| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1914000000070 |
| Дугаар | 2019/ДШМ/054 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2019/ДШМ/054
Э.С, О.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Шүүгдэгч Э.С, О.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бурмаа, Л.Батбаяр
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалсан урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/617 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч ерөнхий прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлээр Э.С, О.Б нарт холбогдох эрүүгийн 1914000000070 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Э.С, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан,
Монгол Улсын иргэн, О.Б, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянхонгор аймгийн Заг сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Э.С нь авто тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хараатын өвөр гэх газраас Н.Бийн эзэмшлийн 26 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 16.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Б нь авто тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Сэвхтийн ам гэх газраас Н.Бийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тусхолбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн прокурорын газраас Э.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Яллагдагч Э.С, О.Б нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дараахь мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Яллагдагч Э.С нь 2019 оны 01 дүгээр сарын 15-с 2019 оны 01 дүгээр сарын 17-ний хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хараатын өвөр” гэх газраас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Н.Бийн эзэмшлийн 26 тооны адууг хулгайлж 16.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд яллагдагч О.Б нь Э.Соос 2019 оны 01 дүгээр сарын 17-ны орчим адуу сурагласаныг яллагдагч Э.С нь өөрийн хулгайлсан адууг байгаа гэх “Сэвхтийн ам” гэх газраас адуу ав гэж хэлсэний дагуу яллагдагч О.Б нь иргэн Н.Бийн эзэмшлийн 2 адууг авсан гэх үйл баримт тус тус болсон байна.
Дээрх үйл баримтуудад Аймгийн прокурорын газар яллагдагч Э.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллагдагч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллагдагч нарт нэг яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Хавтаст хэргийн материалаас дүгнэхэд яллагдагч Э.С нь иргэн Н.Бийн адууг хулгайлж улмаар цааш нь яллагдагч О.Бид уг адуунаас дахин хулгайлуулсан болох нь нотлогдсон байх бөгөөд яллагдагч Э.Сын хохирогч Н.Бийн адууг хулгайлж “Сэвхтийн ам” гэх газар орхисон адууны газрыг яллагдагч О.Бид зааж өгч авхуулсан үйлдэл, яллагдагч О.Бийн 2 адууг авсан гэх үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл яллагдагч О.С нь яллагдагч О.Бийг гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол төрүүлсэн, хуурч мэхэлсэн, гэмт хэрэг үйлдэхэд элдэв аргаар өдөөн түлхсэн, хуурч мэхэлсэн арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий бөгөөд энэ үйлдэл нь яллагдагч Э.Сын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хатгагчийн шинжийг агуулсан гэж дүгнэхээр байна. Энэ нь яллагдагч Э.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан байна гэж үзэхээр байна.
Харин яллагдагч Э.Сын 26 тооны адууг ганцаараа хулгайлсан үйл баримтад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, яллагдагч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ. Хэрэв яллагдагч О.Б нар нь хохирогч Н.Бийн адуунаас 2 адууг авсан үйл баримт нь тусдаа үйлдэл гэж үзэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгаарлан яллагдагч тус бүрд нь хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх нь зүйтэй байсан байна гэж үзлээ.
Иймд уг ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Э.С нар холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг Баянхонгор аймгийн Прокурорны газарт буцааж шийдвэрлэжээ.
Ерөнхий прокурор Н.Амарсанаа 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар эсэргүүцэлдээ: Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 617 дугаартай шүүгчийн захирамж нь үндэслэлтэй болж чадаагүй бөгөөд дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ. Бусдыг гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан хүнийг гэмт хэргийн хатгагчид тооцно” гэж хуульчилсан.
Хэрэгт гэрч Б.Цогтбаярын "...Манай сумын Бүлтүүш гэдэг хүн надад 500,000 төгрөгийн өглөггэй, Бүлтүүшийн ах Пүүжээ нь 3 адууны өртэй байсан ба Сыг 3 тооны адууны махыг надад өгснөөс хойш 2 хоногийн дараа надад Бүлтүүш нь надад өглөгтэй 2 адуугаа аваад ирлээ шүү гээд хээр, хүрэн зүстэй 2 тооны адууг авч ирж өгсөн өөр зүйл болоогүй ээ..." гэсэн мэдүүлэг,
О.Бийн иргэний хариуцагчаар өгсөн “...С над руу утсаар яриад Заг сумын Сэвхтийн аманд хэдэн адуу байгаа, очоод авчих гэхээр нь хэний адуу юм бэ гэсэн чинь С би мэдэхгүй ээ дуугүй байгаарай гэж хэлсэн, тэгээд би утсаар ярьсанаас хойш 2-3 хонож байгаад очсон чинь 20 гаруй тооны адуу байхаар нь хээр, хүрэн зүсмийн 2 байдсыг нь тууж яваад Улаанаа гэх хүнд өрөндөө өгсөн...” гэсэн мэдүүлэг,
Яллагдагч Э.Сын "...Бүлтүүш өөрийнхөө эзэмшлийн 86321020 дугаарын утсанаас миний эзэмшлийн 8890618 дугаарын утас руу ярьсан. Ярихдаа надаас адуу байна уу гэхээр нь би яах гэж байгаа юм гэсэн чинь тэр би Улаанаад адууны өртэй юм аа гэж хэлсэн, тэгэхээр нь би Заг сумын 1 дүгээр багийн нутаг Сэвхтийн аманд хэдэн адуу байна лээ, би наад адуунуудтай чинь хамаагүй шүү л гэж хэлсэн, тэрнээс Бүлтүүш нь адуу авсан эсэхийг би мэдээгүй ээ..." гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд яллагдагч Э.С нь О.Бийг гэмт хэрэгт татан оролцуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй. түүнийг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл О.Б нь Э.Сын зааж өгсөн гэх 26 тооны адууг түүний өмчлөл, эзэмшлийнх биш гэдгийг лавтай сайн мэдсэн, өөрийн үйлдэл эс үйлдэхүй нь бусдын малыг хулгайлах хууль бус үйлдэл гэдгийг мэдсээр байж зориуд хүсч үйлдсэн нь яллагдагч Э.Сын хэлсэн “...хэдэн адуу байна лээ, би наад адуунуудтай чинь хамаагүй шүү...” гэсэн үгнээс үүдэлтэйгээр бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзэх боломжгүй тул Э.Сыг О.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгг хамтран оролцсон гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах нь түүний эрх зүйн байдлыг дордуулах болно.
Мөн шүүгчийн захирамжид “...О.С нь яллагдагч О.Бийг гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол төрүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд элдэв аргаар өдөөн түлхсэн, хуурч мэхэлсэн арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй...” гэж дурьдсан боловч хэрэгт цугларсан ямар нотлох баримтуудаар уг үйлдлүүд нь тодорхойлогдож байгаа болох талаар дурьдаагүй нь таамаглалд үндэслэсэн гэж үзэхээр болжээ.
Түүнчлэн яллагдагч Э.С нь хохирогч Н.Бийн 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд бүрэн оруулснаар үйлдэл. төгссөн бөгөөд нэгэнт өөрийн өмчлөл.. эзэмшилд оруулсан 26 тооны адуунаас дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд ял оногдуулж болох эрүүгийн хэрэгт хөнгөн ял оногдуулж болох эрүүгийн хэргийг нэгтгэнэ" гэж заасан байхад шүүгчийн захирамжинд "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгаарлан тус бүрд нь хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх нь зүйтэй байсан байна..." гэж үнэлж дүгнэсэн нь ойлгомжгүй, илт үндэслэлгүй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлд хэргийг нэгггэх, тусгаарлах үндэслэлүүдийг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 3 дахь хэсэгт "Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно" гэж хуульчилсанаас үзэхэд тус тусдаа үйлдсэн яллагдагч нарын гэмт хэргийг заавал тусгаарлан тус тусад нь яллах дүгнэлт үйлдэнэ гэсэн зохицуулалт биш юм.
Уг хэргийн хувьд яллагдагч Э.С, О.Б нарын тус тусын үйлдлийн улмаас 1 иргэнд хохирол учирсан байгаа тул нэг хэрэгт хамтатган шийдвэрлэх нь хэргийн оролцогч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.
Мөн шүүгчийн захирамжид яллагдагч нарын үйлдпийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж дүгнэсэн атлаа Э.Сын үйлдлийг зүйлчлээгүй, хэргийг тусгаарлаж яллах дүгнэлт үйлдээгүй гэж заасан нь өөр хоорондоо зөрчилдсөн, ойлгомжгүй байна.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгг заасан "Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой. түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр болжээ. Дээрх хэргийн хувьд Э.Сыг иргэн Н.Бийн олон тооны мал хулгайлсан үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 102 дугаартай яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн боловч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 351 дугаартай захирамжаар О.Бид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасны дагуу хэрэгт дахин нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан улмаар яллагдагч Э.С, О.Б нарт холбогдуулан дахин яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлснийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 617 дугаартай шүүгчийн захирамжаар дахин өөр үндэслэл заан буцаажээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд уг зүйл хэсгийн 6.1-6.17-д заасан асуудлыг хянан хэлэлцэхээр зохицуулсан. Мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэж заасан. Гэтэл Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 617 дугаартай шүүгчийн захирамжинд “Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв' гээд “...Хавтаст хэргийн материалаас дүгнэхэд яллагдагч Э.С нь иргэн Н.Бийн адууг хулгайлж улмаар цааш нь яллагдагч О.Бид уг адуунаас дахин хулгайлуулсан болох нь нотлогдсон байх бөгөөд яллагдагн Э.Сын хохирогч Н.Бийн адууг хулгайлж “Сэвхтийн ам" гэх газар орхисон адууны газрыг яллагдагч О.Бид зааж өгч авхуулсан үйлдэл, яллагдагч О.Бийн 2 адууг авсан гэх үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл яллагдагч О.С нь яллагдагч О.Бийг гэмт хэрэг үйлдэх шийдмэг бодол төрүүлсэн, гэмт хэрэг үйлдэхэд элдэв аргаар өдөөн түлхсэн, хуурч мэхэлсэн арга хэрэглэсэн гэж үзэх үндэслэл бүхий бөгөөд энэ үйлдэл нь яллагдагч Э.Сын үйлдлийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хатгагчийн шинжийг агуулсан гэж дүгнэхээр байна.
Энэ нь яллагдагч Э.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан байна гэж үзэхээр байна.
Харин яллагдагч Э.Сын 26 тооны адууг ганцаараа хулгайлсан үйл баримтад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. яллагдагч О.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ" гэх зэргээр яллагдагчийн гэм буруугийн асуудлыг дүгнэсэн шинжтэй болжээ.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 617 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Дээд шатны Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ; Давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг дэмжин оролцож байна гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Бурмаа, Л.Батбаяр нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг дэмжиж байна, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцааж шийдвэрлүүлнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Аймгийн Ерөнхий прокурор Н.Амарсанаагийн давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:
Анхан шатны шүүхээс Э.С, О.Б нарын үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1-д заасан хатгагчийн шинжийг агуулсан, яллагдагч О.Б нар нь хохирогч Н.Бийн адуунаас 2 адууг авсан үйл баримт нь тусдаа үйлдэл гэж үзэхээр бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгаарлан яллагдагч тус бүрд нь хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх нь зүйтэй, уг ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Э.С, О.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлаж үзвэл Э.С нь авто тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хараатын өвөр гэх газраас Н.Бийн эзэмшлийн 26 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 16.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
О.Б нь авто тээврийн хэрэгсэл болох мотоцикль ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Сэвхтийн ам гэх газраас Н.Бийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт болсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Э.С, О.Б нарт холбогдох хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.
Яллагдагч Э.С нь О.Бийг гэмт хэрэгт татан оролцуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу Э.С нь О.Бийн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцоогүй болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байхад хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/617 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/ШЗ/617 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.С, О.Б нарт холбогдох эрүүгийн 1914000000070 дугаар хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар яллагдагч Э.С, О.Б нарт анхан шатны шүүхээс хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхэд хэрэг шилжих хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ М. МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ
Б. БОЛОР-ЭРДЭНЭ