Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04090 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ч.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.М-, Б.А-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт М.М-ээс 52 761 000 төгрөг, Б.Амар-Амгалангаас 42 239 000 төгрөг, нийт 95 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Цацралтуяа,

Хариуцагч: М.М-,

Хариуцагч нарын өмгөөлөгч: Х.Сэргэлэнбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.А- нь өөрийн найз М.М-ийн хүсэлтийн дагуу 2014 оны 1 сарын 20-ны өдөр 70 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлсэн юм. Зээлдэгч М.М- нь зээлийг тохирсон хугацаанд төлөөгүй ба удаа дараа төлбөр төлөхийг шаардаж байсан ч ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж, хохироож байна. Ийнхүү зээлээ шаардахад тэрээр өөрийн найз Б.Амар-Амгаланд 35 000 000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан. Ингээд мөнгө өгсөн гэх Б.Амар-Амгалантай уулзаж өөрт нь өгсөн мөнгө Ч.А- миний мөнгө болох талаар хэлээд хурдан мөнгөө буцаан авах тухай шаардахад иргэн Б.А-нь хугацаатай зээлийн гэрээ байгуулах талаар хүсэлт гаргасны дагуу 2014 оны 1 сарын 20-ны өдрөөр тооцож, 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, зээлийн гэрээг бичгээр байгуулж харилцан тохиролцсон болно. Энэ зээлийн гэрээний хугацаа дуусч Б.Амар-Амгалангаас төлбөр төлөхийг шаардахад тэрээр гэрээний хугацааг сунгах талаар дахин хүсэлт тавьсны дагуу 2014 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээгээр баталгаажуулсан. М.М- нь өмнө зээлсэн 70 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэж итгэл төрүүлэн дахин мөнгө нэмж зээлээч гэж гуйсны дагуу 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 25 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба М.М-ийн “Хаан” банкны 5030145070 тоот дансанд шилжүүлсэн болно. Энэ нь ямар нэгэн гэрээ байхгүй тул хүү тохироогүй, үндсэн зээлээ нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжилж буй дүнгээс хасахад нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйлгүй. Иймд хариуцагч Б.Амар-Амгалангаас зээлийн төлбөрт 42 239 000 төгрөг, М.М-ээс зээлийн төлбөрт 52 761 000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч М.М- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч.А-аас 70 000 000 төгрөгийг аваад өөрөө хэрэглээгүй. Н.Гүнсмаа, Б.А-нарын данс руу шилжүүлсэн, энэ талаар Ч.А- мэдэж байгаа. Яагаад надаас нэхэмжлээд, н.Гүнсмааг хамтран хариуцагчаар татахгүй байгааг ойлгохгүй байна. Эдгээр хүмүүс надаар дамжуулан хүү болон үндсэн мөнгөө Ч.А-ын данс руу хийдэг байсан. Ч.А- нь н.Гүнсмаа, Б.А-нартай тооцоо нийлсэн баримт нь хавтаст хэрэгт байна. Иймээс миний бие 70 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. 25 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 25 000 000 төгрөгийн тооцоо 2014 онд тооцоо нийлээд төлж дууссан. Хэрэв 25 000 000 төгрөгийн зээлээ төлж барагдуулаагүй байсан бол анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэх байсан. 2017 оны 6 сарын 3-ны өдөр тооцоо нийлэхэд Ч.А- нь тэр 25 000 000 төгрөг яахав гэдгээ хэлсэн. Уг 25 000 000 төгрөгийн 13 000 000 төгрөгийг найз н.Жаргалсайханы дансаар дамжуулан Ч.А-ын данс руу шилжүүлсэн. Харин үлдэгдлийг нь 2014 оны 11 дүгээр сарын сүүлээр аваачиж өгч, 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн бичиг хийж, миний бие Ч.А-т барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авч банкнаас зээл авсан. Ингээд энэ зээл дууссан болно. Ч.А- нь Н.Гүнсмаагаас зарж байсан турк бараа болон дансаар нийтдээ 10 651 000 төгрөгийг авсан, мөн надаас 4 900 000 төгрөгийн барааг авсан. Мөн Хон-конг явах боллоо гээд ямар ч баримтгүйгээр 1 500 000 төгрөгийг авсан, Б.Амар-Амгалан, Н.Гүнсмаа нараас М.М-ийн дансаар дамжуулан нийт хийсэн орлого нь 47 736 000 төгрөг, ингээд нийтдээ Ч.А-т бараа болон мөнгө нийтдээ 64 787 000 төгрөгийг өгч, 70 000 000 төгрөгийн зээлээс 4 713 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.А-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 1 сарын 20-ны өдөр М.М-ээс 35 000 000 төгрөгийг миний бие авсан бөгөөд өөрийн “Роторжен” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд үндсэн зээл болон хүүд 43 000 000 төгрөгийг өгсөн. Сар бүр 5 хувийн хүү тооцож 1 750 000 төгрөгийг төлдөг байсан. 2014 оны 7 дугаар сард 3 200 000 төгрөгийг Ч.А-ын данс руу, 8 дугаар сард 7 000 000 төгрөгийг М.М-ийн данс руу тус тус шилжүүлж Ч.А-т өгсөн. 2014 оны 9 дүгээр сараас хойш өгсөн мөнгө болгоноо үндсэн зээлээс хасуулж байхаар тохирсон. Мөн өөрийн “Роторжен” ХХК-ийн нэрээр мөнгө шилжүүлдэг байсан. Одоо бол тооцоо хийж, 8 150 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 23 741 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.А-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс хариуцагч Б.Амар-Амгаланд холбогдох хэсэг болон 71 258 500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 790 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид 276 658 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.А-т олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, мөн хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Гэрчээр оролцсон Н.Гүнсмаа нь хариуцагч М.М-ийн төрсөн ахын эхнэр бөгөөд Н.Гүнсмаагийн Ч.А-т худалдсан барааны үнийг зээлдэгч М.М-ийн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ч.А-, гэрч Н.Гүнсмаа нарын хооронд бэлэн хувцас худалдах, худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласаар байтал нотлох үүргээ хэрэгжүүлээгүй хэмээн үзэж зээлдэгч М.М-ийн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь өөрөө нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагад нийцэхгүй байна гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.М- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээний үүрэгт 23 741 500 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 12 000 000 төгрөгийг төлж дуусгасан. Мөн 70 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 11 741 500 төгрөгийг бараа материал болон бэлэн мөнгөөр төлж дуусгасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч М.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б.Амар-Амгаланг оролцуулж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.М-ээс 52 761 000 төгрөг, хариуцагч Б.Амар-Амгалангаас 42 239 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Ч.А- нь 2014 оны 1 сарын 20-ны өдөр 50 000 000 төгрөгөөр нэг удаа, 20 000 000 төгрөгөөр нэг удаа буюу нийт 70 000 000 төгрөгийг “Хаан” банк дахь хариуцагч М.М-ийн 5030145070 тоот данс руу шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдож байна.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

           

Хариуцагч М.М- нь Ч.А-аас шилжүүлэн авсан 70 000 000 төгрөгөөс мөн өдрөө 35 000 000 төгрөгийг Н.Гүнсмаад, 35 000 000 төгрөгийг Б.Амар-Амгаланд тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд харин нэхэмжлэгч Ч.А- нь хариуцагч Б.Амар-Амгаланд 35 000 000 төгрөгийг бодитоор шилжүүлээгүй байх тул хариуцагч Б.Амар-Амгалангаас шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасантай нийцнэ.

 

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, зээлийн гэрээний тооцоо нийлсэн баримтуудыг үндэслэн хариуцагч М.М-ээс зээлийн гэрээний үүрэгт 23 741 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Ч.А-, гэрч Н.Гүнсмаа нарын хооронд бэлэн хувцас худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн  9 846 000 төгрөгийн төлбөрийг М.М-ийн зээлийн төлбөрөөс хасч тооцсон нь үндэслэлгүй” гэх боловч М.М-ээс 35 000 000 төгрөг зээлсэн Н.Гүнсмаа нь М.М-ээс Ч.А-т төлөх зээлийн төлбөрийг “Хаан” банкны дансаар хийж байсан бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Нөгөө талаар хэргийн 52 дугаар талд авагдсан баримтаас үзвэл 9 846 000 төгрөгт бараа тооцож авсан талаарх нэхэмжлэгч Ч.А-ын гарын үсэг бүхий баримт авагдсан байх бөгөөд энэхүү баримтаас худалдах, худалдан авах гэрээний харилцааг үүсгэсэн гэх агуулга тогтоогдохгүй болно.

 

Хариуцагч М.М- давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “төлбөрөөс 5 000 000 төгрөг хасуулах байсан баримт нь надад байгаа, мөн 25 000 000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан” гэх боловч хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх явцад 5 000 000 төгрөгтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаагүй бөгөөд 25 000 000 төгрөгийг бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул дээрх үндэслэлүүдээр гаргасан зохигчдын гомдлыг хангах боломжгүй байна.    

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04090 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 172 500 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276 658 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                         Г.ДАВААДОРЖ