Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0002

 

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0002

Улаанбаатар хот

 “ЧГИК” ГХОХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З;

Нэхэмжлэгч: “ЧГИК” ГХОХХК

Хариуцагч: Монгол Улсын Сангийн сайд,

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А;

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10*  дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21*  дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 572 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З, хариуцагч Л.А, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Э нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0040/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЧГИК” ХХК-иас Монгол Улсын Сангийн сайд, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-д холбогдуулан “Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10* дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 572 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 52.1.14, 521.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧГИК” ХХК-аас хариуцагч Сангийн сайд, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.З давж заалдах гомдолдоо:

3.1. Нэг: Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай /2005 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “Сүүлийн гурван жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсаныг шүүх, энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон.” бол гэдгийг шүүх хэрэглэхдээ сүүлийн 3 жил гэдгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь тус хуулийн 14.1.4-т заасан сүүлийн 3 жил гэдэгт өнөөдрөөс тооцоход худалдан авах ажиллагаанд орсон сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны хугацааг тодорхойлж байхад шүүх үгийн шууд утгыг авч хэрэглэлгүйгээр сүүлийн 3 жилд шүүхээр тогтоогдсон гэж буруу тайлбарлан хэрэглэжэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компанийн сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 оны худалдан авах ажиллагаанд оролцохдоо гаргасан алдаа дутагдалдаа биш 2013 оны худалдан авах ажиллагаанд оролцохдоо гаргасан алдаа дутагдалыг 2015 онд улсын комисс тогтоож гэрээ цуцалсаныг 2022 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэж тендерт орох эрхийг хязгаарласан актыг хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол хэлний үг найруулгын үг зүй талаасаа ч тэр аль ч хэлбэрээр харсан сүүлийн 3 жил худалдан авах ажиллагаанд алдаа гарсаныг шүүх тогтоосон гэж ойлгогдож байхад хэзээ ч юм алдаа гарсаныг сүүлийн 3 жил шүүх тогтоосон гэж шүүх үзээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

3.2. Хоёр: Шүүх хэрэглэх боломжгүй хууль хэрэглэсэн талаар:

Шүүхийн шийвэрийн үндэслэх хэсгийн 13 дугаарт “... улмаар хариуцагч нь зам барилгын ажлын доголдолыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ЧГИК” ХХК-д бичгээр мэдэгдсэн байна. Дээрх үйл баримтуудаар “ЧГИК” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ зөрчсөн буруутай болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч “Зам тээврийн хөгжлийн яам” нь Иргэний хуулийн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасны дагуу “гэрээг цуцалж, учирсан хохирлыг төлүүлэхээр шаардах эрхтэй.” гэж дүгнэснээс үзвэл нэхэмжлэгч “ЧГИК” ХХК-ийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гарсаныг дүгнэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна.” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь: Дээр дурдсан Иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хохирол шийдвэрлэж гарсан шүүхийн шийдвэр ба тус шийдвэрт “ЧГИК” ХХК-ийн буруутай үйлдэл нь тогтоогдож байна гэх дүгнэлт болоод тогтоосон зүйл огт байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мэтээр үзэж шийдвэрээ гаргасан нь гэм буруутай этгээдэд оноосон шийтгэл нь хийсэн гэм буруутай үйлдэлд дүйцэх ёстой шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 210/МА2022/00930 дугаар магадлалын үндэслэх хэсэгт...” 4. Хариуцагч “ЧГИК” ХХК гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаар Зам тээвэр хөгжлийн яамнаас 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажлын хэсэг ажиллаж, 9 төрлийн ажлыг засах үүрэг өгч, үүний дараа дахин ажлын хэсэг болон улсын комисс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрүүдэд ажиллаж улмаар хариуцагч нь зам барилгын ажлын доголдолыг удаа дараа арилгаагүй тул нэхэмжлэгч гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ЧГИК” ХХК-д бичгээр мэдэгдэж гэрээ цуцалсан. Эндээс үзэхэд 2015 онд улсын комисс гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна гэж тогтоосон бол 2016, 2017, 2018 онд эрх хязгаарлах арга хэмжээ авах байсан ингэж аваагүй нь нэхэмжлэгчийн алдаа биш бөгөөд арга хэмжээ авах хугацааг хуульд зааснаар дууссан гэж үзэх үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-т заасан 3 жилийн хугацаа дуусгавар болсон буюу хөөн хэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл аль 2015 онд Улсын комисс тогтоогоод шийдвэрлэсэн асуудал дээр 2024 онд улсын байцаагч дүгэнэлт гаргаж эрх цуцлаж байгаа нь үндэслэлгүй ба үүнийг шүүх үндэслэх хэсэгтээ дурдаад үйл баримтаар тогтоогоод байж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

3.3. Гурав: Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаар:

Улсын байцаагч Зам тээврийн яамны захиалгаар хяналт шалгалт хийхдээ дараах алдааг гаргасан байна. Хяналт шалгалт хийх тухай удирдамж 2023 оны 8-р сарын 21-ний өдөр гарсан байна. Удирдамжид хяналт шалгалтыг удирдамж гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны 9-р сарын 20-ны өдрийн дотор хийхээр заасан. Гэтэл энэ хугцааанд хяналт шалгалт хийгээгүй. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ.” гэж заасныг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл Зам тээврийн яамнаас 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 03/138* мөн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03/138*-ны албан бичгүүдээр хяналт шалгалт хийлгэх ёстой байсан ч энэ албан бичгийн дагуу хяналт шалгалт огт хийгдээгүй. Мөн дутуу бүрэн бус материал дээр дүгнэлт хийсэн нь шүүх хуралдааны явцад илэрхий болсон.

Нэгэнт хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан хугацаанд хяналт шалгалтыг эхлүүлээгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн дүгнэлт гаргасан байх тул уг дүгнэлтийг үндэслэж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т “Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон, сүүлийн 3 жилийн хугацаанд авлигын гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тогтоосон нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно.” гэж заасныг зөрчсөн тул хууль бус гэж үзнэ. Мөн улсын байцаагчийн дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.1 дэх хэсэгт “утга агуулгын илэрхий алдаатай.” гэж зааснаар захиргааны акт илт хууль бус болно.

Өөрөөр хэлбэл Улсын байцаагчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж дүгнэсэн атлаа 2 дахь заалтаараа бүртгэлд оруулах санал гаргаж байгаа нь утга агуулгын илэрхий алдаа байна. Энэ нь техникийн алдаа, эсхүл зөрчилтэй дүгнэлтээс үл хамаарч маргаан бүхий актад бичигдсэн агуулгыг шууд утгаар нь ойлгоно. Ийнхүү улсын байцаагчаас дүгнэлтийнхээ 1 дэх хэсгээр “хуулийн 14.1.4 дэх хэсэгт хамаарахгүйг тогтоож, 2 дахь заалтаараа тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан тул захиргааны актын зорилго тодорхой бус, хэн рүү чиглэсэн, ямар үр дагавар үүсгэх гэж байгаа нь тодорхойгүй учраас зорилгодоо нийцээгүй гэж үзэхээс гадна, хоорондоо зөрчилтэй” захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

3.4. Дөрөв: Сангийн сайдын тушаалын талаар:

Засгийн газрын 2019 оны 247 дугаар тогтоолоор баталсан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх”-ээр журамласан байна. Өөрөөр хэлбэл Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр саналаа хүргүүлсэн байна. Гэтэл журам ёсоор бол 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сайдын тушаал гарч бүртгэж ёстой энэ хугацааг хэтрүүлсэн байна. Улсын байцаагчаас зөрчилтэй “ЧГИК” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан байхад Сангийн сайд нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21*  дугаар тушаалаар тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулахаар шийдвэрлэсэн эрх зүйн зөрчилтэй акт гэж үзнэ.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0572 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд  анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Маргааны үйл баримтын тухайд:

2.1. Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Хяналт шалгалт хийх тухай” 03 дугаартай Худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамжийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч, захиалагч болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу тендерт оролцогч, гүйцэтгэгч нь худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн эсэхийг шалгах зорилгоор нийт 107 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийх ажлын хэсгийг 6 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэй байгуулж, үүний дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд “ЧГИК” ГХОХХК-д хяналт шалгалтыг хийж, 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10* дугаар дүгнэлтээр “...гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх ...тогтоосон” гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт гаргасан байна.

2.2. Уг дүгнэлтийн 2 дахь заалтаар нэхэмжлэгч “ЧГИК” ГХОХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, үүнийг үндэслэн Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” 21* дугаар тушаалын 49 дугаарт “ЧГИК” ГХОХХК-ийг хамруулжээ.

2.3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10*  дугаар дүгнэлт болон уг дүгнэлтийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21*  дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...улсын байцаагчийн санал, дүгнэлт нь үндэслэл бүхий, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй. ...манай компани 2013 онд тендерт оролцож тухайн тендерийн ажлыг хийж дууссан бөгөөд 10-аад жилийн өмнөх асуудалд одоо дүгнэлт хийж байгаа нь биелэгдэх боломжгүй, хууль бус гэж үзэж байна” гэж тодорхойлжээ.

3. Маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1. Монгол Улсын Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10*  дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.2. Захиалагч Зам, тээврийн хөгжлийн яам нь тендерийн ерөнхий нөхцөлийг магадлах явцад зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж тендер ирүүлсэн тохиолдолд худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хандаж, уг асуудлыг шалгаж, тогтоолгох учиртай.

3.3. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас Сангийн яамны Хууль, эрх зүйн газарт 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/138*, 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/374* дугаар албан бичгээр гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн талаарх судалгааг жагсаалтын хамт хүргүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр ханджээ. /1 хх-ийн 116-119 дэх талд/

3.4. Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.” гэж заасны дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 03 дугаартай удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-т заасан худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлж, хяналт шалгалтыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах, буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхээр дүгнэлт гарган, холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах эсэх санал гаргах зорилгоор хяналт шалгалт хийж, маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтийг гаргажээ.

3.5. Энэхүү дүгнэлтийн Үндэслэх хэсэгт “...магадлалын 5.б-д “...“ЧГИК” ХХК нь тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын хувьд чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн “НЗ” ХХК-ийн замын барилгын ажил дээр буталсан чулуун суурь, асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэх нь замын чанарт нөлөөлнө гэдгийг мэдсээр байж уг ажлыг хийж гүйцэтгэн захиалагчид хохирол учруулсан байх тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь   хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан “гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх ... тогтоосон” гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2, 521.2.1, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасантай нийцсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.

3.5.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, анх нэхэмжлэгч “ЧГИК” ГОХХК нь Худалдан авах ажиллагааны газраас зарласан ХААГ-А-2013/ХХ-5 дугаар бүхий “Ө-Ч чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам” /Х/-ын барилгын ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч, 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зам барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг Зам, тээврийн яам болон Худалдан авах ажиллааны газартай байгуулж, улмаар уг гэрээг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинэчилж, ажлыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж өгөхөөр талууд тохиролцсоны дагуу “ЧГИК” ХХК гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргаснаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас байгуулагдсан ажлын хэсэг зам барилгын ажлыг шалгаж “...дутуу, доголдолтой чанаргүй гүйцэтгэсэн ажлыг засах үүрэг даалгаврыг бүрэн биелүүлээгүй алдаа дутагдлыг засах үүрэг болгосон” боловч уг доголдлыг арилгаагүй тул дээрх гэрээг цуцалж, энэ талаар 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “ЧГИК” ГОХХК-д мэдэгджээ. /101/2016/09045/и индекстэй иргэний хэрэг, 1хх-ийн 09-35, 135-154 дэх талд/

3.5.2. Улмаар Зам, тээврийн хөгжлийн яам “ЧГИК” ХХК-д холбогдуулан “Замын ажлын доголдол арилгах зардалд 22,498,896,382 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, уг иргэний хэргээр нэхэмжлэгчийг “Ө-Ч чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам” /Х/-ын барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчид доголдолгүй үр дүн шилжүүлэх гэрээ зөрчсөн буруутай болохыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1005 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 930 дугаар магадлал /Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 771 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалсан/-аар тогтоосон, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдтэй байна.

3.6. Хэдийгээр хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А маргаан бүхий улсын байцаагчийн 2023 оны 10*  дугаар дүгнэлтийн 1 дэх хэсэгт: “...“ЧГИК” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэх үндэслэлгүй байна” гэснийг хариуцагчаас “...маргаан бүхий үйл баримтыг дүгнэлтийн Үндэслэх хэсэгтээ зөв дүгнэсэн атлаа дүгнэлт хэсэгт техникийн алдаа гаргаж, “...үндэслэлгүй” гэж бичигдсэн” гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...улсын байцаагчийн дүгнэлт нь захиргааны актын зорилго тодорхой бус, хэн рүү чиглэсэн, ямар үр дагавар үүсгэх гэж байгаа нь тодорхойгүй учраас зорилгодоо нийцээгүй гэж үзэхээс гадна, хоорондоо зөрчилтэй ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт “утга агуулгын илэрхий алдаатай.” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3.7. Энэ талаар анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч “ЧГИК” ГХОХХК-ийг худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг дүгнэсэн шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна.” гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэгт авагдсан Г банкны “Огноо: 2023.03.01. Гүйлгээний утга: “ЧГИК” ХХК, 5239397, 223811 6/187, Нийслэлийн шүүхийн ший” гэсэн тэмдэглэгээ бүхий 2,193,311.50 төгрөгийн гүйлгээ хийгдсэн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрээр тогтоосон зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

3.8. Нөгөөтээгүүр, дээрх хяналт шалгалт хийх 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаар удирдамжийн “Зургаа. Хяналт шалгалт хийх хугацаа” гэсний доор “Хяналт шалгалтыг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 30 хоногт багтаан гүйцэтгэнэ. Шаардлагатай бол хяналт шалгалт хийх хугацааг 30 хоногоор сунгаж болно” гэсэн байх ба үүний дараа Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 04 дугаартай удирдамжаар дээрх хяналт шалгалт хийх хугацааг дахин 30 хоногоор сунгасан байх бөгөөд хяналт шалгалт нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй болох нь нотлогдож байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.9. Мөн нэхэмжлэгч “ЧГИК” ХХК-иас улсын байцаагчийн дээрх хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гаргасан гомдлын хариуг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/852* дугаар албан бичгээр “...шүүхээс гарсан шийдвэрийг үндэслэн дүгнэлт гаргасан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж шийдвэрлэсэн” байна. /1хх-ийн 91 дэх талд/

4. Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21*  дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “Энэ хуулийн дагуу худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхэлж, дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 52.1.14-т “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.”, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Тендерт оролцогч ...илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон ...нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, 2.2-т “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ”, 2.3-т “Эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хөтөлнө.”, 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ”, 2.5-т “Иргэн, хуулийн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах хугацаа нь энэ тухай төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр гарсан өдрөөс хойш 3 (гурван) жил байна.” гэж тус тус заажээ.

4.2. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийн дагуу Монгол Улсын Сангийн сайд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, хяналт тавих үүргийн дагуу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 21*  дугаар тушаалаар нэхэмжлэгч “ЧГИК” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдүүдийн жагсаалтад 3 жилийн хугацаатай бүртгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 52 дугаар зүйлийн 52.1.14, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 2.5-т заасантай нийцсэн байна.

4.3. Дээрхээс дүгнэн үзвэл, нэхэмжлэгч “ЧГИК” ХХК нь худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь иргэний хэргийн шүүхээр тогтоогдсон, мөн Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 10*  дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан ерөнхий нөхцөлийг хангаагүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргаж, түүнийг бүртгэсэн Сангийн сайдын тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

4.4. Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хууль болон холбогдох журмыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2024/0572 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                        О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                        Т.ЭНХМАА