Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/780

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэн хөтлөн,

улсын яллагч А.Алтангэрэл,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х*** овогт Д.А-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001190 дугаартай хэргийг 2022 оны 11 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х*** овогт Д.А нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “А**” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дүгээр хороо “****” хотхоны *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 251 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн, (РД:********).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч Д.А нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 09-10 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 4-р хороо “****” хотхоны ** байрны ** тоотод эхнэр А.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхэн хана мөргүүлж, үснээс нь зулгааж шал мөргүүлэх байдлаар зодож зулайд шарх, цээж, зүүн гуянд зулгаралт , цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүү өглөө эрт сэрдэг тул 09 дүгээр сарын 16-ны өглөө 6 цагт бид хоёр сэрүүн хэвтэж байсан. Гэтэл эхнэр өнөөдөр Зүүнхараа явна гэсэн. Би явж амжихгүй, бас өнөөдөр аавын төрсөн өдөр учраас очих хэрэгтэй гэхэд миний ажил гэхээр өөртэй нь хамт явдаггүй гэж хэлээд өшиглөж эхэлсэн. Босоод маргалдсан, гарах гээд булангийн өрөөний наад хэсэгт хувцсаа өмсөөд байж байхад ирснээ би аав дээр чинь очиж яах юм гэхэд чамайг уриагүй юм чинь гэхэд танайхан намайг ямар гуйж авсан биш гэх зэргээр маргаан үүсгэсэн. Тэгэхээр нь би чам шиг ийм ааштай хүнийг яаж урих юм бэ гэхэд миний цээж, толгой руу удаа дараа цохисон. Цохиод байхаар нь арагшаа нь түлхэхэд хаалганы булан мөргөж унаад толгой нь хагарсан. Унасныхаа дараа миний гар утсыг аваад манай аав, ээж рүү залгаж энэ писдагаа ирж ав, намайг зодоод байна гэж ярьсан. Би гар утсаа авах гэж булаацалдсан болохоос шал мөргүүлээгүй. Би согтуу хүн байна гэж цагдаад дуудлага өгөөгүй, хүн зодоод байна гэж дуудлага өгсөн. Намайг зодож байхдаа мөн 1 нас 5 сартай хүүхдээ 2-3 удаа цохисон. Удалгүй цагдаа ирж, би гарсан гэв.

Эрүүгийн 2210000001190 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10:8:54 цагт “эхнэр агсам тавиад” гэх гомдол /мэдээлэл/-ын дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

2. Хохирогч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хан-Уул дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дугаар байрны **тоотод нөхөр Д.А * хүүхдийн хамтаар амьдардаг юмаа. Ажлын хувьд одоо ой 4 сартай хүүхдээ хараад гэртээ байгаа учир одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны 09 цагаас 10 цагийн хооронд гэртээ байхад нөхөр А-т би өнөөдөр Зүүнхараа явах ажил байгаа надтай хамт яваад өгөөч гэсэн чинь тэр надад өнөөдөр манай аавын төрсөн өдөр болж байгаа би чадахгүй гэхээр нь тэгвэл би танаа аавын төрсөн өдөрт очиж чадахгүй тэгээд ч танай гэрийнхэн намайг албан ёсоор гуйж авсан биш гэхэд намайг элдвээр доромжлоод байхаар нь би түүнийг эхлээд мөр лүү нь хоёр удаа гараараа түлхсэн чинь чанга дуу гаргаад намайг маш хүчтэй түлхэхэд би хана мөргөсөн. Тэгсэн чинь миний толгой хагарч цус гарсан. Үүний дараа манай нөхөр бас дахин үсдэж аваад шал мөргүүлсэн одоо миний толгойн дагз хэсэгт 2см хагарсан бие маш зовуурьтай байна. Манай гэрт түргэн тусламжийн эмч ирж үзээд толгойдоо оёдол тавиулах шаардлагатай хүзүү, сээр тархины зураг яаралтай авхуулах шаардлагатай гэсэн. Иймээс би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан. ...Тухайн үед манай нөхөр А ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин урьд өмнө манай нөхөр 3 удаа надаа гар хүрч байсан. 2022 оны 05 дугаар сарын сүүлээр Туркед ажлаар явж байхад миний нүүрийг хөх няц болтол зодож байсан. Тухайн үед А надтай юм ярьж байгаад гэнэт уурлаж бухимдаад намайг зодож байсан. Одоо миний толгой дагз хэсэг мөн хүзүү зовуурьтай халуун дүүгээд байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тодорхойлуулмаар байна. А-ын регистрийн дугаар нь *********гэсэн дугаар байгаа. Харин түүнтэй холбоо барих утас***, ***гэсэн дугаарууд байгаа. Би А-тай сүүлд суусан бид хоёрын дунд нэг хүүхэд байдаг. Гол шалтгаан гэвэл миний урьдын амьдралыг сөхөж яриад хэрүүл хийгээд байдаг. ...Би гомдолтой байна хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

     3. Гэрч Ш.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би тухайн тоотод байх айл болох А-ын хүү Я-ын асрагчаар нэг жил орчим болж байгаа юм. Тухайн айлд байнга байдаг гэж хэлж болох юм. ...2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө босоод А, Э нар Сэлэнгэ аймаг руу явна гэж ярьж байсан юм. Тухайн үед А аавын төрсөн өдөр гээд ярьж байсан бөгөөд тэр хоёр унтлагын өрөө лүүгээ орсон юм. Тэгээд би хүүхдийнх нь хоолыг хийж өгөөд байж байсан юм. Тэгсэн чинь унтлагын өрөөнд А, Э нар хэрэлдээд маргалдаад байсан. А нь орилж хашхичаад байсан бөгөөд Э урдаас нь танай ээж аав ямар намайг гуйж авсан биш гээд хэрэлдээд байсан. Тэгээд байж байсан чинь Э орилоод, түс тас гээд байхаар нь би өрөө рүү нь гүйгээд орсон чинь А нь Э-ийг хананы ирмэг рүү шууд дух дээр гараараа түлхээд шууд хана мөргүүлсэн, тэгээд би сандраад хүүе болиоч хүн аллаа гэсэн чинь Э хойшоо саваад толгойны дагз болон ар хэсгээр мөргөөд толгой нүүр тэр чигтээ цус гоожиж эхэлсэн. Тухайн үед А нь зүүн гартаа хүүхдээ тэвэрчихсэн , баруун гараараа Э-ийг мөргүүлсэн юм. Тэгээд цус гоожоод Э шууд гар утсаа аваад хадам ээж рүүгээ залгаад танай хүүхэд чинь миний толгойг хагалсан, ирж хүүхдээ ав гэсэн чинь гар утсыг булаагаад аваад шидчихсэн. Тэгээд Э эсэргүүцээд урдаас нь хөдөлсөн чинь А нь уурлаад хүүхдээ зүүн гартаа барьсан чигээрээ Э-ийг толгойгоор нь газар мөргүүлээд байсан юм. Тэгээд Э-ийг өрөөнөөс би гаргаж аваад, цусыг цэвэрлэж байсан чинь А манай эхнэр согтуу хүүхдээ зодоод байна гээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан юм. Тухайн үед А нь Э-ийг эсэргүүцэх гэхээр хүүхдээ урдуур нь бариад эсэргүүцүүлэхгүй байсан. Тэгээд би хүүхдийг нь авъя гэхээр өгөхгүй байсан юм. Ер нь А нь Э-ийг шууд гараараа юм уу, бусад зүйлээр цохиж зоддоггүй, харин шууд татаж газар унагаах мөн түлхэж өөрөөр нь юм мөргүүлэх зэргээр зоддог юм билээ. Би яг сайн санахгүй байна өмнө нь нэг удаа маргалдахдаа Э-ийг газар татаж унагааж байсан юм. Ер нь А их харгис, хатуу хүн байдаг юм. ...Тухайн үед Э-ийн толгойны ар хэсэг болон зулай хэсэг хагарчихсан битүү цус гарчихсан байсан. Тухайн гэмтлийг түүний нөхөр А нь баруун гараараа дух хэсгээс түлхэх дагзаар нь хана мөргүүлсэн мөн газар унасан байх үед газарт шал мөргүүлж байсан юм. ...Тухайн үед хэн ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үед Э нь хүүхдэдээ огт гар хүрээгүй Тухайн үед А нь Э-ийг зодож байх үедээ хүүхдээ зүүн гартаа барьчихсан байсан бөгөөд худал дуудлага өгөөд байсан юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

4. Яллагдагч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би Хан-Уул дүүргийн * дүгээр хороо “****” хотхоны ** тоотод эхнэр Э, хүү Ялалт 1 нас 5 сартай нарын хамт амьдардаг юм. Мөн тухайн үед манай хажуу өрөөнд манай эхнэрийн ээжийнх нь ахын гэр бүлийнхэн амьдардаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө дөнгөж сэрээд хэвтэж байсан чинь манай эхнэр Э намайг өнөөдөр хамт Зүүн-Хараа явъя гэж хэлсэн бөгөөд би тухайн өдөр Улаанбаатар хотод ажилтай байсан учраас эхнэрт хандаад би явж чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай эхнэр Э орон дотор хэвтэж байх үеэс эхлээд намайг хөлөөрөө миний хөл рүү өшиглөөд эхэлсэн юм. Тэгээд би босоод хувцсаа өмсөөд мөн өөрийн хүүхдийн хувцсыг өмсүүлээд байж байсан чинь учир зүггүй намайг загнаад янз бүрээр хэлээд танайхан ямар гуйж авсан биш би танай аавын төрсөн өдөрт очихгүй гэж хэлэхээр нь би эхнэрт хандаад чамайг оч гэж хэлээгүй би аав дээрээ торт аваад очно гэж хэлсэн чинь янз бүрээр хэлээд байхаар нь би чамайг ийм ааштай болохоор хэн ир гэхэв дээ гээд хэлсэн чинь манай эхнэр уурлаад учир зүггүй миний нүүр лүү гараар 4-5 удаа цохисон мөн мөр лүү хэд хэдэн удаа цохисон мөн тухайн үед намайг цохих үедээ хүүхдээ бас цохисон юм. Тэгээд би хүүхдээ хоёр гараараа тэврээд унтлагын өрөөнөөс гарах гэсэн чинь гаргахгүй гээд гараас зулгаагаад хойш нь татаад байсан юм. Тэгээд би гарыг нь тавиулах гээд эргэсэн чинь мултраад өөрөө хананы ирмэг мөргөөд газар унасан юм. Яг тэр үед хүүхэд хардаг Т эгч орж ирсэн бөгөөд бид хоёрыг болиоч гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э-ийг цохиж зодсон зүйл байхгүй гээд тайлбарлаад хэлж байсан чинь манай аавын утас руу Э залгаад энэ пиздагаа ирж аваад манайхаас зайл гэж хэлсэн. Тухайн үед би хүүхдээ тэвэрсэн нэг гараараа Э-тай утсыг нь авах гээд булаацалдсан тэгээд гар утсыг нь булааж аваад дуудлага хийж байсныг нь таслаад өрөөнөөс гарч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэгээд би цагдаа дуудчихаад гэрээс гараад байрны гадаа сууж байгаад буцаж гэр рүүгээ орсон чинь Э-ийн аав нь ирсэн байсан. Тэгээд аав над руу орилоод бас янз бүрээр хэлээд байсан тэгэхээр нь би зайл гээд аавыг нь хөөгөөд гаргасан юм. Тэгээд байж байсан чинь Э эмнэлэг явж толгойгоо оёулна гээд явсан. Тэгээд би Туяа гэж хүнд хүүхдээ харуулж үлдээгээд ажилдаа явсан. Тэгээд Маргааш нь санагдаж байна цагдаагийн байгууллагаас дуудаж мэдүүлэг авсан: ...Тухайн үед Э намайг толгой руу мөн нүүр рүү хэд хэдэн удаа цохисон мөн хөл рүү өшиглөсөн байсан бөгөөд тухайн үед хавдаж хөхөрсөн байсан. Тухайн үед бол би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм. Би Э-ийг нэг ч удаа цохиж зодсон зүйл байхгүй. Би өмнө нь Э-ийг цохиж зодсон зүйл байхгүй. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна, Э өөрөө хана мөргөсөн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12793 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Зулайн ар хэсэгт 2,5 см, 0,5 см хэмжээтэй оёдол тавигдсан шархтай, эмзэглэл ихтэй байв. Цээжний баруун дээд хэсэгт 3х1 хэмжээтэй цайвар ягаан өнгийн тав бүхий зулгаралттай. Зүүн гуяны гадна дээд хэсэгт 7х0,5 см цайвар ягаан өнгийн зулгаралттай, уг зулгаралтыг тойроод 3х5 см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй гэжээ.

-А.Э биед зулайд шарх, цээж, зүүн гуянд зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

6. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: Шүүгдэгч Д.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд хүний амь нас, эрүүл мэнд хуулиар хамгаалагдсан ба хүний эрх, эрх чөлөө халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь бие биеийнхээ биед халдсан үйл баримт тогтоогдсон харин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэргийн шинжийг хангасан гэж үздэг.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэнцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж ойлгохоор хуульчилсан.

Шүүгдэгч Д.А, хохирогч А.Э нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр дундаасаа нэг хүүхэдтэй, 2016 оноос хамтран амьдарч байх тул гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс байх бөгөөд хохирогчоос ... урьд өмнө манай нөхөр 3 удаа надаа гар хүрч байсан. гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгчийн тухайд 2022 оны 09 дүгээр сарын 16-ны хүч хэрэглэсэн үйлдэл нь тохиолдлын шинжтэй гэж үзэх боломжгүй юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.А хохирогч А.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг хангасан байх ба, харин гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хохирол учруулсан нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч А.Э өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

Хохирогч А.Э-т 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд оролцохгүй талаар тэмдэглэлд тусгагдсан байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөн оролцож эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлтэд хэлэх зүйл байхгүй гэсэн. тайлбар гаргасан. 

Шүүгдэгчид гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байдаг.

Шүүгдэгч Д.А-ын хувийн байдлын талаар шинжлэн судалсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоол зэргээс 2018 онд төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэргээр 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзуулж шийтгэгдэж байсан байх боловч урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.

Шүүгдэгч Д.А-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*** овогт Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х*** овогт Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.АЛТАНТУЯА