Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/831

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч Х.Анхцэцэг ,

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С*** овогт Б.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210016380900 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С*** овогт Б.Г нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр * аймгийн * суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эмээ, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн *хотхон * байрны * тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн * дугаар хороо, * байрны * тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Х-ын биед халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын салстад шар, хамар, баруун, хацар, эгэм, цээж, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210016380900 дугаар хэрэгт шинжлэн судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдийн 03:28:57 цагт “нөхөртөө зодуулсан” гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2. Хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

3. Гэрч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9199 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

5. Яллагдагч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

6. Аюулын зэргийн үнэлгээ зэрэг “бага” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), байнга оршин сугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

I.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 06 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн * дугаар хороо, * байрны * тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Х-ын биед халдан зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, доод уруулын салстад шар, хамар, баруун, хацар, эгэм, цээж, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдийн 03:28:57 цагт “нөхөртөө зодуулсан” гэсэн гомдол мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

-Хохирогч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шөнийн 00 цаг болж байхад манай үеэл эгчийн нөхрийн үеэл дүү болох Хтай уулзсан. Харин дараа нь 2022 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00 цаг 20 минутын үед манай найз залуу болох Г бид хоёр дээр ирээд бид гурав хоолонд орохоор болсон. Тэгтэл дэлгүүрээс идэх юм, 6 шил сөжү аваад гэрийн гаднах саравчинд ууцгаасан. Дахин Х ах нэмж 6 шил сөжү авсан. Тэр сүүлийн сөжүнээс Х ах 2 шилийг, Г 1 шилийг уусан бөгөөд би нэмж уугаагүй. Тэрний дараа Г бид хоёр гэр лүүгээ орсон, Х ах гэр лүүгээ явсан. Би яг юунаас болж найз залуу болох Гтай муудалцсан эсэхээ санахгүй байна. Тэгтэл гэртээ ороод л би ухаан орсон харин Г нь миний хоолойг боосон байдалтай миний нүүр хэсэг рүү болон ам руу цохиод байсан. Тэгээд цохиод байхаар нь би орилтол манай эмээ орж ирсэн. Эмээг цагдаа дуудаа гэхэд дуудлага өгөөгүй байсан. Би Г мултраад том өрөө рүү орж эмээгийн гар утсыг аваад цагдаад мэдэгдсэн. Цагдаад мэдэгдсэний дараа том өрөөнд Г орж ирээд бас барьж авсан тэгээд намайг орилоод байсан болохоор багалзуурдаж аваад ам руу цохиод байж байтал 2 цагдаа орж ирээд Г бид хоёрыг авч явсан. Харин Г нь намайг цохиж, зодсон асуудал Х ахтай хардсан байж магадгүй гэж би бодож байгаа. Тэр үед бас нуруу, гарын булчин хэсгүүдийг хумсаараа маажсан байдаг. ...Урьд өмнө надад гар хүрч байсан удаа байхгүй. ...Г бид хоёр албан ёсны гэр бүл биш, хамтран амьдрагч. ...Ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. Бид хоёр эвлэрсэн. гэсэн мэдүүлэг мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),

-Гэрч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11 дүгээр хорооны хэсгийн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч А-тай Зайсан-112 чиглэлд хоногийн хугацаанд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн шөнө дуудлага мэдээлэл их байсан бөгөөд миний санахаар А бид хоёр тухайн дуудлага өгсөн газар, орон байранд дуудлагаар очоод хаалгыг онгойлгуулан орсон тэгтэл нэг эрэгтэй, нэг эмэгтэйн дээр нь суусан хоёр гарыг нь барьсан байдалтай байхыг л санаж байна. Тэгээд А бид хоёр тухайн эрэгтэй, эмэгтэй хоёрыг авчраад эрэгтэйг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн байдаг. Одоо А нь 2022 оны 07 дугаар сард ажлаа хүлээлгэж өгөөд Солонгос улс руу суралцахаар явсан. Өөр мэдэх зүйл байхгүй байна. ...Надад нэмж ярих зүйл байхгүй байна, миний ярьсан зүйл бүгд үнэн зөв. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9199 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Хамарт 1.0х0.8 см, доод уруулд 1.0х0.7 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Доод уруулын баруун дотор салстад 0.5х0.4 см, дээд салстад 0.5х0.3 см хэмжээтэй цайвар өнгийн шархтай. Баруун эгэмний дээд хэсэгт 0:9х0.7 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Баруун хацрын доод хэсгээр хавдсан. Баруун бугалганы ар дээд хэсэгт 2.0х1.5 см, 5.0х3.0 см, 2.5х1.0 см, зүүн бугалганы ар дээд хэсэгт 3.5х2.0 см, 1.5х1.0 см хэмжээтэй хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай. Зүүн гуяны гадна дунд хэсэгт 5.0х3.0 см, баруун ташаанд 3.0х2.0 см, 1.5х1.0 см хэмжээтэй хөхөлбөр шаргал өнгийн цус хуралттай.

2022.06.27-ны толгойн КТГ: ...тархины бор цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. ...хоёр талын хоншоорын хөндийн салст жигд бус зузаарсан гэжээ.

-Д.Х-ын биед тархи доргилт, доод уруулын салстад шарх, хамар, баруун хацар, баруун эгэм, цээж, хоёр бугалга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),

-Яллагдагч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...2022 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би эхнэр, түүний хамаатны ахын хамт сөжү ууж согтсон бөгөөд хамаатны ахаа салаад гэртээ орсон үедээ хамтран амьдрагч Х-т гар хүрсэн байсан. Одоо би хийсэн асуудлаа хүлээн зөвшөөрч байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Г хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Х өөрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсантай холбоотой зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй тул хохирол, хор уршгийн зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

Хохирогч Д.Х-т 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд оролцохгүй талаар тэмдэглэлд тусгагдсан байгааг дурдав.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон хүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй юм.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул улсын яллагч шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцохдоо улсын яллагчийн дүгнэлтэд тайлбар гаргаагүй.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байна. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, нөгөө талаас шүүгдэгч эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг оногдуулж, ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С*** овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С*** овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлэхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Г цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Х-т төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.АЛТАНТУЯА