Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/845

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхзаяа тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

хохирогч С.С,

шүүгдэгч Н.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Т*** овогт Н.Л-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар ирүүлсэн эрүүгийн 2210000001350 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т*** овогт Н.Л нь **** оны ** дугаар сарын *8-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Н.А группэд захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар  хороо А-1 хотхоны ** байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:******8*).

Холбогдсон  хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Н.Л нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** байрны ** тоотод 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хамтран амьдрагч С.С-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний биед нь халдан зодож биед нь баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн өмнө зогсож байгаа маань хамгийн сүүлийн удаа байгаасай гэж хүсэж, үнэн бодит байдлыг ярих болно. Миний хувьд С.Стой амьдраад 9 жил болж байна. Бид хоёр * хүүхэдтэй болсон боловч 3 дахь хүүхэд маань 2021 оны 04 дүгээр сард нас барсан. Бид хоёр 3 жил гашуудал зарласан тул гэрлэлтээ баталгаажуулаагүй. Өнгөрсөн хугацаанд С.С таван удаа Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн өдөр С.Солонгыг алгадсан нь үнэн. Харин зодож, дэвсэлж байгаагүй. Сүүлийн жилүүдэд С.С гарч орох нь ихсэж, гэртээ согтуу ирэх болсон. Ажил дээрээ байна гэж худлаа хэлэн караокед тасарсан байсан, таксины жолооч мөнгөө өгөхгүй байна гэж над руу ярьсан, ажил дээрээ байна гэж худлаа хэлж найзуудтайгаа уусан зэрэг тохиолдлууд олон гарсан. Сүүлдээ энэ байдал даамжирч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 3, 4 машин мөргөж, эрүүлжүүлэхэд хүртэл орсон. Эр нөхрийн хувьд эхнэрээ торны цаана харах надад хэцүү байсан. Энэ хэрэг гарсан өдөр С.С гэртээ согтуу ирсэн. Найзуудтайгаа байна гэж хэлээд бааранд өөр залуутай байсан. Таксины жолооч танай эхнэр утсаа миний машинд унагаасан, хамгийн сүүлд Минт гэдэг баарны гадаа буусан гэж хүртэл ярьж байсан. Би тэр бааранд яваад очиход баар хаах болсон байсан. Намайг очиход С.С танихгүй залуутай хамт байж байхыг харахад надад хэцүү байсан. Өнөөдөр би өөрийн амьдралаа авч явах ёстой. 2 хүүхдийнхээ ирээдүйг бодох ёстой, энэ гэр бүлийн нэг хэсэг учраас С.С-ын энэ бүх асуудлыг би уучилсан. Би үүргээ ухамсарлаад уучилсан. Бид хоёр ярилцсан. Өнөөдөр С.Сос албан ёсоор уучлал гуйж байна. Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөндөө уучлал гуйж байна, чамайг надад дахиж битгий гар хүрээсэй гэсэндээ би тэгсэн гэж надад хэлсэн. Өнөөдөр бид хоёрт ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. Би энэ эмэгтэйд хайртай. Энэ ч үүднээс олон хүүхэд төрүүлж, гэр бүлийн хувьд дутагдахгүй сайхан амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд гар хүрсэн зүйл бол архи ууж, тамхи татаж байгаад нь уур хүрч, гэртээ ирэхгүй байсан зэргээс нь болж эр нөхөр хүний хувьд түүнд гар хүрсэн. Би гараа атгаж цохиогүй, зөвхөн алгадсан. Орилж чарлаж байгааг нь болиулах гэж түүнийг барьсан зэргээс болж хөхөрсөн зүйл байгаа байх. Энэ болсон асуудал дээр албан ёсоор С.С-с уучлал гуйя. Гэхдээ өнөөдрийн шүүхийн өмнө зогсож байгаа асуудал чи бид хоёрын амьдралын зорилгод байгаагүй. Дахиж ийм асуудал бидний амьдралд битгий байгаасай гэж хүсэж байна гэв.

  Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед манай компанид 8 хүн шинээр ажилд орсон. Шинэ хүмүүсээ угтах үйл ажиллагааг би зохион байгуулсан. Тухайн үйл ажиллагааг дуустал би тэнд байх ёстой байсан. 21 цаг 30 минутад над руу нөхөр залгасан. Би үнэн байдлаа хэлсэн. Уурлаад орилоход нь утсаа тасалсан. Дахиад залгахад нь би утсаа аваагүй. Тухайн үед байгууллагын захирал тэр үйл ажиллагаанд оролцоогүй. Гэтэл нөхөр захирал руу залгаж уурласан байсан. Тэр нь манай байгууллагын удирдлагад таалагдаагүй. Би 22 цаг 25 минутын орчимд гэрт ороход нөхөр орилоод хараасан. Миний нүүр лүү хоёр удаа алгадсан. Тэгэхэд нь би уурлаад өмнө нь болсон хэргийн тухай ярьсан. Би баримтаар баталгаажуулаагүй ч нэг эмэгтэйн тухай ярьсан. Тэр үед нөхөр миний  баруун чих рүү алгадсан. 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бас иймэрхүү үйл явдал болж байсан. Тэр өдрийн маргааш өглөө нь  цагдаа ирсэн. Тухайн үед би гомдолгүй гэж буцааж байсан. Би дахиж хүчирхийлэлд баймааргүй байна гээд цагдаа дуудна гэж хэлсэн.  Би явлаа гэж хэлээд гарч яваад ээжийнхээ гэрийн үүдэнд очоод ийм байдалтай орж чадахгүй шөнийн 02 цаг хүртэл гадаа нь суусан. 02 цаг өнгөрөөгөөд буцаад гэртээ очсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2 машин мөргөсөн нь үнэн. Хуулийн хариуцлагаа хүлээсэн. Ойрхон зогссон байсан учир 2 машин мөргөсөн. Л намайг бусадтай уулзахыг хязгаарладаг. Удаа дараа давтагдаад байхаар нь хүчирхийллийн үндэсний төвд очсон. Тэндээс хорооны нийгмийн ажилтантай уулзахыг зөвлөж, нийгмийн ажилтантай уулзахад гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг өндөр гарсан гээд цагдаад ханд гэж хэлсэн. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэв. 

Эрүүгийн 2210000001350 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр С.С-ын гаргасан гомдол (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. Хохирогч С.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 27, 30-31 дүгээр хуудас), С.С-ын биед үзлэг хийсэн гэрэл зургууд (хавтаст хэргийн 6-22 дугаар хуудас),

3. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн хийсэн Аюулын зэрэг  дунд гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүний биед хийсэн 14416 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун чихний гадна суваг дурандахад хэнгэргэн хальс цайрч харагдана, зүүн чихний хальс нимгэн, цайвар ягаан өнгөтэй. ЭМЖЖ эмнэлгийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний үзлэгт. Онош: Хэнгэргэн хальсны шинэ цоорол /Н72/ гэжээ.

1.С.С-ын биед баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас)

5.Шүүгдэгч Н.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

6.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 283 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэлх хугацааны тодорхойлолт (хавтаст хэргийн 55 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т*** овогт Н.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.С хор уршгийн зардал нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.АЛТАНТУЯА