Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/775

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч С.Базарханд, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтлөн,

иргэдийн төлөөлөгч П.Одгэрэл,

улсын яллагч Л.Төгсжаргал,

хохирогч Э.Ж,

шүүгдэгч У.Д, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1703), өмгөөлөгч Ж.Гантулга (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 1163) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б*** овгийн У.Д-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001111 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б*** овогт У.Д нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Ж*** тоотод оршин суудаг, урьд:

-Дархан аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар,

-1998 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 70,000 төгрөгөөр торгох ялаар,

-2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 338 дугаартай шийтгэх тогтоолоор 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 2 сарын хорих ялаар,

-2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 14 хоногийн хорих ялаар,

-2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 39А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сар 10 хоногийн ял дээр 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 217 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан (РД:********).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Шүүгдэгч У.Д нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Жаргалантын аманд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Ж-тэй “согтуу машин бариулахгүй” гэх асуудлаас болж маргалдан, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас тонгорог хутгаар Э.Ж-гийн зүүн нүдний зовхи, уруул, хоёр хацар, эрүү, хоёр бугалга, шуу, зүүн бугуй, зүүн сарвууны долоовор, дунд хуруу, хоёр гуянд хатгаж, зүсэн, олон тооны шарх үүсгэж, онц харгис, хэрцгийгээр хүнийг алахыг завдаж, улмаар хохирогч Э.Ж-гийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, уруул, хоёр, гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч У.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа тараад монгол гэрт амаръя гээд замаасаа ганц нэг архи болон ундаа зэргийг авсан. Гэрт орж ирээд архи уусан. Г бид нар тусдаа бригад бөгөөд тухайн үед хамт 2 шил архи ууцгаасан. Над руу хүрээд ир гэж ярьсан бөгөөд тухайн үд олуулаа байсан. Тэгэхээр нь би хувцсаа солиод гарахад Э.Ж гадаа машин дотор байсан. Би Э.Ж-ээс хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асуухад юманд явна гэхээр нь дүү хүү согтуу машин барьж болохгүй гэхэд өөдөөс салаавч гаргаж, чамд хамаагүй гэж хэлсэн. Би гайхаад яаж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би согтсон юм чинь машинаас буулгая гэж бодсон. Гэтэл машины гадна талын бариул байхгүй байсан учраас татаад онгойхгүй байсан. Татаад болохгүй байхаар нь гэр лүү буцаж ороод хүрзний иш аваад цохиж буулгасан. Дахиад буцаж гэр рүү ороод бор иштэй хутга байхаар нь айлгая гэж бодоод тэр хутгыг авч очоод одоо буу, согтуу машин барихгүй гэхэд чаддаг юм бол шаа гэж хэлсэн. Тухайн үед архинд явах гэж байгааг нь би мэдээгүй. Дахиад буухгүй гээд салаавч гаргахаар нь би цохисон. Тэгээд машинаа асаагаад явахаар нь би араас нь дагаад гүйсэн. Би хохирогчийг зогсоох гэж нэлээн үзсэн. Ухарсаар байгаад станцын харалдаа очоод буцаж ухраад урагшаа зам руу явсан. Би араас нь очсон. Цаад талын зам дээр очоод брокур мөргөөд зогсохоор нь очиж дахин ноцолдсон. Ноцолдож байгаад машины хаалга онгойлгох үед би өөрийнхөө гуя руу хутгалсан. Тэгээд яваад өгөхөөр нь би цусаа арилгаад араас нь явсан. Алхаад явж байхад бригадын дарга Золоо утсаар хохирогчийн биеийн байдлыг яриад байх шиг байсан. Та яаж байгаа юм бэ гэхээр нь наад хүн чинь согтуу машин барих гэж байсан гэж хэлсэн. Гэтэл надтай хэрэлдсэн. Энэ хүн цус алдаад байна гэсэн. Би тухайн үед тийм шарх авсан гэдгийг огт анзаараагүй. Намайг битгий далжганаад байгаарай гэхээр нь наад хүн чинь согтуу машин барих гээд байсан гэдгийг нь хэлсэн. Гэтэл намайг дарж унагахаар нь би гартаа байсан хутгаа авч шидсэн. Би босоод гэр лүү орж гуяныхаа цусыг арилгаад байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Хохирогчийн ар гэрийнхэн нь ирсэн, намайг яагаад ингэж байгаа юм бэ гэхээр нь согтуу машин барьсан гэж хэлсэн. Архи уугаад өөр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Би хохирогчийг архинд явуулахгүй гэж зууралдсан. Надад ямар нэгэн байдлаар хохирогчийг ална гэсэн зорилго байгаагүй. Тухайн үед зам хаалттай байсан. Хохирогч зам хаалттай гэдгийг мэдсээр байж машин барих гэж байсныг нь гайхсан. За хаалттай байсан, инженер Төгөлдөрийн машинаар бид нар хөдөө явсан. Буцаж ирээд ухарч байх үед ийм асуудал болсон. Бригадын дарга маань та яаж байгаа юм бэ гэхээр нь наад хүн чинь согтуу машин барих гэж байсан гэж хэлсэн гэв.

            Хохирогч Э.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С ахтай хамт машин дотор ууж байхад халзан ах гарч ирсэн. Бид 2 дэлгүүр ороод ирье гэхэд явуулахгүй гээд машины хажууд маргалдсан. Зам хаалттай байхад яаж явах гэсэн юм гэхээр нь замаас машин олоод яваад ирнэ гэхэд явуулахгүй, явбал ална гэсэн. Бек ах машинаас буугаад гэрийн үүдэнд очиход халзан ах гэр лүү орж хутга авч ирээд шаана гээд байхаар нь машинтай ухраад явж байх замд Золоо ирж байсан. Засмал зам руу орж байхад халзан ах машины цонхоор хутгаар нүүр рүү дараа нь хөл рүү хутгалсан. Би гараараа халзан ахыг түлхээд нэлээн гайхсан. Гэтэл миний гар руу 2-3 удаа хутгалсан байсан. Бас ард намайг хутгална гээд явж байсан. Тэгээд би контейнерын хажууд зогсож байгаад ухаан алдсан гэв.

 

Эрүүгийн 2210000001111 дугаар хэрэгт шинжлэн судалсан болон цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн, шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 14:13:27 цагт 8087-7372 дугаараас “хутгалуулсан цус алдаад” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас),

3. 1 ширхэг бор өнгийн хутгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

4. Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

5. Хохирогч Э.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21, 22 дугаар хуудас),

6. Гэрч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

7. Гэрч А.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

8. Гэрч Ё.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас),

9. Гэрч Э.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

10. Гэрч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас),

11. Гэрч Б.О-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-42 дугаар хуудас),

12. Гэрч Р.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

13. Шүүгдэгч У.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 151-152 дугаар хуудас),

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хүний биед хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 12109 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-49 дүгээр хуудас),

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2649 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 2650 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4511 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн хийсэн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4512 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 82-83 дугаар хуудас),

19. Шүүх сэтгэц эмгэг судлалын 870 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 88 дугаар хуудас),

20. Шүүгдэгч У.Д-ийн шийтгэх тогтоолын хуулбар, ял биелсэн талаарх лавлагаа баримтын хуулбарууд (хавтаст хэргийн 93-118 дугаар хуудас),

21. Хохирогч Э.Ж-ээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд (хавтаст хэргийн 142-144 дугаар хуудас),

22. Шүүгдэгч У.Дээс хохирогч Э.Ж-д эмчилгээний зардалд 700,000 төгрөг өгсөн талаарх хохирогчийн гараар бичсэн баримт (хавтаст хэргийн 168 дугаар хуудас),

23. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгч У.Дийн Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 128 дугаар хуудас) , эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 90 дүгээр хуудас), түр оршин суугчийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 130 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б*** овогт У.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б*** овгийн У.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-ийг 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Д-ийг 2022 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 21 (хорин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, үлдэх ялыг 544 (таван зуун дөчин) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн 1 ширхэг тонгорог хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Д-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Э.Жд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч Э.Ж гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

10. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч У.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА

 

            ШҮҮГЧ                                                            С.БАЗАРХАНД

 

                                     ШҮҮГЧ                                                            Д.ДОРЖСҮРЭН