| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэнжаргалын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 124/2021/0011/з |
| Дугаар | 16 |
| Огноо | 2021-05-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын .... баг, Орон сууцны хороолол, ......... тоотод оршин суугч, иргэн Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох
“Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б би 1977 онд төрсөн 44 настай. Миний бие 2001 онд ХААИС-ыг инженер, технологич мэргэжлээр төгссөн. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2020 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт "Бэлчээр тэжээл газар тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн"-ээр ажиллаж эхэлсэн. Баруунтуруун сумын ЗДТГ-ын дарга намайг 2021 оны 01 сарын 04-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар "төрийн албаны шалгалтад тэнцээгүй" гэх үндэслэлээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр, тэжээл, газар тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 10.1.2-д заасан Төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаардаг. Энэхүү албан тушаалд томилогдох, чөлөөлөгдөх харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой гэж ойлгож байна. Гэтэл ЗДТГ-ын дарга тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэсэн байх ба намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж миний хөдөлмөрлөх эрхэд халдсанд гомдолтой байна. Учир нь намайг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон комиссын ямар нэгэн шийдвэр гараагүй болно. Намайг төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар захиргааны акт гаргаж миний эрхийг зөрчиж байгаа нь хууль бус байна. Мөн ЗДТГ-ын дарга нь миний хөдөлмөрлөх эрхэд халдахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасны дагуу надад урьдчилан мэдэгдэж, сонсгох ажиллагаа явуулахгүйгээр миний хууль ёсны хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2021 оны 01 сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба миний гомдлыг хариуг одоо болтол шийдвэрлэж надад хариу өгөөгүй тул би шүүхэд хандаж байна. Иймд Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай "Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай" тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Б нь /Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 18-р хороо Яргайтын 7-р гудамж 95-ын 6 тоот/ 2020 оны 3-р сард Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын бэлчээр тэжээл тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хүсэлт гаргасан. Уг албан тушаал дээр мэргэжлийн агрономч хайж байсан тул өөрөө агрономч гэж аман мэдүүлэг өгсөн. Тус сум нь газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хуучин сангийн аж ахуйн суурин дээр үүссэн 56 аж ахуйн нэгж, 167 иргэд газар тариалан эрхэлдэг. Тариалалтын цаг болж байсан тул Б.Б-г Аймгийн төрийн албаны салбар зөвлөлтэй зөвшилцөн Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаар зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай зөвлөмжийн 2.2-ыг үндэслэн төрийн албаны ерөнхий шалгалт зарлаж авах хүртэл түр хугацаагаар авч ажиллуулсан болно. Б.Б нь 2020 оны 04-р сарын 13-ний өдрийн Б/09 дүгээр тушаалаар түр томилогдож, томилогдсон өдрөөс нь хөдөлмөрийн гэрээг түр хугацаагаар байгуулж төрийн албаны ерөнхий шалгалтад орох, ороод тэнцээгүй бол ажлаас чөлөөлөгдөх, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2 удаа зөвлөгөө өгч, ажилдаа хариуцлагатай, хугацаатай өгдөг мэдээ тайланг цаг хугацаанд нь өгч байх үүрэг даалгавар өгч ажлын байрны тодорхойлолтын хамт өгсөн. Мөн ажил үүрэг гүйцэтгэхэд япон мотоцикл, бусад тоног төхөөрөмжөөр хангаж ажилласан ба хавар тариалалтын мэдээг 2 удаа, уринш боловсруулалтын мэдээг 2 удаа, намрын ургац хураалт, хадлан бэлтгэлийн мэдээг 2-3 удаа тасалдуулж, өөрөө утсаа авахгүй алга болж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын ерөнхий агрономч Т.Пүрэвмаа удаа дараа миний бие рүү утасдаж мэдээг өөрөө ирж нөхөж гарган авч явуулж байсан. Ажилдаа хариуцлагагүй хандаж байсан. Мөн албан тушаалын тодорхойлолтод заасан мэргэжил таарахгүй нь тогтоогдож, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн 01/2104 тоот, мөн аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №104 тоотуудад өгсөн зөвлөмжийн дагуу Б.Б-д Хууль зүйн сургалт сурталчилгаа хяналт шалгалт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтний хамт 2 удаа өрөөндөө уг тоотуудыг танилцуулан тайлбарлан өгч байсан. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2021 оны 11 дүгээр сарын 07-нд өгч уг төрийн албаны шалгалтад тэнцээгүй бөгөөд энэ үеэр Увс аймгийн төвд утсаа авахгүй 3 хонож ирэхэд нь дахин өрөөндөө дуудан шалгалтад тэнцээгүй тул ажлаас чөлөөлөх мэдүүлгийг амаар өгч намрын ургац хураалт хадлан тэжээл бэлтгэлийн сүүлийн мэдээ тайлан, тариаланчдын урамшууллын материал өгөх тул сумын Засаг даргатай зөвшилцөөд он дуустал ажиллуулахаар тохирч 2021 оны 01 дүгээр сарын 04-нд үүрэгт чөлөөлсөн” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан намайг ажлаас чөлөөлөх ёстой байтал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан заалтыг баримтлан миний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх захирамж гаргаж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагч Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Б.Б-ийн ажиллаж байсан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын “бэлчээр газар тариалангийн боловсрол соёлын ажилтан” гэх албан тушаалд ажиллах хүнийг хайж байсан. Миний бие Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын ажлаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод очсон байх үед Б.Б надтай уулзаад “Би Увс аймгийн Баруунтуруун суманд төрж өссөн. Тус суманд амьдарч байгаа аав ээжийгээ асарч халамжлан сумандаа ажиллаж амьдрах хүсэл эрмэлзэлтэй байгаа. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт “бэлчээр газар тариалангийн боловсрол соёлын ажилтан” гэх албан тушаалд ажилтан хайж байгааг олж мэдлээ, Би агрономч мэргэжилтэй учир уг албан тушаалд ажиллах хүсэлтэй байна” гэж хэлсэн. Та төрийн албаны шалгалтад орсон уу гэж асуутал “үгүй” гэж хариулсан. Тухайн үед газар тариалангийн цаг эхэлж байсан ба Увс аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн 99 хувийг Увс аймгийн Баруунтуруун сум үйлдвэрлэж байгаа тул уг ажлын байранд богино хугацаанд хүн авч ажиллуулах шаардлагатай байсан. Тухайн үед сумын Засаг даргадаа Б.Б-ийн талаар танилцуулж тайлбарлаад хариуг өгөхийг хүссэн байгаа. Дараа нь Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандаж “Увс аймгийн Баруунтуруун суманд тариалалтын цаг эхэлж байгаатай холбогдуулан Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын “бэлчээр газар тариалангийн боловсрол соёлын ажилтан” гэх 2 албан тушаал эзгүй байгаа ба уг албан тушаалд ажиллах хүнийг хайж байгаа тул төрийн албаны шалгалтад ороогүй Б.Б гэх агрономч мэргэжилтэй хүнийг авч ажиллуулах” талаар санал явуулахад Төрийн албаны зөвлөлөөс хариуд нь “Төрийн захиргааны алба хаагчийг түр гэрээгээр авч ажиллуулах талаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөл коронавируст цар тахалтай холбогдуулан гаргасан 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн дагуу Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад ороогүй хүнийг түр томилж ажиллуулж болно” гэсэн хариу ирсэн. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Б.Бг уг ажлын байранд түр томилон ажиллуулж эхэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 88 дугаар албан тоот, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дугаар албан тоот, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаар албан тоотуудаар нийт 3 удаа “Төрийн албан хаагчаар хууль бус томилгоо хийж томилогдсон төрийн албан хаагчийн шалгалтад ороогүй ажилтан албан хаагч нарыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор чөлөөлөхийг даалгасан” үүрэг чиглэлүүд ирсэн байдаг. Уг үүрэг чиглэлийн дагуу босоо удирдлагатай 2 албан хаагч мөн Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газраас Б.Б гэсэн 3 ажилтанд байгууллагын хуралдааны үеэр “төрийн албан хаагчийн шалгалтад орж тэнцээгүй тохиолдол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлөх” талаар 2-3 удаа тайлбарлаж байсан. Дараа нь сумын Засаг даргын Тамгын газрын хууль зүйн мэргэжилтний хамт Б.Б-г өрөөндөө дуудаж “төрийн албаны шалгалтад сайн бэлдээрэй, тэнцэхгүй бол 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгож, ажлаас чөлөөлөх үүрэг чиглэл өгснийг удаа дараа тайлбарлаж хэлж анхааруулж байсан. Увс аймгийн Баруунтуруун суманд 268 аж ахуй нэгж иргэд газар тариалалт хийсэн тул тэдгээрийн урамшууллын материал бүрдүүлэх шаардлагатай байсан тул Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар шинээр томилогдсон Засаг даргын зүгээс Б.Б-г он дуустал ажиллуулахыг даалгасан тул он дуустал ажиллуулсны дараа төрийн албаны шалгалтдаа тэнцээд хүрээд ирээрэй гээд ажлаас нь чөлөөлсөн байдаг. Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/02 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргахдаа үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь миний буруу болсон байна. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Төрийн албаны зөвлөлөөс хууль бус томилгоотой холбоотой асуудлыг дурдсан албан тоотыг бүх аймаг сумын Засаг дарга нар явуулсан байсан. Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын Засаг дарга болон тамгын газрын дарга нар хууль бус албан томилгоотой ажилтан албан хаагч нарыг чөлөөлөгдсөн байсан тул би Б.Б-г чөлөөлсөн тушаал гаргасан. Мөн Б.Бгийн зүгээс өөрийгөө агрономч мэргэжилтэй гэж хэлсэн боловч газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй байсан. Маргаан бүхий тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан ажилтан мэргэжил, ур чадварт таарахгүй гэсэн заалтын үндэслэл болгосон байдаг. 2020 оны 11 дүгээр сараас хойш өрөөндөө 3 удаа Б.Б-г дуудаж уулзаад хууль бус томилгооны талаар тайлбарлаж хэлж шалгалтад тэнцсэн байхыг үүрэг болгож байсан. Мөн 1 дэх өдрийн өглөө бүр байгууллагын хурал дээр Б.Б болон босоо удирдлагатай 2 ажилтанд дээрээс ирсэн үүрэг чиглэлийг танилцуулж тайлбарлаж байсан. Тэр үед Б.Б-гийн зүгээс ажил албан тушаалтай холбоотой ямар нэгэн тайлбар өгч байгаагүй боловч ажлаас чөлөөлөгдсөний дараа шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Б ажлаас чөлөөлөгдсөний дараа Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад хариуд нь Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 01/399 дугаар албан тоотоор “Б.Б нь төрийн албаны шалгалтад ороогүй хууль бус томилгоотой байх тул гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу ирүүлсэн байдаг. Гэтэл Б.Б нэхэмжлэл дээрээ төрийн албаны зөвлөлөөс хариу ирээгүй байх тул шүүхэд хандаж байна гэж бичсэн байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б тус шүүхэд хандан “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын дарга намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдгийг тогтоосон комиссын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар ажлаас чөлөөлсөн нь хууль бус байна” гэж тодорхойлжээ.
Хариуцагч “Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/02 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг баримталсан нь буруу болсон. Гэсэн хэдий ч Б.Б-ийн зүгээс удаа дараа ажилдаа хайнга хандаж байсан, төрийн албаны шалгалтад тэнцээгүй төдийгүй өөрийгөө агрономч мэргэжилтэй гэж хэлсэн боловч газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй байсан тул мэргэжил, ур чадварт таарахгүй гэж үзэн ажлаас чөлөөлсөн” гэх үндэслэлээр татгалзлаа илэрхийлсэн байна.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчоос гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Б.Б нь Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар “Бэлчээр, тэжээл, газар тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ээр түр хугацаагаар томилогджээ. Уг тушаалын 2 дахь заалтад Б.Б-г ТЗ-3-1 ангилалд хамаарах албан тушаалд томилж байгааг тодорхойлж тус ангиллын цалин хөлсийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэжээ.
Улмаар Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаалаар түүнийг “Бэлчээр тэжээл тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг тогтоож, төрийн албанд томилох, чөлөөлөх харилцааг зохицуулсан байдаг.
Б.Б-ийн эрхэлж байсан “Бэлчээр, тэжээл, газар тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарч байна.
Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт “Бэлчээр, тэжээл, газар тариалангийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий сул орон тоо гарч уг орон тоог Төрийн албаны тухай хуулийн 27.1.2-д заасан төрийн албан хаагчдаас нөхөх боломжгүй, мөн төрийн албан хаагчийн нөөцөд ажлын байрны шаардлага хангасан агрономич мэргэжилтэй хүн байхгүй байсан учраас МУ-ын ХААИС-ийг “Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер, технологич” мэргэжлээр суралцан төгссөн Б.Б-г албан ажлын шаардлагаар тухайн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулан түр томилсон талаар хариуцагч тайлбартаа дурджээ. Мөн тэрээр төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тухай мэдээлэл болон сонгон шалгаруулалт явуулах тухай захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн байна.
Б.Б энэ албан тушаалд түр томилогдон ажиллах хугацаандаа 2020 онд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад бүртгүүлж, орсон боловч тэнцээгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно” гэж заасан байх бөгөөд Б.Б-ийн хувьд төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор авсан төрийн албаны мэргэшлийн ерөнхий шалгалтад тэнцээгүй өөрөөр хэлбэл төрийн албанд бүрмөсөн томилогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд Б.Б-г ажил, албан тушаалаас нь үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин хууль хэрэглээний алдааг залруулж, зөвтгөх боломжтой.
Б.Б нь ажлаасаа чөлөөлөгдсөнийхөө дараа 2021 оны 03 дугаар сард зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр Төрийн албаны тухай хуулийн 33.3-д заасан төрийн албаны “тусгай шалгалт”-д хамрагдан тэнцэж, томилох эрх бүхий албан тушаалтанд төрийн албаны салбар зөвлөлөөс санал болгосны үндсэн дээр Баруунтуруун сумын ЗДТГ-ын уг сул орон тоон дээр сонгогдон томилогдох боломжтой болох юм.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ. Үүнтэй холбогдуулан маргаан бүхий захиргааны акт болох хариуцагч Баруунтуруун сумын ЗДТГ-ын даргын Б.Б-г ажлаас нь чөлөөлсөн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай тушаалын утга, агуулгыг нь өөрчлөхгүйгээр хууль хэрэглээний алдааг залруулж зөвтгөх боломжтойг дурдах нь зүйтэй байна.
Иймээс нэхэмжлэгчийн “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 25 дугаар зүйлийн 25.1, 46 дугаар зүйлийн 46.2.5, 46.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн “Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай “хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ