Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 10

 

 

                                   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

                        татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл би иргэн Д.З-ийн “Увс аймгийн Засаг даргын 2021.01.08-ны өдрийн А/07 дугаар захирамж, Санхүүгийн Хяналт аудитын албаны даргын 2021 оны 01 сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай“ шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг дарга, Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.З миний бие Санхүүгийн хяналт, аудитын албаны Дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчаар ажиллаж байгаад Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдлөө.

        Би 2018 оны 12-р сарын 19-нд төрийн албаны шалгалтад орж тэнцээд Авлигатай тэмцэх газрын 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн №05/10886 албан тоот, Төрийн албаны зөвлөл Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 12-р сарын 26-ны №117 албан тоот бичгийн хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн № Б/05 тушаалаар томилогдсон. 2019 оны 07-р сарын 04-ний өдөр Монгол улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн.

     1998 онд МУИС-ийг нягтлан бодогчоор төгссөн. Үндсэн мэргэжлээрээ хувийн хэвшилд 4 жил, НҮБ-ийн төсөлд 3 жил, төрийн байгууллагад 9 жил ажиллаж, Төрийн албаны тухай хуулийн дагуу энэ албан тушаалд томилогдсон. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Удирдах зөвлөлийн 2020.12.22-ны өдрийн №20/17 тоот тогтоолоор Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч болсон. Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтийн 40 цагийн багцын сургалтыг төгсөж үнэмлэх авсан. Сахилгын шийтгэл, ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч миний бие үүрэгт ажиллаа үнэнч шударгаар гүйцэтгэж байгаад гэнэт ажлаас "...бүтэц орон тооны өөрчлөлт..." нэрээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Төрийн албаны тухай хуулиар "Төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй" гэсэн хэм хэмжээ хэрэгжихгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашиг хөндөгдөж байна.

       Санхүүгийн хяналт, аудитын алба /СХАА/-ны үндсэн үйл ажиллагаа нь Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан "Дотоод аудитын дүрэм"-ийн 2.1 дэх заалтад заасны дагуу ".. санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг ..." байгууллага юм. СХАА нь дарга, санхүүгийн хяналтын 5 улсын байцаагчтай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 164 000 000 /нэг зуун жаран дөрвөн сая/ төгрөгийн жилийн төсөвтэй, сард 2- 3 ширхэг гүйлгээ хийдэг, төсөв багатай учир нягтлан бодогч, нярвын үүрэгт ажлыг аль нэг улсын байцаагч нь давхар хариуцан гүйцэтгэж, тухайн нягтлан бодогчийг давхар гүйцэтгэж байгаа албан тушаалтанд 40 %-ийн нэмэгдэл цалинг олгож /гэхдээ сүүлийн 1 жилийн хугацаанд/ ирсэн. Нябо, нярав, бичиг хэргийн ажилтны хийх ажил ачаалал багатай учир тус албаны хэн нэгэн улсын байцаагч нь давхар хийж гүйцэтгэх боломжтой, хийсээр ч ирсэн. "Дотоод аудитын дүрэм"-ийн 2.1 дэх заалтад заасны дагуу явагдах ёстой үндсэн үйл ажиллагаа байсаар атал уг ажлыг хийж гүйцэтгэж буй үндсэн 2 улсын байцаагчдыг ажлаас нь чөлөөлж, тус албанд нягтлан бодогч, жолооч-нярав, бичиг хэргийн ажилтны орон тоо шинээр бий болгож, тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа, ажлын ачааллыг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл, тус албаны 43% буюу 50 хүрэхгүй хувь нь үндсэн үйл ажиллагаагаа эрхэлж, 57% нь захиргаа, аж ахуйн ажилтнуудаас бүрдсэн бүтэцтэй болсон байна. Иймээс Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны А/07 тоот "Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" захирамжийг бодит нөхцөл байдалд нийцээгүй, зөвхөн улс төрийн шийдвэр гаргах өнцгөөс харж хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

     Мөн түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч намайг ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтан нь өөрөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 43 дугаар зүйлийн 43.3.2, 43.3.3, 43.6 дахь заалтуудыг зөрчин хууль бусаар томилогдсон. "Хэрвээ төрийн албанд сул орон тоо гарсан бол тэр сул орон тоог нөхөгдөх хүртэл төрийн жинхэнэ албан хаагчаар түр орлон гүйцэтгүүлж болно гэсэн заалт байгаа ч энэ нь төрийн албаа хаагаад явж байгаа, тухайн байгууллагадаа ажиллаж байгаа хүнээр түр орлон гүйцэтгүүлнэ гэсэн үг. Тэрнээс биш ямар нэг шалгуургүйгээр, хэн нэг дурын хүнийг авчраад, цалин өгөөд ажиллуулах биш юм. Аймгийн ЗДТГ-ын Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Н.Б нь төрийн жинхэнэ албан хаагч миний хууль ёсны эрх ашгийг хөндөж, хууль бус шийдвэр гаргаж, дараах хууль тогтоомжийг зөрчиж байна. Үүнд:

       1. Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн №Б/06 тоот тушаал нь Монгол улсын Төрийн албаны төв зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №03 тоот зөвлөмжийг илт зөрчсөн, хууль бус шийдвэр бөгөөд энэхүү тушаалд заагдсан Төрийн албаны тухай хуулийн 46.2.5 дахь заалт /хуульд заасан бусад үндэслэл/ нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ямар хуульд заасан үндэслэл гэдэг нь тодорхой бус байна.

    2. "Дотоод аудитын дүрэм"-ийн 2.1 дэх заалтад заасны дагуу Санхүүгийн хяналт, аудитын албаны үндсэн үйл ажиллагаа нь хяналт шалгалт байсаар атал санхүүгийн хяналтын 2 улсын байцаагчдыг ажлаас нь чөлөөлж, тэдгээрийн оронд нягтлан бодогч, жолооч-нярав, бичиг хэргийн ажилтан гэсэн 4 орон тоо шинээр бий болгож, тус байгууллагын үндсэн үйл ажиллагаа, ажлын ачааллыг алдагдуулж, тус албаны талаас илүү хувь нь захиргаа, аж ахуйн ажилтнуудаас бүрдсэн бүтэцтэй болсон нь Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчим алдагдаж Төрийн албаны тухай хуулийн 7.1.2 дахь заалт зөрчигдөж байна. Нөгөө талаас аймгийн Засаг даргын энэхүү шийдвэр нь тухайн байгууллагын /СХАА/ үндсэн үйл ажиллагаа, зорилго зорилтод үл нийцсэн, улс төрийн шинжтэй, өөрийн талын хүмүүсийг ажилд томилох гэсэн улс төрийн болоод хувийн ашиг сонирхлын зөрчил болсон гэж үзэж байна.

     3. Төрийн албаны тухай хуулийн 49-р зүйлийн 2 дахь заалт "Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно" гэсэн заалтыг, /Манай байгууллагад ажилладаг 5 улсын байцаагчаас ямар шаардлага, шалгуурыг үндэслэж намайг чөлөөлсөн нь тодорхойгүй, ажлын үр дүн, ёс зүйн зөрчил, ажлын ур чадвар, мэргэшсэн нягтлан бодогч мөн эсэх зэргийг харгалзаж шийдвэрлээгүй/,

    4. Коронавируст цар тахал гарсан өнөө үед төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь "Коронавируст халдвар /ковид-19/- ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг,

        5. Захиргааны шийдвэр батлагдахын өмнө сонсох ажиллагаа буюу эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй иргэнийг тухайн шийдвэртэй холбогдуулан санал, тайлбараа гаргах боломжоор хангахгүйгээр шууд ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.3, 27.4, Төрийн албаны тухай хуулийн 39-р зүйлийн 39.1.17, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтуудыг, /Өөрөөр хэлбэл, ажилтныг бүтцийн өөрчлөлтийн улмаас халж байгаа бол заавал нэг сарын өмнө мэдэгдэл өгөх ёстой, өгөөгүй.

      6. Байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтийг хийж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан ч миний цаашдын нийгмийн баталгааг хангах өөр ажил албан тушаалд шилжүүлэх, сургах, тэтгэмж олгох зэрэг арга хэмжээ аваагүй нь Төрийн албаны тухай хуулийн 62-р зүйлийн 62.1.4. дэх заалт /Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох'7 -ыг тус тус зөрчиж байна. Миний бие энэ талаарх гомдлоо Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь заалтад заасны дагуу Монгол улсын Төрийн албаны төв зөвлөлд 2021.01.13-ны өдөр бичгээр хандсан хэдий ч одоог хүртэл ямар нэг хариу ирүүлээгүй болно.

    Иймд миний энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч дараах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

       1. Аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны А/07 тоот "Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" захирамжийг хүчингүй болгох,

      2. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны даргын хууль бусаар гаргасан шийдвэр нь миний хууль ёсны эрх ашгийг хөндөж байгааг хянан шалгаж, Аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, хуулийн дагуу миний биеийг эгүүлэн ажилд нь томилох, хэвээр үлдээх нөхцөл боломжоор хангаж өгнө үү ” гэжээ.

    Нэхэмжлэгч Д.З 2021 оны 03 сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаар захирамж, Санхүүгийн Хяналт аудитын албаны даргын 2021 оны 01 сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай“ нэхэмжлэл гаргасан. Увс аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаар захирамж, Санхүүгийн Хяналт аудитын албаны дарга 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/06 тоот тушаалдаа өөрчлөлт оруулж намайг хуучин ажилд томилсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.З нь “Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/07 дугаар захирамж, Санхүүгийн Хяналт аудитын албаны даргын 2021 оны 01 сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь шийдвэртээ өөрчлөлт оруулж Д.З-г ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсанаа илэрхийлэн шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байна. 

      Иймд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

       1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Д.З-ийн “Увс аймгийн Засаг даргын 2021.01.08-ны өдрийн А/07 дугаар захирамж, Санхүүгийн Хяналт аудитын албаны даргын 2021 оны 01 сарын 08-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Т.ОЮУНГЭРЭЛ