Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 73

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Д.Ганчимэг,

шүүгдэгч О.Нарантуяа,

хохирогч Э.Мөнхзул нарыг оролцуулан тус шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Орсоогийн Нарантуяад холбогдох эрүүгийн 201608000174 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Бугант суманд 1989 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Бизнес удирдлага-санхүүгийн менежмент мэргэжилтэй, одоо Сүмбэр-Алт ХХК-нд нягтлан бодогч, менежер ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12-2-30 тоотод түр оршин сууж байгаа, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд сахилтын 33-455а тоотод оршин суудаг гэх албан ёсны бүртгэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны “Тэргүүний санхүүч”, Монголын Залуучуудын Эвлэлийн “Тэргүүний залуу” зэрэг шагналуудаар шагнагдаж байсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, МТ89041201 дугаарын регистртэй, Боржигон овгийн Орсоогийн Нарантуяа

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч О.Нарантуяа нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын 307 тоот ажлын өрөөнөөс хохирогч Э.Мөнхзулын “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч О.Нарантуяагийн:

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дарга дуудаад актын төлбөр төлсөн баримт олдохгүй байна гэхээр нь би хүүхдээ дагуулаад ажил руугаа очсон. Манай ажлын интернет болохгүй. Э.Мөнхзулын өрөө рүү очиж интернетээр нь шилэн дансаа шалгах гэтэл бас болохгүй байсан. Буцаж өрөө рүүгээ ороод даргатайгаа уулзаад Төрийн банкинд очиж мөнгө тушаачихаад, буцаж дарга дээр ирж баримтаа өгчихөөд хүүхдээ аваад Э.Мөнхзулын өрөө рүү орсон. Э.Мөнхзул байхгүй болохоор нь утсыг нь аваад гарсан гэв.

 

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Э.Мөнхзулын:

2016 оны 10 дугаар 28-нд 15 цаг 30 минутанд Тамгын газрын 3-н давхарын 307-н тоот  ажлын байрнаас миний гар  утас  алга болсон. Би үдийн цайндаа явж ирчихээд 14 цагийн үед ажилдаа ирэхэд Нараа өөдөөс наашаа  харцан явж байсан, сайн уу юу? хийж явж байгаа юм бэ гэхэд  ажлаар ирж байна гэсэн. Нараа төрийн сангийн өрөөгөөр орсон, би ажлынхаа өрөө рүү орсон. Нарааг ажлаа хүлээлгэн өгөх гэж ирсэн байна гэж бодсон. Төд удалгүй Нараа орж ирээд юм ярьж байгаад гараад явсан. Тэгээд төд удалгүй ахиад орж ирсэн, танай интернет ажиллаж байгаа юу? би шилэн данс руу орох гэсэн юм гээд шилэн данс руу орсон. Тэгтэл шилэн данс болохгүй байна гээд Нараа гараад явсан. Би банк руу орж мөнгө авсан. Ажлынхаа өрөөнд байж байтал Нараа хүүхэдтэйгээ орж ирсэн.  Нөхөр нь утсаар залгасан, чи ирэх болж байна уу? би ажилтай байна ирж хүүхдээ ав, хурдан ир гэсэн. Тэгээд хүүхэд нь уйлаад манай өрөөний сандал дээр сууж хүүхдээ хөхүүлсэн. Одончимэг мэргэжилтэн орж ирээд чамайг  Ичинноров дарга дуудаж байна гэсэн. Тэгээд Нараа гараад явсан. Төд удалгүй би хаалгаа хааж гараад Ичиноров дарга дээр очиж уулзсан. Тэгээд өрөөндөө орж ирээд шургуулгаа татсан чинь миний утас байхгүй байсан. Буцаж гараад Нарааг миний утсаар ярих гэж аваад гарсан гэж бодсон. Одонтуяа мэргэжилтэн Нараа явчихсан гэж хэлсэн. Тэр хавиараа хайгаад олдоогүй, Одонтуяа даргын утсаар  ээж рүүгээ залгаад ээжээ би утсаа алга болгочихлоо гээд ярьсан. Та надаа цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Цагдаа дуудаад төд удалгүй ирж мэдүүлэг авсан. Шүүхийн шинжээч нар ирсэн шургуулганаас гарын хээ авсан.

Миний хувьд О.Нарантуяатай сайн дураараа эвлэрсэн. Нарантуяа надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Утсаа бүрэн бүтэн хүлээгээд авчихсан болохоор санал гомдол болоод хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. О.Нарантуяагаас нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Э.Мөнхзулын:

"...Би тэр өдөр 12 цаг 30 минут өнгөрч байхад цайндаа яваад 14 цаг болох гэж байхад ажил дээрээ ирээд өрөөндөө орох гэж байтал хуучин манайд ажиллаж байгаад гарсан Нарантуяа гэдэг эмэгтэй хүүхдээ тэвэрчихсэн манай хажуу талын Санхүү төрийн сангийн хэлтсийн өрөөний үүдэнд надтай таараад мэндлээд өнгөрсөн. Тэгээд  дараа нь манай өрөөнд хүүхэдтэйгээ орж ирж юм ярьж байгаад удалгүй гараад явсан. Дараа нь ганцаараа орж ирээд “танай интернет ажиллаж байна уу? шилэн данс руу орж үзэх гэсэн юм” гэхээр нь би босоод сандлаа тавьж өгсөн. Нарантуяа миний ширээн дээр сууж интернет оролдож байснаа шилэн дансруу орох гэсэн чинь болохгүй байна гээд буцаад гараад явсан. Нарантуяаг гарсны дараа би өрөөгөө цоожлоод Хаан банкны АТМ-ээс мөнгө аваад буцаж ирээд өрөөндөө орсон. Тэгээд байж байтал Нарантуяа дахиад хүүхэдтэйгээ орж ирээд суух гэтэл хүүхэд нь уйлад байсан. Нарантуяа өрөөний үүдэнд байдаг сандал дээр сууж хүүхдээ хөхүүлээд утсаар ярьж байсан. Тэр үед би ширээнээсээ утсаа гаргаж ирээд миний утасны интернет болохгүй байна гэж хэлж байсан. Нарантуяа сонссон эсэхийг мэдэхгүй. Тэгээд би утсаа буцааж шургуулгандаа хийчихээд бид хоёр юм яриад сууж байтал Ичинноров дарга Нарантуяаг дуудаж байна гэж Одонтуяа эгч манай өрөөгөөр шагайж хэлчихээд гарсан. Тэгээд Нарантуяа өрөөнөөс гарахаар нь би бие засах гээд өрөөнөөсөө гартал Ичинноров дарга намайг өрөөнөөсөө дуудаад мөнгөө өг гэхээр нь би буцаж өрөөндөө орж мөнгө аваад Ичинноров даргад өгсөн. Намайг ороход Нарантуяа Ичинноров даргын өрөөнд сууж байсан. Тэгээд би дөрвөн давхарт байдаг бие засах өрөөрүү орчихоод тэндээсээ Хууль зүйн хэлтсийн өрөөрүү орж ус авчихаад буцаад өрөөндөө орж ирсэн. Тэр хооронд 10 орчим минут болсон байх. Нэг их удаагүй. Тэгээд ширээний шургуулгаа нээж үзтэл цэнэглэж орхисон утас алга болчихсон байхаар нь Нарантуяаг миний утсаар ярих гээд авсан байж магадгүй гэж бодоод мэргэжилтэн Одонтуяагаас Нарантуяаг асуутал түрүүнд гараад явчихсан гэхээр нь буцаж бичиг хэргийн өрөөрүү орж архивын тасгийн дарга Одонтуяад миний утас алга болчихлоо гэж хэлээд утсаар нь өөрийнхөө 99296313 дугаарлуу залгатал холбогдох боломжгүй гэсэн хариу өгч байсан. Өөр хүн орж ирээгүй Нарантуяа л орж ирсэн. Нарантуяа ажлаасаа 10 дугаар сарын эхээр гарсан юм. Тэгээд би Нарантуяаг дутуу зүйлээ хүлээлгэж өгөх гэж яваа юм байна гэж бодсон. Надад бол ажлаар ирсэн гэж хэлсэн. Манай 3 давхарт хяналтын камер байдаг боловч тэр нь ажилладаггүй. Би утсаа 2016 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Теди төвөөс шинээр нь 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Содон шинж тэмдэг гэх зүйлгүй. Гадуур нь резинэн гэртэй. Гэр нь ягаан өнгийн эрвээхийний зурагтай байсан. Утасных нь хайрцаг сав байгаа. Хараагүй болохоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Гомдолтой байна. Утсаа олж авмаар байна...” /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн хохирогч Э.Мөнхзулын: 

"...Миний хулгайд алдсан гар утас мөн. Хайрцагных нь имей кодтой тулгаж үзэхэд таарч байна. Алдсан утсаа бүрэн бүтэн хүлээж авлаа. Алдагдсан утас болон гадуур гэр нь мөн байна. Дотроо Мобиком болон Юнителийн сим карт нь хэвээрээ байна. Миний хувьд О.Нарантуяатай сайн дураараа эвлэрсэн. Нарантуяа надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Утсаа бүрэн бүтэн хүлээгээд авчихсан болохоор санал гомдол болоод хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. О.Нарантуяагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн О.Нарантуяагийн: 

"...Би аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд дотоод аудиторын ажил хийж байгаад 10 дугаар сарын эхээр ажлаасаа гарсан. Тэр өдөр хуучин ажлаас намайг дуудаад Аудитын газраас тавьсан актын төлбөр  төлсөн баримт олдохгүй байна гэхээр нь би дансны хуулга шалгахаар очсон. Тэгээд Ичинноров даргатай уулзчихаад дараа нь Мөнхзулын өрөөрүү орж Мөнхзултай уулзаж өрөөнд нь юм ярьж сууж байхдаа хүүхдээ хөхүүлчихээд буцаад даргынхаа өрөөнд орж дансны хуулга олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ даргадаа орхичихоод Тамгын газрын нэг давхарт байдаг Төрийн банзинд актын төлбөрийн үлдэгдэл болох 325000 төгрөгийг тушаасан. Тэгээд буцаж даргын өрөөнд орж мөнгө тушаасан баримтаа даргад өгсөн. Тэгээд тэндээсээ Мөнхзулын өрөөнд ороход Мөнхзул өрөөндөө байхгүй байсан. Тэгэхээр нь Мөнхзулын ширээнийхээ шургуулганд цэнэглэж орхисон байсан утасных нь цэнэглэгчийг салгаад утсыг нь авч халаасандаа хийгээд тэндээсээ шууд гэрлүүгээ явсан. Би тэр утсыг өөрөө хэрэглэе гэж бодоод л авчихсан юм. Намайг Мөнхзулын өрөөнөөс гарахад коридорт ямарч хүн байгаагүй. Би дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хохирогч Э.Мөнхзулаас уучлалт гуйсан. Авсан гар утсаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч О.Нарантуяагийн: 

"...Би 2015 оны 03 дугаар сараас аймгийн Санхүүгийн хяналт аудитын албанд дотоод аудиторын ажил хийж байгаад 2016 оны 10 дугаар сарын эхээр ажлаасаа гарсан. Би жирэмсний амралт авсан хүний оронд түр ажиллаж байсан юм. Тэр өдөр 13 цаг өнгөрч байхад хуучин ажлаас намайг дуудаад Аудитын газраас тавьсан актын төлбөр  төлсөн баримт олдохгүй байна гэхээр нь би дансны хуулга шалгахаар очсон юм. Тэгээд Ичинноров даргатай уулзчихаад дараа нь Мөнхзулын өрөөрүү орж Мөнхзултай уулзаж өрөөнд нь юм ярьж сууж байхдаа хүүхдээ хөхүүлчихээд буцаад даргынхаа өрөөнд орж дансны хуулга олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд хүүхдээ даргадаа орхиод Тамгын газрын нэг давхарт байдаг Төрийн банкинд актын төлбөрийн үлдэгдэл болох 325000 төгрөгийг тушаасан. Тэгээд буцаж даргын өрөөнд орж мөнгө тушаасан баримтаа даргад өгсөн. Тэгээд тэндээсээ Мөнхзулын өрөөнд орж интернетрүү орж дансны хуулга шалгаж үзчихээд буцаж гараад даргын өрөөнд ортол хүүхэд уйлж байхаар нь хүүхдээ аваад Мөнхзулын өрөөнд ороход Мөнхзул өрөөндөө байхгүй байсан. Тэр үед 15 цаг өнгөрч байсан. Тэгэхээр нь Мөнхзулын ширээнийхээ шургуулганд цэнэглэж орхисон байсан Самсунг галакси жи-7 маркийн гар утсыг нь цэнэглэгчээс нь салгаад утсыг нь авч куртикны халаасандаа хийгээд тэндээсээ шууд гэрлүүгээ явсан. Гэртээ очоод шкафандаа хийсэн. Энэ талаар нөхөртөө болон өөр хүнд хэлээгүй. Би тэр утсыг өөрөө хэрэглэе гэж бодоод авсан юм. Дараа нь намайг цагдаа дуудаж сэжигтнээр тооцож байцаалт авсны маргааш авсан утсаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би 2014 онд Улаанбаатар хотын Гранд смарт ХХК-д ажиллаж байхдаа 52,8 сая төгрөгийн дутагдал гаргасан хэргээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 903 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн. Би тухайн үед жирэмсэн байсан болохоор 2 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг хойшлуулсан байсан ба Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст захиргааны хяналтанд байсан. Би 2014 оны 12 дугаар сараас эхлэн Говьсүмбэр аймагт нөхөр хүүхдийн хамт түр амьдарч байгаа. Хүү Н.Амин-Эрдэнэ одоо 11 сартай, гэртээ байдаг. Нөхөр Мөнх-Эрдэнэ одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би Мөнхзулаас уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

2.3. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дүгнэлтэнд:

          “...Самсунг галакси жи-7 маркийн гар утас нийт 500.000 төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов...” /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 007/095 дугаартай дүгнэлтэнд:

"... Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Энхтайван овогтой Мөнхзулын “МN003210005429” кодтой дугаар гарын мөрийн баруун гарын алганы мөрөөр дарагдсан байна...” /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд 

3.1. гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2, 5-7 дугаар хуудас/,

3.2. эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Э.Мөнхзулд гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

3.3. *353236/07/603768/1* IMEI кодтой гар утсанд үүрэн телефоны дугаар ашигласан эсэх лавлагаа, арилжааны банкууд дахь О.Нарантуяагийн эзэмшдэг дансны болон үлдэгдлийн мэдээлэл, О.Нарантуяагийн нэр дээрх тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, О.Нарантуяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, Сүмбэр Алт ХХК-ний тодорхойлолт, Нарантуяагийн Амин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар, О.Нарантуяагийн бакалаврын дипломын хуулбар,

3.4. ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, О.Нарантуяад холбогдох гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар хайлтын системд хайсан тэмдэглэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 903 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,

3.5. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтсийн хороо хариуцсан дэд ахлагч Б.Тэмүүлэнгийн илтгэх хуудас /хх-ийн 32-64 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүгдэгч О.Нарантуяа нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Сүмбэр сумын 3 дугаар багт байрлах Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын 307 тоот ажлын өрөөнөөс хохирогч Э.Мөнхзулын “Самсунг галакси жи-7” маркийн гар утсыг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Э.Мөнхзулын ...ширээний шургуулгаа нээж үзтэл цэнэглэж орхисон утас алга болчихсон байхаар нь Нарантуяаг миний утсаар ярих гээд авсан байж магадгүй гэж бодоод..., ...Өөр хүн орж ирээгүй Нарантуяа л орж ирсэн..., ...Миний хувьд О.Нарантуяатай сайн дураараа эвлэрсэн. Нарантуяа надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн...,

 

сэжигтэн, яллагдагч О.Нарантуяагийн ...Мөнхзулын өрөөнд ороход Мөнхзул өрөөндөө байхгүй байсан. Тэгэхээр нь Мөнхзулын ширээнийхээ шургуулганд цэнэглэж орхисон байсан утасных нь цэнэглэгчийг салгаад утсыг нь авч халаасандаа хийгээд тэндээсээ шууд гэр лүүгээ явсан..., ...Хохирогч Э.Мөнхзулаас уучлалт гуйсан. Авсан гар утсаа бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн..., ...Гэртээ очоод шкафандаа хийсэн. Энэ талаар нөхөртөө болон өөр хүнд хэлээгүй..., ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна... зэрэг мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тус тус хангалттай тогтоогдож байна.

 

Дүгнэвэл: Шүүх шүүгдэгч О.Нарантуяагийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий ч хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлтээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч О.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч О.Нарантуяа нь урьд өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 903 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байдаг ба шүүгдэгч О.Нарантуяагийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн учир 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт хамаарч байх тул түүнд шүүхээс хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанаас үлдэх хугацааг хамааруулж, түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, хохирогч Э.Мөнхзул нь шүүгдэгч О.Нарантуяатай сайн дураараа эвлэрсэн зэрэг байдлыг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч О.Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2.,

283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297., 299

дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигон овгийн Орсоогийн Нарантуяаг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овгийн Орсоогийн Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Боржигон овгийн Орсоогийн Нарантуяа нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэнийг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

6. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Боржигон овгийн Орсоогийн Нарантуяад урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                           Ш.ГАНДАНСҮРЭН