0.75 литрийн Ерөөл нэртэй архи хувааж уусан. Тэгээд бид хоёр Агийн салсан эхнэр болох Д-тэй уулзахаар ................. сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 55 айлын орон сууцны 08 тоот руу очсон юм. Тухайн үед А надад би жаахан уучихсан байгаа юм чинь яаж орох вэ дээ чи ороод дуудаад ир гэхээр нь би Д-ий гэр рүү ороод Д- болон түүний ээжтэй юм яриад сууж байтал нэг хүн тэдний хаалга тогшсон бөгөөд онгойлготол нэг эмэгтэй хүн манай гэр рүү хулгай орчихлоо, утсаараа яриулаач гэж хэлсэн. Тухайн үед би гадна манай найз зогсож байсан гэж хэлтэл тэр эгч чи наанаа байж бай гэж хэлсэн бөгөөд удалгүй цагдаа нар ирсэн. Гэрт нь хулгай орсон гэх эгч С цамц өмдтэй хүн байсан гэж хэлсэн бөгөөд тухайн үед миний найз А нь С өмд цамцтай байсан юм. Тэгээд цагдаа нарт би Агийн гэрийг зааж өгсөн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);
6. Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн ах А бид хоёр ................. сумын 1 дүгээр баг 3-6 тоотод хамт амьдардаг бөгөөд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн найз болох Баярхүүтэй уулзаад гадуур явж байгаад 2022 оны 10 дугаар сарын 16-ны 01 цагийн үед гэртээ ирэхэд миний төрсөн ах болох А нь унтаж байсан. Тэгээд би хажуу талаар нь ороод унтаад байж байтал удалгүй манай гэрт цагдаа нар ирсэн. Тэгээд миний төрсөн ах болох Аг дагуулаад гарсан. Ах удалгүй орж ирээд гэрийн хойморт байх авдар дотроос 2 ширхэг утас гаргаж ирсэн. Намайг гэрт ирэхэд манай ах Агээс бага зэрэг архи үнэртэж байсан." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-29 дэх тал);
7. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 331 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймагт 1 жил ашигласан “Samsung-A71” гар утас 680.000 төгрөгийн, “Redmi-9 pro” гар утас 260.000 төгрөгийн, нийт 940.000 (есэн зуун дөчин мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35 дахь тал);
8. Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эхнэр болох Д- надруу залгаад ирж хүүхэлтэйгээ уулз гэж хэлсэн бөгөөд тухайн үед Д- нь өөрийн төрсөн аав ээжийн гэртээ буюу ................. сумын 3 дугаар багийн 55 айлын 1-10 тоотод амьдарч байсан. Тэгээд би Д-ий гэрлүү өөрийн найз Цтай хамт очсон бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул Цогтбаярыг ороод эхнэр Д-ийг дуудаад ир гэж хэлчихээд хойноос нь орцруу ороход нэг онгорхой хаалга байхаар нь Д-ий гэр гэж бодоод ортол өөр айл байсан бөгөөд уг айлын гэрт ороод би ширээн дээр байсан 2 гар утсыг аваад гарч байтал тухайн айлын хүмүүс сэрэх шиг болохоор нь би гараад зутгаасан юм. Тэгээд хойноос ямар нэгэн хүн дагахгүй байхаар нь би өөрийн гэртээ ирээд тухайн хулгайлсан 2 утсаа авдрандаа хийгээд унтаж байтал цагдаа нар ирсэн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Гэрч Г.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний төрсөн ах Гийн А 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн бөгөөд миний 4 дэх ах болон мэндэлсэн. Г.А нь хүүхэд ахуй насаа эцэг эхийн гар дээр өссөн бөгөөд ................. сумын 5 дугаар сургуульд сурч байгаад 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан бөгөөд ээж аавын хамт мал маллаж амьдардаг болсон юм. Манай аав Г нь ................. сумын 8 дугаар баг Довны ферм гэх газарт ээж Дын хамт мал маллаж амьдардаг, манай том эгч Т нь тогооч мэргэжилтэй харин одоогоор хүүхэд асрах чөлөө авсан, том ах Г нь ................. суманд барилгын ажил хийдэг, ах Б нь барилгын компанид мужаан ажилтай юм. А нь 2020 онд эхнэр авч өрх тусгаарласан бөгөөд нэг хүүхэдтэй, хүүхэд нь одоо 1 нас 2 сартай юм. А нь их үг дуу цөөнтэй, хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй төлөв даруу зантай хүн. А нь хурд нэртэй мотоцикьлтой, 10 гаруй тооны бод малтай, 8 ханатай гэртэй бөгөөд өөр ямар нэгэн эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй. Г.А нь их үг дуу цөөтэй, бусадтай хэрүүл маргаан хийдэггүй, дотогшоогоо дуу муутай, төлөв даруу хүн юм. Ах А нь архи согтууруулах ундааны зүйл нэг их хэрэглээд байдаггүй бөгөөд тухайн гэмт хэрэгт холбогддог өдөр эхнэр хүүхэд нь салсан учир бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж уг хэргийг үйлдсэн байсан" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал);
2. Хохирогч Д.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би өөрийн утаснуудыг бүрэн бүтэн хүлээн авсан, одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, “Samsung-А71” загварын гар утас том өрөөний ширээн дээр байсан, харин “Redmi-9 pro” загварын гар утас нь газарт цэнэглэчихсэн байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал);
3. Увс аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Д.Мийн “...миний бие нь 2022 оны 10 дугаар сарын 15-16-ны шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Samsung-А71” загварын гар утсаа цэнэглэгчийн хамт гэрээсээ алдсан тул миний утсыг хулгайлж авсан Г.А гэгч залуу нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно” гэх наториатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 82 дахь тал);
4. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 53-55 дахь тал);
5. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “...Г.А нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал);
6. Шүүгдэгч Г.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад сонсогон ялыг би хүлээн зөвшөөрч байна, би яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.А нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 16-нд шилжих шөнө Увс аймгийн ................. сумын 3 дугаар багийн 55 айлын орон сууцны 1-09 тоотод байрлах иргэн Д.Мийн гэрт буюу хүн байнга амьдрах орон сууцны хаалгыг онгорхой байхад нь сэм нэвтрэн орж, хохирогч Д.Мийн эзэмшлийн “Samsung-А71” загварын гар утас, хохирогч Д.Цийн эзэмшлийн “Redmi-9 pro” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 940.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заажээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан нь энэ гэмт хэргийн обьектив талын шинж юм.
-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 01 цагийн үед Увс аймгийн ................. сумын 3 дугаар багийн 55 айлын орон сууцны 1-09 тоотод байрлах хохирогч Д.М, Д.Ц нарын гэрт орж, “Samsung-А71”, “Redmi-9 pro” загварын хоёр ширхэг гар утсыг бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, нууцаар авсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх обьектив талын үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.М, Д.Ц нарын орон сууцанд нэвтрэн орж, гар утас хулгайлан авч, хохирогчид нийтдээ 940.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг бүрэн хангаж байна. (хавтаст хэргийн 35 дахь тал),
2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, орон байранд нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
Шүүгдэгч Г.А нь идэвхтэй үйлдлээр хохирогч Д.М, Д.Ц нарын амьдардаг орон сууцны хаалгыг онгорхой байхад нь шөнийн цагаар сэм орж, гар утаснуудыг нь хулгайлсан нь тогтоогджээ.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт тодорхойлсон тул хохирогч Д.М, Д.Ц нарын байнга амьдардаг орон сууцыг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэж үзнэ.
Шүүгдэгч Г.А нь хохирогч нарын байнга амьдардаг гэр (орон сууц)-т өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэх боломжгүй гэдгийг мэдсээр байж, орон сууцны хаалгыг онгорхой байхад нь сэм орж, “Samsung-А71”, “Redmi-9 pro” загварын 2 ширхэг гар утсыг хулгайлсан нь тогтоогдож байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
3. Шүүгдэгч Г.А нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Иймд шүүгдэгч Г.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч Г.А болон түүний өмгөөлөгч М.М нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.М, Д.Ц нарын эд хөрөнгөд 940.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон ба хохирогч нар нь өөрсдийн эзэмшлийн “Samsung-А71”, “Redmi-9 pro” загварын гар утаснуудыг шүүгдэгч Г.Агээс биет байдлаар буцаан авсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг, тодорхойлолт зэргийг гаргажээ. (хавтаст хэргийн 20, 23, 82 дахь тал),
2. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Агээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгч Г.А нь эхнэр, нэг хүүхэдтэй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч Г.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
5. Шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд Г.А нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.А нь хувийн байдлын хувьд 1995 онд төрсөн, 27 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр болон хүүхдийн хамт амьдардаг, хувьдаа хурд нэртэй мотоцикль, 10 гаруй тооны бод малтай, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур үзүүлэлттэй, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 84 дугаартай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь хавтаст хэргийн 61-66 дахь талд авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заажээ.
Шүүгдэгч Г.А нь урьд нь өмчлөх эрхийн эсрэг буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч түүний шөнийн цагаар айлын хаалга онгорхой байсныг далимдуулан санаатай, идэвхтэй үйлдлээр сэм нэвтрэн орж, хулгай хийсэн хууль бус үйлдлийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж хөнгөрүүлэн үзэх үндэслэлгүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.А нь хохирогч Д.М, Д.Ц нарын эзэмшлийн гар утсыг нь биет байдлаар буцаан өгч, хохирол хор уршгийг арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.
-Шүүгдэгч Г.Агийн хувийн зан байдлын талаар гэрч Г.А мөрдөн байцаалтын шатанд: “Миний төрсөн ах Гийн А 1995 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд миний 4 дэх ах болон мэндэлсэн. Г.А нь хүүхэд ахуй насаа эцэг эхийн гар дээр өссөн бөгөөд ................. сумын 5 дугаар сургуульд сурч байгаад 8 дугаар анги төгсөөд сургуулиас гарсан бөгөөд ээж аавын хамт мал маллаж амьдардаг болсон юм. А нь 2020 онд эхнэр авч өрх тусгаарласан бөгөөд нэг хүүхэдтэй, хүүхэд нь одоо 1 нас 2 сартай юм. А нь их үг дуу цөөнтэй хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, дотогшоогоо дуу муутай, төлөв даруу зантай хүн” гэх мэдүүлэг өгснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй. (хавтаст хэргийн 29 дэх тал),
7. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, Г.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийг арилгасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Ад 2 (хоёр) жил хорих ял шийтгэж, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгасан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
8. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, оногдуулах ялыг хөнгөрүүлэх” дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Агийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч түүний холбогдсон гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их, Г.А нь урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлж байсан, шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Гэвч шүүгдэгч Г.А нь ял эдлэх хугацаандаа засрал хүмүүжил олж, нийгэмшээгүйгээс дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул түүний урьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан хувийн байдлыг харгалзан энэ шийтгэх тогтоолоор Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг хэрэглэж, хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагүй, харин Г.Агийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг сонгож хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
9. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Ад хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овгийн Г овогтой Аг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Ад 2 (хоёр) жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Г.Агийн эдлэх хорих ялыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА