Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/777

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Л.Төгсжаргал,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т*** Б.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210015631192 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т*** овогт Б.Э нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сан гагнуурчин мэргэжилтэй, “****” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Бурхантын * тоотод оршин суух хаягтай, урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Бурхантын * тоотод Ө.М-той “унтаж байсан хүүхдүүд дээгүүр гишгэх гээд гарлаа” гэж маргалдаж, нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн талын нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, эрүүний ооч, хүзүү, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зулай дух, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр М-ы гэрт ороход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. Уг үйлдлийг нь таслан зогсоох гэж арга хэмжээ авч байгаад үйлдлээ хэтрүүлсэн. Үүндээ харамсаж байна гэв.

Эрүүгийн 2210015631192 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ө.-М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Одоо би хэдний өдөр гэдгийг санахгүй байна. 2022 оны 05 дугаар сарын эхээр эхнэр маань хуучин хамт ажилладаг Э гэх залуугийн гэрт оччихсон хоёр нялх хүүхдээ авч яваад архи ууж байсан. Тэгэхээр нь би хүүхдээ очиж авахаар Хан-Уул дүүргийн Нисэхийн 19 дүгээр гудамжинд байдаг Э-ын гэрт явж очиход Э, түүний эхнэр мөн манай эхнэр пиво ууж байсан. Тэгэхээр нь би эхнэртээ хүүхдүүд дагуулж яваад архи уулаа гээд уурлаад бид хоёр маргалдаж байтал Э бид хоёрын харилцан яриа дундуур орж эхнэрийг маань өмөөрч уурласан. Тэгээд миний хувцаснаас зуураад толгойгоороо миний нүүр лүү мөргөөд, юугаар цохисныг мэдэхгүй байна нүүр лүү дахин цохих үед миний толгой манарсан. Тэгээд намайг гэрээс гараад цамцны захнаас боогоод газарт чирсэн. Тэгээд би арай ядан босож ирэхэд дахиад миний цамцны захнаас боож байгаад гараараа миний нүүр лүү цохисон. Тэгээд би явах гэтэл намайг зуурчхаад тавихгүй цагдаа дуудаж намайг цагдаад өгч явуулсан. ...Э бид хоёр хуучин хамт ажилладаг байсан. Урьдын харилцааны өс хонзон, таарамжгүй харилцаа байхгүй. ...Би тухайн үед 500 граммын хэмжээтэй 2 лааз пиво уусан байсан. ...Э намайг мөргөж, гараараа нүүр лүү цохисон, хувцасны захнаас боож газарт чирсэн, тухайн үед гэмтлүүд үүссэн. ...Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дугаар хуудас),

2. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тухайн асуудал болдог өдөр 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хамт ажилладаг байсан Н над руу залгаад нөхөртөө зодуулчихсан цагдаа дээр очно хүүхдүүдийг маань цэцэрлэгээс авчих гэхээр нь би зөвшөөрөөд хүүхдүүдийг авчхаад гэртээ байлгаж байсан чинь Н хонох газаргүй, цагдаа дээр оччихоод ирлээ гэхээр нь гэртээ хонуулахаар болсон. Тэгээд тэр өдөр хуурай дүү маань цэрэгт явахаар болчхоод бид хоол унд идээд нэг нэг аяга пиво уугаад сууж байтал гаднаас Нийн нөхөр Ө.М нэг их дуу чимээ болоод ороод ирсэн. Тэгээд л эхнэр лүүгээ шууд дайраад ирсэн. Газраар хэвтэж байсан хүүхдүүд дээр гишгэх шахуу гараад гэрийн хоймор луу яваад очихоор манай нөхөр түүнийг барьж аваад цамцнаас нь заамдсан, тэгээд түүний нүүр лүү толгойгоороо нэг мөргөсөн, тэгээд тэр хоёр ноцолдоод байхаар нь би гэр дотор хүүхэд айлгачихлаа гээд гэрээс гаргасан. Тэр хоёр гадаа гарчхаад ноцолдож байгаад манай нөхөр түүнийг доороо оруулчхаад газар дарж хэвтүүлж байгаад цагдаа дуудаж өгч явуулсан. Манай нөхөр Б.Э бид хоёр гэр бүл болоод 4 жил болж байна, 3 хүүхэдтэй албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Би гэртээ хүүхдүүдээ хардаг бөгөөд нөхөр маань одоо барилга дээр ажиллаж гэр бүлээ харж, хандаж байна. Манай нөхрийн хувьд архи дарс элдэв зүйл хэрэглээд байдаггүй, үг дуу цөөтэй, их л даруухан хүн байдаг. Муу зуршил гэвэл тамхи татахаас өөр зүйлгүй. Архи ууж амьдралаа алдах зав ч байхгүй. 10, 12, 18 насны 3 хүүхдээ асран хамгаалах үүргээ сайн биелүүлдэг аав хүн байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

4. Гэрч Ж.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр надад зөрчлийн 3096 дугаартай “нөхөр намайг зодоод явчихлаа” гэх утга бүхий гомдол мэдээлэл цохогдсон бөгөөд тухайн гомдол мэдээллийг зөрчлийн тухай хуулиар шалгаж шийдвэрлэх явцад М нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эхнэр Нийн биед халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдаг бөгөөд тухайн өдрөө өөрийн эхнэр Нтэй уулзахаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Бурхантын 14 дүгээр гудамжны задгай тоотод оршин суух Б.Эын гэрт очоод, түүнтэй маргалдаж улмаар Б.Энь А.М-ийн биед халдаж зодсон байсан. Иймд миний бие тухайн үйлдлийг тус гомдлоос салган шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзээд эрх бүхий албан тушаалтны хувьд дахин зөрчлийн 3322 дугаартай гомдол мэдээлэл үүсгэн шалгасан. 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Ө.-М-ийн нүд нь хөхөрсөн, нүүр нь хавдсан байдалтай байсан бөгөөд би 3322 дугаартай гомдолд Ө.М-ийг хохирогчоор тогтоож, шүүх эмнэлгийн тогтоол үйлдэж өгсөн. Зөрчлийн 3096, 3322 дугаартай материалуудыг зөрчлийн хэрэг нээн шалгаж, оролцогчдын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдож Мөрдөн байцаах тасагт харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дүгээр хуудас),

5. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний хувьд Ө.М, Б.Э нарыг танина, хуучин барилга дээр хамт ажилладаг байсан хуурай ах нар байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд над руу хамт ажилладаг байсан, Б.Эах гэрт нь хоол ид гэж дуудахаар нь явж очсон. Намайг очиход Ө.М ахын эхнэр Н эгч ирчихсэн байсан. Тэгээд бид нар хамт хоол унд идээд байж байгаад гадаа Б.Эах бид хоёр хамт тамхи татаж байтал гаднаас Ө.М ах ууртай орж ирээд над руу гэнэт дайрах гэж байхад нь Б.Эах түүнийг холдуулаад гэрт очсон. Би гадаа тамхиа татаад зогсож байтал гэ дотор чимээ гарахаар нь яваад очтол Б.Э ах, Ө.М-ийг хойноос нь тэвэрчихсэн зогсож байсан. Би өөрөө тийм зодоон цохионоос хол хүн болохоор тэр хоёрын дундуур ороогүй. Тэгээд Б.Э ах түүнийг гэрээс аваад гараад явсан. Би газраар асгарсан байсан хоолны үлдэгдэл зэргийг цэвэрлэчхээд хойноос нь дагаад гартал Б.Э ах Ө.М ахын цамцны захнаас нь заамдчихсан зогсож байсан. Тэр үед Ө.-М-ийн аль нүд гэдгийг мэдэхгүй байна, хүрэнтээд бага зэрэг хавдчихсан байсан. Би тэр хоёрыг харчхаад цагдаа дуудахаар гараад явсан. Цагдаа Ө.М, Б.Э хоёрыг Цагдаагийн хэлтэс дээр авчрахад би дагаж ирсэн бөгөөд Ө.М ахын хамраас нь цус гарчихсан байсан. Би тухайн үед Ө.М-ийг яагаад уурлаж орж ирснийг мэдээгүй, гэнэт л их ууртай орж ирсэн юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас),

6. Гэрч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай хамтран амьдрагч Ө.М бид хоёр маргалдаж, тэрээр намайг зодсон. Тухайн өдөр би түүнийг цагдаад мэдэгдэж мэдүүлэг тайлбар өгчхөөд найз Б-ийн гэрт очсон. Ө.Мнад руу ойр ойрхон залгаад байсан болохоор би түүнд хаана байгаагаа хэлсэн бөгөөд бид нар байж байтал Ө.М тэдний гэрт орж ирээд намайг алга болчихлоо гээд хүмүүсийн өмнө миний хацар луу алгадаад авсан. Тэгчхээд айлын хүүхдүүдийн дээгүүр гуталтай давж гараад алхаад байсан болохоор гэрийн эзэн Б.Э уурлаад түүнтэй барьцалдаж авсан. Б.Э Ө.М-оос бага зэрэг намхан болохоор толгой, духаараа түүний хамар, хоёр нүдний гол хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгсэн чинь Ө.М-ийн хоёр нүд нь хавдаад ирсэн. Гэрийн эзэн гэртээ элдэв маргаан болгохгүй гээд Ө.М-ийг аваад гарсан бөгөөд тэр хоёр ноцолдоод Б.Э Ө.М-ийг газарт хэвтүүлчихсэн дараад суучихсан байгаа л харагдаж байсан, харанхуйд сайн харагдахгүй байсан. Тэгээд хэн цагдаад дуудлага өгснийг мэдэхгүй цагдаа ирчихсэн тэр хоёрыг аваад явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болсон үйл явдал бөгөөд тухайн өдөр хуучин хамт ажилладаг найз эмэгтэй болох Н холбогдоод нөхөртэйгөө маргалдаад зодуулсан учраас өнөөдөр гэртээ очиж хонох боломжгүй байна, танай гэрт хонох боломж байна уу гэж зөвшөөрөл хүсэхээр нь би эмэгтэй хүнд татгалзаж чадалгүй зөвшөөрсөн. Тэгээд ажлаа тарчхаад гэртээ ирээд хоол унд хийж идээд байж байсан бөгөөд тухайн өдөр манай хуурай дүү Энхням цэрэгт явах гэж байсан болохоор түүнийг тохиолдуулаад бид нар хүүхдүүдээ унтуулчхаад 2 литр хэмжээтэй пиво хувааж уугаад сууж байсан. Н нөхөртөө манай гэрт байна гэдгээ хэлж байсан бөгөөд удалгүй гаднаас Ө.Мороод ирсэн. Тэгчхээд гаднын гуталтайгаа газарт унтаж байсан хүүхдүүдийн дээгүүр давж гараад эхнэр лүүгээ болон над руу уурлаж хашхираад л байсан. Намайг өөрийн эхнэртэйгээ хардаж л уурлаад байсан байх. Тэгээд М миний нүүр лүү нэг удаа цохихоор нь би түүнтэй зууралдсан, тэгээд би доош тонгойж байгаад түүний хамар, уруул хэсэгт нэг удаа мөргөсөн, мөн гараараа нүүр лүү нь 1-2 удаа цохисон. Тухайн үедээ гэр орондоо нэг их асуудал үүсгэхгүй гэж бодоод Ө.Мийг гэрээсээ авч гараад газарт дарж хэвтүүлсэн зорилго нь түүнийг цагдаа иртэл явуулахгүй гэсэн санаа байсан. Тухайн үедээ би уурлаж бухимдсан, мөн бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас түргэн үйлдэл гаргасан. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас),

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 6757 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Зулай болон зүүн чамархайн хуйх овойж хавдсан эмзэглэлтэй, духанд 5.5х4см, 2.5х2см, баруун нүдний дээд зовхинд 5х1.5см, доод зовхинд 5х2.5см, зүүн нүдний дээд зовхинд 5х2.5см, доод зовхинд 5х3см, эрүүний ооч хэсэгт 7х1.5см, хүзүүний зүүн дунд хэсэгт 2.5х1.5см, баруун гуяны урд дунд 3.5х2см, баруун даланд 5х5см, бөөрөнд 8х0.3см, зүүн бөөрөнд 7х5см улаан хүрэн зулгаралттай, дух, хамар хавантай, эмзэглэлтэй. Лазер мед эмнэлгийн толгойн КТГ: гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй. Зүүн талын нүдний ухайрхайн дотор хана этмойд хөндий рүү 2.1см өргөн хэсэгт 0.6см гүн хэмжээний цөмөрсөн хугаралтай. Хамар ясны зүүн хажуу хана 0.9см, өргөн хэсэгт 0.2см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай. Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Зулайн ар хэсэг, духны урд хэсэг, 2 талын нүд, хацар болон хамрын эргэн тойрны зөөлөн эдэд хаван хавдартай. Зүүн хацрын зөөлөн эдэд 1.0х1.7см хэмжээтэй цус хуралт. 0.7х0.4см хүртэл хэмжээтэй, /+290/ HU нягтралтай, хэд хэдэн тооны гиперденсив голомтуудтай гэжээ.

-Ө.-М-ийн биед зүүн талын нүдний ухайрхайн дотор хана, хамар ясны хугарал, дух, хоёр нүдний зовхи, эрүүний ооч, хүзүү, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, зулай, дух, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: Шүүгдэгч Б.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн 2020 оны 4 дүгээр сараас 2022 оны 06 дугаар сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн дүгээр 73 хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*** овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х*** овогт Д.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,100,000 (нэг сая нэг зуу) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Г-д төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Э-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.АЛТАНТУЯА