| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 159/2024/0003/З |
| Дугаар | 221/МА2024/0755 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2024/0755
| 2024 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2024/0755 | Улаанбаатар хот |
П.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч П.Б
Нэхэмжлэгч: П.Б
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б
Гуравдагч этгээд: *******;
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/10* дүгээр захирамж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/0* дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Б ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,
Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А,
Хариуцагч Б.Б,
Гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 159/2024/0003/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Б нарт холбогдуулан “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаар тогтоол, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/10* дүгээр захирамж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/0* дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргажээ.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн;
1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/0* дугаартай дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/10* дугаартай захирамжийг хүчингүй болгож,
2 дахь заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3, 49.3.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 77 дугаар зүйлийн 77.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б-ы Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч П.Б аас давж заалдах гомдолдоо:
3.1. ...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан “Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 11* дугаартай тогтоолтой холбоотой нотлох баримт болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс уг маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3-т заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 12* дугаартай тогтоолыг хүчингүй болгосон бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...энэхүү тогтоолыг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй, нөхцөл байдлыг тогтоох болон нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсох” гэх мэт Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар хүчингүй болгох шаардлагатай байсан боловч уг зүйлийн 48.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан учир тус хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т зааснаар хүчингүй болгосон, ийнхүү хүчингүй болгохдоо Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас ирүүлсэн бичгийг үндэслэл болгосон” гэж маргасан байхад анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр “... Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд Сэлэнгэ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өөрт олгогдоогүй бүрэн эрх эдэлж, Төрийн өмчийн хороотой зөвшилцөлгүйгээр 2006 онд “Барилга худалдах тухай” 12* дугаар тогтоол гаргасан нь орон нутгийн төрийн өмчийг хувьчлахтай холбоотой харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эрх зүйн зөрчилтэй /хууль зөрчсөн/ захиргааны акт гэж дүгнэхээр байна” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Учир нь Сэлэнгэ аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12* дугаар тогтоолын дагуу дуудлага худалдаа зарлагдсан бөгөөд нэхэмжлэгч миний бие уг дуудлага худалдаанд оролцон ялагч болж 2007 оны 01 дүгээр сарын 12-ны 04 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан, худалдан авч халаалтын төвийн барилгыг худалдан авч шударга өмчлөгч болж 2017 он хүртэл Алтанбулаг сумын халаалтыг хариуцан ажиллуулж байгаад 2017 онд “СЭ” ХХК-д шилжүүлж, уг компани манай халаалтын төвийн барилга, тоног төхөөрөмжийг ашиглан Алтанбулаг сумын дулаан хангамжийг хариуцан ажиллаж байсан. Бидний зүгээс сумын Засаг даргатай харилцан тохиролцож 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 11 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 204 м.кв уурын зуухны барилга, 464 м.кв блокон хашаа, 4798 м.кв газар эзэмших эрхийг Алтанбулаг суманд буцаан шилжүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу манай компани зөвхөн тоног төхөөрөмжийг төлбөртэй шилжүүлсэн ба уурын зуухны барилга, хашаа, газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй орон нутгийн өмчид шилжүүлсэн, уг уурын зуухыг одоо “БӨ” ХХК хариуцан Алтанбулаг сумын дулаанаар ханган ажиллаж байгаа билээ.
3.3. Тухайн үед буюу намайг дуудлага худалдаагаар худалдан авахаас өмнө Алтанбулаг сумын халаалтын төвийн үйл ажиллагаа доголдож, тоног төхөөрөмж нь хуучирч муудан сум тэр чигтээ гал алдах нөхцөл байдалд хүрээд байх үед миний өөрийн мэргэжлийн дагуу ажил учир дуудлага худалдаагаар худалдан авч хөрөнгө оруулалт хийж, өөд нь татан сумын дулаан хангамжийг хэвийн явуулсаар 2017 оны бусдад шилжүүлсэн билээ. Тэр цагаас өнөөдрийг хүртэл хугацаанд Алтанбулаг сумын дулаан хангамжтай холбоотой сумын иргэдийн нийтийн эрх ашиг зөрчигдсөн ямар нэгэн нөхцөл байдал огт үүсээгүй, ийм нөхцөл байдал үүссэн талаар ямар ч нотлох баримт, хяналт шалгалтын болон хууль хяналтын байгууллага, шүүхийн ямар ч шийдвэр гарч байгаагүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт “...Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12* дугаартай эрх зүйн зөрчилтэй захиргааны акт хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд түүнийг хүчингүй болгуулахаар Сэлэнгэ аймгийн прокурорын газар болон иргэн Ц.Б, С.О нараас нийтийн эрх ашгийн өмнөөс удаа дараа албан бичиг, өргөдөл гомдол гаргаж хүчингүй болгуулахаар хандсаныг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүлээн авч хэлэлцэх асуудлын дараалалд оруулан хэлэлцэж хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм.
Учир нь: Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 12* дугаар тогтоолын дагуу худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлдөө шилжүүлсэн нэхэмжлэгч П.Б-ы “А” ХХК нь Алтанбулаг сумын иргэд, аж ахуйн нэгжүүдэд дулаан үйлдвэрлэх, түгээх ажиллагааг маш хангалтгүй явуулж ирсэн, халаалтын төвийн үйл ажиллагааг стандартын дагуу халаадаггүй, иргэд болон төр, төсвийн байгууллагуудыг муу халааснаас хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн талаар тус сумын иргэдээс Мэргэжлийн хяналтын болон Прокурорын байгууллагад удаа дараа гомдол хүсэлт ирж байсан талаар холбогдох байгууллагуудын албан бичигт дурдагдсан бөгөөд гуравдагч этгээд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.С шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон шүүх хуралдааны явцад энэ талаар тодорхой тайлбарлажээ.
3.4. ““А ” ХХК-ийн халаалтын төвийн хууль бус хувьчлал, үйл ажиллагааны доголдлын улмаас тус сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагын Монгол улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрх удаан хугацаанд хөндөгдсөөр ирсэн бөгөөд Алтанбулаг сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна...” гэсэн нь огт үндэслэлгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй байхад шүүхээс нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзсэн үндэслэлийг огт ойлгохгүй байна.
Шүүхийн шийдвэрт Ц.Б, С.О нараас нийтийн эрх ашгийн төлөөлөн гомдол гаргасан гэж дурдсан нь огт үндэслэлгүй бөгөөд эдгээр хүмүүс нь Алтанбулаг суманд 2010 оноос амьдарч эхэлсэн бөгөөд тухайн үед орон сууцны өргөтгөлийн зөвшөөрөлгүй барилгад үйл ажиллагаа явуулж дэлгүүр, гуанз, караоке зэрэг 183 м.кв талбайтай барилгын халаалтын зөвшөөрөлгүй хууль бусаар дур мэдэн холбож үйл ажиллагаа явуулж байсныг мэргэжлийн хяналтын газар тогтоож, дүгнэлт гаргаж зөрчлийг таслан зогсоож, хууль бусаар хэрэглэсэн халаалтын төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандаж халаалтын төлбөрийг Ц.Б, С.О нараар төлүүлэхээр шийдвэрлэж байсан.
Эдгээр иргэд нь өөрсдөө уурын зуух барина гэж сумаас уурын зуухны зориулалтаар газар аваад хувийн шунахай сэдлээр өнөөдрийг хүртэл хандаж болох бүх төрийн байгууллагад үндэслэлгүй, худал гомдол гаргасаар ирсэн, эдгээр хүмүүс надаас их хэмжээний мөнгө нэхэж шүүхэд хүртэл хандаж шүүхээс түүнийг нь хэрэгсэхгүй болгож байсан байхад эдгээр хүмүүсийг анхан шатны шүүхээс ямар нотлох баримтаар хэрхэн нийтийн эрх ашгийн төлөөлж гомдол гаргасан гэж үзэж байгаа нь тодорхойгүй хэт нэг талыг барьсан шийдвэр болсонд гомдолтой байна.
3.5. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.С-ийн бичгээр болон амаар гаргасан тайлбар ч огт үндэслэлгүй бөгөөд уг тайлбарыг нотлох баримт огт байхгүй байхад шүүхээс “шүүх хуралдаанд тодорхой тайлбарлажээ” гэж дүгнэсэн хуульд нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “...Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь заалтын тухайд эрх зүйт төрд нэг этгээдийн ашиг сонирхол онц шаардлагатай тохиолдолд нийтийн ашиг сонирхолд байр сууриа тавьж өгөх гэсэн ойлголт бөгөөд Алтанбулаг сумын иргэдийн нийтийн ашиг сонирхол гэдэгт нийт дундын, чухал ач холбогдол бүхий халаалтын төвийг ойлгохоос гадна тухайн суманд ажиллаж амьдарч байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд хамаарч байх тул нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлсэн, эерэг нөлөөлөл бүхий, эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүчингүй болгосныг буруутгах боломжгүй юм” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь хариуцагчийн зүгээс дээрх Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.5 дахь заалтыг хэрэглэж маргаан бүхий актыг гаргаагүй байхад шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарахгүй заалтыг тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж үзэж гомдол гаргаж байна. Өнөөдрийг хүртэл Алтанбулаг сумын халаалтын үйл ажиллагаанаас болж нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн зүйл огт гарч байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдаж байгаа болно.
3.6. Миний эрх бүхий байгууллагаас гаргасан нээлттэй дуудлага худалдаанд оролцон ялагч болж өмчлөх эрх шударгаар олж авсан бөгөөд дуудлага худалдаа явагдаж түүнд оролцож ялагч болж, гэрээ хийсэн бөгөөд уг дуудлага худалдаа явуулсан баримт байхгүй байгаа нь иргэн надад хамааралгүй бөгөөд намайг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийхгүйгээр дуудлага худалдаа явуулсан баримт байхгүй гэж намайг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үйлдэгдсэн мэтээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд албан бичиг явуулдаг боловч тэр нь иргэн надад огт хамааралгүй, шүүхээс өнөөдрийг хүртэл хэн нэгнийг эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэр гараагүй байхад шударга өмчлөгч миний эрхийг зөрчиж маргаан бүхий актыг гаргасанд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй, иргэн миний хувьд захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу явагдсан дуудлага худалдаанд оролцож өмчлөх эрх олж авсан тул хууль ёсны итгэл үүссэн, энэ нь хуулиар хамгаалагдах ёстой гэж үзэж байгаа бөгөөд хууль ёсны итгэл хамгаалах зарчим надад үйлчлэх ёстой байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс маргаан бүхий актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримталсан боловч мөн хуулийн 47 дугаар зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн байхад шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй. Учир нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлж асуудлыг хэлэлцсэн бол хурлын төлөөлөгч нар асуудлыг бодитой харж зөв шийдвэр гаргах боломжтой байсан гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан хурлын тэмдэглэлээс үзэхэд Алтанбулаг сумаас сонгогдсон төлөөлөгч нь бусдадаа Алтанбулаг сум уурын зуухгүй болсон мэт худал мэдээлэл өгсөн болох нь тогтоогдож байхад үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159/ШШ2024/0065 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч миний гаргасан “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаартай тогтоолыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хангасан өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Нэг. Хууль хэрэглээний талаар:
1. Хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаартай тогтоолоор Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.3.3-т заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 12* дугаартай тогтоолыг хүчингүй болгосон нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
2. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3-т “шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол;” гэж заасан хуулийн зохицуулалтыг үндэслэн Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12* дугаар тогтоолыг хүчингүй болгосон байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд гаргасан тайлбаруудаас үзэхэд, нэхэмжлэгч нь дуудлага худалдаагаар авсан сумын халаалтын төвийн барилгаас Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газартай харилцан тохиролцон “204 м.кв уурын зуухны барилга 464 м.кв блокон хашаа, 4798 м.кв газрын эзэмших эрх” зэргийг үнэ төлбөргүй шилжүүлэх, харин өөрийн өмчлөлийн 211,460,000 төгрөгөөр үнэлэгдсэн эд хөрөнгөнөөс уурын зуухны тогоо, тоног төхөөрөмжийг 130,000,000 төгрөгөөр үнэлэн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 11 тоот “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр төлбөртэйгөөр орон нутгийн өмчид буюу Алтанбулаг суманд шилжүүлсэн нь тогтоогдож байна.
3. Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11* дугаар тогтоол гарч байх үед маргаан бүхий уурын зуух, тоног төхөөрөмж нь Алтанбулаг сумын орон нутгийн өмчид шилжсэн, сум орон нутаг өөрөө үйл ажиллагааг нь хариуцаад 1.5 жил болсон, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно:”, 49.3.3-т заасан шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
4. Иймд нэхэмжлэгчийн хувьд эерэг нөлөөлөл бүхий Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12* дугаар тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй.” гэж зааснаар хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Хоёр. Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагааны талаар:
5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч П.Б Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн “Барилга худалдах тухай” 12* дугаартай тогтоолоор орон нутгийн өмчийг дуудлага худалдах аргаар худалдахаар шийдвэрлэсэн, Алтанбулаг сумын төвд байрлалтай халаалтын төвийн барилгын дуудлага худалдаанд оролцон ялагч болж, улмаар 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авч, уг үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Y-13010000** дугаарт бүртгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 00006526* тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон болох нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 225 дугаар албан бичиг /хх-ийн 89-90 дэх талд/, болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
6. Нэхэмжлэгч нь хууль ёсоор ашиглаж байсан халаалтын төвийн барилгаас Алтанбулаг сумын Засаг даргатай харилцан тохиролцон “204 м.кв уурын зуухны барилга, 464 м.кв блокон хашаа 4798 м.кв газрын эзэмших эрх” зэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 11 тоот “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ээр төлбөртэйгөөр орон нутгийн өмчид буюу Алтанбулаг суманд шилжүүлсэн, харин үлдэх 334 м.кв талбайтай барилга нь нэхэмжлэгчийн өмчлөлд үлдэж түүний нэр дээр үл эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээтэй болох нь хэрэгт авагдсан талуудын хооронд байгуулагдсан “Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх-ийн 17-18 дахь талд/, П.Б-ы нэр дээрх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ” /хх-ийн 11 дэх талд/, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-ийн 238 дахь талд/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7. Түүнчлэн хариуцагч уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахдаа Сэлэнгэ аймгийн прокурорын газраас ирүүлсэн удаа дараагийн албан бичгээр шаардсан дагуу хуралдан шийдвэрээ гаргасан гэх боловч тухайн албан бичигт дурдсан асуудлаар тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийг хаасан” гэх 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн прокурорын тогтоол, халаалтын төвийн үйл ажиллагаа нь хэвийн бус, халаалтын доголдлоос болж айл өрх, албан байгууллагын байр сууцанд хөдлөлт явагдаж иргэдийн эрх ашиг хохироосон гэх нөхцөл байдлын талаар сумын халаалтыг хариуцаж буй өмчлөгч Алтанбулаг сумын орон нутгийн удирдлагууд, нэхэмжлэгч П.Б аас асууж тодруулаагүй, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 12* дугаар тогтоолд дурдсанаар “ашиглалтын хугацаа дуусаж, тоногдсон, ашиглалтгүй байсан барилга”-ыг худалдах шийдвэрийг 17 жилийн дараа хүчингүй болгосон нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагаа явуулах, мэдэгдэх зэрэг Захиргааны ерөнхий хуулийн 24-26 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогчийн эрхийг хангах хуулийн заалтыг зөрчжээ.
8. Нэхэмжлэгчийн дуудлага худалдаагаар худалдан авсан халаалтын төвийн барилгад хамаарах хэсэг нь газрын бүрдэл хэсэгт хамаарах бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7[1]-д “Газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь газрын бүрдэл хэсэг байх” гэсэн төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хариуцагч Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2023 оны 11* дугаартай тогтоолыг гаргахдаа анхаарч үзээгүй байна.
9. Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох хэсгийг зөв тайлбарлан, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч П.Б-ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот, байгуулалтын газрын улсын байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 35-29-01/041/0* дугаартай дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/10* дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
10. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Алтанбулаг сумын Засаг даргаас газартай холбоотой дараах захирамжуудыг гаргасан үйл баримт тогтоогдож байна.
Үүнд, Алтанбулаг сумын Засаг даргын
а/ 2002 оны 43 дугаар захирамжаар тус сумын халаалтын төвд 2 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн;
б/ тус халаалтын төвийн эзэмшил газраас 0.7 га газар эзэмших эрхийг 2007 оны 72 дугаар захирамжаар иргэн П.Б д уурын зуухны зориулалтаар 20 жилийн хугацаатай шилжүүлсэн;
в/ 2021 оны А/162 дугаар захирамжаар П.Б-ы эзэмшиж буй 6798 м.кв /0,7 га/ газрыг 4798 м.кв, 2000 м.кв гэсэн 2 хэсэг болгон эзэмшил газрыг нэгж талбарт хуваан эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийн 5 дахь заалтаар 2007 оны 72 дугаар захирамжийн П.Б д холбогдох хэсгийг хүчингүй болгосон;
г/ 2021 оны А/237 дугаар захирамжаар П.Б-ы 4798 м.кв газрыг сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлж, уг захирамжийн 5 дахь заалтаар П.Б-ы эзэмшилд олгосон сумын засаг даргын 2021 оны А/162 захирамжийн /4798 м.кв холбогдох хэсэг/ газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг тус тус хүчингүй болгожээ.
11. Дээрхээс үзэхэд, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг дарга нь П.Б д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2007 оны 72 дугаар захирамжийг 2021 оны А/162 дугаар захирамжаар хүчингүй болгосон атлаа нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болсон актыг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/10* дугаар захирамжаар дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
12. Улсын Дээд шүүхийн 2006 оны “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.2.3-т “Б”-д “...захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг ...захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ.” гэж заасан байх бөгөөд П.Б-ы нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 114/ШШ2021/0009 дугаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг[2] анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.
13. Иймд маргаан бүхий Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 159/ШШ2024/0065 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.3.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Б аас Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Тогтоол хүчингүй болгох тухай” 11* дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 23400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА