Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 658

 

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 153/ШШ2018/00658

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-*******э даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* баг, ******* тоотод оршин суух, дугаарын регистртэй, Б овогт Лийн Яын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.Я нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1965 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1980 онд Ховд аймгийн Буянт сумын сургуулийг 8 дугаар анги төгсөж, 1981 оноос эхпэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд өөрийн ээж болох Б.*******гийн хамт саальчнаар ажиллаж байгаад, 1986 оноос эхлэн өөрөө бие дааж мал авч саальчнаар 1994 оныг хүртэл ажиллаж байсан. 1981 оноос эхлэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ээж Б.*******гийн хамт ажиллаж байх үед миний цалин хөлсийг ээжийн нэрээр олгож байсан бөгөөд, 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай тушаалаар бие даан үхэр хүлээлгэн өгч саалчнаар 1994 оныг хүртэл ажиллаж байсан. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлгаагаар миний ажиллаж байх үед томилсон 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаартай тушаал гарсан бөгөөд, миний хөдөлмөрийн дэвтэрт халагдсан он сар нь бичигдсэн боловч 1993 оны 12 дугаар сард халагдсан тушаал болон 1981 оноос 1986 онд ажиллаж байх үеийн баримт гарч ирэхгүй хохироход хүрээд байна. Иймд Л.Я намайг 1981 оноос 1994 он хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.Я нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байх тул 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Л.Я нь 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 1561 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 166 дугаар, 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай тушаал /хх-ийн 4-6 дугаар хуудас/

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1683 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргын 1982 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар, 1983 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 69 дүгээр, 1984 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар, 1985 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 122 дугаар тушаалууд /хх-ийн 7-11 дүгээр хуудас/,

- Хүсэлт гаргагчийн 1990 оны 12 дугаар сарын 29-ний өдөр нээлгэсэн 362718 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13 дугаар хуудас/

- Хүсэлт гаргагчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14 дүгээр хуудас/,

- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр ирүүлсэн архивын лавлагаа /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.*******гийн ...Би 1973 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан. Л.Я нь 1980 онд Ховд аймгийн ******* сумаас Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ээж *******н хамт шилжиж ирсэн. Эхлээд ээжийнхээ туслах саальчнаар ажиллаж байгаад сүүлдээ өөрөө Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж эхэлсэн. Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргаар Чойжил, зоо техникч Севитхан, малын эмч Хашганбай зэрэг хүмүүс ажиллаж байсан. Л.Яын аавыг нь ******* гэдэг. Аав нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Ээж ******* нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан. Л.Я нь ямар ч байсан 1980 оноос эхэлж ажиллаж эхэлсэн. Хэдэн оныг хүртэл ажилласан талаар сайн мэдэхгүй байна. Би өөрөө 1990 онд тэтгэвэртээ гарсан. 1990 оныг хүртэл бол ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Л.Яын ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг,

Гэрч М.*******ийн ...Би 1982 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн Цагаан үнээний фермд няраваар ажиллаж байсан. Л.Я нь 1980 оноос эхлээд Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд ээж *******н хамт саальчнаар ажиллаж байсан. Яын аав ээж нь Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд малчин, саальчнаар ажиллаж байсан. Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйн даргаар Чойжил, зоо техникч Сердихан, цагаан үнээний фермийн эрхлэгчээр А.******* зэрэг хүмүүс ажиллаж байсан. Бид хамтдаа олон жил ажиллаж байсан хүний хувьд Л.Яыг 1980 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийнаж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна... гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Яын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Лхагвасүрэнгийн Яыг 1981 оноос 1990 оныг дуустал Ховд аймгийн Буянт сумын Тэжээлийн аж ахуйд саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Л.Яын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ