Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0584

 

 

 

 

 

 

2016 оны 9 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2016/0584

Улаанбаатар хот

 

Иргэн Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж нарыг оролцуулан хийж, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ч.Төмөрбаатарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Отгонцэцэг нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн  23 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяа, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч Л.Отгонцэцэг нараас дахин шинэ акт гаргах хүртэл Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот “Ээлжийн амралтын тооцоо хийх тухай”, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” актыг тус тус хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-4-14 тоотод оршин суугч Модчин овогт Чогсомжавын Төмөрбаатар миний нэхэмжлэлтэй:

1. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.Сарантуяагийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №23-06-025/16 тоот “Ээлжийн амралтын тооцоо хийх тухай” актыг

2. Мөн газрын Нийгмийн хамгаалалын хяналтын улсын байцаагч Л.Отгонцэцэгийн гаргасан 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” актыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргахад Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг актуудыг хянан шийдвэрлэн 23 дугаартай шийдвэрээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар ... дахин шинэ акт гаргах хүртэл дээрх хоёр актыг хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Энэ шийдвэр нь илтэд ойлгомжгүй иргэн миний эрх ашгийг захиргааны байгууллагын актаас дорд үзсэн, захиргаадсан шинжтэй, хууль ёсны болж чадаагүй илэрхий буруу хэрэглэсэн, захиргааны байгууллагад боломж олгож байгаа тул доорх үндэслэлээр гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.

Үүнд: 1. Анхнаасаа энэ актууд нь хууль бус байсан. Тухайлбал гомдол гаргагч иргэн Н.Даваасүрэнгийн гаргасан гэх өргөдөл нь ямар ч нотолгоогүй, ямарч баримт хавсаргаагүй байхад улсын байцаагч нар сонирхлын зөрчилтэй оролцсон байдаг. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам 5 дугаар зүйлийн 5.4-т заасан ...Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргагч түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно. 52 дугаар зүйлд төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 52.2-д ... иргэн өргөдлийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх ...гэсэн заалтыг зөрчиж гаргасан акт байдаг.

2. Миний бие иргэн Н.Даваасүрэнтэй хамтарч ажиллахдаа Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр авч ажиллуулаагүй билээ. Бид амаар хэлцэл хийж харилцан тохиролцсон. Энэ асуудал дээр ямар ч маргаангүй. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ...иргэн намайг Даваасүрэнтэй ... амаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна ... гэлээ. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг зориуд зөрчсөн дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заахдаа: Ажил олгогч нь иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй... гэсэн байхад, түүнийг шүүх зөрчих эрх байх ёсгүй. Энэ нь илэрхий хууль бус болно.

3. Улсын байцаагч нарыг мөн тэдний хяналт шалгалт явуулсан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3 зөрчөөд байна гэснийг ойлгосонгүй. Ийм зүйл заалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас олж үзсэнгүй, хуульд байхгүй хуулийн зүйл заалтаар улсын байцаагч болон тэдний үйл ажиллагааг дэмжсэн нь хууль шүүхийн өмнө тэгш байх Үндсэн хуулийн үндсэн зарчим зөрчигдлөө.Тэгээд байхгүй зүйл заалтыг шүүхээс хэрэглэсэн нь шийдвэр өөрөө хууль бус боллоо.

4. Иргэн Н.Даваасүрэнгийн хөлсний тооцоог тодруулах шаардлагатай гэсэн нь илэрхий ойлгомжгүй байна. Улсын байцаагч Б.Сарантуяа нь өөрөө дураараа аашилж өргөдөл гаргачийн гомдлын үндэслэлийг шалгахгүй байж зөвхөн иргэн намайг буруутгахыг гол зорилгоо болгож албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ямар ч баримт нотолгоогүйгээр үндэслэлгүйгээр акт үйлдсэн нь илэрхий байхад уг актыг шүүх хүчингүй болгоогүй нь шүүхийн шийдвэр өөрөө хууль бус боллоо гэж үзэж байна.

5. Улсын байцаагч Л.Отгонцэцэг нь надтай уулзаа ч үгүй, ямар ч баримт үзээгүй зөвхөн Б.Сарантуяагийн захиалгаар акт тавьсан нь тодорхой байна. Тэрээр шүүх хурал дээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг мэдэхгүй, манай өмгөөлөгчийн асуусан асуултад хариулж мэдэхгүй байсан.

Иймд улсын байцаагч нарын актыг хүчингүй болгож, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо нийт 5 үндэслэлийг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн байх бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Ч.Төмөрбаатар нь “Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23-06-025/16 тоот “Ээлжийн амралтын тооцоо хийх тухай” акт, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 23-06-040/17 тоот “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх тухай” актуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд анхан шатны шүүх “...хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг талууд тохиролцож, амаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Н.Даваасүрэнгийн хийж гүйцэтгэж байсан ажлын байрууд нь байнгын ажил болох нь ажил, хөдөлмөр хийж байснаар тогтоогдож байна, хариуцагч нарыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд акт гаргасан байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн шүүх Н.Даваасүрэнгийн үйлчлэгч, борлуулагчаар ажиллаж байсан хугацааны цалин буюу хэдэн онд хэдэн төгрөгийн цалинг сард авч байсныг тодруулах шаардлагатай, маргаан бүхий актуудад гуравдагч этгээдэд олгосон цалингийн хэмжээг ямар учраас дундчилж тавьсан нь тодорхойгүй, 7 хоногт хэдэн өдөр ажиллуулдаг талаар нарийвчлан тодруулаагүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнээд дээрх актуудыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “хөдөлмөрийн гэрээ" гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан  хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно” гээд 21.1.1-д “ажлын байрны буюу албан тушаалын нэр”, 21.1.2-т “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”, 21.1.3-д “үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ”, 21.1.4-д “хөдөлмөрийн нөхцөл”, 21.2-т “Аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж болохгүй”, 21.3-д “Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж тус тус заасан байх бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тохиролцож, Н.Даваасүрэн нь 2011 оноос 2015 он хүртэл үйлчилгээний танхим цэвэрлэгч, борлуулагчын албан тушаалд ажиллаж, үүнийхээ хөлсөнд тодорхой цалин авч хөдөлмөрийн тодорхой нөхцлөөр хангагдаж байсан байх тул хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах нь ажил олгогчийн үүрэг юм.

Гуравдагч этгээд Н.Даваасүрэнгийн гаргасан гомдлын дагуу хариуцагч нар хяналт, шалгалтын удирдамж, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хяналт, шалгалт явуулсан байх бөгөөд анхан шатны шүүх “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 52.3-т заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн ойлгомжгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуульд дээрх зүйл, заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Гэхдээ энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ШҮҮГЧ                                                            С.МӨНХЖАРГАЛ

            ШҮҮГЧ                                                            Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР