Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/757

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т**** овогт Д.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001160 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т**** овогт Д.Г Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ***ажилтай байсан, одоо ***ажилтай, ам бүл *,эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо **дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны * тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Д.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ээлж солилцохтой холбоотойгоор И.З-той маргалдан толгой, гар хэсэгт нь шүүрийн ишээр цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бааранд ажилладаг. Буух гэж байхад нөгөө ээлжийн хүн ирэх ёстой цагаасаа хоцорч ирсэн. Тэгээд Хөдөө аж ахуйг дэмжих сан руу явсан. Зам их түгжрэлтэй байсан учраас Саппоро дээр удаан зогссон. Энэ үед З ах руу ярьж зам түгжээтэй байгаа тул хоцорч очихоор байна гэж хэлэхэд З ах би чамайг хүлээж байх ёстой юм уу гэж хэлээд утсаа тасалсан. Ажил дээр очиход З ах сууж байсан. Босож ирээд үгийн зөрүүгүй намайг цохисон. Би “А**” караокед ажиллаж байсан, үүрийн 04 цагт  тарсан тул их ядарсан байсан. Тэгээд гэртээ харьж амаръя гээд шатаар буугаад явж байгаад цэнхэр өнгөтэй цүнхээ мартсан байснаа санасан тул буцаж очсон. Гэтэл З ах шүүр барьсан зогсож байгаад намайг цохих гэхээр нь би шүүрийг нь булааж аваад толгой руу нь 2-3 удаа цохисон. Цус гарахаар нь би айгаад цусыг нь арилгаж өгсөн. Толгойг нь угааж өгье гэхэд цус нь тогтсон байсан тул хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би З ахыг өнөөдөр гарчих би маргааш гаръя гэхэд тэг гэсэн. Гэртээ очоод удаагүй байхад манай байгууллагын шуурхай албанаас над руу залгаж, З ахыг хүүхэд нь Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлэхээр аваад явсан, хүрээд ир гэж хэлсэн. Орой харуулын байранд сууж байхад миний толгой бага зэрэг өвдсөн гэв.

Эрүүгийн 2210000001160 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “агуулах дотор манай аавын толгойг ажлынхан хүн модоор цохиод хагалсан байна, одоо гэмтэл явж байна” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2. Хохирогч И.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөө, аж ахуйн дэмжих санд харуулын ээлжид хоноод буух гээд манай нөгөө ээлжид ажилладаг Г 10 цаг 40 минутын үед ирээд харуулын байран дотор орж ирээд ямар их залгадаг юм бэ би ирж л явсан ш дээ гээд гараараа цохих гээд дайрахаар нь би цээж хэсэг рүү нь нэг удаа түлхсэн. Харин харуулын байрнаас шатаар доошоо буусан. Г нь намайг буугаад ир хоёулаа гадаа гарч байгаад зодолдъё гэхээр нь би чи өөрөө гадагшийгаа гар гээд гараараа түлхээд байхаар нь дээшээ шатаар гарч ирэх гээд байхаар нь шүүр аваад модон иштэй шүүрээр түлхсэн. Тэгтэл шүүрийг маань булааж авч шүүрийн модон ишээр сөр, гар, толгой руу 2-3 удаа тас гээд л цохисон түүний дараагаар толгойноос цус гарахаар нь одоо болиоч ээ гэтэл хохьчин яадгийн гээд шүүрний хугарсан ишээр мөр, гар, толгой руу цохисон. Түүний дараагаар миний толгойноос цусыг угааж, хоёулаа эвээр ярья гээ харуулын байр луу ороод миний толгойны угааж, цэвэрлэсэн. Тэгтэл толгойны цус тогтоогүй бөгөөд Г нь айсан юм уу яасан юм та одоо улираад гарчих намайг уучлаарай гээд яваад өгсөн. Тэр үед Г нь би нэг ийм улаараад дайрдаг өвчтэй юмаа гэж хэлсэн. Түүний дараа би ганцаараа үлдээд толгой, хувцсаа цэвэрлэх гэтэл толгойны цус маань тогтохоо болихоор нь төрсөн хүүгээ дуудаад Гэмтлийн эмнэлэг орж толгой дээрээ 3 удаа оёдол тавиулсан. Мөн гарын рентген зураг авхуулсан. Г гэх залуугийн утасны дугаар ******** байдаг. ...Би зөвхөн гараараа 1 удаа түлхсэн. Мөн намайг гаръя гээд гадагшаа гарчхаад гараад ир, буугаад ир гээд байхаар нь шүүрийнхээ үзүүр целлодон хэсгээр урдаас нь нэг удаа биед хүрсэн. Тэгээд миний барьж байсан шүүрийг булааж аваад намайг цохисон. ...Миний биеийн байдал одоогоор гайгүй, зүгээр байна. ..Би гомдолтой байна. Г гэх хүнд арга хэмжээ авч өгнө үү. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

            3. Шүүгдэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах А*** караокед 24 цагаар үүрэг гүйцэтгээд тухайн өдөр өөрийн гарах ёстой байсан Хөдөө аж ахуйн дэмжих сан дээр харуулаар гарахаар явах замдаа З ах руу би одоо очлоо түгжрээд байна гэж хэлсэн. Тэгээд З ах надад за гэж хэлээд би тухайн харуулд гарах газартаа 11 цагийн үед очтол З ах тухайн харуулын постон дотроо сууж байсан бөгөөд би жаахан түгжрээд удчихлаа уучлаарай оройтчихлоо гэтэл З ах уурлаад сандал дээр сууж байгаад би чамайг хүлээх ёстой юм уу гээд сандлаас босож ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон харин би яг миний нүүрний аль хэсэг рүү цохисон эсэхийг нь санахгүй байна. Ямар нэгэн гэмтэл учраагүй. Тэгээд би ер нь харьж амаръя гээд гараад харуулын байрны шатаар буугаад явж байтал би цүнхээ мартаад гараад ирсэн байсан. Харин би цүнхээ авах гээд буцаад харуулын байр луу орох гэтэл З ах модон иштэй, хуванцар шүүрээр намайг ойртуулахгүй хоёр тийш нь хөдөлгөөд байхаар нь би шүүрийг булааж аваад толгой руу нь нэг удаа хүчтэй цохисон бөгөөд толгойг нь хагалчихлаа л гэж бодсон. Тэгтэл З ахын толгойноос цус гараад шанаагаар нь дагаад цус урсаад ороод ирсэн. Би тухайн үед гэнэт уурласан болохоор хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Би их гэнэт ууртай юмаа. Тэгээд бид хоёр цусыг нь цэвэрлээд цамц, шалыг угаагаад өгье гэхэд за яахын бэ чи яв яв гэж хэлэхээр нь би яваад өгсөн. Тэгээд би яг гэр лүүгээ орох гээд явж байтал манай хамгаалалтын албаны шуурхайгаас З ахын хүүхэд нь З ахыг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү оёдол тавиулахаар аваад явсан та ирж харуулдаа гараарай гэхээр нь би буцаж очиж чадахгүй даралт ихсээд байхаар нь би өнөөдөр гарч чадахгүй миний оронд өөр хүн гаргаж өгнө үү гээд гэртээ хариад амарсан. Харин тухайн өдөр З ахын хүүхэд нь гар утсаар залгаад аавын толгойг ягаад цохисон юм бэ гэхэд нь би толгой муутай группт байдаг хүн, санаандгүй гэнэт уурандаа цохисон гэж хэлтэл гар утсаа салгасан. Харин би Солонгос улсад ажиллаж байхдаа толгойндоо гэмтэл авч байсан удаа байгаа. Миний оюун ухаан эрүүл бөгөөд хааяа даа гэнэт бага зэрэг юман дээр огцом уурлаад байдаг талтай болохоор гэнэт уурлаад л З ахыг шүүрийн модон ишээр толгой руу нь нэг удаа цохисон байна. Би энэ үйлдэл дээр их санаа зовж байгаа. ...Миний биед ямар ч гэмтэл үүсээгүй. Ямар нэгэн байдлаар намайг дахин цохисон асуудал байхгүй. ...З ахыг цуг харуул солилцдог болохоор сайн танина. Ямар нэгэн төрөл садны харилцаа хамааралгүй. Сайн харилцаатай байсан. Би З ахын толгой хэсэг рүү нь модон иштэй шүүрээр цохисноо хүлээн зөвшөөрч байна. Би З ахаас уучлалт гуйгаад буцаад тухайн газартаа хамт ажилмаар байна. Би энэ үйлдэлдээ их гэмшиж байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12495 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн ар хэсэгт хуйханд 2.5 см урт 2 ширхэг мэс заслын оёдол бүхий шархтай. Уг шархыг тойроод 5х5 см талбайд хавдаж овойсон. Зүүн шууны ар дээд хэсэгт 3х2 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

2022 оны 09 дүгээр сарын 10-ны ГССҮТ-н үзлэгийн хуудаст: Зулай хэсгийн няцарсан шарх. Тархи доргилт.

Дүгнэлт:

1. И.З-ын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой.

/шинжээч эмч Б.Баяртогтох/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас),

            5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 32 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Днь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ээлж солилцохтой холбоотойгоор И.З-той маргалдан толгой, гар хэсэгт нь шүүрийн ишээр цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***ээлж солилцохтой холбоотойгоор И.З-той маргалдан толгой, гар хэсэгт нь шүүрийн ишээр цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч И.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), шүүгдэгч Д.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №12495 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 дэх тал) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Г-ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн шинж”-ийг хангасан байх тул дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Д.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Д.Г-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч  баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т*** овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Т*** овогт Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчээс Д.Г-өөс 60,400 (жаран мянга дөрвөн зуу) төгрөгийг гаргуулж хохирогч И.З-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин 

төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АЛТАНТУЯА