Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 653

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00653

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Д. сум, С. багт оршин суух, .... дугаарын регистртэй, Я. овогт Б. Бгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 153/2018/00662/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Б нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1979 оны 6 дугаар сард 8-р анги төгсөж Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд эцэг Б.Баатар, эх Г.Дэвээгийн хамт байсан. 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл эцэг, эхийн хамт малчнаар ажиллаж байгаад 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цэргийн алба хаасан. 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 22 дугаар тушаалаар Сээр бригадад малчнаар ажиллаж эхэлсэн ба 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд хоньчин, Эмчилгээ тэжээлийн цэгийн ахлах малчнаар ажиллаж байв. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн боловч миний нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, бичигдсэн архивын лавлагаа авахад тэр үеийн 70 дугаар дансны материал тогтоолгох боломжгүй байна. Иймд Б.Б намайг Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1984 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэлмаа нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хүсэлт гаргагч Б.Б нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.Б нь 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1874 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадын 1979 оноос 1981 он, 1984 оноос 1985 он, 1989 он, 1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 9-53 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн цэргийн батлахын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 54-57 дугаар хуудас/,

- Монгол улс, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4069 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 58 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчид 1987 оны 01 дүгээр сард олгосон хүндэт жуух бичиг /хх-ийн 62 дугаар хуудас/,

- Хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 63-75 дугаар хуудас/,

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 36/004254 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,

Гэрч Ж.Төмөрхуягийн ...Би 1976 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 о ны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд хүний бага эмчээр ажиллаж байсан. Б.Б нь 1979 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин болж байсан. 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хаасан. 1985 оны 10 дугаар сард Б.Ариунаатай гэр бүл болж Сүхбаатарын зам нэгдэл тарах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг,

Иргэн Б.Зуноровын ...Би 1978 оны 09 дүгээр сараас 1990 оны 06 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сээр бригадад малчин, хэсгийн ахлагч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Б.Б нь 1979 оны 06 дугаар сард 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчин болж байсан. 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хаасан. 1985 оны 10 дугаар сард гэр бүл болж Сүхбаатарын зам нэгдэл тарах хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан.... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Бгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Яргай овогт Баатарын Бг 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1990 оныг хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ