Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/828

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч В.Батдэлгэр,

  хохирогч И.Б,

  шүүгдэгч Э.Л,

  иргэний нэхэмжлэгч Б.П, Ө.З нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А** овогт Э.Л-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005000490 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

А*** овогт Э.Л нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй гэх, ам бүл *, эхнэр хүүхдийн хамт Б** дүүргийн ** дугаар хороо, ** хорооллын ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо гэр бүлээсээ тусдаа Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** хорооллын ** дугаар байрны ** тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Э.Л нь согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Маршал” тауны зүүн талын замд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 50 минутын үед Тоёота приус 30 маркийн **** УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно:а/согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно., мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэл хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас урдаа явсан Nissan pulsar маркийн **** УБС, Nissan Caravan маркийн **** УБЛ, Toyota Prado маркийн **** УНК улсын дугаартай автомашинуудыг мөргөж, Nissan pulsar маркийн **** УБС улсын дугаартай автомашины жолооч И.Бийн биед хүндэвтэр, зорчигч Б.П-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Шүүгдэгч Э.Л шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн үед Маршал тауны урд талын “С***” төсөл дээр 5-6 ажилчдаа хариуцаад инженер хийдэг байсан. 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн үед ажлын хувцсаа солиод ажилчдын байранд байсан айргаас 2 аягыг уугаад гарсан. Ажлын талбай дээр очоод хүмүүстээ ажлын багаж, хэрэгслээ хураагаарай гэж хэлчхээд 20 минутын дараа ажлаас гарсан. **** УНЛ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин жолоодоод зам тээврийн хөдөлгөөнд оролцсон. Тэгэхдээ 2 дугаар эгнээ дамнаж цагаан өнгийн “Ниссан карован” маркийн машины урдуур шахаж орсон. Би 1 дүгээр эгнээнд явж байсан. Хойноосоо урагшаа чиглэлтэй 2 урсгалыг давж хажуу талаас нь орсон. Тэр 2 урсгалаа даваад урдаасаа хойшоо чиглэлтэй 1 дүгээр эгнээ рүү 1 машины урдуур эвгүй дараад орсон. Тэр машинтай шахалцаж явж байгаад зай гарахаар нь орох гэтэл урд явсан машиныг мөргөсөн. Маргааш нь ажилчдаасаа асуухад ажилчид айрагтаа архи хольсон байсан. Иргэний нэхэмжлэгч Т-д 900,000 төгрөг, Н-д 1,620,000 төгрөгийг төлсөн. Баримт нь байхгүй. Бусад хүмүүс хохирол төлөөгүй байгаа. Ажлын хөлс орж ирэхээр төлнө гэв.

2.Хохирогч И.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Зайсангаас хойшоо ажил руугаа явж байсан. Маршал тауны хажууд 1 дүгээр эгнээнд явж байгаад дөнгөж зогстол араас мөргөсөн. **** УБС улсын дугаартай Ниссан пулсар маркийн машин жолоодож явсан. Тэгээд дөнгөж зогстол араас тас гээд Приус 30 маркийн машин мөргөсөн. Би урагшаагаа 2 машин мөргөсөн. Би жолооны хүрдэнд хавиргаа хугалсан байх.Тав дахь өдөр нь мэдэгдэхгүй байж байгаад хагас сайнд өвдөж бүтэн сайнд эмнэлэгт үзүүлж томографикийн зураг авхуулахад 7,8 дугаар хавирга хугарсан байсан. Машины арын суудалд Б.П, Ө.З2 сууж явсан. Ө.З2 суудлын завсар хэвтчихсэн байсан. Б.П арагшаа дэр цохисон байсан. Би гэмтлээс болоод 2 сар гаруй хугацаанд ажилгүй байсан. Миний сарын цалин 1,000,000 төгрөг, 2 сарын цалин болох 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хүний буруу байхад утсаар ярьдаггүй, хохирол нөхөн төлөх талаар санаачилга гаргадаггүй. Надтай 1 утсаар яриад ирнэ гэсэн ч ирээгүй. Гэм хийчхээд ярьж асууж болно, гэтэл ерөөсөө асууж яриагүй. Хохирлоо нэхэмжилж байна гэв.

3.Иргэний нэхэмжлэгч Ө.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр И.Бийн машинд сууж явж байхад гэнэт араас автомашин мөргөсөн. Нэг мэдсэн чинь З босоорой гэсэн, толгой өвдөж байсан. Приус 30 маркийн машины жолооч согтуу залуу мөргөсөн байсан. Энэ залуу машинаасаа буухгүй байсан. Ингээд цагдаа ирж шалгахад шүүгдэгч энэ залуу согтуу байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт би очиж үзүүлэхэд гэмтэл гараагүй боловч хэд хоног гэртээ хэвтрийн дэглэм сахисан. Мөн бариачид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Энэ ослын улмаас 10 хоног ажлаа хийгээгүй. Энэ талаар баримтыг хэрэг өгсөн тул баримтаар 500,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ. 10 хоногийн цалин 600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн мэдүүлгээс сонсоход хүний эрүүл мэндэд учруулсан хохирлоо төлөөгүй байж бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг төлсөн гэж байгааг гайхаж байна гэв.

4.Иргэний нэхэмжлэгч Б.П шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Ө.Золзаяагийн хамт **** УБС улсын дугаартай Ниссан пулсар маркийн машинд суугаад И.Б-ийн жолоодоод явж байхад гэнэт араас их хүчтэй мөргөөд юу болсныг ойлгоогүй. Ө.З сууж байсан суудлаасаа урагшаа унасан байсан. Би машины хаалга мөргөсөн. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэг дээр очиж үзүүлэхэд нурууны зөөлөн эд урагдаж мэдрэлээ дарсан байна гэж оношлогдсон. Гранд мэд эмнэлэгт хэвтсэн. Физик эмчилгээнд явсан тул эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Мөн хоёр сарын цалин 2,400,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

  Эрүүгийн 2203005000490 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын хэлтэст 20:54:05 цагт машинд дайруулсан цус алдаад гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

2.Тээврийн цагдаагийн албанаас хэргийн газрын үзлэг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-13 дугаар хуудас),

3.Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд жолооч Э.Л 2.30 хувийн согтууралтай тухай, О.Б, Г.Т, И.Б нарын  согтуурлыг шалгахад О хувийн тоон үзүүлэлт тогтоогдсон тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас),

4.Хохирогч И.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

5.Гэрч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас),

6.Иргэний нэхэмжлэгч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

7.Иргэний нэхэмжлэгч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ниссан караван маркийн **** УБЛ улсын дугаартай автомашиныг 2018 онд худалдаж аваад өөрийн нэр дээр шилжүүлсэн, миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Хохирлын үнэлгээг хийлгэж хэрэгт хавсаргаж өгсөн. Уг үнэлгээнд заагдсан хохирлын төлүүлээд авчихвал цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас),

 

8.Иргэний нэхэмжлэгч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Тоёота приус 30 маркийн **** УНЛ улсын дугаартай автомашиныг 2022 оны 4 дүгээр сард ББСБ ХХК-д урьдчилгаа 7,000,000 төгрөгийг өгч 15,000,000 төгрөгийн зээлээр худалдаж авсан. Манай нөхөр бид хоёр уг автомашиныг худалдаж авсан болохоор нөхрөөс нэхэмжлэх зүйлгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),

хариуцагчаар өгсөн: Манай нөхөр бусдад учруулсан хохирлоо өөрөө төлж барагдуулах байх. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 12022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 11725 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт:  Баруун бугалганы дотор дунд хэсэгт 7х7см баруун шууны дотор дунд хэсэгт 13х12см хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны эд хавдсан. Цээжний баруун дунд хэсэгт 6х1см, баруун тохойд 2х1,5см, баруун шууны дотор дунд хэсэгт 1,8х0,5см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 11859 тоот өвчний түүхээс: 2022 оны 08 дугаар сарын 22: хэвтэх үеийн зовиур: Цээжээр өвдөнө. Гэмтлийн эмчийн үзлэгт: Цээжний хэнхэрцэг тэмтрэлтээр баруун хажуу хэсгээр эмзэглэлтэй. 2022.08.26-ны өдрийн эмчийн үзлэгт: Цээжний хэнхэрцэг тэмтрэлтээр баруун талд эмзэглэлтэй. 2022.08.24-ны Цээжний рентгенд: Баруун уушгины дунд талбайд шугаман сүүдэртэй хазайлтгүй. Хавирганы хугарлууд КТГ-ийн шинжилгээнд бичигдсэн...2022.08.24-ны  Цээжний Рентгенд: Цээжний хэлбэр зөв. Уушгинд голомтот болон нэвчдэст өөрчлөлтгүй. Уушгины зураглал хоёр талд олширсон. Уушгины угууд өргөссөн. Өрцний сүүдэр хэвийн. Хавирга өрцний синус баруун талдаа чөлөөтэй, зүүн талд хаалттай бага хэмжээний шингэнтэй. ...2022.08.21-ны Лазер мед эмнэлгийн Цээжний КТГ-д: ...баруун талын 7-р хавирга LAM шугамаар зөрүүтэй, 8-р хавирга LAP шугамаар зөрүүтэй хугаралтай ... онош: Хавирганы хугарал гэжээ.

1.И.Б-ийн биед баруун 7, 8-р хавирганд хугарал, баруун бугалга, баруун шуунд цус хуралттай, зөөлөн эдийн няцрал, цээж, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. /шинжээч Б.Долгормаа/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас),

10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 11723 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхийн баруун ар хэсэгт 6х4 см бүдэг шаргал, зүүн өгзөгний доор хэсэгт 4х4 см, 4х2 см тод хөх захаараа шаргал ногоон туяа үүссэн хуралттай. 2022.08.19-ний өдрийн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт гэжээ. 2022.08.20-ны Лазер Мед эмнэлгийн Бүсэлхий нурууны КТГ-т: ...нугалам ясанд хугарал гэмтлийн өөрчлөлтгүй. ...зөөлөн эдэд эмгэг өөрчлөлтгүй. 2022.08.29-ний өдрийн Бүсэлхий нурууны MRI-нд: ...Нугасанд эмгэг өөрчлөлтгүй. Нугасны суваг хэвийн. ...гэмтлийн өөрчлөлтгүй гэжээ.

1.Б.П-гийн биед бүсэлхий, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. /шинжээч Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас),

11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хэргийн материалаар хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 779 дугаартай:

1.2022.08.30-ны өдрийн 11723 дугаартай дүгнэлтэд “Med Trauma Hospital” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, ГССҮТ-ийн Хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгооны хариу, “Лазер Мед” эмнэлгийн Компьютерт томографийн шинжилгээний хариу тусгагдсан байна.

2.Б.П-гийн биед бүсэлхийн 4, 5 нугалмын завсрын жийргэвчийн түвшинд дэх шар холбоосны зүүн талын хэсэгчилсэн урагдал, зүүн өгзөгт цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.2022.08.26.-ны өдрийн Med Trauma Hospital” эмнэлгийн Бүсэлхий нурууны соронзон резонанст томографын шинжилгээг шүүх эмнэлгийн дүрс оношилгооны эмчээр давтан уншуулахад бүсэлхийн 4, 5 нугалмын завсрын жийргэвчийн түвшинд дэх шар холбоосны зүүн талын хэсэгчилсэн урагдал гэмтэл тогтоогдлоо. /шинжээч Н.Энхцолмон/ гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас),

12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүний биед хийсэн 11724 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Бүсэлхийн 2-3 нугалмын төвшинд багана нурууны шугамаар нурууны зүүн талд 4х5 см, далны шугамаар 3х5 см бүдэг шаргал өнгийн цус хуралттай. Баруун гуяны дотор дунд хэсэгт 5х1.5 см бүдэг шар ногоон өнгийн цус хуралттай.

1.Ө.Золзаяагийн биед бүсэлхийн нуруу, баруун гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. /шинжээч Н.Энхцолмон/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас),

13.Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1040 дугаартай магадлагаанд: 1.Тоёота приус 30 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Nissan pulsar маркийн **** УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч И.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Ниссан караван маркийн 63-58 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 4.Тоёота прадо маркийн **** УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 162-163 дугаар хуудас),

14.И.Б-ийн ослын тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 88 дугаар хуудас), И.Б-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-оос 29-ний хооронд хэвтэн эмчлүүлсэн талаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 11859 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 89-97дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч Б.П, Ө.З нарын осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас (хавтаст хэргийн 115, 140 дугаар хуудас),

15.Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хор уршиг нэхэмжилсэн баримтууд: И.Б-ийн хохирол нэхэмжилсэн баримт, Ү*** ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 22/51 дугаартай тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас), Ө.З-гийн хохирол нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас), Б.П-гийн хохирол нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 43-51 дүгээр хуудас),

16.Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй холбоотой баримтууд: **** УБС улсын дугаартай автомашины эзэмшигч нь И.Б бүртгэлтэй талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 109 дүгээр хуудас), **** УНК улсын дугаартай автомашины эзэмшигч нь Ариг банк ХХК бүртгэлтэй талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 153 дугаар хуудас), Ариг банк ХХК-ний 2022 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 106 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), **** УНЛ улсын дугаартай автомашины эзэмшигч нь Б*** ББСБ ХХК бүртгэлтэй талаар тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 171 дүгээр хуудас), Б*** ББСБ ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 22/2041 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас), 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр автомашины зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ (хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас), **** УБЛ улсын дугаартай Nissan Caravin улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Т.Н бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас),

17.Хөрөнгийн үнэлгээний тайлангууд: Мастер Үнэлгээ ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 101-104 дүгээр хуудас), Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас), Хас үнэлгээ ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас), Вендо ХХК-ийн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас),

  18.Шүүгдэгчийн Э.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 166 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 175 дугаар хуудас), В ангиллын 2031 оны 05 дугаар сарын 11-ийг хүртэл хугацаанд жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 167 дугаар хуудас), байнга оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн168 дугаар хуудас), 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 169 дүгээр хуудас), Э.Л, Ц.Ц нарын 2017 онд гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 170 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А*** овогт Э.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А*** овогт Э-Л-г тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хасаж, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолсугай.

  5.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, иргэний нэхэмжлэгч Ц.Ц хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Л-гээс 8,831,750 (найман сая найман гучин нэгэн мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулж хохирогч И.Б-д 2,518,050 (хоёр сая таван зуун арван найман мянга тавь) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ө.З-д 535,900 (таван зуун гучин таван мянга есөн зуу) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.П-д 3,331,800 (гурван сая гурван зуун гучин нэгэн мянга найман зуу) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Г.Т-д 926,000 (есөн зуун хорин зургаан мянга) төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Т.Н-д 1,520,000 (нэг сая таван зуун хорин мянга) төгрөгийг тус тус олгож, Ц.Ц-ыг иргэний хариуцагчаас чөлөөлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч И.Б, иргэний нэхэмжлэгч Б.П, Ө.З-д нар цалин хөлс болон гэмт хэргийн улмаас өөрт учирсан, цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс тоолсугай.

9. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Т.АЛТАНТУЯА