Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/226

 

     2022          12           20                                       2022/ШЦТ/226

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Булгаа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Өлзийхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн Бт холбогдох эрүүгийн 2235000000236  дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 06 дугаар сарын 05-нд Увс аймгийн ............. суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Увс аймгийн ......................... багийн Улиасны хэвийн.................тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-гийн Б /регистрийн дугаар: .............,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Увс аймгийн.....................хохирогч З.Оын толгой, нуруу хэсэгт автомашины поршин төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө хохирогч З.Оын толгой, нуруу хэсэгт автомашины поршин төмрөөр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө шүүхийн хэлэлцүүлэгт: “Б.Б нь үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өрхийн амьжиргааны түвшин доогуур зэрэг түүний хувийн байдлыг харгалзан прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

3. Шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235000000236 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-6 дахь тал);

2. Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 9 дэх тал);

3. Хохирогч З.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн үед өөрийн зүс таних хөрш айл руу тухайн айлын Б ахтай нэг шил 0,5 литрийн ерөөл нэртэй архи хувааж уугаад дууссан юм. Тэгтэл тухайн айлд миний үл таних нэг эмэгтэй мөн Б ахын 3 хүүхэд нь байж байтал Б галын хайч авч тухайн айлд байсан эмэгтэй рүү чи миний охиныг олж ир гээд дайрахаар нь би та эмэгтэй хүнийг ингэж болохгүй гээд гарыг нь бариад автал гэнэт орны доод талаас машины поршин төмөр гаргаж ирээд миний толгой хэсэг рүү 2 удаа цохисон бөгөөд тухайн үед цус маш их гараад байхаар нь би толгойгоо дараад газарт суутал уг төмрөөр миний нуруу хэсэг рүү мөн 2, 3 удаа цохисон, тэгээд би цагдаад дуудлага өгүүлсэн. Цагдаа нар намайг эмнэлэгт хүргэж би толгойн зулай хэсэгт 5, 6 оёдол тавиулсан. ...би Б гэх хүний биед халдаж цохиж зодсон зүйл байхгүй. Харин Б нь миний биед халдаж зодсон юм. Тухайн үед Б ахын гэрт нэг эмэгтэй байсан бөгөөд тэр эмэгтэйг Б нь хэл амаар доромжилж янхан, пизда гэх мэтээр дуудаж гэрээсээ хөөгөөд галын хайч аваад дайрахаар нь би та болиоч эмэгтэй хүнийг гэхэд гэрийн баруун талын орны доор байсан төмөр поршин авч миний толгой болон нуруу хэсэг рүү цохисон юм. Надад ямар нэгэн гомдол гээд байх зүйлгүй " гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 22 дахь тал);

4. Гэрч Б.Ё-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны орой би өөрийн зүс таних айл болох Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрийн задгайд байх Ө гэх айлд 22 цагийн үед очсон, тэгтэл тухайн айлд Ө эгчийн аав болох Б, миний үл таних 40 орчим насны нэг эрэгтэй хүн, Ө эгчийн 3 хүүхэд нь байсан. Би тухайн айлд ороход Ө эгчийн аав нь чи миний охиныг олж ир гэж хэлээд над руу галын хайч бариад цохих гэтэл тухайн айлд байсан миний үл таних хүн та болиоч гээд Б ахыг бариад автал тэр хүнийг орны доор байсан дугуй төмөр зүйлээр толгой хэсэг рүү 1 удаа цохиход тэр хүний толгойноос нь их хэмжээний цус гараад газарт унатал нуруу хэсэг рүү нь уг дугуй төмөр зүйлээр 2, 3 удаа цохисон юм.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал);

5. Насанд хүрээгүй гэрч Ө.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өвөөгийн /Б/ гэрт өөрийн 2 дүү болон Ё- эгч О ах бид нар байж байсан бөгөөд өвөө О /О/ ахтай хамт 1 шил архи уусан, тэгээд манай гэрт байсан Ё- эгч рүү өвөө чи миний охиныг олж ир гээд галын хайч аваад дайрсан бөгөөд тухайн үед О ах өвөөг барьж аваад та одоо болиоч гэж хэлсэн, тэгээд өвөө О ах хоёр барьцалдаад авсан. Тэгтэл өвөө орны доор байсан төмөр аваад О ахын толгой руу нэг удаа, харин хавирга хэсэг рүү нь 1 удаа цохисон.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал);

            6. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 517 дугаартай “...Үзүүлэгч З.Оын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх, сээр бүсэлхийн нурууны зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг доор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд өөрийнх нь зааж хэлсэн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:

1. Шүүгдэгч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би яллагдагчийн эрх үүрэгтэй танилцсан. Надад сонсогосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дахь тал);

2. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ (хавтаст хэргийн 60-1 дэх тал);

3. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 658 дугаартай “...Б-гийн Б нь өрхийн амьжиргааны түвшингийн оноо 409-ээс доош оноотой байна” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал);

4. Гэрч Э.Гы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Б.Б гэх хүнийг танина. Манай багийн зорилтот өрх бөгөөд ам бүл 1, гэхдээ өөрийн гэртээ одоогоор охин Өы 3 бага насны хүүхүүдийг хардаг бөгөөд 10 гаруй жилийн өмнө эхнэр нь салж явсан гэж байсан. 1 хүү, 1 охинтой, охин нь байж байгаад ор сураггүй алга болчихдог, харин хүү нь Өмнөговь аймагт ажилладаг гэж байсан. Тухайн иргэний хувьд сонсголын бэрхшээлтэй, групп авдаг, харин улсаас хүнсний эрхийн бичиг өгдөг юм. Өөр ямар нэгэн орлого гэх зүйл байхгүй. Б.Б нь үг дуу цөөнтэй, хүнтэй хэл ам хэрүүл маргаан хийгээд байдаггүй, сонсгол их муутай” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч Б.Б нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийн толгой тус газарт автомашины поршин төмрөөр цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Б.Бийн үйлдлийн улмаас хохирогч З.Оын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 33-34 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6. Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

7. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Бийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Б.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Оын биед зүүн зулайн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Б нь хохирогч З.Оын эмчилгээний зардалд 100.000 (нэг зуун мянга) төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан байх тул энэ шийтгэх тогтоолоор  шүүгдэгч Б.Бөөс гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 65 дахь тал), 

4. Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч Б.Бийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Бт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

11. Иймд шүүгдэгч Б.Бийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

12. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн автомашины поршин төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 250 (хоёр зуун тавь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Увс аймгийн Улаангом сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар, нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж, эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хохирол, хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгарласан хэрэг байхгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн автомашины поршин төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА