Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Хохирогч Ч.Цгийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Л,

Шүүгдэгч: М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М-ын Ад холбогдох эрүүгийн 2235001640197 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн ..................... суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь Цагдаагийн газрын захиргаа, удирдлагын тасагт няраваар, цагдаагийн ахлагч цолтой ажиллаж байсан, одоо ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн ..................... сумын 11 дүгээр баг, .................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогтой М-ын А (РД:..................),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ..................... сумын 3 дугаар багийн нутагт “Арина” цахилгаан барааны дэлгүүрийн урд зам дээр “Toyota crown” загварын ........ УБО улсын дугаартай автомашин жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а болон 16.1-т заасан заалтуудыг тус тус зөрчин, зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч иргэн Ч.Ц, Ч.Ц нарыг мөргөж, хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хамаарах гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн ..................... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Арина” цахилгаан барааны дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн ........ УБО улсын дугаартай “Toyota crown” загварын автомашин жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 16.1-д заасан заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц, Ч.Ц нарыг мөргөж, хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Цд 1500.000 төгрөг, эмнэлэгт түүний өмнөөс 36.000 төгрөгийг төлсөн. Хохирогч Ч.Цд 2.500.000 төгрөг, түүний өмнөөс эмнэлэгт 37.500 төгрөгийг төлсөн. Хэрэг прокурорын хяналтад байхад хохирогч Ч.Ц нь баримтгүйгээр 5.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн. Иймд хохирогч Ч.Цгийн баримтгүй нэхэмжилсэн хохирлыг хэлэлцэхгүй орхиж, баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Харин шүүхийн шатанд цалингийн зөрүү 1.100.000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн 1.400.000 төгрөг, нийт  2.646.554 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.Ааас гаргуулж хохирогч Ч.Цд олгох саналтай байна. Шүүгдэгч М.А нь хохирогч Ч.Цд 1.500.000 төгрөгийн хохирол сайн дураараа төлсөн. Ч.Ц урьд нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт 500.000 төгрөгийг нэхэмжилж байна гэж мэдүүлсэн. Энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй. Хохирогч Ч.Ц нь 1.500.000 төгрөгөөр ямар эмчилгээ хийлгэсэн талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Иймд Ч.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч М.А 200.000 төгрөгийг бариачид өгсөн гэдэг боловч энэ талаарх баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй тул уг мөнгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Улсын яллагчийн зүгээс баримттай хохирлыг гаргах саналаа илэрхийлж байна” гэх  дүгнэлтийг,

2. Хохирогч Ч.Цгийн өмгөөлөгч Б.Лхагважав шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч М.А гэм буруугийн талаар маргахгүй гэдэг ч хохирогчтой уулзаж, хохирлын талаар ямар нэгэн зүйлийг хэлж яриагүй. Гэм буруугаа хүлээж байна гэдэг, үнэхээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бол хохирогчид учирсан хохирлыг төлөх талаар санаачилга гаргах ёстой атал мөрдөн байцаалтын шатанд 2.500.000 төгрөг өгснөөс хойш хохирогчтой огт уулзаагүй. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч Ч.Цгийн биеийн байдал хүнд хэцүү байсан учраас дахин 8 хоногийн эмчилгээ хийлгэсэн. Гэтэл шүүгдэгч нэг ч удаа хохирогч Ч.Цгийн биеийг асууж, уулзаж байгаагүй. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөрдөн байцаалтын явцад миний үйлчлүүлэгчтэй 5 сая төгрөгийг өгөхөөр тохиролцож, 2.500.000 төгрөгийг өгсөн. Нэмж мөнгө өгөөгүй. Шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэдэг. Хохирогч Ч.Цгийн хувьд өрх толгойлсон эмэгтэй хүн, осолд орж хүндэвтэр гэмтэл авч хэвтсэнээс хойш хүүхдүүдээ сургах, ажил хөдөлмөр эрхлэх бүх боломж хаагдсан. Хохирогч Ч.Ц нь эрх ашиг нь хөндөгдөж байна гэж үзэж, надтай  2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өмгөөллийн гэрээ байгуулсан, гэмт хэргийн хохиролд  Улаанбаатар хот руу эмчилгээнд явж ирсэн автобусны тийз 210.000 төгрөг, Улаанбаатар хотод өөрөө явж чадахгүй учраас гэрээ байгуулж, жолоочийн хөлс, бензиний мөнгөнд 200.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн 15.000 төгрөг, эмийн зардал 275.000 төгрөг, Сонгдо эмнэлэгт үзүүлсэн 177.000 төгрөг, хэвлийн эхо 310.000 төгрөг, гар шууны эход 300.000 төгрөг, цалингийн зөрүү 1.159.500 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Ч.Ц нь 4 дүгээр арван жилийн сургуульд үйлчлэгчээр ажилладаг. 8 дугаар сараас хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. М.А 2.500.000 төгрөг л өгсөн. Ч.Ц нь гутлын цехээс материал худалдан авч гутал оёж зардаг. Ингээд олох ёстой байсан орлого гэж үзэж 2.600.000 төгрөгийг нэхэмжилсэн. Охин нь лангуун дээр гэрээт ажил хийж байсан. 1.200.000 төгрөгийг охиных нь олох байсан орлого гэж нэхэмжилсэн. Ч.Ц нь өрх толгойлсон эмэгтэй байдаг. 4 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт төлөөд явж байсан. Өмгөөлөгчгүй байсан тул энэ талаарх зардлаа мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлээгүй. Ч.Цгийн хувьд цаашид ч эмчилгээ хийлгэх шаардлагатай байхад М.А нь шүүхээс тогтоосон төлбөрийг төлнө гээд сууж байгаа нь харамсалтай байна. Иймд Ч.Цгийн хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

3. Хохирогч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт:” Миний бие 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр дүүтэйгээ хамт явган хүний гарцаар гарч байгаад М.А гэдэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж машинд мөргүүлж тухайн үед ухаан алдсан байсан. Ухаан орж сэргэхэд манай ах дүү нар ирчихсэн байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдэж эмчид үзүүлж, эхо зураг авхуулахад манай ах дүү нар намайг шатаар дээшээ доошоо өргөж хоёр тийш зөөсөн. Харин А тэгэхэд нэг ч харагдаагүй. Эмнэлэгт 9 хоног хэвтэж эмчлүүлэхэд 5 хоногт эм тариа хийлгүүлж эмчлүүлсэн. Эхний 3 хоногт шаналж тарчилж үнэхээр зовсон. Сургалтынхаа төлбөрт нэмэр хийнэ гээд ажиллаж байсан миний оюутан охин ажлаа хийхгүйгээр намайг 9 хоног асарсан. Гэтэл энэ А гэх залуу маргааш нь орж ирээд дув дуугүй байж байгаад ямар ч хэлсэн үггүй, хэл амгүй гараад явсан. Тухайн үед Аын ээж нь орж ирээд чамайг хөл дээрээ бостол бэрээрээ асруулна гэж хэлээд алга болсон. Эмнэлгээс гарахад манай ах дүү нар өргөж гаргасан. Гэтэл энэ хүн байхгүй болсон. Эмнэлгээс гарсны дараа Аыг ирнэ гэж 2 өдөр харсан. Тэгээд ирэхгүй болохоор нь эм тариа хэрэгтэй байна, ирж уулз гэж утас руу нь залгасан. Тэгэхэд ирээд надад 2.500.000 төгрөг өгсөн. Би төрийн байгууллагад ажиллаад хажуугаар нь гэрээрээ гутал оёж амьдралаа залгуулдаг байсан. Хэдий би  өрх толгойлсон эмэгтэй боловч худал хэлж хулгай хийж яваагүй. Үнэнч шударгаар хөдөлмөрлөж, ариун цагаан хөдөлмөрөөрөө үр хүүхдээ аваад явж байсан. Гэтэл А согтуугаар машин барьж яваад намайг мөргөж, гэмтээчихээд  2.500.000 төгрөг өгөөд алга болсон. Эмнэлэгт хэвтэж байхад охиноороо асруулсан, хүнд нөхцөл байдалтай байсан. Эмэгтэй хүний хэрэглээ маш өндөр байсан. Тэр бүхнийг өөрөө зохицуулсан. Гэтэл энэ залуу уучлаарай эгч, юу хэрэгтэй байна гээд юу ч дугарахгүй сууж байгаад гарсан. Би гутал оёж зарах гээд байсан мөнгөөрөө материал аваад ажлаа хийж байсан. Гэтэл энэ ослоос болоод зогссон. Эмч намайг хэвтрийн дэглэм барь, бичиж өгөх эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Витамин “Д”, барагшун зэрэг эм тариа авч хэрэглэж байж та босно гэж хэлсэн. Тэр бүх эм тарианд Аын өгсөн 2.500.000 төгрөгийг зарцуулсан. Намайг асрах гэж барилгад ажиллаж байсан хүү маань хүртэл ажлаа хаяад ирсэн. Энэ ослоос болж би ямар ч орлогогүй 5 сар гэртээ байсан, сэтгэл санаагаар маш их хохирсон, эд материалаар ч бас адилхан хохирсон. Үүний өмнөх шүүх хурал дээр би Аыг миний хүүхэдтэй адилхан хүүхэд гэж өрөвдөж байсан. Хөл дээрээ босох хүртэл эмчилгээний зардал гаргаад өгөх байх гэж харсан. Үнэхээр сэтгэлгүй залуу байна. Би маш их гомдолтой байна. Би ярих гээд залгахад утсаа аваагүй. Хуралтай байна энэ тэр гээд мессеж бичсэн. 2.500.000 төгрөг өгөөд намайг хаясан. Манай нөхөр 2015 онд өөд болсон, түүнээс хойш 2 хүүхдээ сургахын тулд зүтгэсэн. Өнөөдөр хүртэл ах дүү нараасаа мөнгө гуйдаггүй байсан. Өөрийнхөө хөдөлмөрөөрөө мөнгө олоод амьдарч байсан. Таны бие яаж байна гээд нэг ч ирж уулзаагүй. Би энэ хүүхдэд үнэхээр их гомдолтой байна. Надад учирсан хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгийг,

4. Хохирогч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Би гомдолтой байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл барьж явсан. Эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй” гэх мэдүүлгийг,

5. Шүүгдэгч М.А шүүхийн хэлэлцүүлэгт “Би эхнэрийнхээ хамт амьдардаг. Гэр бүл болоод удаагүй байна. Эхнэр жирэмсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ маш их харамсаж байна. Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би гэм буруугаа зөвшөөрч байна. Би хохиролд нийтдээ 4 сая төгрөг төлсөн. Шүүхээс хохирол төлүүлэхээр шийдвэрлэвэл би төлж барагдуулна. Надад хорих ял өгөхгүйгээр тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн  2235001640197 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 16-21, 25, 28 дахь тал);

2. М.Аын согтуурлыг шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-27 дахь тал);

3. Аурон рестораны камерын бичлэгт 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлэн авсан 1:04 минутын видео бичлэгийн хуулбар (хавтаст хэргийн 33-34 дэх тал);

4. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-40 дахь тал);

5. Хохирогч Ч.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн төрсөн дүү болох Цгийн хамт Өлзий хүнсний дэлгүүрээс гараад гэрлүүгээ явах гэж байсан бөгөөд явган хүний гарцаар гарч байтал гэнэт хажуунаас хар өнгийн машин маш хурдтай ирж мөргөсөн бөгөөд би тухайн машинд мөргүүлж, 10 метр орчим хол шидэгдсэн байсан ба машинд мөргүүлэх явцад ухаан алдсан байсан. Машинд мөргүүлсний улмаас миний аарцаг яс хугарч, хүндэвтэр гэмтэл авсан.” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 59-62, 154-155 дахь тал);

6. Хохирогч Ч.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр ..................... сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Өлзий хүнсний бөөний төвийн дэлгүүрээс өөрийн төрсөн эгч Цгийн хамт гараад гэрлүүгээ явж байсан. Тухайн үед Арина цахилгаан барааны дэлгүүрийн ард талын явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал гэнэт баруун талаас хар өнгийн автомашин хурдтай ирж, манай эгч бид хоёрыг мөргөсөн ба тухайн үед би хальт ухаан алдсан байсан бөгөөд өөрийн эгчийг тэврээд газарт сууж байсан. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн юм. Бид хоёр явган хүний гэрлэн дохиогүй гарцаар гарсан. Харин гарцаар гарахдаа ойр орчмын машинуудыг харсан бөгөөд бид хоёрыг мөргөсөн машины хажуу талын эгнээнд явсан машин зам тавьж өгтөл гэнэт хажуугаар нь хар өнгийн автомашин ирж эгч бид хоёрыг мөргөсөн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-67 дахь тал);

7. Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр манай эмнэлэгт 103 яаралтай түргэн тусламжийн тасагт зам тээврийн осолд орсон гэж 2 эмэгтэй ирсэн бөгөөд гадна биений үзлэг хийхэд Ц гэх эмэгтэй биеийн байдал хүндэвтэр өвдөлт ихтэй, харин хамт явсан Ц гэх эмэгтэй мөн адил дунд зэрэг зүүн хөл, баруун хөл өвдөж байна гэх зовиуртай байсан бөгөөд тухайн эмэгтэйчүүдийг эхо рентгенд хараад Ц гэх эмэгтэй аарцаг яс нь баруун талын умдаг яс нь хугарсан байсан тул гэмтлийн тасагт хэвтүүлж эмчилж байна. Харин Цгийн биед эхогоор ямар нэгэн илэрхий гэмтэл тогтоогдоогүй бөгөөд зөөлөн эдүүдийн гэмтэлтэй нүүр, гар, хөл зулгарсан шархнуудтай баруун тавхай хэсэгт мөн зөөлөн эдийн гэмтэлтэй байсан. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал);

8. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 341 дугаартай “Үзүүлэгч Ч.Цгийн биед тархи доргилт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн бугалга, шуу, зүүн сарвууны ард баруун шуу, баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойны үений гадна хэсэгт, баруун өгзөг, баруун гуя, баруун өвдөг, баруун тавхайд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тархи доргилт, духанд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн бугалга, шуу, зүүн сарвууны ард баруун шуу, баруун өвдөгт зулгаралт, зүүн тохойн үений гадна хэсэгт, баруун өгзөг, баруун гуя, баруун тавхайд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийлээд биеийн нийт гадаргуугийн 2 хувь орчим талбайг хамарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 88-90 дахь тал);

9. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 379 дугаартай “...Үзүүлэгч Ч.Цгийн биед аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт, цууралт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цөм нэг дор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 44 минутын байдлаар үүсчихсэн байсан талаар Увс Нэгдсэн эмнэлгийн 9720 тоот өвчний түүхийн хуулбарт бичигдсэн байна. Тухайн үедээ шинэ гэмтлүүд байсан байна. Аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт цууралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 107-109 дэх тал);

10. Увс аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай “........ УБО улсын дугаартай “Toyota crown (Тоёота кровн)” загварын автомашин зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гол хүчин зүйл, явах эд анги эдвэрч гэмтээгүй. ........ УБО улсын дугаартай “Toyota crown (Тоёота кровн)” загварын автомашин нь хамгийн сүүлд давтан үзлэгт 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орж бүрэн тэнцсэн байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 116-118 дахь тал);

11. Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн “...Toyota crown (Тоёота кровн) загварын ........ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М- овогтой А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-р зүйлийн а-д зааснаар Жолоочид дараах зүйлийг хориглоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна.” гэх магадлагаа ( хавтаст хэргийн 122-123 дахь тал);

12. Шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Унтаж байгаад сэрээд машиндаа бензин хийх зорилготой Увс аймгийн ..................... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Арина дэлгүүрийн урд талын замаар явж байгаад явган хүний гарцан дээр хохирогч 2 эмэгтэйг мөргөж зам тээврийн осол гаргасан. Ослын улмаас гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хохирогч Цд 1.500.000 төгрөг өгсөн, хохирогч Цд 2.500.000 төгрөгийг эмчилгээний зардлын төлбөр болгож өгсөн. Мөн Ц, Ц нар нь биеэ бариачид бариулна гэхээр нь бариач авч ирж бариулсан. Төлбөрт нь 200.000 төгрөг төлсөн. Цаашид хохирогч нарын эмчилгээтэй холбоотой баримтуудыг үндэслэж хохирлыг барагдуулна” гэх мэдүүлэг ( хавтаст хэргийн 81-82 дахь тал);

13. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 404 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” захирамж,

14. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол,

15. Цагаан шонхорын жигүүр НҮТББ –ын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/226 дугаартай “Toyota crown (Тоёота кровн) загварын ........ УБО улсын дугаартай автомашины жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. "Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" мөн дүрмийн 16.1. "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3-т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэсэлтэй байна.  Явган зорчигч Ч.Ц,  Ч.Ц нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Уг зам тээврийн осол гарахад, замын болон бусад нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. Toyota crown (Тоёота кровн) загварын ........ УБО улсын дугаартай автомашины жолооч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 16.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг зэрэг нотлох баримтуудыг,

Хохирогч Ч.Цгийн өмгөөлөгч хэргээс:

1. “Гэмтэл согог судлал үндэсний төв”-д өвчтөн илгээх Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 13А маягтын хуулбар болон өвчний картын хуулбар,

2. Хохирогч Ч.Цгийн Гэмтэл согог судлал үндэсний төвд үзүүлэхээр  Улаанбаатар хотруу явсан болон ирсэн замын зардал болох автобусны билет 2 ширхэг,

3. Сонгодо эмнэлэгт үзлэг, шинжилгээ хийлгэсэн 177.000 төгрөгийн баримт,  Бриллант эмнэлэгт хийлгэсэн хэвлийн тодосгогчтой MRI хийлгэсэн 310.000 төгрөг, баруун гарын MRI хийлгэсэн 300.000 төгрөгийн төлбөрийн баримт,

4. Ерөнхий боловсролын сургуулийн үйлчлэгч Чангаа овогтой Цгийн гэмтлийн улмаас акттай байсан 9-12 сар хүртэлх хугацааны цалингийн зөрүү 1.159.554 төгрөг болохыг тооцолсон тус сургуулийн нягтлан бодогчийн тодорхойлолт зэрэг нийт 6 хуудас нотлох баримтуудыг тус тус  шинжлэн судлав.

Хохирогч болон шүүгдэгч нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаас зам тээврийн ослын шалтгаан нөхцлийг тогтоосон гэх мөрдөгчийн магадлагаа, нэмэлт ажиллагаагаар хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн шинжээчийн 22/226 дугаартай дүгнэлт зэргээс бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, үйл баримт,

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч М.А нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн ..................... сумын 3 дугаар багийн нутаг, Арина цахилгаан барааны дэлгүүрийн урд зам дээр өөрийн эзэмшлийн “Toyota crown” загварын ........ УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон, замын хөдөлгөөнд оролцож яваад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хохирогч Ч.Ц, Ч.Ц нарыг мөргөж, хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан үйл баримт тогтоогдож байна.

-Шүүхээс тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь улсын яллагчаас яллах дүгнэлтдээ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 16-21, 25, 28 дахь тал), М.Аын согтуурлыг шалгасан магадлагаа, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 26-27 дахь тал), Аурон рестораны камерийн бичлэгийн хуулбар (хавтаст хэргийн 33-34 дэх тал), бичлэгийг бэхжүүлсэн CD бичлэг, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-40 дахь тал), хохирогч Ч.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 59-62, 154-155 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Ч.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 63-67 дахь тал), гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал), Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 379 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 107-109 дэх тал), Увс аймгийн Авто тээврийн төвийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 116-118 дахь тал), шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

1. Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн  хуульд заажээ.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ”Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2-д “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.

-Дээрх хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болно.

-Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцох ба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д зааснаар зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг зам тээврийн осол гэж ойлгохоор заасан тул М.Аыг зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан буюу зам тээврийн осол гаргасан гэж үзнэ.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж,

Мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан  “согтуурсан, мансуурсан үедээ” тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүндрүүлэн үзэхээр хуульд заажээ.

2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3  дахь хэсэгт "Жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.А нь “Toyota crown” загварын ........ УБО улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан тул түүнийг жолооч гэж үзнэ.

А.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн  3.7-а заалтаар жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хоригложээ.

Гэтэл шүүгдэгч М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх хориглосон заалтыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явсан нь дараах байдлаар тогтоогдож байна.

Тодруулбал: Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%0), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заажээ.

Шүүгдэгч М.Аыг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зам тээврийн осол гаргах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Увс аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч А.Амарбат нь  тус цагдаагийн газрын  замын цагдаагийн тасгийн албан хэрэгцээнд ашиглагдаж буй драггер 7510 маркийн 8000 серийн дугаартай тандагч багаж ашиглан шалгаж үзэхэд шүүгдэгч М.Аын амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилээс дээш буюу 1.29 промиль (%) байсан нь хавтаст хэргийн 26-27 дахь талд авагдсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.

Түүнчлэн гэрч  Н.О мөрдөн байцаалтын шатанд: “Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн ..................... суманд байсан.Тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад М.Атай Увс аймгийн төвд уулзаад хамт хооллож, тухайн газарт М.А  нэг шил 0.75 гр архи аваад тал хүртэл нь уучихаад бид хамт гараад Гашууны гол дээр очиж, дахин нэг шил архийг хамт уусан, тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэгээд би гэр лүү нь хүргэж өгөх гэтэл А ажил дээрээ очих ёстой гэхээр нь би Увс аймаг дахь Цагдаагийн газрын гадна хүргэж өгөөд явсан” гэж /хавтаст хэргийн 72-73 дахь тал/, шүүгдэгч М.А мөрдөн байцаалтын шатанд:”...Би 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр танил ах Оын хамт “Эден” нэртэй, 0.75 граммын хоёр шил архи хувааж уучихаад ажлын үүдэнд буугаад хэсэг хугацаанд машиндаа унтаж байгаад сэрээд машиндаа бензин хийх зорилготой Арина дэлгүүрийн урд замаар явж байгаад 2 хүн мөргөж, осол гаргасан” гэж /хавтаст хэргийн 82 дахь тал/ тус тус мэдүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн “Toyota crown” маркийн ........ УБО улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож явсан үйл баримт тогтоогдож байх тул шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх тул прокуророос М.Аыг “согтуурсан үедээ” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь зөв байна. 

Б. Зам тээврийн осол Увс аймгийн ..................... сумын 3 дугаар баг, Арина дэлгүүрийн урд байрлах, төв замын явган хүний зохицуулдаггүй уулзварт /ЗХД-ийн 15.3/ гарсан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бичлэгийг бэхжүүлсэн CD зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заажээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа сайтар ханган, анхаарал болгоомжтой байж, ямарч нөхцөлд тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг зөв сонгож явах үүрэгтэй байх бөгөөд шүүгдэгч М.А нь тухайн үед явган зорчигчийг харсан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч, тормоз дарсан боловч, самбаачлах хугацааны дотор тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц, Ч.Ц нарыг мөргөж, зам тээврийн осол гаргасан байна.

Зам тээврийн осол гарахад шүүгдэгч М.Аын жолоодож явсан ........ УБО улсын дугаартай, Toyota crown маркийн тээврийн хэрэгсэл техникийн талаасаа осолд нөлөөлөхүйц хэмжээний эвдрэл гэмтэлгүй байсан нь техикийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Дээрхээс үзэхэд шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ........ УБО улсын дугаартай, Toyota crown маркийн  тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож явсны улмаас явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирэх үедээ тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаагүй, гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүй  байна гэж үзлээ.

Учир нь тэрээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ч.Ц, Ч.Ц нарыг харсан даруйдаа тормоз дарж, зогсоох арга хэмжээ авсан боловч, тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүй нь гарц руу дөхөж ирэх үедээ хурдаа хасах арга хэмжээ аваагүйтэй шалтгаант холбоотой, тээврийн хэрэгслээ самбаачилж зогсоож чадаагүй нь түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэв.

Тодруулбал: Шүүгдэгч М.Аын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-а, 16.1 заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шууд шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч М.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хохирогч Ч.Ц, Ч.Ц нарыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй, далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт, цууралт, баруун тохой, баруун шилбэнд зулгаралт бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл учирсан нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 379 дугаартай дүгнэлтээр эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.А Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай хандсан, харин Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан буюу  шүүгдэгч М.Аын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн идэвхтэй үйлдэл, хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх  үзлээ.

Шүүхээс тогтоосон дээрх хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч согтуурсан үедээ  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгч М.Ад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Аын гаргасан зам тээврийн ослын улмаас Ч.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндэвтэр” хохирол учирсан байх шинжийг хангахгүй тул иргэн Ч.Цг энэ хэрэгт хохирогчоор тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан мөрдөгч, прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлгүй,

Иймд прокурорын яллах дүгнэлтийн “шүүгдэгч М.А нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэх хэсэгт шүүх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй, хөнгөн хохирол учирсантай холбоотой нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж, цаашид хуулийн илт тодорхой заалтыг зөрчихгүй байхыг мөрдөгч, прокурорт тэмдэглэн анхааруулах нь зүйтэй.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Галмандахын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн магадлагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн талаар Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 404 дугаартай “Шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх тухай” шүүгчийн захирамжид тодорхой дурдсан тул уг магадлагааг нотлох баримтаар үнэлээгүй,

Нэмэлт ажиллагаагаар гэмт хэргийн шалтгаан нөхцлийг тогтоосон гэх “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ –ын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 22/226 дугаартай “М.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн байна” гэх дүгнэлт нь жолоочийн гэм бурууг тогтоосон агуулга бүхий,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл заалтыг тайлбарлуулахаар шинжээч томилохыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байх тул тухайн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж үзэв.

Шүүхээс хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож, хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

2. Шүүгдэгч М.Аын зам тээврийн осол гаргасан болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд “Аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт цууралт бүхий” хүндэвтэр гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 379  дугаартай дүгнэлтээр тогтоогдож байгаа нь энэ гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг тодорхойлж байна.

3. Хохирогч Ч.Ц мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Ааас гэм хор учруулсны төлбөрт нийтдээ 7.647.554 төгрөг нэхэмжилж, дараах байдлаар тайлбарлажээ.

Осолд өртөж, хүндэвтэр гэмтэл авч, хэвтэрт орсны улмаас бусдаар зайлшгүй асруулах шаардлагатай болсон тул оюутны сургалтын төлбөртөө нэмэр болохоор дэлгүүрт ажиллаж байсан охин Б.Дариймааг ажлаас нь гаргаж, өөрийгөө асруулсан. Мөн охин Б.Дариймаагийн оюутны амралттай байх хугацаандаа дэлгүүрт ажиллаж олсон 2 сарын цалин 2х600.000=1.200.000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулаад дуусгасан тул М.Ааас охин Б.Дариймаагийн 2 сарын цалин 1.200.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн би Увс аймгийн ..................... сумын 4 дүгээр сургуульд үйлчлэгч хийхийн хажуугаар материал авч, хувиараа гутал оёж, худалдан борлуулж, нэмэлт орлого олж, 2 оюутан хүүхдээ сургадаг байсан. Үүнийгээ нотлох зорилгоор дансны хуулга болон бусад баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдан, өнөөдрийг хүртэл 4-5 сар гаруй хугацаанд ямар нэгэн ажил хийх, нэмэлт орлого олох боломжгүй байгаа тул өөрийн 1 сарын хугацаанд 20 ширхэг гутал оёж олох байсан орлого 2.600.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би хүндэвтэр гэмтэл аваад босож чадахгүй хэвтэж байхдаа эмчилгээ болон бусад зардалд охины цалингаас гадна өөрөөсөө  нэмж 1.200.000 төгрөг зарцуулсан. Иймд М.Ааас нийт 5 сая төгрөг нэхэмжилнэ” гэх тайлбарыг гаргаж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн нь нэгдүгээр хавтаст хэргийн 161-198 дахь талд авагджээ.

Хохирогч Ч.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Би өмнөх шүүх хуралдааны дараа эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад ирсэн. Эмчилгээ, оношлогоо хийлгэхэд дараах зардлууд гарсан тул мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Ааас урьд нэхэмжилсэн 5.000.000 төгрөг дээр  нэмж, дараах хохирлыг нэхэмжилж байна. Үүнд:

-Улаанбаатар хот руу автобусаар явж ирсэн зардал 105.000х2=210.000 төгрөг,

Эмчилгээ хийлгэх явцдаа Улаанбаатар хот дотор такси унаагаар үйлчлүүлсэн зардал 200.000 төгрөг,

Сонгодо эмнэлэгт үзүүлсэн төлбөр 177.000 төгрөг, энэ хугацаанд хэрэглэсэн эм тарианы зардал 275.900 төгрөг, Бриллант эмнэлэгт хийлгэсэн хэвлийн MRI төлбөр 310.000 төгрөг, баруун гарын шуу хэсгийн MRI төлбөр 300.000 төгрөг, осолд орсны дараа 4 сарын хугацаанд ажилгүй байсан хугацаанд авах байсан цалингийн зөрүү 1.159.554 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн төлбөр 15.000 төгрөг, нийт 2.647.554 төгрөгийг өмнө нь нэхэмжилсэн 5.000.000 төгрөг дээр нэмж, нийтдээ 7.647.554 төгрөг гэм хорын төлбөр нэхэмжилж байна.

Шүүгдэгч М.А нь мөрдөн байцаалтын шатанд надад 2.500.000 төгрөг төлсөн. Өөрөөр ямар нэгэн хохирол төлөөгүй тул үлдэх хохирлыг гаргуулж өгнө үү. Цаашид би хугарсан ясаа бороолуулж, бүрэн эдгээхийн тулд рашаанд сувилалд явах, эмчлүүлэх эмчийн заалттай, одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй  байгаа” гэх тайлбар хүсэлтийг гаргаж, шүүхэд холбогдох нотлох баримтыг ирүүлсэн нь хоёрдугаар хавтаст хэргийн 11-35 дахь талд авагджээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

Тодруулбал: Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх аргаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.

Шүүгдэгч М.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Цгийн эрүүл мэндэд аарцаг ясны баруун талын умдаг яс, суудал ясны хөндлөн зөрөөтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун сүүжний тогооны дээд ирмэгт цууралт бүхий хүндэвтэр хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон, зам тээврийн осолд өртсөнөөс хойш хохирогч Ч.Ц нь хөдөлмөрийн чадвараа алдаж, удаан хугацаанд хэвтрийн дэглэм сахиж, эмчилгээ хийлгэж байсан нь нотлогдож байх тул тэрээр эрүүл мэндэд нь учирсан гэм хорын хохирлыг шүүгдэгч М.Ааас шаардах эрхтэй байна.

Хохирогч Ч.Цгийн нэхэмжилсэн гэм хор учруулсны төлбөр  7.647.554 төгрөгөөс шүүх  нэгдүгээр хавтаст хэргийн 161-198 дахь тал, хоёрдугаар хавтаст хэргийн 11-34 дэх талд авагдсан нотлох баримтуудад үндэслэн 4.107.734 төгрөгийн гэм хорын төлбөрийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

-Хохирогч Ч.Ц нь 7.647.554 төгрөгийг гэм хорын төлбөрөөс 1.159.554 төгрөгийг гэмт хэрэгт өртөж, хүндэвтэр гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэж тодорхойлж, М.Ааас гаргуулахаар шаарджээ.

-Хохирогч Ч.Ц нь Увс аймгийн ..................... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд үйлчлэгчээр, сардаа 523.403 төгрөгийн үндсэн цалин авч, ажиллаж байсан нь тогтоогдож байх бөгөөд зам тээврийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алдсаны дараа тэрээр 2022 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал эмнэлгийн акттай байх хугацаандаа актын зөрүү 1.159.554 төгрөгийн цалин хөлс дутуу авсан нь хоёрдугаар хавтаст хэргийн 34 дэх талд авагдсан Увс аймгийн ..................... сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн нягтлан бодогч С.Одонтуяагийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байх тул Ч.Цгийн дутуу авсан цалин хөлс 1.159.554 төгрөг,

-Хохирогч Ч.Цгийн охин Б.Дариймаа нь Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн эдийн засгийн ангид суралцдаг, оюутан болох нь нэгдүгээр хавтаст хэргийн 190-195 дахь талд авагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэрээр оюутны амралтаараа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ..................... захын А-41 тоот лангуун дээр худалдагчаар ажиллахаар “Бурхадын оргил” ХХК-ийн захирал Ш.Нэргүйтэй тохиролцож, эхний сарын цалин 600.000 төгрөг авсан нь Ш.Нэргүйгийн тодорхойлолт, хохирогч Ч.Цгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. /Нэгдүгээр хавтаст хэргийн 165 дахь тал/,

Хохирогч Ч.Ц нь охин Б.Дариймаагийн 2 сарын цалин 1.200.000 төгрөгийг эм тариандаа зарцуулсан гэж нэхэмжилсэн тул хохирогч Ч.Цгийн мэдүүлэг, иргэн Ш.Нэргүйгийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар үнэлж,   охин Б.Дариймаагийн 2 сарын цалин 2х600.000=1.200.000 төгрөгийг,

Нэгдүгээр хавтаст хэргийн 162 дугаар талд авагдсан 11 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа эм тарианы  зардал 141.530 төгрөг,  63 дахь талд авагдсан 8 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа эм тарианы зардал 133.750 төгрөг,

Мөн хохирогч Ч.Цгийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буцаж ирсэн унааны 2 талын зардал 210.000 төгрөг /хоёрдугаар хавтаст хэргийн 09-10 дахь тал/,  Улаанбаатар хот дотор такси хөлсөлж явсан унааны зардал 200.000 төгрөг /хоёрдугаар хавтаст хэргийн 23 дахь тал/,

/ Хоёрдугаар хавтаст хэргийн 17-21 дэх талд авагдсан 5 ширхэг НӨАТ-ын баримтаар нотлогдож байгаа 156.000 төгрөгийн бензин авсан баримт нь хохирогч Ч.Цгаас жолооч Б.Энхтөрийн 75-94 УНП улсын дугаартай, “Toyota prius” маркийн автомашинд хийж, үйлчлүүлсэн бензиний зардалтай давхцаж байгаа тул тусад нь үнэлж хохиролд тооцоогүй, таксины зардал 200.000 төгрөгт оруулж тооцсон болно./

“Есөн цэн” эмийн сангаас авсан эмийн үнэ 114.000 төгрөг, “Төгөлдөр жаргалант” эмийн сангаас авсан эмийн үнэ 50.400 төгрөг, нэгдсэн эмнэлгийн кассанд төлсөн 22.500 төгрөг, “Есөн цэн” эмийн сангаас авсан эмийн үнэ 27.500 төгрөг, “Дэлгэрэх” эмийн сангаас авсан эмийн үнэ 55.500 төгрөг, “Дэлгэрэх” эмийн сангаас авсан эмийн үнэ 6000 төгрөг,  /хоёрдугаар хавтаст хэргийн 22 дахь хуудасны  ард талд авагдсан 6 ширхэг НӨАТ-ын баримт/,

Сонгодо эмнэлэгт үзлэг, шинжилгээ хийлгэсэн 177.000 төгрөг, Бриллант эмнэлэгт хийлгэсэн хэвлийн тодосгогчтой MRI оношлогооны  төлбөр 310.000 төгрөг, Бриллант эмнэлэгт хийлгэсэн баруун гарын MRI оношлогооны төлбөр 300.000 төгрөг /хоёрдугаар хавтаст хэргийн 24-33 дахь тал/ зэрэг нийт 4.107.734 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон, шүүгдэгч М.Ааас гаргуулж, хохирогч Ч.Цд олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Цгаас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 7.647.554 төгрөгөөс шүүх нотлох баримтаар нотлогдож байгаа 4.107.734 төгрөгийг гэмт хэргийн хор уршигт тооцон, М.Ааас гаргуулж, хохирогч Ч.Цд олгохоор байна.

Шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Ч.Цд 2.500.000 төгрөг төлсөн нь хохирогч Ч.Ц, шүүгдэгч М.А нарын мэдүүлэг болон нэгдүгээр хавтаст хэргийн 198 дахь талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд М.Ааас гаргуулж, хохирогч Ч.Цд олгохоор байгаа гэмт хэргийн хор уршиг 4.107.734 төгрөгөөс шүүгдэгч М.Аын 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 2.500.000 төгрөгийг хасаж, үлдэх 1.607.734 төгрөгийг М.Ааас гаргуулан, хохирогч Ч.Цд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн кассанд Ч.Цгийн эмнэлгийн төлбөрт 37.500 төгрөг төлсөн асуудлаар  талууд маргаагүй, шүүгдэгч М.А нь хохирогч Ч.Цг бариачид бариулж, 200.000 төгрөг төлсөн гэж мэдүүлсэн боловч энэ нь баримтаар нотлогдоогүйг тус тус дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч Ч.Ц нь шүүгдэгч М.Ааас гэм хорын төлбөр 7.647.554 төгрөг гаргуулахаар шаардахдаа “Би сургуульд үйлчлэгч хийхийн хажуугаар сардаа 20 ширхэг гутал  оёж, худалдан борлуулж,  нэмэлт орлого олдог байсан. Ийм учраас миний 1 сарын нэмэлт орлого болох 20 ширхэг цагаан ултай гуталны үнэ 2.600.000 төгрөгийг М.Ааас гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

Хохирогч Ч.Ц нь сургуульд үйлчлэгчээр ажиллахын хажуугаар хувиараа гутал оёж, худалдан борлуулж, нэмэлт орлого олдог нөхцөл байдал тогтоогдож байгаа ч түүний сарын нэмэлт орлого тодорхойгүй буюу тэрээр нэг сард 20 ширхэг гутал оёж, худалдан борлуулж, 2.600.000 төгрөгийг орлого олох байсан нь нотлогдохгүй байх тул гэм хор учруулсны төлбөр 7.647.554 төгрөгөөс гутал оёж олох байсан орлого 2.600.000 төгрөг, эм тариа, бусад зардалд нэхэмжилсэн зөрүү 939.820 төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Харин хохирогч Ч.Ц нь цаашид сувилалд сувилуулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь түүний өвчний түүхийн хуулбар, Ч.Цгийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хохирогчийн цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, сувилалын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч М.А нь зам тээврийн осолд өртөж, хөнгөн хохирол учирсан гэх Ч.Цд 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн нь нэгдүгээр хавтаст хэргийн 199 дэх талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

1. Шүүгдэгч М.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдож, шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага  хүлээлгэх  үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

3. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах санал гаргаж байгааг дэмжинэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөл байдал харагдаж байгаа учраас хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,

4. Хохирогч Ч.Ц эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би гомдолтой байна. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Мөн М.Ад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй” гэх тайлбар, мэдүүлгийг ,

5. Шүүгдэгч М.А нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Би тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би гэм буруугаа зөвшөөрч байна. Эхнэр жирэмсэн. Надад тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгнө үү. Шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг төлж барагдуулна”  гэх тайлбар, хүсэлтийг тус тус гаргав.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч М.А урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дэх тал)-аар нотлогдож байх бөгөөд хувийн байдлын хувьд тэрээр 1993 онд төрсөн, 29 настай,  гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймаг дахь Цагдаагийн газрын захиргаа, удирдлагын тасагт няраваар, цагдаагийн ахлагч цолтой ажиллаж байсан, энэ хэргийн улмаас ажлаасаа халагдсан гэх, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн ..................... сумын 11 дүгээр багт амьдардаг, эхнэр нь жирэмсэн, хувьдаа ........ УБО улсын дугаартай, “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслээс өөр ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдлууд түүний хувийн байдлын талаар хавтаст хэргийн 128-150 дахь талд авагдсан баримтууд болон шүүгдэгч М.Аын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Тодруулбал: Шүүгдэгч М.А нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан бодит хохиролд 2.500.000 төгрөг төлсөн зэргийг шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Аын хувийн зан төлөвийн талаар гэрч Б.Минсэл: ”...М.А бид хоёр 2020 оны 2 дугаар сард танилцаж түүнээс хойш гэр бүл болсон, одоо хамт амьдарч байгаа. М.А нь даруу, зөөлөн, хүнд тусархуу, төлөв түвшин зантай хүн. Согтууруулах ундааны зүйл хааяа найз нөхдийн хүрээнд баяр ёслолоор тохируулан хэрэглэдэг. Ямар нэгэн гаж буруу зан аашгүй, гэр бүлдээ хайр халамж сайтай хүн. Сагс, волейбол тоглодог, эрхэлсэн ажилдаа үнэнч тууштай, хөдөлмөрч зан чанартай” гэж, мэдүүлснийг түүний хувийн байдлыг тодорхойлох нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч М.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Иймд шүүгдэгч М.Аын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн хор уршигт 2.500.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирлыг хохирогч Ч.Цд төлж барагдуулахаа илэрхийлсэн хувийн байдал, хохирогч Ч.Цгийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ Увс аймгийн ..................... сумын 11 дүгээр багийн нутаг буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох хязгаарлалт тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээс гадна М.Аын согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тухайн ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдах нь зүйтэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, М.Аын эзэмшлийн ........ УБО улсын дугаартай “Toyota crown” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаартай тогтоолыг гэмт хэргийн хор уршиг 1.607.734 төгрөг төлөгдөх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой М-ын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Жолооч согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Аыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн ..................... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  М.А нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж, түүнд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хохирогч Ч.Цгийн нэхэмжилсэн гэм хорын төлбөр 7.647.554 (долоон сая зургаан зуун дөчин долоон мянга таван зуун тавин дөрөв) төгрөгөөс шүүх нотлох баримтын хэмжээнд 4.107.734 (дөрвөн сая нэг зуун долоон мянга долоон зуун гучин дөрөв) төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, 4.107.734 төгрөгөөс шүүгдэгч М.Аын мөрдөн байцаалтын шатанд төлсөн 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийг хасаж тооцон, үлдэх 1.607.734 (нэг сая зургаан зуун долоон мянга долоон зуун гучин дөрөв) төгрөгийг М.Ааас гаргуулж, хохирогч Ч.Цд олгож, хохирогчийн нэхэмжилсэн олох байсан нэмэлт орлого 2.600.000 (хоёр сая зургаан зуун мянга) төгрөг, эм тарианы зардал 939.820 (есөн зуун гучин есөн мянга найман зуун хорь) төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хохирогч Ч.Цгийн цаашид нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, сувиллын газар сувилуулах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар М.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, М.Аын эзэмшлийн ........ УБО улсын дугаартай, “ Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 133 дугаартай тогтоолыг гэмт хэргийн хор уршиг 1.607.734 төгрөг төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА