Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/767

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Я.Г нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц*** овогт Я.Г-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210014841166 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц*** овогт Я.Г нь Монгол Улсын иргэн, **** оны оны ** дугаар сарын **-ний өдөр * аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл*, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, * хотхоны * тоотод оршин суух бүртгэлтэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Я.Г нь 2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны гадаа Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын эзэмшлийн “Ренаулт Дастер” маркийн **** УБВ улсын дугаартай автомашины хойд талын салхины шилийг хууль бус аргаар буюу санаатайгаар өшиглөж гэмтээн бусдад 568,993 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Я.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210014841166 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01:45:02 цагт “нөхөр согтуу агсраад байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

2. Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол (хавтаст хэргийн 33 дугаар хуудас),

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Хюндай Дастер” маркийн **** УБВ улсын дугаартай албаны автомашин нь 2019 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсад оруулж ирж цагдаагийн байгууллагад ашиглагдаж байгаа бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын өмчлөлд байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын эзэмшилд ирсэн автомашин байгаа юм. ... Хюундай Дастер маркийн **** УБВ улсын дугаартай албаны автомашины арын цонхийг 2022 оны 06 дугаар сарын 12-00с 13-нд шилжих шөнө зөрчил үйлдсэн тэгээд хагалж гэмтээсэн талаар тухайн үед нь мэдсэн бөгөөд талаар тухайн үед нь мэдсэн бөгөөд тухайн үедээ машины цонхийг өшиглөж хагалсан хүн төлж барагдуулсан бөгөөд хэдэн төгрөгөөр шил авч хийснийг нь мэдэхгүй байна. ...Манай байгууллагын өмч болох **** УБВ дугаартай автомашины шилийг төлж барагдуулсан учраас манай зүгээс ямар нэгэн санал, гомдол байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

4. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр орой ээлжээ хүлээн авсан бөгөөд надтай хамт хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Тэмүүлэнгийн хамт Арцат 111 дүгээр чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн энэ хугацаанд 01 цагийн орчим байх гэж санаж байна Арцат 10-аас Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо *** хотхоны ** дүгээр байрны ** тоотод “нөхөр согтуу агсан тавиад байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу дэслэгч Тэмүүлэнгийн хамт шалгахад эхнэр нь гэх эмэгтэй манай нөхөр агсан тавиад амраахгүй байгаа учраас дуудлага өгсөн нөхөртөө санал гомдол байхгүй, зүгээр эрүүлжүүлээд өгөөч гэж хэлсэн, тэгэхээр нь та араас цагдаагийн хэлтэс дээр ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй гэж хэлсэн боловч би шалгуулахгүй зүгээр эрүүлжүүлээд өгөөч гэснийх нь дагуу Я.Г гэх хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр авч гараад албаны **** УБВ улсын дугаартай машины ар талд суулгасан, тэгээд хаалгыг нь хаасан чинь дотор талаас нь машины баруун хойд хаалганы цонх 2-3 удаа өшиглөөд л цонх хагалсан, тэгээд тухайн иргэнд шаардлага тавихад ойлгож байгаа ч шинж байхгүй, агсраад, орилоод байхаар нь гарыг нь ард нь гавласан тэгээд эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Иргэн Я.Г согтуурлын зэргийг шалгах багаж үлээх чадваргүй согтуу байсан учир шууд эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн байгаа. ...Иргэн Я.Г цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн болон биед халдсан асуудал бол гаргаагүй, машины цонх дотор талаас өшиглөж хагалсан байгаа ямар учраас өшиглөж хагалсныг нь бол мэдээгүй, Тэмүүлэн бид хоёртой ямар нэгэн маргаан гаргаагүй байсан, цонх өшиглөх үед нь Т бид хоёр иргэн Г-д ямар нэгэн шаардлага тавиагүй. ...Г машины цонхийг шиллэж өгсөн байгаа, **** УБВ улсын дугаартай албаны автомашин одоо манай хэлтсийн Зайсан 111 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

5. Гэрч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орой 20 цагт Арцат 111 дүгээр чиглэл буюу *** УБВ улсын дугаартай автомашинтайгаар дэд ахлагч Ж.Б-ын хамт үүрэг гүйцэтгэсэн. ...2022 оны 06 дугаар сарын 13-ны 01 цагийн орчим нөхөр агсан тавиад байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** хотхоны ** дүгээр байрны ** тоотыг шалгахад иргэн Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэрийнхээ үүдэнд байж байсан бөгөөд эхнэртэй нь уулзахад нөхрөө эрүүлжүүлмээр байна, өөр санал хүсэлт байхгүй гэсэн ба та очиж мэдүүлэг өгөх ёстой гэхэд би өнөөдөр амжихгүй, надад санал гомдол байхгүй, зөвхөн эрүүлжүүлээд өг гэсний дагуу нөхөр Г-ийг Б бид хоёр албаны **** УБВ улсын дугаартай машин суулгаад арын хаалгыг хаахад машин дотор талаас баруун хойд талын цонхыг өшиглөж хагалсан, тэгээд иргэн Г-ийг эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...Иргэн Я.Гнь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээгүй, Б бид хоёрын биед халдсан зүйл байхгүй бөгөөд машины хойно суулгасан чинь дотор талаас нь хаалганы шил өшиглөж хагалсан байгаа. ...Г машины цонхыг шиллэж өгсөн байгаа, **** УБВ улсын дугаартай албаны автомашин одоо манай хэлтсийн Зайсан 111 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа. Надад өөр нэмж ярих байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

6. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 12-оос 23-нд шилжих шөнө иргэн Я.Г нь ар гэртээ агсан тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн мөн цагдаагийн албаны машины цонхийг өшиглөж хагалсан гэх иргэн Я.Г-ийг энэ оны 06 дугаар сарын 13-ны өглөө эрүүлжүүлэх байрнаас авч,зөрчлийн холбогдогчоор мэдүүлэг авсан ба дуудлага өгсөн иргэн Ж.Б-аас мэдүүлэг авахаар түүний дугаар луу залгахад би Ж.Б нь гар утсаа авч би очиж чадахгүй, манай нөхөр үглээд амраадаггүй учраас эрүүлжүүлэхээр л дуудлага өгсөн, би очиж уулзаж чадахгүй, ажилтай байна, надад санал гомдол байхгүй, зав гарвал очиж уулзъя гээд утсаа салгасан боловч ирж уулзаагүй ба машины цонхны үнэлгээ хийлгэхэд 568,993 төгрөг гарсан учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэсэн үндэслэлээр харьяаллын дагуу мөрдөн байцаах тасагт шилжүүлэх саналтай хүргүүлсэн бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх асуудлыг нь шалгахад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь тогтоогдоогүй учраас Я.Г-д зөрчлийн хуулиар ямар нэг арга хэмжээ аваагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

7. Яллагдагч Я.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байгаад хөргөгчид байсан архинаас 300 грамм орчмыг уусан байх ба гэж санаж байна, тэгээд байж байтал эхнэр орой гэртээ ирээд намайг архи уулаа гээд уурласан, тэгээд би үлдсэн жоохон архийг нэмж уугаад, ер нь бол тасарчихсан байсан тэгээд маргааш өглөө нь цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тэгээд надад нэг цагдаа машины цонх өшиглөж хагалсан талаар хэлсэн бөгөөд би тухайн үед намайг очиж авсан цагдаатай уулзсан, мөн цагдаагийн машиныг нь харахад баруун хойд талын хаалганы шил хагарсан байсан бөгөөд би тэр машины шилийг нь шиллүүлж өгсөн байгаа ба би машины шилийг шиллэж өгснөөс хойш би ахиж цагдаа нартай уулзаагүй ба би наадам өнгөрөөгөөд хөдөө явсан тэгээд сая 10 сард Улаанбаатар хотод ирсэн юм. ...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр би архи уусан байсан ба эхнэр уурлаад байсан би үлдсэн архиа уусан тэгээд тасарчихсан ба яагаад цагдаа нар ирж авсныг бол мэдэхгүй байна. ...2022 оны 10 дугаар сарын 13-ны өглөө би ямар нэгэн арга хэмжээ авхуулаагүй, мэдүүлэг өгчхөөд л явсан. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас),

8. “Дамно” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №ХУ1-22-31с дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас),

9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

            10. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 265 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 112, 113-114 дүгээр хуудас),

            11. Хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 73-75 дугаар хуудас),

12. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: Шүүгдэгч Я.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тал (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), 2013 оны 1 дүгээр сараас 2014 оны 09 дүгээр сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц*** овогт Я.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Я.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА