Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Б.Чинзориг,

хохирогч Э.Ж, түүний өмгөөлөгч Ц.Батмэнд (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 3316),

шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 3130) нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ц овогт С.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203006000572 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц*** овогт С.Э нь Монгол улсын иргэн, **** оны ** сарын **-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Телевизийн техник, технологич мэргэжилтэй, “****” ХК-д борлуулагч ажилтай, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, Наадамчдын гудамж, * дугаар байрны * тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

С.Э нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 06 цаг 00 минутын орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын урд замд “Тоёота Приүс” маркийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах;” мөн дүрмийн 12.2 дахь заалт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Э.Ж-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч С.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 23-ы өдрийн 05 цаг 55 минутад ажилдаа явж байхдаа ажлын принтерийг гэртээ орхисноо мэдээд ажлаасаа буцаад явж байсан. Гэнэт урдуур хүн орж ирээд ийм зүйл болсон. Вива ситигийн урд замд зүүнээс баруун чиглээд явж байтал явган зорчигч гарч ирээд санаандгүй байдлаар мөргүүлсэн. Цагдаад яаралтай мэдэгдээд эмнэлэг дуудсан, түргэн шуурхай арга хэмжээ авсан гэв.

            Хохирогч Э.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сумынхаа 3 ахтай уулзаад Мишээл орж суусан. Ах нартай байсан учраас үйлчилгээнд яваад айхтар уугаагүй. Тэд нартай сууж байгаад өглөө үүрээр 05 цагийн үед найзтайгаа холбогдоод Ханбогд хотхонд байна гэхээр уулзах болсон. Тэндээс гараад Мишээл экспогийн арын замд зүүнээс баруун тал руугаа таксинд суугаад Ханбогд хотхоны тэнд очоод найз руугаа залгахад утсаа авахгүй байсан. Би явсан байх гэж бодоод замын урд талаас таксинд суугаад явж байтал найз утсаа авахаар нь таксигаа зогсоогоод буусан. Тухайн үед замын ачаалал маш сийрэг байсан. Тийм болохоор замын хойд тал руу зам хөндлөн гарсан. Баруунаас зүүн тийшээ чиглэлтэй замыг бүтэн гараад зүүнээс баруун чиглэлтэй 2 замаар гараад 1 дүгээр эгнээнд явж байхдаа мөргүүлсэн. Тэгээд ухаан алдсан, гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэв.

Эрүүгийн 2203006000572 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Тээврийн цагдаагийн албанаас хэргийн газарт үзлэг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас), зам, тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

2. Жолооч С.Э-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 0 хувьтай,

согтууралгүй тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

            3. Тээврийн цагдаагийн албанаас 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

            4. Хохирогч Э.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),

            5. Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 122 дугаар хуудас),

            6. Иргэний нэхэмжлэгч Б.Д-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ослын талаар сайн мэдэхгүй байна. Сүүлд 2022.11.14-ний өдөр тоёото приус 20 маркийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зээлийн гэрээ байгуулж авсан Э өөрийн биеэр ирж мэдэгдсэн. Ослын дараа Э автомашиныг засуулж янзлуулсан, зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт хийгдээд хэвийн явагдаж байгаа. ...Зээлдэгч Э нь өөрийн зардлаар автомашиныг засуулсан болохоор манай байгууллагын зүгээс хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй С.Э-аас нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 132 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 133 дугаар хуудас),

            хариуцагчаар өгсөн: Осол гаргасан буруутай жолооч бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй гэж бодож байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 13251 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Духанд хаван хавдартай, 7х8см, 3х2см тав тогтсон хөх өнгийн эмийн бодис түрхсэн зулгаралттай. Баруун, зүүн нүдний дээд доод зовхи хаван хавдартай, цус хуралттай, хоёр нүдний алимад цус хурсан, эрүүнд 7х3см хар хүрэн улаан өнгийн зулгаралттай. Хэвлийд 35х28см хүрэн улаан өнгийн зулгаралттай, баруун гуяны урд дунд хэсэгт 7х6см хөх өнгийн цус хуралттай. Баруун өвдөгт 5х4см, 7х3см хүрэн улаан тав тогтсон зулгаралттай. Баруун шилбэний урд дээд хэсэгт 7х6см хүрэн улаан тав тогтсон зулгаралттай, зүүн гуяны гадна дунд хэсэгт 8х2см хүрэн улаан тав тогтсон зулгаралттай.

-Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 13492 тоот өвчний түүхээс: 2022 оны 09 дүгээр сарын 23: үзлэгт:Биеийн байдал хүнд, ухаан бүдэг, асуултад хариулахгүй, орчиндоо идэвх харьцаа сул, дуудахад нүдээ нээж харна, үзлэг хийх үед эсэргүүцэж байна. амнаас их хэмжээний спирт үнэртэнэ. Хэсэг газрын үзлэгт: Толгой үстэй хэсэг хаван хавдартай, нүүрээр зулгарсан шархтай, хаван хавдартай, хоёр талын гар сарвуу шилбэ зулгарсан. Мэдрэлийн үзлэг: одоогоор 12 хос мэдрэлийн талаас хүүхэн хараа хоёр талд гэрлийн урвалд оролцоно, хоёр талд зөв дугариг, нүдний алимын хөдөлгөөн чөлөөтэй, нүдний харах чадал хэвийн, нүдний алимын чичигнэх хөдөлгөөн үүсэхгүй, харааны талбай хэвийн, хамар уруулын нугалаас хоёр талд ижил, хүзүүний хөшингө шинж үгүй, хэл голын шугамаар, мөчдөд булчингийн хүч 5 балл, шөрмөсний рефлексүүд мөчдөд хэвийн, эмгэг рефлексүүд үүсэхгүй. Толгойн КТГ: толгойны томограммуудад дух яс духны хөндий. Хоёр нүдний ухархайнуудын хана, хамар яс, хоёр талын хоншоорын яс хамарсан хугаралтай, нүүрний зөөлөн эд их хэмжээний хаван хавдартай, дайвар хөндийнүүд цустай. Хоёр талын хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн. Нүд хөдөлгөгч булчингууд болон харааны мэдрэлд эмгэг өөрчлөлт тодорхойлогдохгүй. Ховлуудын хэлбэр хэмжээ хэвий. Голын бүрдэл хазайлтгүй. Давтан толгойн КТГ: Толгойны давтан томограммуудад дух яс бяцарсан 2 тийш салаалсан, 2 талын суурь ясны их бага далавч руу үргэлжилсэн хоншоор, нүүрний ясны хугарлыг өмнөх шинжилгээнд дүрсэлсэн болно. Дух яс, нүүрний ясны хэлбэр алдагдсан. Хугарлын улмаас гавлын хөндийд их хэмжээний хийтэй. Хоёр талын нүдний өөхөн эслэг, хацар шанааны зөөлөн эдэд хий ихтэй. Ховлуудын хэлбэр, хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. Хэвлийн ЭХО: Элэгний хэмжээ хэвийн, гадаргуу тэгш, элэгний хэт авиан эхо ойлт жигд, харагдах талбайд голомтот өөрчлөлт тодорхойлогдохгүй. АТК хэвийн. Цээжний рентген: цээжний хэлбэр зөв. Уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй. Уушгины зураглал хоёр талд олширсон. Уушгины угууд өргөссөн. Зүрх болон голтын сүүдэр хазайлтгүй. Зүрхний бэлхүүс тэгширсэн гэжээ.

1.Э.Ж-гийн биед дух, хоёр талын суурь яс, хоёр талын ухархайн хана, хоншоор яс, хамар ясны хугарал, тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, тархи доргилт, дух нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас),

            8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 4666 дугаартай:

            1.Шинжилгээнд ирүүлсэн “С06861498” гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэж байна.

            2.Шинжилгээнд ирүүлсэн “С06861498” гэсэн дугаартай хуруу шилтэй цусанд 2,3 промилли спирт илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

            10. “Хас үнэлгээ” ХХК-ийн Т.Prius маркийн **** УАВ улсын дугаартай автомашинд хийсэн техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас),

            11. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 1138911521 дугаартай:

            -Т.Prius маркийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6800cd, хол дээрээ 27500cd (стандарт 10000-225000cd) байна. ...Уг тээврийн хэрэгслийн зүүн талын их гэрэл хагарсан, копут 80х15см хэмжээтэй хонхойсон, баруун урд талын толины гэр хагарсан, зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал 0cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6800cd, (10000-225000cd) байна. ...Уг автомашин нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормозны системтэй ба урд тэнхлэгийн тоормозны хүч зүүн талдаа 2.3kH, баруун талдаа 2.1kH зөрүү нь 9% (стандарт<20%), хойд тэнхлэгийн тоормозны хүч зүүн талдаа 1.3kH, баруун талдаа 1.2kH, зөрүү нь 8% (стандарт<30%),тоормозны систем хэвийн ажиллаж байна. ...Тухайн тээврийн хэрэгслийн хурд, замын гадаргуу, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тоормозны мөр зам дээр үүснэ. ...Зүүн талын их гэрэл хагарсан, копут 80х15см хэмжээтэй хонхойсон, баруун урд талын толины гэр хагарсан гэмтлүүд нь ослын үед үүссэн гэж үзэж байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 42-47 дугаар хуудас),

            12. Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1270 дугаартай магадлагаанд: 1.Тоёота приус маркийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.2.Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 5.3. Гэрлийн бүрхүүл...бүдэг асдаг болсон” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Э.Ж нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн “5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 3.Дээрх осол нь Тоёота приус маркийн **** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 3.4.Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах 5.3.Гэрлийн бүрхүүл...бүдэг асдаг болсон” гэх заалтуудыг зөрчсөнөөс гарсан гэх үндэслэлтэй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

            13. Яллагдагч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 139 дүгээр хуудас),

14. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хор уршиг нэхэмжилсэн баримтууд: Э.Ж-гийн хохирол нэхэмжилсэн баримт, Т*** ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 08/1527 дугаартай тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 57-67 дугаар хуудас), С.С хохирол нэхэмжилсэн баримт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас С.С-д итгэмжлэл олгосон 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/5262 дугаартай албан тоотын хуулбар (хавтаст хэргийн 119, 123 дугаар хуудас),

            15. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

-Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай дүү С.Э нь зан байдлын хувьд их даруу, төлөв, гэр бүлийн хүмүүжил сайтай, өрөвч нинжин сэтгэлтэй, архи дарс хэрэглэдэггүй, элдэж гаж буруу зуршил байхгүй, эхнэр Ц болон 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо Яармагийн тэнд орон сууцны байранд амьдардаг. Манай дүү 2011 онд Бүгд Найрамдах Солонгос Улс руу гэрээгээр ажил хийхээр яваад 7-8 жил гаруй болоод ирсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78 дугаар хуудас),

-Гэрч С.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай дүү С.Э нь ***-ний өдөр *** аймаг *** суманд төрсөн, *-н хүүхэдтэй айлын отгон хүү, бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжиж **оны хооронд ** аймгийн *-р 10-н жилийн сургуульд суралцаж байгаад 9-р ангиасаа эрдэнэт хотын *-р сургуульд шилжин суралцаж 2003 онд төгссөн бүрэн дэнд боловсрол эзэмшээд **** оны хооронд ****-н холбоо мэдээллийн сургуулийг суралцаж телевизийн техник, технологич мэргэжил эзэмшээд **** оны хооронд Завхан аймгийн Тэс суманд байрлах Зэвсэгт хүчний 288-р ангид 1 жилийн цэргийн алба хааж ирээд УБ хотод ирж суурьшиж ажилгүй байж байгаад 1 жилийн өмнөөс *** ХК-д борлуулагчаар ажиллаж байна. Манай дүү С.Э нь 2019 онд Т.Ц гэх эмэгтэйтэй танилцаж гэр бүл болоод дундаасаа 2019 онд том охин Э.Д, 2022 оны 04 сард хүү Э.Э-ыг төрүүлсэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

-Иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, В ангиллын 2029 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд жолоодох эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 74, 83, 73, 74, 70 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц овогт С.Э-ыг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 8 (найм) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирүүлсэн шүүгдэгч С.Э-ын B ангиллын ****** дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-аас 5,161,801 (таван сая нэг зуун жаран нэгэн мянга найман зуун нэг) төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Ж-д 1,932,901 (нэг сая есөн зуун гучин хоёр мянга есөн зуун нэг) төгрөгийг олгож, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж үйлчилгээний дансанд 3,228,900 (гурван сая хоёр зуун хорин найман мянга есөн зуу )төгрөгийг нөхөн төлүүлж, Нэт Капитал ХХК-г иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Нэт Капитал ХХК хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Ж-гийн нэхэмжлэлээс 119,00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цалин хөлс болон бусад зардал, цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс тоолсугай.

10. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА