Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/01408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч-Баянгол дүүрэг, 6-р хороо, 41-р байрны 10 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЫ79122260, Ботахарасарик овогт Нэгдэлханы Алмагүлийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 55-р байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЙ81093075, Боржигин овогт Бадрахын Ууганбаярт холбогдох

гэрлэлт цуцлуулах, 4 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох, орон сууцнаас өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсгээ гаргуулах болон 2 хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Алмагүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ариунзул, хариуцагч Б.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Халиунаа, Л.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх хуралдаан дээр хариуцагч сөрөг нэхэмжлэлээ дэмжээгүй тул хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, 4 хүүхдэд тэтгэлэг тогтоолгох, орон сууцнаас өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэгч шаардсан шаардлагыг шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2002 онд Б.Ууганбаяртай танилцаж, Сүхбаатар дүүрэгт 2008-04-23 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид 4 хүүхэдтэй. Охин У.Мөнхжин 2004 онд, охин У.Анужин 2005 онд, охин У.Энхжин 2012 онд, У.Энхрийлэн 2016 онд төрсөн.

 

Бид хоорондын харилцааны таарамжгүй байдал, үзэл бодол тохироогүйгээс 2018 оны 6 сараас хойш тусдаа, бид 5 нэг өрөө байранд амьдарч байна. Тусдаа амьдарсан цагаас хойш охидууд маань миний асрамжинд өсч байна.

Цаашид хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү.

 

4 хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг нэхэмжилнэ. Гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6-р хороо, 55-р байрны 20 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205020029 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцнаас өөрт болон 4 хүүхдэд ногдох хэсгээ гаргуулах хүсэлттэй бөгөөд хүүхдүүдийн хамт уг орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа тул Б.Ууганбаярт ногдох хэсгийг өгөхийг хүсч байна гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл гаргасан боловч 2 хүүхдээс шүүх саналыг асуусны дараа сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан.

Орон сууц миний гал голомт боловч Н.Алмагул хүүхдүүдтэйгээ уг орон сууцанд, гэртээ амьдрах гэж байгаа бол би орон сууцаа шилжүүлэхийг дуртай зөвшөөрч,орон сууцаа эд нартаа шилжүүлж өгч, өөрт ногдох хэсгийн мөнгийг авья.Харин би хүүхдүүдтэйгээ уулзаж баймаар байгаа тул энэ боломжийг олгож байхыг хүсч байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэг авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээнүүд, оршин суугаа хаяг, ам бүлийн болон эрүүл мэнд, суралцаж байгаа тухай тодорхойлолтууд, эд хөрөнгийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл,үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүүхдээс санал асуусан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2003 оноос хамтран амьдарч, 2008-04-23 өдөр Сүхбаатар дүүргийн гэрлэлтийн бүртгэлийн 690 дугаарт гэрлэлтээ бүртгүүлсэн байна.

Гэрлэгчид 4 хүүхэдтэй бөгөөд 2004-01-15 өдөр охин Ууганбаярын Мөнхжин, 2005-05-10 өдөр охин У.Анужин, 2012-11-18 өдөр охин У.Энхжин, 2016-08-26 өдөр охин У.Энхрийлэн нар төрсөн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэрлэгчид хамт амьдрах хугацаанд Баянгол дүүрэг, 6-р хороо, 55-р байрны 20 тоот дахь, 63 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцыг худалдан авч, зохигч орон сууцыг хамтран өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэж, 2013-03-11 өдөр 000471517 гэрчилгээ олгосон байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаа, үзэл бодлын зөрүүтэй байдлаас 2018 оны 06 сараас тусдаа , нэхэмжлэгч хүүхдүүдийн хамт гэрээсээ өөр газарт, хариуцагч гэртээ амьдарсан байна.

Нэхэмжлэгч гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандахын өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж үзсэний улмаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан цаг үеэс хариуцагч гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж, эвлэрэхийг хүссэн тул шүүх хүүхдийн эрх ашгийг дордуулахгүй байлгах зорилгоор 2019-03-20 өдрийн 102/ШЗ2019/03502 захирамжаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4 дэх хэсэгт заасны дагуу хүүхдүүдэд тэтгэлгийгГэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр хариуцагчаас гаргуулахаар урьдчилан тогтоосон болно.

Нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрэх хүсэлгүй байгаа байх тул шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Хариуцагч 2 том хүүхдээ өөрийн асрамжинд авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд уг сөрөг нэхэмжлэлээ дэмжээгүй, хүүхдүүдээ эхийн асрамжинд байлгахаар зөвшөөрсөн тул шүүх зохигчийн хүүхдүүдийг 18 насанд хүртэл эх Н.Алмагулын асрамжинд байлгахаар асрамжийг тогтоож, хүүхдүүдэд эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэрлэгчид гэр бүлээр амьдарч байсан Баянгол дүүрэг, 6-р хороо, 55-р байрны 20 тоот дахь 63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зохигч бусдаас худалдан авч, хамтран өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлж, 2016-03-11 өдөр 000471517 гэрчилгээ авсан байна.

Дээрх орон сууц нь гэрлэгчид гэр бүл болсноос хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгөд хамаарч байх тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн гишүүнээс хариуцагч гарч байгаа тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх хэсэгт заасны дагуу насанд хүрээгүй 4 хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч орон сууцыг 4 хүүхдүүдийн хамт 5 хүний эзэмшилд шилжүүлэн авахаар шаардах, хариуцагч Б.Ууганбаяр уг орон сууцнаас өөрт ногдох хэсгийг мөнгөөр тооцож гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Орон сууцыг нэхэмжлэгч 100 сая төгрөгөөр үнэлж, ногдох хувиа тооцуулахаар шаардсныг хариуцагч 125 сая төгрөгөөр худалдан авсан гэж маргаж, үнэлгээг шинжээчээр тогтоолгохыг хүссэн боловч уг хүсэлтээсээ хариуцагч татгалзаж, орон сууцны үнэ 100 сая төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх шинжээчээр орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шийдвэрлэсэн захирамжийн хэрэгжилтийг зогсоож, талуудын харилцан зөвшөөрсөн гишүүдэд хуваарилагдах орон сууцны үнэ 100 сая төгрөг болох үнэлгээг үндэслэн орон сууцнаас гэр бүлийн гишүүнд бүрт ногдох хөрөнгийн хэмжээг 16 666 666 төгрөг болохыг тодорхойлов.

Иймээс Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүрэг, 6-р хороо, 55-р байрны 20 тоот дахь 63 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг нэхэмжлэгч болон 4 хүүхдэд шилжүүлж, орон сууцнаас хариуцагчид ногдох хэсгийн үнэ болох 16 666 666 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгохоор тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээх тул хүүхдээ асрамжилж байгаа нэхэмжлэгч хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хүхдийн эугийн хувьд эдлэх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагчид саад учруулахыг хориглодог болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 645 150 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 644 816 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, хүүхдийн тэтгэлэгт холбогдох хураамж 140 604 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Боржигин овогт Бадрахын Ууганбаяр, Ботахарасарик овогт Нэгдэлханы Алмагүл нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2004-01-15 өдөр төрсөн охин У.Мөнхжин, 2005-05-10 өдөр төрсөн охин У.Анужин, 2012-11-18 өдөр төрсөн охин У.Энхжин, 2016-08-26 өдөр төрсөн охин У.Энхрийлэн нарыг 18 насанд хүртэл эх Н.Алмагүлын асрамжинд байлгахаар асрамжийг тогтоож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан У.Энхжин, У.Энхрийлэн, У.Мөнхжин, У.Анужин нарыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар тус бүр, 16/суралцаж байгаа бол 18/нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус бүр сар бүр эцэг Б.Ууганбаяраас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 6-р хороо, 55-р байрны 20 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2205020029 дугаарт бүртгэгдсэн, 3 өрөө орон сууцыг Н.Алмагул, У.Энхжин, У.Энхрийлэн, У.Мөнхжин, У.Анужин нарын өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгчээс 16 666 666 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай.