Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2019/01364

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Сонгинохайрхан дүүрэг, 16-р хороо, 24-р байрны 92 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УГ75031217, Боржигон овогт Сэдбалын Чинбатын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 58-р байрны 60 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЕП69112236, Өртөөчин овогт Нинагийн Бат-Эрдэнэд холбогдох,

Өгөөжтэй өв ХХКомпанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах тухай 2018-04-30 өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Чинбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу/ шүхэд төлөөлөх үнэмлэхийн дугаар 0762/, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан Өгөөжтэй өв ХХКомпанийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах тухай 2018-04-30 өдөр байгуулсан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2018 оны 4 сард Бэлон ХХК-ийн захирал Р.Баатархүү надад энэ жил ах нь Ховд аймаг, Цэцэг сум дахь вольфрам олборлох уурхайн үйл ажиллагааг явуулах гэхээр уурхай дээр хариуцах хүнгүй, хаа хамаагүй нинжа нар гэсэн хүмүүс ирээд ажилтнуудыг элэг бариад ашигт малтмал ухах гээд байна, бие хаа бадриун том болохоор чамайг элэг барих нь гайгүй байх, харуул хамгаалалтыг нь хариуцаад өгөөч, цалин хөлсийг нь чамлахааргүй өгнө гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн.

Тэгээд хол газарт байх учраас нутгийнхан нь хэл ам болоод байдаг тул захирлын зөвшөөрөл хэрэгтэй учир Өгөөжтэй өв ХХКомпанийг Н.Бат-Эрдэнээс шилжүүлээд аваадах гэж Р.Баатархүү хэлсэн. Би мэдэхгүй, болох юм уу даа гэхэд болно, би Н.Бат-эрдэнийг дуудсан байгаа. Тэр шилжүүлээд өгнө гэсэн. 2018-04-30 өдөр Н.Бат-Эрдэнэ, Бэлон ХХКомпанийн нарийн бичиг хариуцдаг Тулга нар ирээд, нотариатын дэргэд үүн дээр гарын үсэг зурчих гэсэн. Би гэрээ гэсэн баримт бичиг дээр гарын үсэг зурсан. Тулгаа бичиг баримтуудыг аваад явсан. Надад тамга, компанийн гэрчилгээ зэрэг өгсөн зүйл байхгүй. Өгөөжтэй өв ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хэлбэрийн төдий л байгуулсан. Би 2018-05-21 өдөр дээрх уурхай дээр оччихоод ирсэн. Өөр дахин яваагүй.Компаний орлого зарлагыг мэдэхгүй, дансны гүйлгээ энэ тэр хийсэн зүйл байхгүй. Үүнийг Бэлон компанийн захирал ажилтнууд л мэддэг байх.Нягтлан Ариунаа гэдэг нь Бэлон ХХК-ийн нябо юм.

Надад Н.Бат-Эрдэнээс Өгөөжит өв компанийг худалдах, худалдан авах ямар нэгэн хэрэгцээ сонирхол байгаагүй бөгөөд худалдан авахаар нэг ч төгрөг түүнд төлөөгүй. Н.Бат-Эрдэнэ ч гэсэн Р.Баатархүүгийн гуйлтаар бас өмнөх этгээдээс 2017 оны 5 сард шилжүүлж авсан, ор нэр төдий, бэлэгдлийн хувьцаа эзэмшигч, захирал гэж явж ирсэн байсан. Өнөөдрийг хүртэл тамга, тэмдэг надад огт өгөөгүй, дансны гүйлгээг хийх эрхгүй зэрэг байдлаас маш тодорхой харагдана. Энэхүү компанийн цаад эзэн нь Бэлон ХХК-ийн захирал Р.Баатархүү болох нь тодорхой байгаа.

Гэрээ байгуулснаас хойш хэд хоногийн дараа над руу шүүхийн шийдвэр биелүүлэх газраас ярьж, танайх харуул хамгаалалтын ажлын хөлс төлөх шүүхийн шийдвэртэй өртэй гэсэн. Тэгэхээр нь би Н.Бат-Эрдэнэ рүү утасдаж асуусан. Чи байж бай гэсэн. Р.Баатархүүд хэлэхээр компаниа эргүүлээд авна, юун сүртэй юм бэ гэчихээд авахгүй байгаа.Одоо Авилгатай тэмцэх газарт нэг асуудал шалгагдаж байгаа. Түүнд би ямар ч хамаагүй. Энэ хүмүүсийн өмнөх үйл ажиллагаатай холбоотой байх.Юу ч мэдэхгүй байж энд тэнд дуудагдаад, шалгуулаад байх хэцүү юм. Иймд Өгөөжтэй өв ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү? гэв.

Хариуцагч тайлбартаа: Н.Бат-Эрдэнэ миний бие 2016 оноос Өгөөжтэй өв ХХК-д ээлжийн мастераар ажиллаж байтал, Р.Баатархүү захирал Ц.Батсүх гадагшаа явах боллоо, чи компанийг шилжүүлээд аваадахаач гэж гуйсан тул 2017 оны 6 сараас Өгөөжтэй өв ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлыг Ц.Батсүхээс хүлээн авсан. Уг компани нь Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг гэх газарт вольфромын уурхайд нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ажил нь зун эхлээд, намар буудаг тул 2018 оны намар ажлаас бууж ирээд, би Р.Баатархүү захиралд компаниа аваарай гэж хэлсэн. Хөдөө хол газарт удаан хугацаагаар ажиллахад зарим байдлаар хүндрэлтэй байсан юм. 2018 оны 04 сарын 28-нд намайг Бэлон ХХКомпанийн захирал Р.Баатархүү дуудсан. Компанийн ажлаа Чинбатад өг гэсэн.

2018 оны 04 сарын 30 өдөр Өгөөжтэй өв ХХКомпанийн гүйцэтгэх захирлын ажлыг иргэн С.Чинбат өгсөн. Компанийн тамга, гэрчилгээ байсан. Өгөөжтэй өв ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг нотариатаар баталгаажуулж бид хоёр хамт байж байгаад бичиг баримтанд гарын үсэг зурж энэ өдрөөс гүйцэтгэх захирлын ажлыг түүнд шилжүүлсэн.Тэгэхэд Бэлон ХХК-ийн Тулга хажууд байсан.С.Чинбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон байгаа биз дээ.

Компанийн гүйцэтгэх захирлын эрх шилжүүлэх үйл явц хэн нэгний дарамт шахалт, нөлөөллийн дор явагдсан асуудал байхгүй, мөнгө төгрөг өгсөн авсан зүйл байхгүй. Компанийн өрийн талаар С.Чинбатад хэлсэн зүйл байхгүй. Хамгаалалтын Хүннү албанд ажлын хөлс 4 000 000 төгрөг өгөх өртэй байсан. 2018 оны 06 сард ажил эхлэхээр өгнө гэж би ярьсан байсан.Р.Баатархүү өгчихнө гэж байсан юм.

Нөхөн сэргээлтийн үйл ажилагааг явуулахдаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Өгөөжтэй өв ХХК-ийг Авлигатай тэмцэх газраас шалгаад одоо ч энэ шалгалтын үйл ажиллагаа дуусаагүй байгаа. Би Р.Баатархүүдээ нэхэмжлэл гаргаад шилжүүлээд өг гэж С.Чинбатад хэлсэн юм. Энэ компанийг би буцааж авах, авахгүй хоёр надад адилхан. Шүүхийн шийдвэрийг зөвшөөрнө. Өөрийн хүсэлтээр компанийн эрх шилжүүлэн авч, үйл ажиллагаа явуулж байгаад хууль хяналтын байгууллагад шалгагдаад эхлэхээр эрх шилжүүлсэн гэрээг хүчингүйд тооцуулна гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Түүнээс гэрээ хүчин төгөлдөр бус биш гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Өгөөжтэй өв ХХК-ийн талаар улсын бүртгэлийн лавлагаа, баримтууд, компанийн дүрэм, АТГазрын албан бичиг, Голомт банкны харилцах дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Өгөөжтэй өв ХХКомпанийг 2015 оны 02 сарын 17 өдөр иргэн Чулуунбаатарын Эрдэнэбат 1 сая төгрөгийн дүрмийн сантайгаар, үл хөдлөх хөрөнгө зуучлах, гадаад худалдаа эрхлэх, автомашины худалдаа эрхлэх үйл ажиллагаа эрхлэхээр байгуулсан байх бөгөөд 2015-04-01 өдөр Г.Эрдэнэ-Очирт, 2017-01-18 өдөр А.Цэнд-Аюушид, 2017-03-02 өдөр Ц.Батсүхэд, 2017-05-22 өдөр Н.Бат-Эрдэнэд, 2018-05-04 өдөр С.Чинбатад тус компанийн үүсгэн байгуулагчийн эрхийг тус тус шилжүүлсэн байна.

Өгөөжтэй өв ХХКомпанийн үүсгэн байгуулагчийн эрхийг нэхэмжлэгч С.Чинбат нь хариуцагч Н.Бат-Эрдэнээс 2018-04-30 өдөр бичгээр байгуулсан компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг үндэслэн шилжүүлэн авсан байна.

Зохигч хэн аль нь Өгөөжтэй өв ХХК-ийн үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлэн өгөх, авахдаа Бэлон ХХК-ийн захирал Л.Баатархүүгийн гуйлт, хүсэлтээр тус бүр компанийн үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлж авч байсан байх бөгөөд зохигч 2018-04-30 өдөр Өгөөжтэй өв ХХКомпанийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулсан, энэ гэрээний үндсэн дээр компанийн эрхийг шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан байна.

Худалдах худалдан авах гэрээ нь эд хөрөнгө өмчлөх эрхийг хариу төлбөртэйгээр олж авах, төлбөртэй гэрээ боловч нэхэмжлэгч нь Өгөөжтэй өв ХХКомпанийн хувьцааг худалдан авсан боловч хариуцагчид хувьцаа худалдан авсаны хариуд төлбөр төлөөгүй байна.

Зохигчдод компанийн хувьцааг худалдах, худалдан авах хүсэл зориг өөрсдөд нь байхгүй, харин гуравдагч этгээд болох Бэлон ХХК-ийн захирал Р.Баатархүүгийн хүсэл зоригийн дагуу, түүнтэй тохирсон хариу зөвшилцлийн үндсэн дээр зохигч хоорондоо дээрх гэрээнүүдийг байгуулсан үйл баримт тогтоогдлоо.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь компанийн тамга, гэрчилгээг шилжүүлж өгсөн нь нотлогдоогүй, тамга, аж ахуйн нэгжийн гэрчилгээг нь Бэлон ХХКомпанийн бичиг хэрэг хариуцсан ажилтан Тулга авчирсан байсан, Тулга компанийн эрхийг шилжүүлэх дээрх гэрээнүүдийн төслийн бэлдэж ирж, нотариат дээр гэрээнүүдэд гарын үсэг зурж, гэрээг гэрчлүүлээд, тамга, аж ахуйн нэгжийн гэрчилгээг Тулга аваад явсан, бодит байдалд Өгөөжтэй өв ХХКомпанийг удирдах, үйл ажиллагааг эрхлэх ажлыг Бэлон ХХК-ийн захирал Р.Баатархүү хариуцдаг, компанийн дансаар 2018 оны 04 сарын 30 өдрөөс хойш орж ирсэн орлогыг захиран зарцуулах эрхийг Бэлон компани, түүний нягтлан Ариунаа хэрэгжүүлдэг болох нь зохигчийн тайлбар, шүүх хуралдаан дээрх мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна.

 

Зохигч 2018-04-30 өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа өөрсдийн харилцан хүсэл зоригийн санал, хүлээн зөвшөөрсөн илэрхийллээр бус, хэн аль нь Р.Баатархүүгийн тавьсан компанийн эрхийг дүр үзүүлэн түр шилжүүлэх санал болгосон хүсэл, гуйлтыг зөвшөөрч эдгээр гэрээг байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй, хууль зүйн ямар нэг үр дагавар үүсгэхийг хүсэлгүйгээр, дүр үзүүлэхийг урьтал болгон уг гэрээнүүдийг байгуулсан болох нь компанийн эрх зүйн чадвар, чадамжийг илэрхийлэх бичиг баримтыг эзэмдээгүй, банк дахь харилцах дансны орлого зарлагыг захиран зарцуулах эрхийг эдлээгүй байгаа зэргээр тогтоогдож байна.

Зохигчийн байгуулсан дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан ямар нэг үр дүн гаргахын тулд бус, дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг хийсэн цаг үеэс хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Өгөөжтэй өв ХХКомпанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хариуцагчид буцаан шилжүүлж өгөх, хариуцагч шилжүүлэн авах үүрэгтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгч С.Чинбат нь хариуцагч Н.Бат-Эрдэнэ нар 2018-04-30 өдөр байгуулсан Өгөөжтэй өв ХХКомпанийн эрх шилжүүлэх гэрээ, уг компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг баримтлан улсын 5933153 дугаарт бүртгэлтэй, Өгөөжтэй өв ХХКомпанийн хувьцааг эзэмших эрхийг хариуцагч Н.Бат-Эрдэнэд шилжүүлж бүртгэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт даалгасугай.