Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/840

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч М.Сумъяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х*** овогт Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210020011364 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х*** овогт Б.Б нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Д** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Д*** ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн * дугаар хороо, А*** хотхоны *** тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн ард аюушийн ** дүгээр гудамж ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Р***баарны орчимд Ж.А-тай таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж, биед нь халдаж цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн зулайн шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал баруун зовхинд цус хуралт, зулгаралт, цээж, хоёр эгэм, бүсэлхий, зүүн өвдөгт зулгаралт, сээрний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 08 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Р*** баарнаас найзуудын хамт гараад явж байтал хажуугаар хэдэн залуучууд зөрөхдөө хамт явж байсан эмэгтэйг доромжилсон. Тэд нарыг такси барихаар зогсож байхад нь би яагаад эмэгтэй хүн доромжилж байгаа юм бэ гэхэд Ж.А намайг шууд цохиод зугтсан. Би араас нь гүйгээд хавирч унагаагаад зодсон. Манай 2 найз ирж салгасан. Удалгүй цагдаа ирсэн. Ж.А-т учирсан хохиролд 900,000 төгрөг нөхөн төлсөн. Гэхдээ хэрэгт 570,000 төгрөгийн баримтыг өгсөн байгаа гэв.

Эрүүгийн 2210020011364 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 08 дугаар сарын 05 -ны өдрийн 03:29:45 цагт бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

2.Хохирогч Ж.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дугаар хуудас), хохирогчийн биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

3.Гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

4.Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),

5.Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас),

6.Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),

7.Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

8.Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүний биед хийсэн 10849 дугаартай:

-Хэсэг газрын үзлэгт: Зүүн зулайн хуйханд ирмэг тэгш бус 1,8х0,2см мэс заслын оёдол бүхий шархтай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, баруун дээд, доод зовхи, хамрын нурууны баруун талыг хамарсан тархмал хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, орчны зөөлөн эд хавдаж овойсон, зовхины дотор буланд 0,8х0,2см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, баруун эгэмний доод хэсэгт 3,0х0,2см, 4,0х0,2см, зүүн эгмэнд 1,0х0,5см, зүүн хөхөнд 7,0х0,4 см, зүүн бугалганы урд дээд хэсэгт 3,0х0,8см, бүсэлхийн баруун хэсэгт 5,0х4,2см, зүүн өвдөгт 3,5х3,5см хүрэн ягаан өнгийн зулгаралттай, сээрний голд 7,0х3,0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Med trauma эмнэлгийн 2022.08.05-ны ОТГ-н шинжилгээнд: Хамар ясны хоёр хажуу хананд заадас дагуу зөрүүгүй, бороожсон хугарлуудтай, таславч S хэлбэрийн мурийлттай. ...Духны дээд хэсгээр зулай, дагзны хэсгүүдийн зөөлөн эдэд 0,9см хүртэл зузаантай хавантай. /хариу бичсэн эмч Б.Сарантуяа/ гэжээ.

1.Ж.А-ын биед зүүн зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, цээж, хоёр эгэм, бүсэлхий, зүүн өвдөгт зулгаралт, сээрний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас

10. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 80 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн 2022 оны 02 дугаар сараас 2022 оны 07 дугаар сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), Дукат ХХК тодорхойлолт (хавтаст хэргийн 120 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х*** овогт Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х*** овогт Б.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.А-т төлөх төлбөргүйг дурдсугай.

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Т.АЛТАНТУЯА