Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б З овогт  О-ийн Мд холбогдох эрүүгийн 2235000000184 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн ......... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .............. сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б З овогт  О-ийн М, регистрийн дугаар: ...................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ......... сумын нутаг “Нуурын зоо” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.699 метр куб шинэс модыг бэлтгэн, “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 258.235 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун гучин тав) төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч О.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэг: “Шүүгдэгч О.М нь Увс аймгийн ......... сумын “Нуурын зоо” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар 0.699 метр куб шинэс модыг бэлтгэн тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 258.235 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун гучин тав) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн О.Мын тухайн өдөр бэлтгэсэн модоо тээвэрлэсэн “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар 1 метр урттай 30 ширхэг модыг улсын орлого болгох, хохирлыг нөхөн төлүүлэх саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч О.М нь айлын мал харахаар очиж, 5 ширхэг модыг унагаж 1, 1 метрээр хувааж бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. О.М нь Байгаль орчин, уур амьсгалын санд 774,705 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна. О.М нь айлд туслах малчнаар ажиллаж орлого олж, өрх гэрээ тэжээн тэтгэдэг. О.Мын хувийн байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээ 450.000 төгрөгөөр торгож өгнө үү. Тээврийн хэрэгслийн шинжээчийн дүгнэлт, үнэлгээний дагуу гаргуулж, улсын орлого болгох нь үндэслэлтэй. Гэхдээ шинжээчийн 291 дугаартай дүгнэлтээр “Toyota ist” загварын ...... УВА автомашиныг 2.500.000 төгрөг гэж үнэлсэн нь уг автомашины шинж байдалд тохируулж гаргасан дүгнэлт гэж үзэх боломжгүй. Шинжилгээ хийлгэх тогтоолыг харахад шинжилгээний объект хүргүүлсэн эсэх нь байхгүй. Миний үйлчлүүлэгч О.Мын хувийн байдлуудыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт:“ ...Би мал дээр очиж хонохдоо гал түлэх мод авч орж ирсэн. Манайх түлэх модгүй болохоор мод авсан. Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Эхнэр маань удахгүй төрөх гэж байгаа. Би хувиараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг” гэв.

Эрүүгийн 2235000000184 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт, автомашинд, мод, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-32, 40-41 дэх тал);

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүрхэн гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлийг 2022 оны 06 дугаар сарын 15-наас 09 дүгээр сарын 15-ны хооронд Шинэс модны зөвшөөрлийг олгож байгаа. Харин тус багт оршин суух О.М ямар нэг байдлаар түлш болон хэрэгцээний мод бэлтгэх талаар тавьсан хүсэлт болон албан ёсоор авсан зөвшөөрөл байхгүй. ......... сумын 1 дүгээр багийн нутаг Нуурын зоо гэх газар талбайн тусгаарлалт хийгдээгүй байгаа. Харин ой цэвэрлэх журмаар унасан гишүү мөчир зэргийг тус сумын ойн байгаль хамгаалагчид мэдэгдсэний үндсэн авахыг хориглохгүй байгаа. Гэхдээ О.М тэр талаар мэдэгдсэн зүйл байхгүй. ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүрхэн гэх газар талбай тусгаарлалт албан ёсоор хийгдэж мод бэлтгэх зөвшөөрөл мөн өөр бүс нутаг руу тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн гэрчилгээ олгох ажиллагаа тасралтгүй явагдаж байхад талбай тусгаарлалт хийгдээгүй газраас зөвшөөрөлгүйгээр ургаж байгаа залуу мод бэлтгэж гарал үүслийн гэрчилгээгүйгээр аймгийн төв рүү тээвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Гомдол санал гэвэл мэргэжлийн байгууллага тодорхой түвшинд нь дүгнэлт гаргах байх. Жил бүр сум орон нутагт мод тарих, ой цэвэрлэх ажил шат дараалалтай явагдаж байхад зөвшөөрөлгүйгээр тайрч байгаад нь гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал);

3. Иргэний нэхэмжлэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би 2014 онд Улаангом сумаас Тоёота ист загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүнээс таван сая орчим төгрөгөөр худалдаж аваад 2018 он хүртэл өөрөө унаж хэрэглэж байхдаа машин мөргөж машинаа гэмтээсний улмаас миний машин хөдөө явахад хүндрэлтэй болсон тул төрсөн ах О.Мд өгсөн. Учир нь ах М нь гэр бүлтэй болж, аймгийн төвд суурин орсон, мөн хүүхдүүдээ хичээл сургуульд хүргэх, эрхэлсэн тодорхой ажилгүй тул таксинд явж мөнгө олоосой гэж бодоод миний машиныг түр унаж бай гэж хэлээд өгсөн. Гэтэл 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ......... суманд байх ах Насанбатынд очиж хоноод буцахдаа бага хэмжээний мод ачиж яваад цагдаад баригдсан уг асуудлаас нь унаж явсан машин нь хураагдаж магадгүй гэж бодоод өөрийнхөө машиныг хэрэг нь шийдэгдэхээр авах болно. Би төрсөн ах О.Мд албан ёсоор шилжүүлсэн зүйл байхгүй." гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 50 дахь тал);

4. Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тухайн үед модонд үзлэг хийх ажиллагаанд оролцоход уг мод нь шинэс гэх мод бөгөөд шууд насыг нь тогтоох боломжгүй боловч залуу мод бөгөөд ургаж байхдаа нойтон байсан боловч шинэс модыг тайрч олон хэсэг хувааж удаан хугацаанд хадгалсаны үндсэн дээр хуурайшсан байж болзошгүй. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны байдлаар бол 1-2 метрийн урттай, 30 ширхэг мод нь хаталт үүссэн байдалтай байсан. Уг модыг тайрч хэсэгчлэн хуваахгүйгээр урт чигт нь хадгалвал 30 хоногийн хугацаанд хаталт үүсэх боломжгүй. Харин сая үзлэг хийсэн моднууд нь хэсэгчлэн хувааж нарны тусгалтай битүү орчинд хадгалсан учраас 14-16 хоногийн хугацаанд хаталт үүсэх боломжтой....” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 56 дахь тал);

5. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 291 дугаартай “2022 оны 8 дугаар сарын байдлаар Увс аймагт 2002 онд үйлдвэрлэгдсэн "Тоёота ист" загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 63 дахь тал);

6. Ойд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон ......... сумын сум дундын ойн ангийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай “...Уг мод бэлтгэсэн N 50 01345 25.7, Е 91.65346 солбилцолд орших газар нь ойн сангийн 1-р мужид хамрагдах ой байна. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй байна. Төрийн захиргааны төв байгууллага, аймгийн сумын иргэдийн хурлын шийдвэрийн дагуу арчилгаа, цэвэрлэгээний зориулалтаар зохих зөвшөөрлийн дагуу мод бэлтгэж болно. 2022 онд ......... сумын Нуурын зоо гэх газарт ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах ажил хийгдээгүй тул мод бэлтгэж болохгүй. Битүүмжилсэн мод нь шинэс мод байна. Тухайн мод нь түлшний мод байна. Мод нийтдээ 0.699 метр куб болж байна. Модыг 2022 оны 08 сард бэлтгэсэн гэж үзэж байна. Дээрх мод нь хуурай мод байна. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 258.235 /хоёр зуун тавин найман мянга хоёр зуун гучин таван/ төгрөг болж байна” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 73-74 дэх тал);

7. Зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар мод тээвэрлэсэн гэх ...... УВА улсын дугаартай “Toyota ist” загварын автомашины эзэмшигч /өмчлөгч/ нь О.Б- болохыг тогтоосон 01288330 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн нэмэлт ажиллагаа хийсэн материалд) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

1. Шүүгдэгч О.Мд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 92 дахь тал);

2. Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хариуцлага хүлээж байгаагүй/  (хавтаст хэргийн 94 дэх тал);

3. Увс аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1147 дугаартай “О.Мын нэр дээр өнөөдрийн байдлаар газар болон газраас бусад үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй. О.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн лавлагааг хүргүүлсэн” гэх албан бичиг (хавтаст хэргийн 96-97 дахь тал);

4. Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 519 дугаартай “...О.М нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 99 дэх тал);

5. Увс аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 231 дугаартай “...О.Мын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна” гэх албан бичиг (хавтаст хэргийн 101 дэх тал);

6.  “О.М нь ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаангом сумын 7 дугаар багийн 17-04 тоотод оршин суудаг нь үнэн болно. Тухайн иргэн нь эх болох Ч.Өын асран хамгаалагч болох нь үнэн болно” гэх Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 107 дахь тал);

7. О.М болон түүний гэр бүлийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар, О.Мын жолооны үнэмлэхний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 108-116 дахь тал);

8. “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн “Toyota ist загварын мөнгөлөг саарал өнгийн 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн 2022 оны 8 дугаар сарын байдлаар хэдэн төгрөгийн үнэ ханштай болохыг тогтоох, тогтоолд тусгагдаагүй хэрэгт ач холбогдолтой бусад зүйлийг дурьдах...” Мөрдөгчийн тогтоол  (хавтаст хэргийн 62 дахь тал);

9. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 291 дугаартай “Шинжилгээ хийсэн үндэслэл: Мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Шинжээч томилсон байгууллага, албан тушаалтан: Увс аймаг дахь Цагдаагийн газар Мөрдөн байцаах тасаг, мөрдөгч цагдаагийн дэслэгч С.Н, Үнэлгээчний тухай мэдээлэл: Шинжээч Ягийн Н, дээд боловсролтой Сангийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаар тушаалаар олгосон 15060075 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй. “Бодь Даатгал" ХХК-д Мэргэжлийн хариуцлагын даатгалын №22012001 тоот гэрээтэй, Шинжилгээний зүйлийн талаархи мэдээлэл: Гэмт хэргийн 520 дугаартай хэрэгт Увс аймгийн ......... сумын иргэн О.М нь гарал үүслийн бичиггүй мод тээвэрлэсэн гэх хэрэгт автомашины үнэлгээ тогтоолгох, Шинжээчид тавьсан асуулт: Увс аймагт 2022 оны 8 дугаар сарын байдлаар “Toyota ist (Тоёота ист)" загварын 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл хэдэн төгрөгийн үнэтэй болохыг тогтоох. Шинжилгээний аргачлал: Үнэлгээний зах зээлийн хандлага нь үнийн мэдээлэл нь бэлэн олдоцтой байгаа ижил буюу жишиж болох /өөрөөр хэлбэл, төсөөтэй/ хөрөнгүүдтэй харьцуулснаар үнэ цэнийн үзүүлэлтийг тодорхойлдог бөгөөд энэ арга нь ижил төстэй болон орлуулагч хөрөнгөний арилжааны үнийн мэдээлэл хангалттай олдох зах зээлийн үнийн мэдээллийг харьцуулан тогтоодог арга юм. Зах зээлийн харьцуулах аргаар тээврийн хэрэгслийг үнэлэхийн тулд иргэдийн цахим орчинд тавьсан зар утас-93073447, unegui.mn сайтын үнэ ханшийг судлан тогтоолоо. Хариулт: “2022 оны 8 дугаар сарын байдлаар Увс аймагт "Тоёота ист" загварын 2002 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч О.М нь хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно. 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан дүгнэхэд:

- Шүүгдэгч О.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн ......... сумын “Нуурын зоо” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0.699 метр куб эзлэхүүнтэй, 5 ширхэг шинэс модыг сүхээр цавчиж унагаан, моднуудыг машинд багтах хэмжээгээр буюу 1 метр гаруй хэмжээтэй, 30 ширхэг болгон хуваан, бэлтгэж “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн экологи эдийн засагт 258.235 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун гучин тав) төгрөгийн хохирол учруулсан болох нь яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт болох хэргийн газарт, тээврийн хэрэгсэл, мод, сүхэнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-32, 40-41 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал), иргэний нэхэмжлэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал), хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 291 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 63 дахь тал), ойн санд учирсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоосон ......... сумын сум дундын ойн ангийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал), шүүгдэгч О.Мын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90 дахь тал) зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

2. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь  иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсны дагуу мод бэлтгэж тээвэрлэхээр байна.

Түүнчлэн ......... сумын сум дундын ойн анги нь 2022 онд тус сумын 1 дүгээр багийн нутаг “Нуурын зоо” гэх газрын ойгоос мод бэлтгэх зориулалтаар талбай тусгаарлаагүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мэдүүлэг, шинжээч М.Д-гийн дүгнэлт зэргээр нотлогджээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэг нь мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч О.М нь эрх бүхий байгууллагад түлш болон хэрэгцээний мод бэлтгэх талаар хүсэлт тавьж, албан ёсоор зөвшөөрөл аваагүй байж, мод бэлтгэх зориулалтаар талбайн тусгаарлалт хийгдээгүй, Увс аймгийн ......... сумын 1 дүгээр багийн нутаг “Нуурын зоо” гэх газраас хууль бусаар 0.699 метр куб эзлэхүүнтэй, 5 ширхэг ургаа, шинэс модыг сүхээр цавчин унагаж бэлтгэн, тээвэрлэсэн нь тогтоогджээ.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэх шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч О.М нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор Увс аймгийн ......... сумын нутаг “Нуурын зоо” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 0.699 метр куб шинэс модыг бэлтгэн, “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэснээр гэмт хэрэг төгссөн байх бөгөөд тэрээр өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн зориуд хор уршигт хүргэсэн байх тул О.Мыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Иймд шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн болон шүүгдэгч О.М нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч О.Мын хууль, эрх зүйн зохих мэдлэггүй нөхцөл байдал, тухайн орон нутагт холбогдох хууль, тогтоомжийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулах ажиллагаа дутмаг зэрэг нөхцөл байдлууд нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

Увс аймгийн ......... сумын Сум дундын ойн ангийн дарга М.Д-гийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч О.М нь ойн сангийн 1 дүгээр мужид хамрагдах ......... сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нуурын зоо” гэх газрын ойгоос  5 ширхэг буюу 0.699 м3 эзлэхүүнтэй, шинэс мод бэлтгэсний улмаас байгаль экологид 258.235 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун гучин тав) төгрөгийн бодит хохирол учруулсан нь тогтоогджээ.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д: “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч О.Мын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 258.235 төгрөгөөр тогтоосон байх тул О.Мын үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 258.235 төгрөг гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүхээс О.Мын ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 258.235 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 774.705 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Шүүгдэгч О.М нь ойн санд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч О.Маас гэмт хэргийн хор уршигт 774.705 (долоон зуун далан дөрвөн мянга долоон зуун тав) төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт зааснаар 1 метр урттай 30 ширхэг модыг улсын орлого болгох саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “О.М нь айлд туслах малчнаар ажиллаж орлого олж, өрх гэрээ тэжээн тэтгэдэг. О.Мын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээ 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Шүүгдэгч О.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ:  “Би өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Эхнэр маань удахгүй төрөх гэж байгаа. Би хувиараа хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг” гэв.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 94 дэх тал), 

-Шүүгдэгч О.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсоныг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

-Шүүгдэгч О.Мын хувийн зан байдлын талаар гэрч Ө.О мөрдөн байцаалтын шатанд: “...О.М нь миний нөхөр бөгөөд бид 4 хүүхэдтэй, том 2 хүүхэд сургуульд сурдаг, 4 настай, 2 настай бага насны 2 хүүхэд маань гэртээ байгаа. М нь таксинд явах, хөдөө очиж хөлсөөр мал маллаж орлого олж гэр бүлээ тэжээн тэтгэдэг. Зан байдлын хувьд төлөв даруу, архи согтууруулах ундааны зүйл болон тамхи татдаггүй тул ямар нэгэн элдэв зан байхгүй дуу цөөтэй хүн байдаг. Аж амьдарлын хувьд  өөрийн гэсэн хашаа байхгүй тул айлын хашаанд манаачаар буусан бөгөөд Монгол гэрт амьдардаг. Өөр эд хөрөнгө гэх зүйлгүй” гэж мэдүүлснийг (хавтаст хэргийн 58 дахь тал) түүний хувийн байдлыг нотлох баримтаар үнэлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.

6. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун  мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч О.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нь эрүүгийн хариуцлагын нэг төрөл юм.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг  гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.

Иймд дээрх хуулийн заалтыг баримтлан шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 258.235 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 0.699 м3 эзлэхүүнтэй, 1 метр гаруй урттай болгож бэлтгэсэн 30 ширхэг шинэс модыг хурааж улсын орлогод оруулах,

Шүүгдэгч О.Мын хууль бусаар бэлтгэсэн 1 метр гаруй урттай, 30 ширхэг шинэс модыг тээвэрлэсэн “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний төрсөн ах О.Б-ийн эзэмшлийнх болох нь шүүгдэгч О.М, гэрч Ө.Оюунгэрэл, иргэний нэхэмжлэгч О.Б- нарын мэдүүлэг болон Увс аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 46-3/1571 дугаартай албан бичиг, хавтаст хэргийн 162 дахь талд авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлгдож байх тул “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч О.Б-т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 төгрөгийг шүүгдэгч О.Мын хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж, О.Мын  хууль бусаар бэлтгэсэн   0.699 м3 эзлэхүүнтэй, 1 метр гаруй урттай, 30 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай тогтоолын О.Мын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 0.699 м3 эзлэхүүнтэй, 1 метр гаруй урттай, 30 ширхэг шинэс мод битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч О.Б-т олгож шийдвэрлэсэн тул прокурорын тогтоолын ...... УВА улсын дугаартай “Toyota ist” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4 дэх заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, төмөр сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б з овогт О-ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” буюу “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мд 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгэгч О.Мд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш таван сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1,4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас ойн санд учирсан бодит хохирол 258.235 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун гучин тав) төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж, шүүгдэгч О.Маас 774.705 (долоон зуун далан дөрвөн мянга долоон зуун тав) төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.

5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хууль бусаар бэлтгэсэн 258.235 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, 0.699 м3 эзлэхүүнтэй, 1 метр гаруй урттай, 30 ширхэг хуурай, түлшний зориулалттай шинэс модыг хураан авч, Байгаль орчин уур амьсгалын сангийн орлогод оруулж, шүүгдэгч О.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...... УВА улсын дугаартай “Toyota ist” маркийн тээврийн хэрэгслийг түүний хууль ёсны өмчлөгч О.Б-т буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ 2.500.000 (хоёр сая таван зуун мянга)-н төгрөгийг шүүгдэгч О.Мын хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын  орлогод тус тус оруулж, О.Мын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 0.699 м3 эзлэхүүнтэй, 1 метр гаруй урттай, 30 ширхэг шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Toyota ist” загварын ...... УВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай тогтоолын 0.699 м3 эзлэхүүнтэй, 1 метр гаруй урттай, 30 ширхэг шинэс мод битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, ...... УВА улсын дугаартай “Toyota ist” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, төмөр иштэй сүх 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БОЛОРМАА