Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2019/01056

 

 

 

 

 

 

 

 

 

      2019 оны 05 сарын 03 өдөр

             Дугаар 183/ШШ2019/01056

                    Улаанбаатар хот

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө.Д-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “И”-т холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405.120 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  ................  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Д миний бие 2008 онд И-т Хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн тасагт мэргэжилтнээр ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр ажиллаж байна. Би ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авагдаж байгаагүй. 2016 оноос миний бие ажилчдынхаа саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлыг хийж байна. Гэтэл захиргааны зүгээс нийт Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашгийг зөрчөөд жилийн эцсийн үр дүн болон илүү цагийг өөрийнхөө үзэмжээр хасч, хүйтний нэмэгдэл өгөхгүй байна гэж Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Н-тэй 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзсан. Энэ уулзалтаар үл ойлголцолд хүрээд маргасан. Тэрээр намайг тэтгэвэрт гарах нас чинь болсон байна тэтгэвэртээ гар гээд хөөсөн. Миний бие Захиргаа удирдлагын газрын даргатайгаа тохироод 2018 онд тэтгэвэрээ тогтоолгохоор тохирсон тул та захиргааны ажилд бүү оролц гэж маргасанд өс санаад маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүссэн гэдгээр ажлаас халсанд гомдолтой байна. Миний бие ажил олгогчдоо Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрхийг хамгаалан, зүй ёсны шаардлага тавьсны төлөө надад хэлэлгүйгээр шууд тэтгэвэртээ гар гэсэнд гомдолтой байна. Мөн миний жилийн эцсийн үр дүнгийн шагналт цалинг нэгжийн дарга 100 хувь өгөхөөр тодорхойлсоныг 50 хувь үндэслэлгүйгээр өөрийн үзэмжээр хасч, илүү ажилласан 31 цагийн мөнгийг олгоогүй зэрэг миний хөдөлмөрлөх эрхэнд Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Н дур мэдэн халдаж байгаад гомдолтой байгаа болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилогдож, ажилгүй байсан бүх хугацаатай тэнцэх цалинг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405.120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Харин үндэслэлгүй хасч, дутуу олгосон үр дүнгийн шагналт цалин 230.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Д нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           

            Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

           

Ө.Д-ын нэхэмжлэлтэй, “И”-т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажилгүй байсан хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүх хянан шийдвэрлэх өдрийг хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, илүү 31 цаг ажилласан хөлс 405.120 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

И-ийндаргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/491 дүгээр тушаалаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэн өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн Аж ахуйн тасгийн барилгын инженер ажилтай Ө.Д-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

 

Ажилтан Ө.Д- нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн хэдий боловч тэрээр И-ийнҮйлдвэрчний эвлэлийн хорооны 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тайлан сонгуулийн хурлаар гишүүдийн олонхийн саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 4 жилийн хугацаатай сонгогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “үндсэн ажлаасаа чөлөөлөгдөөгүй үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтныг өөрийн болон сонгосон хамт олных нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халах, түүнд сонгуульт үүрэгтэй нь холбогдуулан сахилгын шийтгэл оногдуулахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд ажилтан Ө.Д нь 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр авах эрх нь үүссэн хэдий боловч түүнийг Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар 4 жилийн хугацаатай сонгогдсон /2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл/ хугацаанд ажил олгогчийн санаачилгаар И-ийндаргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/491 дүгээр тушаалаар Ө.Д-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 40 дүгээр зүйлийн 40.1.3, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг зөрчсөн байна.

 

Иймд Ө.Д-ыг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нь зохих журмын дагуу шимтгэл, хураамжийг төлүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцэж байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалыг үндэслэн Ө.Д-ын 000197972 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн 2017 оны 9, 10, 11 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 90.775 төгрөгийг /2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны/ 353 хоногоор тооцож 32.043.575 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

            Түүнчлэн, хавтаст хэргийн 39-40 дүгээр талд авагдсан Ажилтны ирцийн мэдээнд Ө.Д- нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 31 цаг илүү ажилласан болох нь нотлогдож байх бөгөөд ажил олгогчоос Ө.Д-ын илүү цагийн хөлсөнд 405.102 төгрөгийг шилжүүлсэн болох нь нотлогдоогүй тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 1.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2-т заасныг баримтлан хариуцагч И-ээс илүү цагийн цалин хөлсөнд 405.102 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Д-д олгох нь зүйтэй болно.

 

            Шүүхээс хариуцагч талд шүүх  хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн хэдий боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2-т заасныг баримтлан Ө.Д-ыг И-ийн Аж ахуйн тасгийн барилгын инженер ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч И-ээс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 32.043.575 төгрөгийг, илүү цагийн хөлсөнд 405.102 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Д-д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан Ө.Д-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч И-т даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Д нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийн хувьд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч И-ээс улсын тэмдэгтийн хураамжид 320.193 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.СЭМЖИД