Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0801/Э |
Дугаар | 2022/ШЦТ/794 |
Огноо | 2022-11-28 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч Д.Эрдэнэчимэг,
хохирогч Г.Х,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 5136) нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д*** овогт Д.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005480501 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д*** овогт Д.Г нь Монгол улсын иргэн, **** оны ** дугаар **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт *** аймгийн ** сум, ** дугаар багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:*********).
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны 20 цаг 50 минутын үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, “Алтаргана” хотхоны урд замд “Toyota Prius” маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх заалт “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас чигээрээ яваа “Hyosung Comet” маркийн **** УБ улсын дугаартай мотоциклд зам тавьж өгөөгүйгээс мөргөж, уг мотоцикл нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Г.М, Ц.Н нарыг мөргөсний улмаас мотоциклийн жолооч Г.Х-ын эрүүл мэндэд хүндэвтэр, явган зорчигч Г.М-гийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.Н-гийн эрүүл мэндэд (гэмтэл тогтоогдоогүй) хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг гаргахгүй гэв.
Хохирогч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны орой 20 цагийн үед ажлаасаа тарсан. Хан-Уул дүүргийн И-март худалдааны төвийн зогсоолд байгууллагын машин тавиад баруун 4 замын ойролцоо тавьсан мотоциклоо авахаар таксигаар явсан. Очиж мотоциклоо аваад гэр рүүгээ харихаар Нарны гүүрээр явсан. Миний мотоцикл **** УБ гэсэн улсын дугаартай. Нарны замаар явж байгаад “Атар өргөө” ХК-н гэрлэн дохио дээр зогсож байгаад баруун эргэж чигээрээ явж байсан. Алтарганын наана замын 1 дүгээр эгнээгээр явж байсан. Шүүгдэгчийн приүс 20 маркийн машин урд эргэж байхад нь би мөргүүлсэн. Би уг нь урд замаа хараад явж байсан. Шүүгдэгч тухайн үед машинаа зогсоох бүрэн боломжтой байсан. Би мөргүүлээд босож чадахгүй байсан. Каскаа тайлаад харахад зүүн хөлийн шагайнаас цус гарч байсан. Босоод харахад 2 эмэгтэй хүн мөргүүлсэн байсан. Гэхдээ би тэр 2 эмэгтэйг мөргөсөн гэдгээ санахгүй байгаа. Нэг охин намайг хүн дайрчихлаа гээд орилж байсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү хүрээд ир гэж хэлсэн. Очоод яаралтай хагалгаанд орсон. Хөл маань шархтай байсан тул эхлээд цэвэрлэсэн. Дараа нь оёдол тавиулж, шрупп хийлгэсэн. Оёдол маань эдгэж байх явцдаа идээлж, арьсаа идэж эхэлсэн тул өдөр бүр арьсаа хуулуулж, өөрөөр нь эдгээхийн тулд цэвэрлэгээ хийлгэж байгаа. Эдгэх явцаас хамаарч арьс нөхөх хагалгаа хийнэ гэж байсан. Манайх Өлзийт хороололд амьдардаг, эхнэр маань гараа хугалсан тул ажил хийх боломжгүй, одоо манай гэр бүлд өрхийн орлого гэдэг зүйл байхгүй болсон. Өдөр бүр ирж боолт хийлгэх, нүүрс, түлээгээ зөөхөд маш хүндрэлтэй байгаа. Эмч нар намайг хамаагүй гишгэж явах болоогүй гэж хэлсэн. Би авсан зээлүүдээ 9 сараас хойш төлөөгүй тул одоо хүү, алданги давхар тооцогдож байгаа гэв.
Эрүүгийн 2203005480501 дугаартай хэргээс:
1. Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 20:54:05 цагт машинд дайруулсан цус алдаад гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
2. Тээврийн цагдаагийн албаны 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам, тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-12 дугаар хуудас),
3. Жолооч Д.Г-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад О хувьтай, согтууралгүй тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
4. Хохирогч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 19 цаг 40 минутын орчимд баруун дөрвөн замаар гэр лүүгээ харихаар Hyosung Comet маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг жолоодоод хөдөлсөн. Тэгээд Хан-Уул дүүрэгт байрлах таван богдын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байтал миний зүүн гар талаас Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл миний зүүн хөл хэсэг рүү мөргөсөн, тэр машин ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлд явж байгаад Алтаргана хотхон руу зүүн гар тийш эргэж байсан тээврийн хэрэгсэл. Тэр машины жолооч зорчих хэсгийн 3, 2 дугаар эгнээг даваад нэгдүгээр эгнээнд намайг мөргөсөн, тэр машины жолооч тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан бол осол гарахгүй байх бүрэн боломжтой байсан байх гэж бодож байна. Тэр машины жолооч шууд ирээд миний зүүн хөл хэсэг рүү мөргөсөн, мөргүүлснээс болж би мотоциклтойгоо шидэгдэж унасан. Шидэгдэж унасныхаа дараа би хамгаалах малгайгаа аваад хартал явган хүний гарц дээр нэг эмэгтэй хүн ухаан алдсан байдалтай, нэг эмэгтэй нь орилоод байж байсан. Би тухайн үед 55-60 км/цагийн хурдтай явж байсан. Зорчих хэсгийн 1 дүгээр эгнээ чөлөөтэй 2, 3 дугаар эгнээнд машинууд явж байсан. ...Зүүн хөлийн шагай болон өсгий хэсэгт няцралтай, зүүн хөлийн шилбэ, өвдөг хэсэгт зулгаралттай, баруун ташаа хөхрөлттэй зэрэг гэмтэл бэртэл учирсан. ...Нийт 1,114,600 төгрөгийн зардал гарсан байгаа. Баримтыг гаргаж өгсөн байгаа. ...Би 2022 оны 07 дугаар сард зарын дагуу хувь хүнээс 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан мотоцикл, надад худалдсан хүний нэрийг би санахгүй байна, эзэмшигчийн нэрийг нь дараа нь шилжүүлж өгье гээд шилжүүлж өгөөгүй байгаа. ...Хамгаалах малгай болон мотоциклийн крило цуурч хагарсан, тоормосны педаль хугарсан, урд нүүрний их биеийн баг цуурч хагарсан, шатахууны банк хонхойсон, жолооны хүрд тахиж хаазны торсс тасарсан, астатер хагарсан зэрэг маш их эвдрэл гэмтэлтэй байгаа. ...Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан, намайг гэмтлийн эмнэлэг дээр байж байхад цагдаа нар ирж драйгер багаж үлээгүүлээд явсан байгаа. ...Надад А ангиллын жолооны эрх байхгүй, би хамгаалах малгай хэрэглэсэн байсан. ...Би гомдолтой байна, би ослоос болж ажлаа хийж чадахгүй байгаа зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй байгаа. Гэмтэл бэртэл хэзээ эдгэрч ажилдаа орохыг хэлж мэдэхгүй байна. Ажилгүй байсан хугацааны цалин болон эрүүл мэндэд учирсан хохирол, мотоциклийн хохирлыг төлүүлж авмаар байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),
5. Иргэний нэхэмжлэгч Г.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд найз Н-ийн хамт Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах таван богдын автобусны буудлыг өнгөрөөд ертөнцийн зүүнээсээ баруун чиглэлд явган хүний замаар явганаар явж байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар юу ч мэдэхгүй, санахгүй байгаа. Ямар ч байсан найзтайгаа алхаад явж байсан тэгээд л юу болсон мэдэхгүй байгаа. Ухаан алдсан байсан юм шиг байна лээ. Ухаан ороод харахад эмнэлгийн машин дотор явж байсан ба дахиад ухаан алдсан байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн эмч толгойд чинь оёдол тавих гэж байна гэж хэлэх үед нь ухаан орсон. ...Толгой хагарч 1 ширхэг оёдол тавиулсан байгаа. Одоо толгойн хавдар буугаагүй, хөндүүртэй байгаа. Зүүн мөр, баруун хөлийн шилбэ, зүүн гарын сарвуу хэсэгт хөхөрч няцарсан байгаа. ...120,000 төгрөгөөр шинжилгээ өгсөн байгаа. Эм тарианд 10,000 төгрөг нийт 130,000 төгрөгийн зардал гарсан байгаа, гаргаж өгөх баримт байгаа, баримтыг гаргаж өгнө. ...Толгойгоороо унаснаас болж толгой хагарсан, оройн унтаж амарч чадахгүй, нойр хүрэхээ больсон байгаа, цаашид гарах эрүүл мэндийн болон бусад зардлыг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),
6. Иргэний нэхэмжлэгч Ц.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд найз М-ийн хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Алтаргана хотхоны урд талын явган хүний замаар ертөнцийн зүгээр зүүнээсээ баруун чиглэлд явганаар явж байсан, тэгээд алхаад явж байтал бид хоёрын хойд талд машин мөргөлдөж байгаа мэт чимээ гарсан ба эргээд хартал мотоцикл бид хоёрыг чиглээд ирж байсан. Тэр мотоцикл онхолдоод хөндлөнгөөрөө газарт гулсаад ирж байсан, тэр мотоцикл М бид хоёрыг явган хүний гарц дээр мөргөж унагасан. Мөргүүлж унахдаа би толгойгоороо газарт цохигдон ухаан алдсан байсан, ухаан ороод харахад манай найз М-ийн толгойноос цус гарсан байдалтай газарт хэвтэж байсан. Удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн, эмнэлгийн машинаар найз М бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр очсон. Би машин мотоцикл хоорондоо мөргөлдөхийг хараагүй, мөргөлдөж байгаа чимээ гарахыг л сонссон. ...Толгойгоороо унаснаас болж толгой маш их өвдөж байгаа, шөнө сайн унтаж чадахгүй байгаа, баримтыг гаргаж өгнө. ...1 сарын дараа дахин толгойны зураг авхуулах 120,000 төгрөг, өмнө гарсан зардал 150,000 төгрөг нийт 270,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний толгой өвдөөд байгаа учраас ажлын бүтээмж муудсан. Тийм учраас гомдолтой байна, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлыг нэхэмжилнэ. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дугаар хуудас),
7. Иргэний нэхэмжлэгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Надад уг ослын талаар мэдэх зүйл байхгүй. Ослын дараа миний төрсөн ах Г мотоциклтой шүргэлцээд хүн гэмтчихлээ гэж надад хэлсэн. ... Toyota Prius маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ...Би ямар эвдрэл гэмтэл учирсан байгааг мэдэхгүй байна. Хүний эрүүл мэнд гайгүй байгаа бол надад тээврийн хэрэгслийн эвдрэлтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
8. Иргэний хариуцагч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Надад тухайн ослын талаар мэдэх зүйл байхгүй. Осол болсны дараа Г гэх миний төрсөн ах мотоциклтой шүргэлцээд хүн гэмтчихлээ гэж хэлсэн. ...Toyota Prius маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүтгэлтэй байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. ...Танина, Г бол миний төрсөн ах байгаа юм. Тухайн осол гарсан өдөр надаас гадуур ажил хөөцөлдөх гээн юм, машинаа түр өгөөч гэсэн ба би зөвшөөрч машинаа өгч явуулсан. ...Би төлж барагдуулахгүй, миний төрсөн ах Г өөрөө бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
9. Иргэний нэхэмжлэгч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний нэр дээр бүртгэлтэй байгаа мотоцикл, би уг мотоциклийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зарын дагуу Э гэх хүнтэй холбогдож Yamaha маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон ба би өөрийн эзэмшлийн Hyosung Comet маркийн **** УБ мотоциклийг 2,000,000 төгрөгөөр тооцож, 6,000,000 төгрөгийг бэлнээр төлж нийт 8,000,000 төгрөг төлж Э гэх хүнээс Yamaha маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг Э-тоос авсан. Одоо Hyosung Comet маркийн **** УБ улсын дугаартай мотоцикл Э гэх хүний мэдэлд байгаа боловч эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байгаа. Тухайн үед эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгч чадаагүй. Тэр өдрөөс хойш Э гэх хүнтэй холбогдож эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөх гэтэл хөдөө ажлаар явж байна гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөх гэтэл хөдөө ажлаар явж байна гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл эзэмшигчийн нэрийг шилжүүлэн өгч чадаагүй байгаа. ...Ямар эвдрэл гэмтэл учирсан байгааг би мэдэхгүй байгаа. Эт гэх хүнтэй тооцоо дууссан байгаа учир уг мотоцикл надтай хамааралгүй гэж бодож байна. ...Надад уг мотоциклтой холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
10. Иргэний хариуцагч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний нэр дээр бүртгэлтэй байгаа мотоцикл. Би уг мотоциклийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зарын дагуу Э гэх хүнтэй холбогдож Yamaha маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг 8,000,000 төгрөгөөр худалдан авахаар болсон ба би өөрийн эзэмшлийн Hyosung Comet маркийн **** УБ мотоциклийг 2,000,000 төгрөгөөр тооцож, 6,000,000 төгрөгийг бэлнээр төлж нийт 8,000,000 төгрөг төлж Э гэх хүнээс Yamaha маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг Э-тоос авсан. Одоо Hyosung Comet маркийн **** УБ улсын дугаартай мотоцикл Э гэх хүний мэдэлд байгаа боловч эзэмшигчийн нэрийг шилжүүлээгүй байгаа. Тухайн үед эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгч чадаагүй. Тэр өдрөөс хойш Э гэх хүнтэй холбогдож эзэмшигчийн нэрийг шилжүүлж өгөх гэтэл хөдөө ажлаар явж байна гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл эзэмшигчийн нэрийг шилжүүлэн өгч чадаагүй байгаа. ...Би төлж барагдуулахгүй, уг мотоциклийг би бусдад худалдсан байгаа, би эзэмшигчийн нэрийг л шилжүүлж өгөөгүй байгаа, уг мотоцикл одоо надад хамааралгүй болсон байгаа. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),
11. Иргэний нэхэмжлэгч Ч.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заажээ. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна.Хан-уул дүүргийн 3-р хороо Чингисийн өргөн чөлөө Алтаргана хотхоны урд замд 2022 оны 09 дүгээр 13-ны өдрийн 20 цаг 50 минут орчимд Toyota Prius маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь Hyosung Comet маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг мөргөж мөргүүлсний улмаас мотоцикл шидэгдэж явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Г.М, Ц.Н нарыг мөргөж явган зорчигч Г.М, Ц.Н мотоциклийн жолооч Г.Х нарын эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Х нь 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.525.100 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04/4495 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Г-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ********* дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу тус прокурорын газарт хянагдаж, шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхүүдэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоон төрд учирсан хохирлыг гаргуулах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
12. Шүүгдэгч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Надад урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, гэрчийн мэдүүлгээс өөрчлөгдөх зүйл байхгүй. ...Би ганцаараа явж байсан. ...Би одоогийн байдлаар мөнгө төлөөгүй байгаа, би бүх хохирлыг төлж барагдуулна. ... Миний дүү Энхжаргалын тээврийн хэрэгсэл учраас би сайн мэдэхгүй байна. ..Гадаа харанхуй болсон байсан, зам гэрэлтүүлэгтэй боловч гэрэлтүүлэг асаагүй байсан. ...Би осол гарсанд маш их харамсаж байна, би өөрийн гэм бурууг ойлгож гэмшиж байна, хуульд заасан бага шийтгэлийг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 148 дугаар хуудас),
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүний биед хийсэн 12645 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Зүүн тавхайн үзүүрээс шилбэний дээд хэсэг хүртэл цэвэр боолттой, баруун өвдөгний гадан дунд хэсэгт 2х1,5см, 0,5х0,5см, зүүн өвдөгт 12х1см талбайд олон жижиг метиллин түрхсэн зулгаралттай. Хэвлийн баруун дунд хэсэгт 1х0,5см зах ирмэг тэгш бус бага зэрэг ангайсан шархтай. ГССҮТ-н 13032 тоот өвчний түүхээс: эмнэлэгт хэвтсэн 2022.09.13. Хэвтэх үеийн зовиур: Зүүн хөлийн шагайгаар өвдөнө. Гэмтлийн эмчийн үзлэгт: Биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул. ...2022.09.13-ны рентген зурагт: Цээжний эгц рентген зураг: хэвтээ: Цээжний хэлбэр зөв. Уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй. Уушгины зураглал хоёр талд олширсон. Уушгины угууд хэвийн. Өрцний сүүдэр хэвийн. Хавирга өрцний синус хоёр талдаа чөлөөтэй.Зүрх болон голтын сүүдэр хазайлтгүй, зүүн шагайн үений 2 байрлалын рентген зурагт: Дотор хавчаар яс хөндлөн, зөрөөтэй хугаралтай. 2022.09.13-ны өдрийн хэвлийн хэт авиан шинжилгээнд: ...цөсний хүүдий агшсан...2022.09.14-ний өдрийн цээжний эгц рентген зурагт: өөрчлөлтгүй...зүүн шагайн үений 2 байрлалын рентген зурагт: дотор хавчаар яс хөндлөн зөрөөтэй хугаралтай. Үндсэн онош: Зүүн өсгий ясны ил хугарал, зүүн шагай ясны ил хугарал гэжээ.
-Г.Х-ын биед зүүн шагайн дотор хавчаар яс, өсгий ясны ил хугарал, зүүн ахилын шөрмөс, шандас шөрмөсний урагдал, баруун, зүүн өвдөгт зулгаралт, хэвлий, зүүн шагайд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас),
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүний биед хийсэн 12638 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Толгойн ариун боолттой, нээж шалгахад зүүн зулайн хажуу хэсгийн хуйханд 1.5см хэмжээтэй мэс заслын 1 ширхэг оёдол тавигдсан, зах ирмэг, тэгш бус шархтай. Баруун шилбэний ар дээд хэсэгт 3.0х2.0см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн мөрний гадна хэсэгт 3.0х3.0см, зүүн сарвууны ар хэсэгт 1.8х1.2см хүрэн ягаан өнгийн зулгаралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй. Лазер мед эмнэлгийн 2022.09.13-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй...Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй...Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн...Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн...цистернүүд нээлтэй, голын бүрдэл хазайлтгүй...Зүүн зулайнд зөөлөн эдэд хаван хавдартай, хийн бөмбөлгүүдтэй гэжээ.
-Г.М-гийн биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт, зүүн мөр, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүний биед хийсэн 12636 дугаартай:
-Хэсэг газрын үзлэгт: Зүүн дал орчим тэмтрэлтээр бага зэрэг эмзэглэлтэй, биед ил харагдах гэмтэлгүй. Лазер мед эмнэлгийн 2022.09.13-ны өдрийн толгойн КТГ шинжилгээнд: Гавал ясанд хугарал тодорхойлогдохгүй... Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй... Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн... цистернүүд хээлттэй, голын бүрдэл хазайлтгүй гэжээ.
-Ц.Н-ийнбиед гэмтэл тогтоогдсонгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас),
16. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 999474 дугаартай: “Toyota Prius” маркийн 24-08 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд буфер зүүн гар талдаа хонхойж урагдаж зурагдсан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Урд буфер зүүн гар талдаа хонхойж урагдаж зурагдсан нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. ...Уг авто тээврийн хэрэгсэл нь 2021 оны 05 дугаар сарын 20, мөн 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдөр тэнцээгүй, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр техникийн хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас),
17. “Хас үнэлгээ” ХХК-ийн Toyota Pruis 24-20 УБЛ улсын дугаартай автомашинд хийсэн техникийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас),
18. “Ашид Билгүүн” ХХК-ийн Hyosung Comet 97-69 УБ улсын дугаартай мотоциклд хийсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас),
19. 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөгчийн магадлагаанд
1. Hyosung Comet маркийн **** УБ улсын дугаартай мотоциклийг жолоодож явсан жолооч Г.Х нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Toyota Prius маркийн **** УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө: гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас),
20. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
-Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний аав Г хүүхэд насаа **аймгийн 10 жилийн сургуулийг төгсөөд аймагтаа ажиллаж амьдарч байгаа хүн. Их дөлгөөн, дуу цөөтэй хүн байгаа юм. Миний аав архи огт хэрэглэдэггүй, тамхи татдаг. Урьд өмнө Цагдаагийн байгууллагад янз бүрийн асуудлаар холбогдож байгаагүй. Миний аав Г үр хүүхдүүдээ үлгэр дуурайлал болж эр хүнд байх зан чанарыг төлөвшүүлж өгдөг маш сайн эцэг хүн. Сум орон нутагтаа нэр хүнд сайтай, аливаа буяны үйлсэд идэвхтэй оролцдог хүн. Миний аав гар бөмбөг тоглоно, дуу дуулна. Миний аав гурван хүүхдийн эцэг би том хүү нь байгаа юм. Миний аав бол маш сайн хүн. Би аавыгаа маш сайн жолооч гэж үнэлдэг. Жолоо барьж байхдаа замын хөдөлгөөний дүрмийг баримталж явдаг. Энэ гарсан ослыг би аавын санамсаргүй байдлаасаа болж гаргасан гэж бодож байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),
-Гэрч О.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г ах ** аймгийн богд суманд төрж өссөн. Г ах том оврын тээврийн хэрэгсэл жолооддог ажил хийдэг байсан юм. Би байнга Г ахын гэрээр орж гарсаар байгаад танил болсон юм. 2017 оноос хойш би Г ахыг мэдэх болсон. Г ах бол хүнд их тусархуу, ажил хэрэгч, хийсэн ажлаа гүйцэт хийж дуусгадаг, хүнд худлаа ярьдаггүй хүн байгаа юм. Г ах архи огт уудаггүй хүн. Тамхи л татдаг. Миний төрсөн дүү Э-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Спортын талаар Г ах ширээний теннис их сайн тоглодог. Г ах эхнэр, 3 хүүхэдтэй. Нэг хүүхэд нь гэр бүлтэй болж тусдаа гарч амьдарч байгаа. Одоо Г ах эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Г ах бол хүний хувьд зөв төлөвшилтэй, юмыг бодож тунгааж шийдвэр гаргадаг хүнд тусалъя гэсэн сэтгэлтэй маш сайн хүн байгаа юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)
-Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, жолоочийн лавлагаа (2028.09.05 хүртэл хүчинтэй), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 155, 153, 156, 154 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д*** овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д*** овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Х, иргэний нэхэмжлэгч Г.М, Ц.Н, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Э нарт төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Д.Э гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардлыг нэхэмжлэхгүй гэснийг, шүүгдэгч Д.Г, иргэний хариуцагч Д.Э нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, М.Д-ыг иргэний нэхэмжлэгч, хариуцагчаас чөлөөлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Х нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгийн зардал буюу ажилгүй байсан хугацааны цалин хөлс, бусад зардал болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА