Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/055

 

А.Тид холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул

Ялтан А.Т, өмгөөлөгч Г.Дуламсүрэн

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж хүчингүй болгуулахыг хүссэн прокурор С.Болорзулын дүгнэлт бүхий А.Тид холбогдох эрүүгийн 1714000990110, 814002800215 дугаар хэргүүдийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Т, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2015 оны 05 дугаар сарын 05-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн 2016 оны 07 дугаар сарын 08-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар, мөн 2017 оны 06 дугаар сарын 22-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар, мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний одрийн 247 дугаартай шийтгэх топгоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж ял эдэлж байгаа,

Прокурор С.Болорзул 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар дүгнэлтэндээ: Яллагдагч А.Т нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

А.Т нь Б.Оын хамт эрүүгийн 1714000990110 дугаартай хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар, А.Т нь 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд ялтан нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тоггоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулахад түүний эрх зүйн байдал дордож, нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд ялтан А.Тийн эрүүгийн 1714000990110 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт зааснаар "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..." байх тул Баянхонгор аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан дүгнэлтээ дэмжиж байна. Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Өмгөөлөгч Г.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах шатны шүүхэд Прокурор С.Болорзулын гаргасан дүгнэлтэд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд дүгнэлтэд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

А.Т нь Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, одоо 1714000990110 дугаартай хэрэгт Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2.1-д тус тус зааснаар эрүүгийн үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн гэмт хэрэг нь шийтгэх тоггоол гарсны дараа илэрсэн тохиолдолд шийтгэх тогтоолуудыг нэмж нэгтгэн ял оногдуулахад түүний эрх зүйн байдал дордож, нэг төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар "...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн..." байх тул Баянхонгор аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, прокурорт буцаалгахаар дүгнэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл А.Тийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор сумын 7 дугаар багийн 16 дугаар гудамжны 14 тоот дахь Б.Нарантуяагийн гэрт нэвтрэн 310 000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 221 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-3-27 тоот дахь С.Эрдэнэсүрэнгийн гэрт хууль бусаар нэвтэрч 260 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 231 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тус тус татсан хэрэгт прокурор 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 228 тоот яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд шилжүүлсний дагуу анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 247 тоот шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэжээ./1814002800215 тоот хавтаст хэргийн 01,178, 195-198, 232-238 дугаар тал/

Дээрх шийтгэх тогтоол гарсны дараа А.Тийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор сумын ...... тоот дахь П.Сүхбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 850 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 278 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар, Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Түйн гол гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Пүрэвсүрэнг хүчиндэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 10 дугаар сарын 23 ны өдрийн 132а тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар тус тус татжээ. /1714000990110 тоот эрүүгийн хэрэг, 1 дүгээр хавтасны 76-78 дугаар тал, 2 дугаар хавтасны 3-5 дугаар тал/

Прокуророос А.Т, Б.О нарын Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Түйн гол гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Пүрэвсүрэнг хүчиндэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 тоот тогтоолоор 132 тоот тогтоолоо хүчингүй болгож улмаар Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 277 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /1714000990110 тоот хэргийн 1 дүгээр хавтасны 83, 95-96 дугаар тал

- Баянхонгор аймгийн Прокурорын газрын Прокурорын 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 47 тоот тогтоолоор А.Тийн 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг Түйн гол гэх газарт Б.Пүрэвсүрэнг хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, эд зүйлийн нь дээрэмдсэн, 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрүүдийн хооронд Баянхонгор сумын цахирын 7-6-4 тоот дахь П.Сүхбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч 850 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн 1814005430272 дугаар хэргийг 1714000990110 тоот хэрэгт нэгтгэсэн байна./1714000990110 тоот эрүүгийн хэрэг, 1 дүгээр хавтасны 180 дугаар тал/

Хавтаст хэрэг дэх дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд А.Т нь анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоол гарсны дараа А.Тийн үйлдсэн гэх 3 үйлдэл нь шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдэгдсэн байх тул тухайн хэргүүдийг тус, тусад нь шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдийг хэрэглэн оногдуулах ялуудыг хооронд нь нэмж нэгтгэх боломжгүй буюу шүүгдэгч А.Тийн эрх зүйн байдал илтэд дордох нөхцөл байдал тогтоогдож байх тул Баянхонгор аймаг сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Тид холбогдох эрүүгийн 1814002800215,1714000990110 тоот хэргүүдийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол А.Тид урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                           Б. БОЛОР-ЭРДЭНЭ