| 2018 оны 10 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2018/00654 | Жаргалант сум | МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нэхэмжлэгч: Ховд аймгийн М. сумын Ч. багт оршин суух, эмэгтэй, Б. овогт Я.ийн Ц. /.../-ын нэхэмжлэлтэй, Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээг авч, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 153/2018/00657/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Я.Ц нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч Я.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Ховд аймгийн Мянгад сумын дунд сургуулийг 1979 онд төгсөөд Анагаах ухааны дунд сургуулийг 1983 онд эх баригч, бага эмчээр төгссөн. Сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн бага эмчээр ажиллаж байгаад, Мянгад сумын Хүн эмнэлэгт эх баригчаар, Мянгад сумын 10 жилийн дунд сургуульд эмчээр тус тус ажиллаж байсан. Тэтгэвэрт орох нас болоод шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хандсан. Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Намайг хүмүүс Цоо, Ц гэж дууддаг байсан....Биеийн байдлаасаа болоод хөнгөн ажил хийх гээд ажлаа сольж сургуулийн эмч болсон юм....гэв. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Я.Ц нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Я.Ц нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодрууллаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч Я.Ц нь Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эмчээр ажиллаж байсан болох нь 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Анагаах ухааны дунд сургуулийн захиргаанаас олгосон 052994 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын тэргүүний Мянгад сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 84 дугаартай Хариуцлагатай дежур томилж ажиллах тухай тушаалын хуулбар, гэрч Ж.Алтангэрэлийн ....Я.Ц нь анагаахын дунд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Мянгад сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байгаад 1991-1994 он хүртэл сургуулийн эмчээр ажилласан. Я.Ц нь бага эмчийн мэргэжилтэй хүн. Сумын эмнэлэгт бага эмчээр ажиллаж байсан бид үзүүлээд явж байсан. Нэг сум бригадын хүмүүс болохоор Я.Цыг сайн мэдэж байна.... гэх мэдүүлэг, гэрч Г.Нямсүрэнгийн ....Я.Ц нь 1983 онд анагаахын дунд сургууль төгсөж ирээд Ховд аймгийн Мянгад сумын 2 дугаар бригадад бага эмчээр ажиллаж байгаад 1986 онд Мянгад сумын хүн эмнэлгийн салбарт хүний бага эмчээр 1991 он хүртэл ажилласан. 1991-1994 оныг дуустал Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн сургуулийн бага эмчээр ажилласан....гэх мэдүүлэг, гэрч Ч.Гантөмөрийн ....Я.Ц нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадын эмчээр ажиллаж байсан. Я.Цоос би багийн эмчийнх нь ажлыг 1991 онд авсан юм. Я.Ц надад ажлаа өгөөд Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн эмчээр ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /ХХ-ийн 7, 9, 16-17, 18-19, 20-21 дүгээр тал/ Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бортон овогт Ядамсүрэнгийн Цын Ховд аймгийн Мянгад сумын 10 жилийн дунд сургуульд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал эмчээражиллаж байсан байдлыг тогтоосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ |