| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2018/00674/И |
| Дугаар | 652 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 652
| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2018/00652 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Чандмань сум, Баянхайрхан багийн Адгийн улаан гэх газарт оршин суух, ...... дугаарын регистртэй, Х овогт Дийн Хгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 153/2018/00674/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадын нутагт 1968 оны 03 сарын 08-ны өдер төрсөн. Одоо 50 настай.1982 оны 5 сард наймдугаар анги төгсөөд эх, ах дуү нарынхаа хамт Баянхайрхан бригадад 1982 оны 6 сараас эхлээд одоог хүртэл нэгдэл болон, нийгмийн мал маллаж байна. Тухайн үед наймдугаар анги төгсөөд эвлэлийн илгээлтээр гарч нэгдлийн бог мал маллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1983-1990 онуудын цалингийн туүвэр бичигдсэн боловч аймгийн архивын 70 дугаар данснаас надтай холбоотой баримт гарахгүй байна. Одоо тэтгэвэрт гарах гэтэл 1983-1990 онуудад ажиллаж байсан талаар шүүхийн шийдвэр гаргуулж ир гэсэн. Иймд миний шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үнэлээд намайг 1983 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Чандмань суманд мал маллаж амьдардаг бөгөөд ар гэр бүл муутай учир дахин шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.Х нь 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 5 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагч Д.Хгийн 1984 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1415 дугаартай Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадын 1984 оноос 1987 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 12-16 дугаар хуудас/,
- Хүсэлт гаргагч Д.Хд 1988 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр олгосон Баярын бичиг, 1988 оны 07 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баярын бичиг, 1987 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр олгосон баярын бичгүүд /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,
Иргэн Д.Цоожийн ...Би Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадад эцэг эхийнхээ хамт 1978 оноос эхлээд 1991 оныг хүртэл мал маллаж байсан. Намайг мал маллаж байх хугацаанд буюу 1980-1991 онуудад ээж, ах дүү нарынхаа хамт мал маллаж байсан нь үнэн.... гэх тодорхойлолт
Гэрч Ч.Гиваахүүгийн ...Би 1980 оноос эхлээд Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан бригадад эцэг эхийнхээ хамт 1990 оныг хүртэл мал маллаж байсан. Намайг дээрхи хугацаанд мал маллаж байхад Х нь эх, ах дүү нарынхаа хамт мал маллаж байсан. Одоо хүртэл сумандаа мал маллаж байгаа нь үнэн... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Хгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Харгайхан овогт Даариймаагийн Хг 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оныг дуустал Ховд аймгийн Чандмань сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Д.Хгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ