| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2023/0002/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2022-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Н.Нямдорж,
хохирогч Ц.Г,
шүүгдэгч М.Д нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт А*** овгийн М.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210024481326 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А**** овгийн М.Д нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхон ** байрны ** тоотод оршин суух хаягтай гэх боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо, * дугаар хороолол, * дугаар байрны * тоотод оршин суудаг, урьд:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө босоод гадуур явах түгээлтийн ажил болон угаалгын газар ажилтай байхад машин аваад явсан байсан. Тэрнээс болж машин яасан гэж өдөржингөө залгаад утсаа аваагүй, мессеж бичсэн. Тухайн үед би өөрөө гадуур ажилтай байсан учраас бачимдсан. Мессежээр янз бүрийн үг бичсэн. ажил ихтэй байсан учраас машин аваад явсан байсан. Өдөржингөө залгаад утсаа аваагүй, мессеж бичээгүй. Тухайн өдөр гэртээ ирж хоноогүй, маргааш нь гэртээ ирэхээр нь машин авч явчхаад гэртээ ирж хоносонгүй гээд бүр их уур хүрсэн. Тэгээд машинаа авъя гэхэд түлхүүр өгөхгүй байсан. Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн өдөр машин гэрийн гадаа байхгүй, өөрт нь машины түлхүүр байхгүй байсан. Тэгээд хэн аваачиж өгсөн гэсэн шалтгаанаас болоод халаасыг нь үзэхэд түлхүүр байгаагүй. Өөдөөр халаасаа үзүүлэхгүй гээд гараараа түлхсэн. Би гарыг нь мушгиж, өчиж, түлхсэн. Гадаа гарч машинаа хайхад зогсоолд байхгүй байхаар нь ажил руугаа явсан. Яллах дүгнэлтэд уншигдсан газар унагааж, нүүр ам руу нь өшиглөсөн зүйл болоогүй гэв.
Хохирогч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр энэ үйл явдал болсон. Гэр бүл болоод 14 жил болж байна. 5 жилд нь гэр бүл шиг амьдарсан. Үүнээс хойш ажилтай, ажилгүй байсан. Энэ үед Б гэж хүнтэй харилцаа үүсгэж хуурч байсныг сүүлд мэдсэн. Энэ хоёр хүн байнга мессеж бичдэг. Өмнөх өдөр нь Б над руу мессеж бичээд Д рүү залгахаар нь уур хүрээд хэлэхээр өмөөрч намайг элдвээр хэлж, доромжилж эхнэр хүндээ гаргахгүй үйлдэл гаргадаг. Тэгээд нөгөө хүүхэн рүү нь мессеж бичихээр “чиний энэ үйлдлийг нөхөр чинь мэдэх юм бол хохино болно шүү” гэдэг. Маргааш нь ирээд учиргүй дайрч давшилсан. Миний унаж байсан машиныг зарсан учраас машиныг нь авч ойр зууртаа хэрэглэх ёстой гэж үзэж авч унасан. 09 дүгээр сарын 18-нд өмнөх шигээ янз бүрийн мессеж бичиж дарамталж, сүрдүүлсэн. Би үүнээс нь маш их айдаг. Тэгээд хүүхдээ хичээлд нь хүргэж ирээд тарахыг нь хүлээж байхад орж ирээд машинаа нэхсэн. Би байхгүй такси барьж ирсэн гэж хэлсэн. Тухайн өдөр машины дугаар явахгүй байх ямар ч байсан явах боломжгүй өдөр байсан. Тэгээд орж ирээд учиргүй дайраад байхаар нь зугтаах гэхэд үснээс чирээд өшиглөсөн. Өмнөх өдөр нь маш их дарамтлаад уурлаж, уцаарласан байсан. Мөн Б-гээ мессеж бичиж тэр нь намайг маш их дарамталдаг. Гурвалжин харилцаанаас ийм байдал байнга үүсдэг. Энэ хүний уур уцаар тэр хүнээс их шалгаалдаг гэж боддог. Тэгээд намайг машины түлхүүр өг гээд нэгжээд эсэргүүцэл үзүүлэхээр цохиж, түлхэж унагаагаад өшиглөсөн. Нүүр рүү өшиглөсөн. Тэгээд зугтах гэхээр үснээс татаж унагааж зодсон. Би буйн тойрч зугтаасан. Ер нь буйдан, ширээ тойрч зугтаах байдал их гардаг. Уур уцаараа барьж чаддаггүй. Өмнө нь ийм зодох үйлдэл гаргаж байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 09 дүгээр сарын 19-ний өдөр ийм зүйл болсон гэв.
Эрүүгийн 2210024481326 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
2. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 13-16 дугаар хуудас),
3. Хохирогч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13015 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),
5. Яллагдагч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40, 44 дүгээр хуудас),
6. Аюулын зэргийн үнэлгээнд “бага” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас),
7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч М.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), байнга оршин сугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
I.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч М.Д 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, * дугаар байрны * тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Г-тай үл ялих зүйлээс болж маргалдан улмаар цохиж, биед духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, хацар, дух, зүүн нүдний доод зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун чамархайн хуйх, хацар, духны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-хохирогч Ц.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Д-тэй үл ялих зүйлээс болж маргалдаад машинаа өг би маргааш хүүхдээ үзүүлнэ гэж хэлээд Д-гийн аваад явсан. Би хоёр хүүхдээ аваад эгчийндээ хоноод маргааш 12 цагийн үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд гэртээ байж байхад гаднаас нөхөр Д ирсэн өөдөөс машин хаана байна гээд машинаа авъя гэж хэлээд түлхүүр хаана байна гэхэд түлхүүр чинь байхгүй гэж хэлсэн тухайн үед машиныг эгчийн гадаа үлдээсэн байсан. Түлхүүрээ нэхээд өөдөөс дайраад байсан би гэрээсээ гараад зугтах гэтэл хаалга түгжиж байгаад үсдэж татаж газар унгаагаад миний толгой, дух, нүд, чих, хацар, нуруу, цээж, зүүн хөх, хөл рүү өшиглөсөн бөгөөд нүүр лүү алгадаж боосон өргөж байгаад газар луу шидсэн бөгөөд тухайн баруун талын хөл бадайраад мэдээгүй болсон. Гар утсаа авах гэтэл гар утсыг маань булаагаад авсан. Тэр хооронд гэрээс гараад би хүний утсаар эгч Г рүү залгаад намайг зодоод байна гэж хэлсэн. Тэгээд эгч дуудлага өгсөн. Би буцаж ороод утсаа авах гэтэл өөдөөс түлхүүр хаана байна гээд би одоо ирж байгаа гэхэд яваад өгсөн. Урьд зодож байсан тухайн үед бол цагдаад дуудлага өгч байгаагүй. ...2016 онд гэр бүл болж дундаасаа 1 охинтой, хамт амьдраад 11 жил болж байна. ...Нөхөр маань өөр хүнтэй явалдаад гэр бүлийн гадуурх харилцаанаас болсон. Намайг зодох үед гэрт өөр хүн байгаагүй. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагад хандаагүй, өөрөөрөө тэгээд хөхөрсөн нь арилсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),
-Яллагдагч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Тухайн үед бол би санаатай зодож цохисон асуудал байхгүй, машин авахаар халаасыг нэгжих гэтэл өөдөөс алгадаад маажиж түлхээд хэл амаар доромжлоод байхаар нь хоёр гарын ээлжилж атгаж бариад халаасыг үзсэн тэр үед гарын чанга базсан байж магадгүй, тэгээд өөдөөс маажих гээд байхаар нь түлхсэн юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
-2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дахин өгсөн ...2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би эхнэртэйгээ гэр бүлийн таарамжгүй харилцаа байсан, тухайн хэрэг маргаан болох өдрийн урд өдөр гэртээ ирж хоноод өглөө ажилдаа явах гэтэл машиныг маань аваад явсан байсан, тэр өдөр эхнэр лүү залгаад утсаа огт аваагүй. Тухайн өдөр эхнэр гэртээ ирж хоноогүй, маргааш өглөө нь ажилдаа 09 цагийн үед очоод ажлаа нээгээд 10 цаг 30 минутын үед гэртээ буюу Хан-Уул дүүргийн * дүгээр хороо * хотхоны * байрны * тоотод ирсэн. Гэр лүү ортол эхнэр гэртээ ирсэн байсан ба би хаачаад ирэв, хаагуур хоноод ирэв, машин тэргээ авъя гадуур ажил амжуулах хэрэгтэй байна, машинаа авах гэтэл өгөхгүй байсан бөгөөд би халаасандаа машины түлхүүр нуучхаад байгаа юм байна гэж бодоод халаасыг нь үзэх гэтэл эхнэр өөдөөс алгадаж хэл амаар доромжлоод байсан, би гарын хөдөлгөөнгүй барьж байгаад хувцсыг нь нэгжих үзэхэд түлхүүр байгаагүй, тэгээд гэрээс гарч гадна зогсоолуудаар үзэхэд машин байгаагүй тэгээд би яваад өгсөн, цагдаад дуудлага өгснийг ч мэдээгүй. ...Бид хоёр 2016 онд гэрлэлтээ батлуулж, дундаасаа 4-13 насны 2 хүүхэдтэй. ...Сүүлийн 2-3 сар гэр бүлийн харилцаа нэг л таарамж муутай байгаад байсан юм. хэрүүл маргаан болох шалтгаан нь машин аваад гэртээ ирж хоноогүй юм, үүнээс л болсон. ...Би эрүүл байсан, хэрүүл маргаан болох үед гэрт бид хоёр л байсан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13015 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Духны баруун дээд хэсэгт 1.2х0.3см улаан хүрэн өнгийн зулгаралттай, баруун чамархайн хуйханд 8х4см, духны баруун дээд хэсэгт 6х4см, баруун хацарт 5х3см улаан хүрэн өнгийн, зүүн доод зовхинд 2х1см хөх ягаан өнгийн цус хуралттай, баруун чамархай, хацар, дух хаван хавдартай.
-Ц.Г-гийн биед духанд зулгаралт, баруун чамархайн хуйх, хацар, дух, зүүн нүдний доод зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун чамархайн хуйх, хацар, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдоно тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А*** овгийн М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А*** овгийн М.Д-г 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч М.Д-д энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 715 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдпээгүй үлдсэн 7 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5.Хэрэгт битүүмжпэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Г хохирол, хор уршиг нэхэмжпэхгүй гэснийг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА