Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0312/Э |
Дугаар | 2022/ШЦТ/319 |
Огноо | 2022-04-27 |
Зүйл хэсэг | 13.12.1., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/319
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч З.Б, түүний өмгөөлөгч Ц.Нармандах (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2157),
шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Б.Насанбаяр (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 2672) нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А*** овгийн М.Д-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210002900247 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
А*** овгийн М.Д нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ *** байсан, уг албан тушаалаас чөлөөлөгдсөн, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Баянгол дүүргийн * дугаар хороо, * дугаар байрны * тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
**** ажилтай шүүгдэгч М.Д нь З.Б-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн **** УБВ улсын дугаартай автомашинд хөдөлгөөнт байршил тодорхойлогч, чагнах төхөөрөмж суурилуулж, уг төхөөрөмжөө ашиглан 2021 оны 03 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд яриаг нь чагнах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан стар худалдааны төвөөс хохирогч З.Б-ийг Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, “**” хотхоны ** дүгээр байранд байх гэртээ очтол нь дагах зэрэг хэлбэрээр мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэргийн талаар яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. З.Б-тэй 2017 онд танилцаад, 2019-2021 он хүртэл хамтран амьдарсан. З.Б-тэй хамт амьдрахаа болиод тусдаа амьдарч эхэлсэн тул түүнийг хаана явж байгааг мэдэх гэж машинд нь байршил тогтоох GPS төхөөрөмж суурилуулсан. Машинд нь төхөөрөмж суурилуулсныг З.Б мэдээгүй. GPS төхөөрөмж суурилуулахдаа мөрдөн мөшгөх гэж ойлгоогүй. GPS төхөөрөмж нь машиныг хулгайн болон бусад эрсдэлээс хамгаалах зорилгоор машинд байрлуулдаг. Гэхдээ би өөр зорилгоор ашигласан. Харин яриа чагнаж байгаагүй. Төхөөрөмжийг худалдсан хүн нь миний гар утсанд төхөөрөмжийг ашиглах аппликейшнийг суулгаж өгсөн. Төхөөрөмжид би өөрийн ашигладаг гар утасны сим картыг хийсэн. Ингэснээр холбоотой дугаарт мэдээллийг өгдөг. Төхөөрөмжийн дохиолол асахад миний утсанд мессеж ирдэг. Аппликейшн руу орж үзэхээр З.Б хаана явж байгаа нь харагддаг. Би 9 жил эргүүлийн офицероор ажилласан. Миний ажиллаж байсан ажил гүйцэтгэх ажлын эрхгүй, нэг удаа ч энэ талаарх сургалтад сууж байгаагүй. Мөрдөх эрх байхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.
Эрүүгийн 2210002900247 дугаартай хэргээс
1. Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хохирогч З.Б-ийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч З.Б-ийн бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 3, 4-5 дугаар хуудас),
2. Эд мөрийн баримтаар 1715717050 гэсэн сериал дугаартай, хар өнгийн хуванцар гадаргуутай эд зүйл, түүний доторх 8997699120, 556372598F сериал дугаартай Мобикомын сим карт зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
3. Хохирогч З.Б-ийн мөрдөн шалгах өгсөн:
Би М.Д гэх хүнтэй 2017 оны хавар найзуудаараа дамжуулан танилцаж байсан. 2018 оны 02 дугаар сараас хойш дотно харилцаатай болж нэг нэгнийхээ гэрээр орж гардаг болсон боловч ойр ойрхон согтууруулах ундаа хэрэглээд онцгүй зан араншин гаргаад байдаг байсан учраас 2021 оны 09 дүгээр сараас хойш хоорондын харилцаагаа таслаад уулзахаа больсон. Гэтэл уулзахаа больсноос хойш буюу 2021 оны 09 дүгээр сараас эхлэн намайг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсан стар худалдааны төвд байрлах ажлаасаа тараад харих болгонд араас машинтай дагаж орц руугаа орох үед өөрийгөө байгаа гэдгийг албаар надад харагдуулах, өөрийнх нь утасны дугаарыг авахгүй болохоор нууцалсан дугаараас залгаж уучлалт гуйж уулзмаар байна гэх зэргээр надаас ерөөсөө салж өгөхгүй байсан. 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад М.Д манай ажил дээр орж ирээд тухайн өдөр би машинаа бариад явж байхдаа найзтайгаа утсаар ярьсан яриаг маань сонсчихсон мэт “чи өөр хүнтэй уулзаад байгаа юм уу” гэх мэтчилэн манай ажил дээр хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд би М.Д-г ямар нэгэн байдлаар миний утсаар ярьсан яриаг сонсчихлоо гэдгийг олж мэдээд 2021 оны 12 дугаар сарын эхээр Л гэх дүүгээрээ ажлынхаа гадна машин дотор ямар нэгэн төхөөрөмж байна уу үзээд өгөөч гээд үзүүлэхэд жолооны хүрдэн доорх залгуурт дөрвөлжин хар өнгийн хуванцар гадаргуутай зүйлийг залгасан байсныг олж салгуулсан. Д-тэй утсаар холбогдож уурлахад ямар нэгэн зүйл хэлээгүй. Ингээд би аргагүйн эрхэнд цагдаад гомдол гаргасан. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),
4. Гэрч И.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
З.Б нь манай хадам аавын төрсөн дүү юм. М.Д гэх хүнийг 2 жилийн өмнөөс эхэлж таних болсон. З.Б эгчийн найз залуу байсан гэдгээр нь мэддэг болсон. ...Би өөрийн гар утсан дээрээсээ он, сар, өдрийг нь харахад 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 20 цагийн орчим З.Б эгчтэй ажил дээр нь уулзахаар очиход М.Д намайг ямар нэгэн байдлаар байгаа газрыг маань олж мэдэхээс гадна машин дотор утсаар ярьсан яриаг маань хүртэл сонсоод мэдчихсэн байна. Манай ажил дээр орж ирээд “чи муу намайг юу гэж ярьдаг гэнээ” гэх зэргээр ярьсан яриаг маань мэдэж байна гэж хэлэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад машиныг нь шалгаж үзэхэд жолооны хүрдний доод талын компьютер оношилгоо хийхэд ашигладаг залгуурт дөрвөлжин хар өнгийн зүйл залгачихсан байсан. Тухайн эд зүйл дээр цэнхэр өнгийн гэрэл анивчаад байхаар нь түүнийг салгаж аваад З.Б эгчид өгсөн. Гэтэл З.Б эгч гэртээ очоод тэр зүйлийг онгойлгож үзэхэд сим карт гарч ирж байна гэж надад утсаар хэлж байсан. ...Миний хувьд тухайн эд зүйлийг гаднаас нь хараад юу гэдгийг мэдэхгүй байсан. Тухайн үйл явдал болохоос ойролцоогоор 14 орчим хоногийн өмнө З.Б эгч надад хандан “М.Д-тэй уулзахгүй гээд утсаар хүртэл ярихгүй байхад миний хаана байгаа газрыг олж мэдчихээд байнга дагаж яваад байна” гэж хэлж байсан учраас ерөнхийдөө тухайн төхөөрөмжийг байршил тогтоодог төхөөрөмж байна гэж бодсон. ...З.Б эгч тухайн төхөөрөмж хаана байсныг огт мэдэхгүй байсан учраас намайг машиныг нь үзэж өгөхийг гуйсан. ...Миний хувьд З.Б эгч М.Д хоёрын дундах харилцааны талаар сайн мэдэхгүй, надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, ярьсан зүйл үнэн зөв. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас),
5. Шүүгдэгч М.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би тухайн эд зүйлийг 2021 оны 04, 05 дугаар сарын үед фейсбүүк хуудсан дээр автомашины дохиолол, GPS зарна гэсэн зарын дагуу нэг хүнтэй утсаар холбогдоод 10 дугаар хорооллын ** хотхоны гадна очиж 40.000-60.000 төгрөгийн хооронд худалдаж авч байсан санагдаж байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
6.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн 330 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар гадартай зүйл нь автомашины хөдөлгөөнт байршил тодорхойлогч төхөөрөмж байх боломжтой байна. /GPS tracker/ Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар гадартай төхөөрөмжид суурилагдсан сим картын мэдээлэл унших тусгай зориулалтын төхөөрөмж, программ хангамж одоогоор байхгүй тул хадгалагдаж байгаа мэдээллийг хөрвүүлэн авч шинжилгээ хийх боломжгүй байна /ахлах шинжээч Д.Мөнхбаатар/. гэсэн дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 24-28 дугаар хуудас),
7. Шинжээч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Уг төхөөрөмжид гар утасны дугаартай сим карт хийж тухайн дугаар луу өөр утаснаас залгасан тохиолдолд ойр орчмын яриаг сонсох боломжтой. Харин уг төхөөрөмж нь өөр дээрээ мэдээлэл хадгалах, санах ой байхгүй зөвхөн дуудлагын явцад ойр орчмын яриа, чимээ шуугианыг сонсох зориулалт бүхий төхөөрөмж байна. ...Тусгай төхөөрөмж гэж ойлгож болно. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),
8. Тагнуулын ерөнхий газрын Техникийн тагнуулын газрын шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр хийсэн техникийн шинжилгээний дүгнэлтэд: 1715717050 сериал дугаартай ОВD-GPS төхөөрөмжийг автомашинд ил хэлбэрээр буюу компьютер оношилгооны залгуурт залган ашиглана. Тус төхөөрөмжид гар утасны сим картыг суурилуулснаар техникийн байршлыг тогтоох боломжтой. Мөн тухайн техникт зориулагдсан аппликейшнийг ашиглаж тус техникт суурилуулсан сим картын дугаар уруу залгаснаар орчны чимээг сонсох боломжтой байна. Тус техник нь сим картын оролттой, өөр дээрээ ямар нэгэн санах ойн карт байхгүй, нэмэлтээр санах ойн карт суурилуулах боломжгүй байна. Автобус, такси компани гэх мэт үйлчилгээний компаниуд болон энгийн иргэдэд зориулан өөрсдөд хамаарах автомашины байршлыг тогтоох, хурд хэтрүүлсэн тохиолдолд аппликейшн дээр анхааруулах дохио өгөх, автомашин хулгайд алдагдахаас сэргийлэх, тухайн орчныг шууд сонсож өөрсдийн эд хөрөнгөд аюул учирсан эсэхийг мэдэх зорилгоор энгийн хэрэглээнд ашиглагддаг техник байна.
1. Шинжилгээнд ирүүлсэн техник нь Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл”-д хамаарахгүй, энгийн хэрэглээний техник байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн техник нь гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийн нэгдсэн санд бүртгэлгүй болно.
3. 1715717050 сериал дугаартай хар өнгийн хэрэгсэл нь ОВD-GPS буюу байршил тогтоох болон орчны чимээг сонсох зориулалттай техник байна гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас),
9. Тоёота Приус маркийн **** УБВ улсын дугаартай автомашин нь З.Б-ийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн баримт (хавтаст хэргийн 70 дугаар хуудас),
10. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 33 дугаар хуудас), М.Д-г Б/16 дугаартай тус тус тушаалын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас), ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 80-83 дугаар хуудас), 99890131 дугаарыг М.Д эзэмшдэг гэсэн Мобиком корпораци ХХК-н албан бичиг (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), эд хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 46, 50 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А*** овогт М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгисөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 10 (арав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д зорчих эрхийг хязгаарласан ялын хугацаанд өөрийн оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2210002900247 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүй, хохирогч З.Б-д төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1715717050 гэсэн сериал дугаартай, хар өнгийн хуванцар гадаргуутай эд зүйл, түүн доторх 8997699120, 556372598F сериал дугаартай Мобикомын сим карт зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Д-гийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА