Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/221

 

2022          12           15                                       2022/ШЦТ/221

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,

Шүүгдэгч: П.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Пийн Гад холбогдох эрүүгийн 2235000000240 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 28-нд Увс аймгийн .......... суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн Увс аймгийн .......... сумын 2 дугаар багийн 1-19 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй , Д овогт Пийн Г, /регистрийн дугаар: ..................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдох явцдаа хохирогч Г.Үыг автомашины дугуйны дорцов төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Г нь хохирогч Г.Үтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдох явцдаа түүнийг автомашины дугуйны дорцов төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч П.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Би дахин ийм үйлдэл гаргахгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2235000000240 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн дугуйн дорцовт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 16-17 дахь тал);

2. Хохирогч Г.Үын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Манай найз Г-О нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны орой надтай утсаар холбогдож найз нь Баруунтуруун сумаас өвс ачиж ирлээ, маргааш Улаанбаатар хот руу 30 тонн давс ачиж явна, уулзаж ганц нэг цаг суух уу гэхээр би зөвшөөрсөн. Г-Оыг би манай гэрийн гадна хүрээд ир гэхэд надад танай гэрлүү очих тэнхэл байхгүй байна чи манай коллежийн урд хүрээд ир гэхээр би өөрийн эзэмшлийн 21-23 УВС улсын дугаартай машинаа жолоодож Г-О болон түүний найз Г нарыг очиж авсан. Мөн надаас хоолны халуун сав авах ёстой М- гэх охиныг Тэс-Арвижих дэлгүүрийн үүднээс очиж аваад буцахдаа Улаангом сумын 7 дугаар баг 23-13 тоот хашаанд байрлах байшингаас М-т өгөх хоолны халуун сав, сэрүүн нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво, АРКНI нэртэй 0,5 литрийн нэг шил архи аваад Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Дэвшил орон сууцны байрны гадна авто машинд Г-О, Г бид нар тухайн архи согтууруулах ундаа уусан. Миний машин дотор Г-О, Г бид нар хоорондоо яриа үүсгэж уг архи согтууруулах ундааг 2022 оны 11 дүгээр 09-ний ойролцоогоор 3 цагт хүртэл уусан. Тухайн үед Г нь М-ийг хүндлэхгүй харьцаж, чанга дуугаар наад нэг юм чинь юу вэ гэхээр нь би Гад чи эмэгтэй хүнтэй ингэж хандаж болохгүй гэсэн. Тэгээд бид амрахаар болж Гыг гэрт хүргэх гэж Цогцолбор нэгдүгээр сургуулийн доод талын гудамжинд байрлах түүний гэрийн гадна ирэхэд Г нь машинаас бууж өгөхгүй сууж байгаад машинаас бууж ирээд надад хандаж чи намайг нэг цохь, би чамайг нэг цохьё, эсвэл эр хүн шиг сайхан үзье гэж хэлээд бид хоёр барьцалдаж би түүнийг цохиж, Г намайг цохиж бид хоёр газар дээр унаж ноцолдож, тэр миний хүзүүний гинжнээс татаж миний хоолой бооход Г-О бид хоёрыг салгасан. Би машинд ороод суучихсан Г-О машины хаалганы хажууд зогсож байхад Г ирж миний сууж байсан машины сандал доороос дугуйны дорцов авч миний хөл, гарлуу цохих үед би гараараа хөлөө хамгаалахад миний хамарлуу дугуйн дорцовоор цохиж хамарт гэмтэл учруулсан" гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 24-30 дахь тал),

3. Гэрч С.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г нь Г-Отой гар барьж найз нь орж амарлаа гээд машинаас буусан. Харин Г гэрийнхээ хашааны хаалга онгойлгож орох гэж байхад Г-О түүнтэй уулзана гэж машинаас буугаад тамхи татсан ба Ү би бас тэр хоёртой уулзаж нэг тамхи татъя гээд машинаас буусан. Тэгээд юунаас болсон бүү мэд машины гадна Ү, Г нар хоорондоо чи намайг ч нэг шаа, би чамайг нэг шаая гэж маргалдаж зодолдоод эхэлсэн. Би машинаас бууж ирэхэд Ү Г нар хоорондоо барьцалдаж зодолдож байсан ба би Г-Оыг наад хоёроо салгаач ээ гэхэд Г-О тэр хоёрыг салгасан. Би Үыг машиндаа суу явъя гэж хэлээд машинд нь суулгасан байхад Г-О нь Үын сууж байсан хаалга талаар ирж түүнд та хоёр яагаад зодолдоод байгаа юм, хоорондоо эв зүйгээр учраа олчих гэж хэлээд зогсож байхад Г хаанаас авсан бүү мэд машины дугуйны боолт тайлах төмрөөр Үын хөл, гар, хамар луу цохиж Үын хамрыг гэмтээж цус гаргахад Г-О Гыг салгасан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-35 дахь тал),

4. Гэрч Д.Г-Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ү явах гээд машиндаа суусан чинь Г машины хаалганы дэргэд очоод тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгээд Үыг машин дотроо сууж байхад нь Г Үыг цохих шиг болсон, тухайн үед харанхуй байсан учраас яг юугаар яаж цохисон гэдгийг нь хараагүй. Ү цохиулаад хамраас нь цус гараад намайг цохичихлоо гэж хэлээд машин дотроо сууж байсан. Гыг харсан чинь аль гартаа гэдгийг нь мэдэхгүй байна нэг гартаа жижиг машины дугуй тайлдаг дорцов төмөр бариад зогсож байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дахь тал),

            5. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 505 дугаартай “...Үзүүлэгч Г.Үын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхинд цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, баруун сарвууны ард цус хуралт, зулгаралт, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Н.Баттулгын биед учирсан хамар ясны хугарал, хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Г нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд П.Гад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй Д байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч П.Г нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн хамар тус газар автомашины дугуйны дорцов төмрөөр цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч П.Гын үйлдлийн улмаас хохирогч Г.Үын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхинд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 58-59 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч П.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч П.Г нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч П.Г, хохирогч Г.Ү нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч П.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Үын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, 2 нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч П.Г нь хохирогч Г.Үын эмчилгээний зардалд 1.600.000 (нэг сая зургуун зуун мянга) төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаснаар хохирогч Г.Ү нь “П.Гад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч П.Гаас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч П.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч П.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 92 дахь тал), 

4. Шүүгдэгч П.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.600.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч П.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч П.Г нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч П.Гын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгч П.Г нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул П.Гад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гад 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч П.Гад танилцуулсныг тэр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

11. Иймд шүүгдэгч П.Гын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч П.Гад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч П.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Пийн Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Гад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600.000 (зургаан зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Гаас гаргуулах хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн дорцовыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч П.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА