Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Б.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 2224000000105 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: * улсын иргэн, * төрсөн, 24 настай, эрэгтэй, * боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт * оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Барууд овогтой Баярлхагвын Галбадрах, /РД:ИГ98081213/

 

Шүүгдэгч Б.Галбадрах нь /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг "Зүүн эхний Өртөнт" гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 15-аас 16-ны өдрүүдэд болон 10 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 5.5692 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, сумын ойн санд 939,273 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай бөгөөд тэдгээрийг хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн, өөр хоорондоо хамааралтай, шалтгаант холбоотой байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Галбадрах нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг "Зүүн эхний Өртөнт" гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 15-аас 16-ны өдрүүдэд болон 10 дугаар сарын 21-ний өдөр зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 5.5692 метр куб хэрэглээний модыг бэлтгэж, сумын ойн санд 939,273 төгрөгийн хохирол учруулсан болох  нь: 

-2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн М.Амгаланбаатараас цагдаагийн байгууллагад ирүүлсэн: “Завхан аймаг Тосонцэнгэл сумын Рашаант багийн Зүүн эхний Бургаст гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн байсан” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-р хуудас /,

-2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Зүүн эхний Бургаст гэх газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-08-р хуудас/,

-2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Б.Галбадрахын эзэмшлээс хөх алаг өнгийн цахилгаан хөрөө, 5.35 метрийн урттай уяа зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, мөрдөгчийн тогтоол /хх-ийн 13-14-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-12-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч Л.Одонтуяагийн "...Иргэн Б.Галбадрахын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,

-Гэрч Х.Баярлхагвын "...Манай том хүү Б.Галбадрах надад хэлэхдээ Рашаант багийн нутаг Зүүн эхний Бургаст гэх газрын ойгоос 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хооронд ганцаараа галын түлээний модыг бэлтгэсэн гэж хэлсэн. Би хүүхдээсээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан эсэх талаар асуутал мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн. Манай эхнэр О.Отгонцэцэг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авах гэсэн боловч байгаль хамгаалагч нар сумын 100 жилийн ойн хандив цуглуулахаар хөдөө явсан байж таараад авч чадаагүй юм. Тэгээд манай хүүхэд Б.Галбадрах Рашаант багийн нутаг Зүүн эхний Бургаст гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр галын түлээний мод бэлтгэсэн гэх асуудлаар танай байгууллагаар шалгагдах болоод байна. Уг нь манай хүүхэд тэр болгон мод хийгээд байдаггүй хүн байгаа юм..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

-Гэрч О.Отгонцэцэгийн “...Манай том хүү Б.Галбадрах 2022 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 08 цаг өнгөрч байхад хөдөөгөөс над руу руу утсаар залгаад би галын мод хийх гэсэн юм та мод бэлтгэх эрхийн бичиг аваадхаарай гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Засаг даргын тамгын газар ороод байгаль хамгаалагчаас эрхийн бичиг авах гэсэн боловч байгаль хамгаалагч нар сумын 100 жилийн ойн хандив цуглуулахаар хөдөө явсан байж таараад авч чадаагүй юм. Тэгээд манай хүүхэд Б.Галбадрах ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлаар Цагдаагийн байгууллагаар шалгагдах болоод байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

-Гэрч Н.Пүрэвсүрэнгийн "...Миний зүгээс Рашаант багийн иргэдэд 10 дугаар сард түлээ, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож ажилласан... Тухайн иргэний зүгээс надаас 9, 10 дугаар сард ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

-Гэрч М.Дэмбэрэлийн "...Тухайн иргэний зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Рашаант багийн нутаг Агьт гэх газраас түлээний мод бэлтгэхээр 22-062768 дугаартай 6 метр куб түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Харин 2022 оны 10 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Б.Галбадрахын зүгээс 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр надтай уулзаад цагдаад модтой баригдаад шалгуулж байна эрхийн бичиг бичээд өгөөч гэхээр нь би зөвшөөрөөгүй юм. Тухайн иргэний зүгээс дээрх мод эрхийн бичигт надаар сунгалт хийлгээгүй учир эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж, тээвэрлэсэн гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

-Гэрч Ч.Батжаргалын "...Миний зүгээс Рашаант багийн иргэдэд 10 дугаар сард түлээ, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож ажилласан... Тухайн иргэний зүгээс надаас 09, 10 дугаар сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч Б.Даваацэрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №33 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод нь түлшний хуурай мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд түлшний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжгүй модны тайралт шинэ, хуучин байна. Тухайн моднууд 2022 оны 09 дүгээр сарын 15-16-ны өдөр болон 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бэлтгэсэн байх боломжтой. Ойгоос бэлтгэсэн моднууд 5,5692 метр, куб түлшний мод байна. Хэргийн газрын үзлэгээр GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.20.53.3-Е098.29.25.9, N48.20.53.8-Е098.29.26.9, N48.20.57.6-Е098.29.20.9 цэгүүдээр мод бэлтгэсэн газар Рашаант багийн Зүүн эхний “Өртөнт” нэртэй газар байна. Рашаант багийн Зүүн эхний “Бургаст” гэх газар биш Мод бэлтгэсэн газар нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр,куб хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ 168655 төгрөг байна. Ойгоос бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай шинэс түлшний модонд 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 168655 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168655 төгрөг болж. бэлтгэсэн мод 5,5692 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 939,273 төгрөг байна. Б.Галбадрахын ойгоос мод бэлтгэсэн газар нутаг нь “Агьт” гэх газар нутагтай хамаарахгүй. Мод бэлтгэсэн газар Рашаант багийн нутаг “Өртөнт” гэх газар “Агьт” гэх газраа ойролцоогоор 50 км зайтай байдаг. Мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэж болохгүй. Мод бэлтгэх эрхийн бичигт заасан газраас өөр газарт мод бэлтгэсэн тохиолдолд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзнэ. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ босоо модыг огтлох замаар бэлтгэж болохгүй. Иргэн Б.Галбадрах нь Ойн тухай хуулийн 35.4.2р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/,

-Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 17 дугаартай “...Иргэн Б.Галбадрахын хууль бусаар бэлтгэсэн 5,5692м3 шинэс модыг захиргааны журмаар хураан авах, Ойн нөөцөд учруулсан хохирлыг шинэс модны Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 5,5692м3= 939,273 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөж тооцож 939,273х3=2,817,819 төгрөгийг нөхөн төлүүлэх, Актаар тогтоосон төлбөр болох 2,817,819 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүрэн барагдуулахыг иргэн Б.Сэнгэрагчаад сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт,

-Шүүгдэгч Б.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тосонцэнгэл сум Рашаант баг Зүүн эхний Өртөнт гэдэг газраас 1.80 метрийн урттай галын түлээний мод зөвшөөрөл аваагүй бэлтгэсэн. Тэгээд цагдаад зохих зөвшөөрөлгүй галын түлээний мод бэлтгэсэн гэх хэргээр шалгагдах болсон. Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг аваад тэр эрхийн бичгээрээ Рашаант баг, Агьт гэх газраас мод бэлтгээд тэрийгээ сумын төв рүү оруулсан. Харин 2022 оны 9 дүгээр сахын 15, 16-ны өдрүүдэд мөн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг авах гэтэл байгаль хамгаалагч нар гадуур сумын 100 жилийн хандив цуглуулах ажилтай яваа гээд захиргаан дээр хүн байгаагүй. Би тэгээд 10 дугаар сарын 21-ний өдөр эрхийн бичиггүй мод бэлтгээд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Б.Галбадрахын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.    

Шүүгдэгч Б.Галбадрахад холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Б.Галбадрахыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Б.Галбадрахад ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй юм.  

Иймд прокурорын санал болгосноор хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 2,817,819 төгрөгийг төлж барагдуулсан байх ба  цаашид түүнээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Б.Галбадрах нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөө, 5.35м цагаан өнгийн уяа зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдгээрийг авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэл, тээврийн хэрэгслийг гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд  улсын орлого болгохоор хуульчилсан ба Б.Галбадрахын мод бэлтгэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн хөх алаг өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгож, 5.35 метрийн урттай уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 5.5692 метр куб хуурай шинэс модыг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилсэн байх ба дээрх мод нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого тул мөн улсын орлого болгох нь үндэслэлтэй юм.

Харин шүүгдэгч Б.Галбадрахад энэ шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулахгүй ч тэнсэх учир  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барууд овогт Баярлхагвын Галбадрахыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Галбадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Галбадрах нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Галбадрахын гэмт хэрэг үйлдэж олсон 5.5692 метр куб түлшний мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөх алаг өнгийн цахилгаан хөрөөг улсын орлого болгосугай

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан 5.35 метрийн урттай уяа 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН