Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/388

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтлөн,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Б.П, Б.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х*** овогт Б.П, Х*** овогт Б.Т нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000384 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Х*** овогт Б.П нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа мужааны ажил хийдэг гэх, ам бүл хоёр, 16 настай хүүхдийн хамт Хан- Уул дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 4 дүгээр захирамжаар 3 жил 6 сарын хорих ялыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн тооцож, 2 жил болгон өөрчилж, оногдуулсан ялаас эдэлсэн ялыг хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 8 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон, мөн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 25 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан (РД: ********).

2.Х*** овогт Б.Т нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баянгол дүүргийн * дугаар хороо, * байрны * тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).

Холбогдсон хэргийн талаар  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Б.П, Б.Т нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Ар Зайсан гудамж, “****” хотхоны * дүгээр байрны * тоотод байрлах хохирогч Д.Э-гийн гэрт нь гипсэн тааз хийж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, материалын мөнгө гэж 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн 850,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр будгийн мөнгө гэж шилжүүлсэн 370,000 төгрөгийг, нийт 1,220,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулахгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

  Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сард гипсэн тааз хийж өгнө гэж 850.000 төгрөг авсан. Ингээд материалаа аваад эсгэсэн байсан боловч Завхан аймаг руу явах ажил гараад явчихсан юм. Тэр үед Б.Т бид хоёр хамтарч ажиллаж байгаад маргалдаад би Завхан аймаг явсан. Буруугаа хүлээж байна гэв.

  Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сард хохирогчоос урьдчилгаа мөнгийг авсан. 2019 оны 7 дугаар сард үлдэгдэл мөнгө гэж 370.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэр үед 10 хоног баривчилгаанд яваад ажлыг нь хийгээгүй. Буруугаа хүлээж байгаа гэв.

Эрүүгийн 2210000000384 дугаартай хэргээс

2. Хохирогч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2019 оны 06 сард өөрийнхөө Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Ар зайсан гудамжны “****” хотхоны * дүгээр байрны * тоотод хоёр давхар руу гарах модон шатыг П гэх хүнээр хийлгэсэн. Ингээд ажлаа дуусгаад төлбөрөө авсан. Мөн манай гэрт таазны ажил хийх шаардлага байсан. Уг хүн таазны ажил хийх боломжтой гэхээр нь хийлгэхээр болж материалын мөнгө 850,000 төгрөгийг данс руу нь шилжүүлэн өгсөн. Үүнээс хойш утсаа авахгүй байсан. 1 сар орчим болсон. 7 сарын сүүлээр холбогдсон, танай таазны материалыг аваад бэлдсэн байгаа, хөдөө ажлаар явж байгаа болохоор будаг хийх шаардлагатай тул туслах ажилтан Түвшинжаргал руу 370,000 төгрөг шилжүүлэх гэхээр нь Түвшинжаргалтай холбогдож 370,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Нийт 1.220.000 төгрөг аваад алга болсон. 3 жил болсон тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Материалаа авсан, одоо очиж таазанд угсраад өгчихнө гэж хэлсэн боловч алга болсон байгаа юм. Одоо болохоор мөнгийг чинь буцаагаад өгнө гэх зүйл яриад байгаа юм. Уг хүмүүс миний итгэлийг ашиглаж залилан мэхэлсэнд маш их гомдолтой байна. Авсан гэх бараа материалыг нь хараагүй. Надад бараа материалаа авсан гэж утсаар ярих үедээ хэлж байсан. Мөнгө авснаас хойш огт ирээгүй, утас нь холбогдох боломжгүй 3 жил алга болсон. ...Би Дансаар Түвшинжаргалын ******** тоот данс руу 370.000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн * хороо, “****” 9-6 тоотоос шилжүүлсэн. П-ын ******** тоот данс руу 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөн гэрээсээ шилжүүлэн өгсөн. ...Эхлээд надад шат хийж өгөөд итгэл олж, аваад дараа нь таазны ажил хийж өгнө гэж мөнгө авч алга болсон. Би бүхэл бүтэн 3 жил хүлээсэн. ...П надад хэлэхдээ материал аваад эсгээд бэлдсэн байгаа, одоо будгийн ажил дутуу байгаа тул будгийн мөнгө шилжүүлэх ёстой, Т-тай холбогдоод өгчих гээд утасны дугаар өгсөн. Т-тай ярьсан чинь надад дансаа өгсөн. Данс руу мөнгө шилжүүлсэн. Т-тай цуг шат хийсэн болохоор зүс мэднэ, түүнээс П надтай ярилцаж тохиролцсон. ...Би маш их гомдолтой байна. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),

3. Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

  “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би иргэн Д.Э, П-тай хамт залилан мэхэлж 370,000 төгрөг авсан үйлдэлд маш их харамсаж байна. Би хохирлоо барагдуулна. Би дүүжин тааз хийж өгнө гэж хууран мэхэлсэн. ...Би бараа материал аваагүй. 370.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Би гэм буруу дээрээ маргаан байхгүй. ...Уг нь бид хоёр хийж өгөх санаатай байсан. Түүнээс хэн нэгэн анх санаачилсан зүйл байхгүй. ...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),

4. Б.П-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

  “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэн Д.Э-аас мөнгө залилсан асуудал дээрээ харамсаж байна, учруулсан хохирлоо барагдуулсан байгаа. Би мужааны ажлаа хийж байгаа. Гэм буруу дээрээ маргаад байх асуудал байхгүй. ...Би дүүжин тааз хийж өгнө гэж хууран мэхэлсэн. 850.000 төгрөгийг хувьдаа зарцуулсан. Надад бараа материал авсан зүйл байхгүй. ...Т бид хоёрын хэн, хэн нь гаргаагүй. Уг нь ажлыг хийж өгөх гэж байгаад хийж өгөөгүй, мөнгийг нь өөр зүйлд зарцуулсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

5. Хохирогч Д.Э-гийн Хаан банканд эзэмшдэг ******** тоот, Л.М-ийн ******** тоот депозит дансны хуулга (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), мөн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөс иргэн Д.Эрдэнэтуяа, Л.Мөнхөө нарын Хаан банкны ********, ******** тоот депозит дансны хуулганд хэсэгчилсэн байдлаар үзлэг хийсэн: ...******** тоот данснаас 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 370.000 төгрөгийг ******** тоот данс руу шилжүүлсэн, ******** тоот данснаас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 850.000 төгрөгийг ******** дугаарын данс руу шилжүүлсэн тухай... тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),

6. Б.П-ын Хаан банканд эзэмшдэг ******** дугаарын дансны хуулга (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), мөн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөс ******** дугаарын дансанд үзлэг хийсэн ...******** тоот данснаас 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр дүүжин тааз урьдчилгаа гэж шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн тухай тэмдэглэл ...” (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

7. Б.Т-ын Хаан банкны ******** тоот депозит дансны хуулга, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчөөс дансны хуулгад үзлэг хийсэн ...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ******** тоот данснаас 370.000 төгрөгийг будагны үнэ гэж шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

  8. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Шүүгдэгч Б.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 68-76 дахь тал), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дугаартай ял дүйцүүлэн хасах тухай захирамж (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас), Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаартай хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох тухай захирамж (хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дугаар хуудас, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), 2021 оны 11, 12 сард нийгмийн даатгал шимтгэл төлсөн тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дугаар хуудас), Б.П-ын Хаан банканд эзэмшдэг депозит дансны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 80-84 дүгээр хуудас),

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х*** овогт Б.П, Х*** овогт Б.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х*** овогт Б.П, Х*** овогт Б.Т нарыг тус бүрийг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П, Б.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш  хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.П, Б.Т нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Э-д төлөх төлбөргүйг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.П, Б.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АЛТАНТУЯА