| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0770/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/760 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
хохирогч Э.Г, түүний өмгөөлөгч Ж.Баасанжав (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1242),
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Ц.Оргил (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1259), Э.Оргил (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1792) нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б*** овогт М.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210017841136 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б**** овогт М.Т нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч цагдаагийн албан хаагч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл *, эмээ, * дүүгийн хамт Хан-Уул дүүргийн ** хороо, “****” хотхоны **** тоотод оршин суудаг, ******** дугаарын регистртэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүх хуралдаанд оролцогчид мэдүүлэхдээ:
Шүүгдэгч М.Т: ****мэргэжлээр сурч төгссөн. 2021 оны 8 дугаар сард ***томилогдон ажиллаад 1 жил 4 сар болсон. Тухайн хэрэг гарсан гэх 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би ээлжтэй байсан. Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороо, ** дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан. Үүргээ гүйцэтгээд явж байхад орой 21 цагийн орчимд 102 дугаарын утсанд дуудлага ирсэн. **** гэсэн дугаартай машины хүн зодоод байна гэх дуудлагын дагуу тухайн газарт шалгахаар очиход хохирогч эмэгтэй harrier маркийн авто машинд жолоочийн суудлын эсрэг талын суудалд найзын хамт сууж байсан. Дуудлага өгсөн хүн дээр очиж болсон асуудлын талаар нөхцөл байдлыг тодруулахад холбогдогч Э.Г гэх залуутай хуучин танилын холбоотой байсан. Машинтай ирээд намайг зодоод байсан. Удаа дараа биед нь халдсан, энэ хүнийг эрүүлжүүлээч гэсэн. Би тухайн хүнтэй уулзаж хохирогч ийм зүйл ярьж байна гэж хэлсэн. Мөн хажууд нь гэрч гэх нэг эмэгтэй байсан. Холбогдогч Э.Г-тай уулзахад наад гичий чинь намайг гүтгэж байна гэх байдлаар надтай ярьсан. Хохирогч таныг шууд зааж байна, та болсон үйл баримтын талаар мэдүүлэг өгөх хэрэгтэй, машинд суучих гэж шаардлага тавьсан. Хохирогчид мөн адил шаардлага тавихад энэ хүнээс айж байна, хамт явж байхад замдаа яачих юм билээ, араас чинь очоод болсон асуудлын талаар ярина гэж хэлсэн. Тухайн үед хохирогчийг хамт авч явах боломж байгаагүй, хохирогчийн машин дээр очиж түүний хувийн байдалтай холбоотой мэдээллийг асуухад хохирогч тэгье гээд араас дагаад явж байсан. Гэтэл холбогдогч хохирогчийн ард явж байсан бөгөөд түүний биед халдаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн би шаардлага тавьж эхэлсэн. Хохирогчийн эрүүл мэнд хохирч болзошгүй нөхцөл байдал үүсэж эхэлсэн. Хохирогч танд удаа дараа гомдол гаргасан байна, цагдаагийн хэлтэст очиж тайлбар мэдүүлэг өгч өөрт холбогдох асуудлыг шалгуулчих, мөн өөрийг нь түр саатуулах үндэслэлтэй байна гэхэд тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Хохирогч У гэх эмэгтэй машинтайгаа араас дагаж явж байгаад буцаад явсан байсан. Холбогдогч Э.Г-ыг машины дэргэд аваачиж өөрт нь холбогдуулж цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн тул таныг шалгах шаардлагатай байна гээд цагдаагийн албан хаагчийн хувьд хууль ёсны шаардлага тавьсан. Гэтэл би наана чинь суух хүн биш, та нар яахаараа намайг авч явдаг юм гэх зэргээр тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Хэрэв тухайн үед холбогдогчийг явуулсан бол хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан тул түүнийг авч явах нь зүйтэй гээд албадан машинд суулгах шаардлагатай болсон. Машинд суулгаж цагдаагийн хэлтэс дээр аваачсан. Хэлтэс дээр очоод түүний биед байгаа эд зүйлийг гаргуулах зорилгоор Цагдаагийн албаны тухай хуульд заасан шаардлагыг түүнд уншиж өгөн холбогдох шаардлагыг тавьсан. Гэтэл тавьсан шаардлагыг эсэргүүцэн чи надад үзлэг хийдэг нь биш гэх зэргээр эсэргүүцэж эхэлсэн. Мөн өмгөөлөгч тавих эрхтэй гэдгийг нь хэлэхэд миний тавьж буй шаардлагыг хүлээж авахгүй, ойлгох хүсэлгүйгээр намайг дарамталж эхэлсэн. Ахын дүү төрийн алба хүчний байгууллага болсон юм уу, би чамайг маргааш харна, би чамаар биедээ үзлэг хийлгэдэг хүн биш, ахын дүү наад шаардлагаа тавьдаг хүнд нь тавиарай гэх зэргээр хэлж байсан. Би удаа дараа шаардлага тавьсан. Миний хэлсэн зүйлийг ойлгохгүй байхаар нь хуулиас холбогдох зүйл заалтыг харуулсан. Машинд суулгах гэж байхад цагдаагийн албан хаагчийн биед халдаж эхэлсэн талаар миний энгэрийн камерын бичлэгт бичигдсэн байгаа. Цагдаагийн хэлтэс дээр очоод түүнийг биедээ байгаа эд зүйлийг гаргаж өг гэсэн шаардлагыг тавьсан боловч гаргаж өгөхгүй байсан. Хуулиас холбогдох заалтыг харуулан тайлбарласан боловч хүлээж авахгүй энгийн хувцастай байхад чинь ална гэх зэргээр цагдаагийн албан хаагчийг дарамталж эхэлсэн. Тухайн үед жижүүрийн цагдаа хол байсан, харин жолооч байхгүй байсан. Холбогдогч надаас илүү том биетэй байсан. Мөн хохирогчийн амь нас, эрүүл мэндэд халдсан үйлдлийг цагдаагийн албан хаагчийн дэргэд гаргаж байсан тул хохирогчийн болон өөрийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдлын төлөө шаардлага тавьж түүнийг удаа дараа эсэргүүцсэн тул биеийн хүч хэрэглэн шаардлагыг албадан биелүүлэх шаардлагатай болсон. Манай жижүүрийн цагдаа хүртэл холбогдогч Э.Г-д шаардлага тавихад мөн адил эсэргүүцсэн. Иймд шаардлагыг албадан биелүүлэх зорилгоор хүч хэрэглэж түүний биед байгаа эд зүйлийг гаргаж протокол хөтөлж байхад араас ирж эд зүйлсээ аваад байсан. Хэлтэс дээр очоод хүнтэй утсаар ярьж ахаа намайг энд аваад ирсэн байна, одоо энийг ажилгүй болгоё гэх зэргээр ярьж байсан. Үзлэг хийж байх үед араас ирж чихэнд маргааш ажилгүй болгоно гэж хэлсэн. Би өөрийн аюулгүй байдлыг хангаж цаанаа сууж бай гэхэд шаардлагыг хүлээж авахгүй, удаа дараа миний аюулгүй байдалд халдах гэж оролдсон. Иймд өөрийн аюулгүй байдал болон тавьсан шаардлагаа биелүүлэхийн тулд түүнд биеийн хүч хэрэглэсэн. Холбогдогчид аль болох бага хохирол учруулахын тулд өөрийн сурсан хамгийн бага хохирол учруулах боломжтой мэхийг хийж түүнийг зөөлөн гараараа түшиж газар унагасан. Унахдаа миний дэгээ тавьсан хөлийн эсрэг талд байсан хөлөөрөө хойшоо хөшиж унасан. Үүний дараа жижүүрийн ахлахад энэ талаар мэдэгдсэн. Тухайн үед түүний хөл хугарсан гэж мэдээгүй, худлаа баашилж байна гэж бодсон. Тэгээд хохирогчийн аюулгүй байдлын үүднээс би өөрөө 103 дугаарын утсанд дуудлага өгч, жижүүрийн цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн утсанд дараагийн дуудлага ирсэн байсан тул холбогдогчийг өгч явуулаад дуудлагадаа явсан. Дуудлагад яваад ирсний дараа жижүүрийн ахлах намайг дуудаж хүн бэртсэн байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн албан хаагчийн ёс журам гэдэг байдлаар асуудал яригдсан гэв.
Хохирогч Э.Г-аас: Би тухайн үед найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь үнэн. Зохих хэмжээгээр хэрэглэж дуусаад гэр рүүгээ явахаар болсон. Би өөрийнхөө машинтай явж байсан тул Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах Нисэхийн байрны буудал дээр дуудлагын жолооч хайж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч биеэ авч явах чадвартай байсан. Буудал дээр зогсож байх үед замын эсрэг талд алаг өнгөтэй машин ирж зогссон. Тэгж байтал 2 цагдаа над руу заагаад тэр З-ын дүү байна гэж хэлээд хүрээд ирсэн. Гэтэл нэг эмэгтэй гэнэт гарч ирээд намайг заагаад юм яриад байсан. Би тэр эмэгтэйд тийм зүйл хийгээгүй. Маргааш өдөр нь энэ У гэх эмэгтэй Мөнгөн-Эрдэнэ гэх хүн намайг өшиглөсөн, үсэдсэн, цохисон гэж цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн, харин Э.Г тэгээгүй, энэ бол хуурамч дуудлага гэж үнэнээ хэлж 50.000 төгрөгөөр торгуулсан. Авлигатай тэмцэх газарт мэдүүлэг өгөхдөө хүртэл Э.Г-д дуудлага өгөөгүй гэж хэлдэг. Бид хоёрт зодолдох үндэслэл ч байхгүй. Надад санаатай ийм зүйл хийсэн гэж би үзэж байгаа. 2 цагдаа над дээр ирээд энэ З-ын дүү байна гэсэн. Энд миний ар гэрийнхэн ямар байгаа нь энэ хүмүүст ямар хамаатай байсан бэ. Би бол хувийн чанартай ийм үйлдэл хийсэн гэж үзэж байгаа. Цагдаагийн машинд намайг албадан суулгасан гэж байна. Би өөрөө цагдаагийн машинд сууж байгаа нь камерын бичлэгт бичигдсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирж байна гэж гэрийнхэндээ мэдэгдсэн. Цагдаагийн хэлтэст орж ирээд намайг ямар үндэслэлээр авч ирсэн бэ, яагаад барьж байгаа юм бэ гэхэд биед байгаа эд зүйлээ гарга гэх шаардлагыг тавьсан. Намайг ийм учраас баривчлах гэж байна гэж юу ч хэлээгүй учраас би эсэргүүцэл үзүүлж юмаа гаргаж өгөөгүй байж байтал миний биед халдаж халаас руу гараа хийж гар утсыг маань авах гэж оролдсон. Намайг удаа дараа газар унагасан. Сүүлийн уналт дээр миний хөл хугарсан. Гэтэл баашлаад байгаа юм уу гэсэн байдалтай намайг 1 цаг гаран шалан дээр байлгасан. Шүүгдэгч өөрөө түргэн тусламж дуудсан гэдэг боловч дүү маань ирж түргэн тусламж дуудсан. Надад хийсэн буруу зүйл байгаа бол үүнийг нотлох баримт гаргаж ирнэ үү гэж хүсэж байна. Хохирогч эмэгтэй өөрөө түүнийг Мөнгөн-Эрдэнэ зодсон гэж нэрийг нь хэлсэн талаарх мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа. Энэ хэрэгт би яагаад холбогдсон бэ. Хэрэв би хохирогч эмэгтэйг зодсон бол цагдаа нар ирсэн байхад хажууд нь байхгүй байх байсан. Гэтэл би машины хажууд байсан. Дуудлагаар очиход байсан хар өнгийн harrier гэх машин бол У-ын өөрийнх нь машин. Би маш их гомдолтой байна гэв.
Эрүүгийн 2210017841136 дугаартай хэргээс судалсан болон бусад цугларсан нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23:24:42 цагт “Манай ахыг цагдаа нар хэлтэстээ саатуулж байх хоорондоо зодоод хөлийг нь хугалсан байна” гэх гомдол /мэдээлэл/-ын дуудлагын лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
2. Камерын бичлэгтэй ягаан өнгийн 1 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
3. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн заалны хяналтын камерын бичлэгийг хуулбарласан 2 ширхэг сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 51 дүгээр хуудас),
4. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 24, 52-57 дугаар хуудас),
5. Хохирогч Э.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 7-8, 60, 64-66, 70-71 дүгээр хуудас),
6. Гэрч О.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
7. Гэрч П.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 15, 77-78 дугаар хуудас),
8. Гэрч Т.Б-ний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 17-18, 80-81 дүгээр хуудас),
9. Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),
10. Гэрч Э.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),
11. Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас),
12. Гэрч Д.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),
13. Гэрч Ё.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас),
14. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224дүгээр хуудас),
15. Гэрч Р.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226-227 дугаар хуудас),
16. Яллагдагч М.Т-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 199 дүгээр хуудас),
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх эмнэлгийн шинжилгээний 9594 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас),
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүх эмнэлгийн шинжилгээний 736 дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас),
19. Албан шалгалт явуулах тухай мөрдөгчийн шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
20 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтуудад:
Шүүгдэгч М.Т-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар хуудас), ***ерөнхий газрын даргын тушаал, албан тушаалын тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 136, 138-139 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4,36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б*** овогт М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б**** овогт М.Т-ийг 3000 (гурван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн цагдаагийн албан хаагчийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн энгэрийн камерын дуу, дүрсний бичлэг, мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хяналтын камерын дуу, дүрсний бичлэг бүхий гурван ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-ээс 1,873,006 (нэг сая найман зуун далан гурван мянга зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Э.Г-ын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс гэж нэхэмжилсэн 800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь олох байсан орлого болон энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА