| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2022/0081/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/82 |
| Огноо | 2022-12-19 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2022/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгч С.Амарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ирүүлсэн 2224000000104 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: *улсын иргэн, *төрсөн, 24 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Тарвагантай овогтой Сүхзагдын Амарболд, /РД:ИГ98102135/
Шүүгдэгч С.Амарболд нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг "Зүүн эхний Ганга цагаан" гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.675 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, сумын ойн санд 403,368 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Амарболд нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг "Зүүн эхний Ганга цагаан" гэх газраас 2022 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 3.675 метр куб түлшний модыг бэлтгэж, сумын ойн санд 403,368 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн М.Даваадалайгаас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эх гэх газраас зохих зөвшөөрөлгүй шинэс төрлийн 1,6 метрийн урттай 124 ширхэг мод бэлтгэсэн байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р тал/,
-2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эх гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07-р тал/,
-2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр С.Амарболдын эзэмшлээс цагаан өнгийн цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 13-15-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-12-р тал /,
-Иргэний нэхэмжлэгч Л.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Иргэн С.Амарболдын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
-Гэрч Х.Сүхзагдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Манай хүүхэд С.Амарболд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө хөдөөнөөс 10-11 цагийн хооронд миний утас руу залгаад намайг мод бэлтгэх эрхийн бичиг аваадхаач би өчигдөр ойгоос галын түлээний мод бэлтгэсэн юм гэж хэлэхээр нь би тэгье гэж зөвшөөрсөн юм. Тэгээд би тэр өдөр сумын Засаг даргын тамгын газар луу 3 удаа очоод хүүдээ мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл байгаль хамгаалагч нар сумын 100 жилийн ойн хандив цуглуулах ажлаар хөдөө явсан байж таараад эрхийн бичгийг авч чадаагүй юм. Тэгээд тэр өдөр манай хүүхэд С.Амарболд дахиж надтай холбогдож чадаагүй юм. Сүүлд нь манай хүүхэд С.Амарболд надад хэлэхдээ ойгоос зөвшөөрөлгүй галын түлээний мод бэлтгээд цагдаад шалгуулах болсон талаар хэлсэн юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
-Гэрч Ч.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэний зүгээс надаас 10 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй... Тухайн иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заасан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Хэрэв ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
-Гэрч Н.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний зүгээс Рашаант багийн иргэдэд 10 дугаар сард түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож ажилласан... Тухайн иргэний зүгээс надаас 10 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
-Гэрч М.Дэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн иргэний зүгээс 2022 оны 10 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би 2022 оны 10 дугаар сард ээлжийн амралттай байсан учир иргэдэд мод бэлтгэх эрхийн бичиг цөөхнийг бичсэн... Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан хуурай унанги модыг бэлтгэх ёстой..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод нь түлшний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд 2022 оны 10 дугаар сарын 19-20-ны өдөр бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд нь 3,675 метр куб түлшний мод байна. Хэргийн газрын үзлэгээр GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.20.56.6-Е098.29.20.6, N48.20.18.3-Е098.23.26.4, N48.20.18.1-Е098.23.25.8 цэгүүдээр мод бэлтгэсэн газар Рашаант багийн Зүүн эхний “Ганга цагаан” гэх газар мөн. Мод бэлтгэсэн газар нутаг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг байна. БОАЖСайдын 2020 оны а/176-р тушаалд үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай шинэс түлшний модонд 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж. Бэлтгэсэн мод 3,675 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 403,368 төгрөг байна. Иргэн хүн ойгоос модыг бэлтгэхдээ баг хариуцсан байгаль хамгаалагчаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг авч мод бэлтгэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ босоо модыг огтлох замаар бэлтгэж болохгүй. Иргэн С.Амарболд нь Ойн тухай хууль 35.4.2-т заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 37-38-р хуудас/,
-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16 дугаартай: “...Иргэн С.Амарболдын хууль бусаар бэлтгэсэн 3,675 м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах. Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ болох 3,675 м3=403,638 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 403,368х3=1,210,104 төгрөгийг нөхөн төлүүлэх. Актаар тогтоосон төлбөр болох 1,210,104 төгрөгийн 2022 оны 12 сарын 05-ны дотор бүрэн барагдуулахыг иргэн С.Амарболдод сануулав...” гэсэн акт /хх-ийн 39-р хуудас/,
-Шүүгдэгч С.Амарболдын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх нартай газраас 2022 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд ганцаараа 1.80 метрийн 3,675 метр куб мод бэлтгэсэн юм. Тухайн үед би мод бэлтгэхдээ цагаан өнгийн моторт хөрөө ашигласан юм. Би мод бэлтгэхээсээ өмнө мод бэлтгэх эрхийн бичиг буюу гоожин авч бэлтгээгүй юм. Би ганцаараа өөрийн эзэмшлийн цагаан алаг өнгөтэй цахилгаан хөрөөг ашиглан бэлтгэсэн. Би хүнтэй хамтран мод бэлтгээгүй. Би тухай модыг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Ганга цагаан гэх нэртэй газраас бэлтгэчхээд тухайн газарт үлдээсэн байсан. Тэгээд цагдаа нар ирээд миний бэлтгэсэн гэх модыг цагдаагийн хэлтсийн хашаанд зөөвөрлөн оруулж гэж хэлсэн болохоор би бэлтгэсэн модоо журмын хашаанд оруулсан...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын прокурор нь яллах дүгнэлтдээ шүүгдэгчийг “хэрэглээний мод бэлтгэсэн” гэж бичсэн хэдий ч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нотлогдсон, хуулийн зүйлчлэлийн хувьд өөрчлөгдөх зүйлгүй учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Амарболдод холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул С.Амарболдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Амарболдод ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.
Иймд прокурорын санал болгосноор торгох ялыг шүүгдэгчийн үйлдлийн хэр хэмжээнд тохируулан оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 1,210,104 төгрөгийг төлж барагдуулсан байх ба цаашид түүнээс энэ хэрэгт гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч С.Амарболд нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөөг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд улсын орлого болгохоор хуульчилсан ба С.Амарболдын мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө түүний өмчлөлд байсан нь тогтоогдож байх тул улсын орлого болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 3.675 метр куб түлшний хуурай, шинэс модыг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул мөн улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.
Харин шүүгдэгч С.Амарболд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад түүний эзэмшлийн 1 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйд нийцнэ.
Шүүгдэгч С.Амарболдод энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах учир шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тарвагантай овогтой Сүхзагдын Амарболдыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарболдыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Амарболдод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Амарболд нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Амарболд нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.Амарболд нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарболдын гэмт хэрэг үйлдэж олсон 3.675 метр куб түлшний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цагаан өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгосугай
8.Шүүгдэгч С.Амарболдын эзэмшлийн эд хөрөнгөөс 1 тооны үхэр битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 60 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН