| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2022/0277/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/269 |
| Огноо | 2022-04-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/269
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч И.Ганбат, шүүгч Д.Доржсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Б.Хурц,
иргэдийн төлөөлөгч С.Янжав,
хохирогч Д.Г,
шинжээч эмч Ц.Цэрэнмөнх,
шүүгдэгчийн өмгөөлөгч К.Отгонцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Б*** овогт М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авхуулах саналтай ирүүлсэн эрүүгийн 2210 0000 00297 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б*** овогт М.Г нь Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** аймагт төрсөн. ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суудаг. урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй (РД: ********).
Прокуророос тогтоосон хэргийн агуулга (прокурорын саналд бичигдсэнээр).
Яллагдагч М.Г 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн орчим Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** тоот гэртээ төрсөн эх Д.Гийг хутгалж алахыг завдсан буюу хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2210 0000 00297 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “цээж рүү хутгалсан, цус алдаад байна ********” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал),
2. СЭМҮТ-д М.Г-ыг 2022 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 39 минутад хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),
3. Хэргийн газарт 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 9-16 дахь тал),
4. Хохирогч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:
“...Хан-Уул дүүргийн ** хороо ** байр ** тоот гэрт охин М.Г хамт амьдардаг сэтгэцийн өөрчлөлтэй юм аа. Тэгээд өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 12-ний өдөр өөрөө өөртэйгөө яриад дэмийрээд байж байдаг байсан бөгөөд орой 21 цагийн үед аяга угаах гээд зогсож байхад охин маань би таныг алдмаар байна зодмоор байна ойрд дургүй хүрээд байгаа шүү гээд босож ирээд намайг буланд хашаад зогсож байгаад гал тогооны хутганы комноос хутга аваад шууд цээж рүү хатгахад нь яаж байгаа юм бэ гээд гараараа хамгаалахад тохой хэсэг рүү хутгаараа дахиад хатгахаар нь түлхээд хар эрчээрээ үүд рүү цугтаагаад авраарай гээд орилоход араас нуруу руу нэг удаа хутгалсан аа юу болоогүй юм шиг буцаад орондоо ороод хэвтээд өгсөн. Би үүдэндээ 103 түргэн тусламж дуудлага өгөөд сэтгэцийн эмнэлгийг давхар дуудаад өгөөч, гээд бага охин Эрдэнэзаяад утсаар ярьж мэдэгдсэн. Удалгүй цагдаа орж ирээд, араас нь 103 түргэн тусламж ирээд намайг Цэргийн төв эмнэлэг рүү авч яваад нуруу, цээж, тохой хэсэгт оёо тавиад рентген зураг авсан. ...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ний өдөр халтирч унаад баруун шуугаа хугалсан байгаа. Харин өнөөдөр тохой дээр хоёр оёдол, цээжний гол хэсэгт дээр хоёр оёдол, нуруун дээр нэлээн олон оёдол тавьсан байгаа. ...Манай охин Г-ыг бага аав нь салаад, 2007 онд гэрлээд нөхөр 2 хүүхэдтэйгээ Эрдэнэт хотод 8 жил амьдарч байсан. Охин маань дээд боловсролтой Улаанбаатар эрдэм оюу сургуульд сэтгүүл мэргэжлээр төгсөөд чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хэвлэл мэдээлэл харилцах мэргэжилтнээр, Эрдэнэтийн худалдаа аж үйлдвэрийн танхимын мэргэжилтэн, олон улсын сэтгүүлчээр ажиллаж англи хэл, солонгос хэлтэй. 2015 оны 1 дүгээр сард охин бөө боллоо гэж байсан бөгөөд 2015 оны 03 сард нөхөр нь яриад сэтгэц нь өөрчлөгдөөд байна гэсэн учраас очиж аваад нөхөртэй нь бид хоёр охин Г-ыг Шар хадны эмнэлэгт үзүүлээд Дэпрес сэтгэл гутралын өвчтэй гэж оношлоод 1 сар хэвтээд эмээ угаад гайгүй болоод Эрдэнэт гэр лүүгээ яваад дахиж өөрчлөлт гараад Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж гаднаас сэтгэцийн зөвлөгөө эмчилгээ үйлчилгээ авч байсан. Тэгээд 2017 онд сэтгэцэд дахиад өөрчлөлт гараад сайжрахгүй байсан тул нөхөр нь яриад Улаанбаатар хотод авчрахаар нь ер нь болохгүй юм байна гээд шар хадны эмнэлэгт хэвтүүлээд 2 сар хэрээтэй хэвтээд гарч ирээд надтай хамт байгаа, нөхөр нь 2 хүүхдээ аваад салаад яваад дахиж уулзаагүй. 2020 оны 03 сард охин Г гэрээ түгжээд оруулахгүй байхаар нь цагдаа дуудаад гэртээ ороод дахиж шар хадны эмнэлэгт хэвтүүлсэн. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-нд дахиж 2 сар хэвтээд гарсан. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг бөгөөд сүүлд Шизофрин онош тогтоогдсон. Тэрнээс хойш дахиж эмнэлэгт хэвтээгүй, сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандахаар хүлээж авахгүй хэцүү байдаг. Би нойр байнгын муутай хонодог, яах бол яачих бол гэж айж эмээдэг, охин маань ганцаараа яриад энийг ална тэрийг ална гээд эмэгтэйчүүдийг үзэн ядаж байлдаж байна, байлдаад яллаа энийг ална тэрийг цаазал гээд элдэв зүйл ярьж элийрээд байдаг. ...Сэтгэц нь бага зэрэг өөрчлөгдөөд, бөө болно гээд явж байхдаа жирэмсэн 6 сартай байхдаа зулбаад сэтгэл санаагаар унасан. ...Охин маань сэтгэцийн өвчтэй болсон учраас өөрийнхөө хажууд хараад л сууж байна даа, ганц харж хандах хүн би байгаа юм аа. Сүүлийн нэг жил гэрээсээ огт гараагүй, байнгын гэртээ хэвтээд ганцаараа яриад л байж байдаг. Бид хоёр хоорондоо ярьдаггүй ярихаар дуугүй байгаарай гээд байдаг. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэгэнт охин маань сэтгэцийн өвчтэй. Харин сэтгэцийн эмнэлэгт хандахаар хэвтэн эмчлэхгүй байсаар байгаад ийм байдалд хүрчихлээ. Болохоо байгаад 2-3 удаа дуудахад авч яваагүй, сүүлд 2021 оны 12 дугаар сарын 17-нд дуудахад ирж үзээд авч яваагүй. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
5. Гэрч М.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өгсөн:
“...Эгч М.Г нь Эрдэнэт хотод нөхөр хүүхдүүдийн хамт амьдарч байгаад сэтгэц нь өөрчлөлт ороод ээж Эрдэнэт явж эмнэлэгт асардаг. Нөхөртэй нь ярьж байгаад шар хадны эмнэлэгт хэвтүүлдэг байсан бөгөөд бөө болно гэж явж байгаад сэтгэц нь өөрчлөгдөөд нөхөр нь 3 орчим жил энэ байдлыг эмчлүүлэх гэж явж байгаад сүүлд 2017 оноос хойш Улаанбаатар хотод ээжтэй хамт амьдарч байгаа. Тухайн үед би нөхөр хүүхдүүдийн хамт ээжтэй амьдарч байгаад эгчийг шар хадны эмнэлэгт хэвтээд гарч ирээд хөөгөөд байхаар тусдаа амьдарч байгаа. Сэтгэцийн өөрчлөлттэй олон жил болж байгаа. Янз бүрийн зүйл зохиож яриад, өөрөө өөртэйгөө тасралтгүй байнга яриад инээгээд байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтад байдаг бөгөөд ээжтэй хамт байхдаа балай авгай гээд янз бүрийн зүйл зохиож яриад дайрч давшлаад гар хүрч цохиж зоддог, яанхан, хүмүүстэй явалддаг авгай гэх мэтчилэн зүйлүүд яриад байдаг, орноосоо босохгүй өөрөө өөртэйгөө яриад л хэвтээд байдаг учраас ээжтэйгээ утсаар яриад асууж сургалдаг байсан ба би нээх их очоод байдаггүй. ...Өөр нэмж ярих зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
Хэсэг газрын үзлэгт: Цээжний урд талд өвчүүний дээд хэсэгт ташуу байрлалтай 1.5 см мэс заслын 1 ширхэг, ар талд нуруунд сээрний 4-р нугалмын түвшинд нугалам дагуу босоо байрлалтай 2.3 см^урт мэс заслын 3 ширхэг, баруун тохойд 2 см мэс заслын 2 ширхэг тус тус оёдол бүхий ирмэг тэгш шархтайгаар 028 цэвэр, оёдлууд бүтэн, сулралгүй. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
Дүгнэлт:
1. Д.Г-ийн биед цээж, нуруу, баруун тохойд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2.5.6 Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /Шинжээч эмч Ц.Бадрал/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
7. СЭМҮТ-ийн эч нарын шүүх сэтгэцийн гэм судлалын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн магадалгаа:
Амьдралын түүх : / Өөрийн үгээр/ **** оны **-р сарын **-нд ** аймагт айлын анхны охин болон эрүүл бойжиж төрсөн. Бага насаа цэцэрлэгт хүмүүжиж өссөн, Орхон аймгийн Ерөнхий боловсролын дунд сургуульд 19** оноос 20** он хүртэл сурч төгссөн. Монгол Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн ангийг 2001 оноос 2005 он хүртэл сурч сэтгүүлч мэргэжилтэй болсон. Сэтгүүлч мэргэжлээрээ "Зууны мэдээ"сонинд ажиллаж байсан, Чингэлтэй дүүргийн хэвлэлийн ажилтнаар ажиллаж байсан. Мөн Худалдаа аж үйлдвэрийн Орхон аймаг дахь салбар танхимд ажиллаж байгаад гарсан. 20** онд нөхөртэй болж гэр бүл болон хүү, охин төрүүлсэн. 20** онд Улаанбаатар хотод ирж Хан-Уул дүүрэгт ээжтэйгээ амьдарч байхдаа нөхрөөсөө салсан. Одоо ам бүл хоёр ээжийнхээ хамт амьдардаг.
Өвчний түүх: Өвчин анх 20** оноос нойргүйдэж, хоолноос татгалзаж дэмийрлийн хам шинжээр эхэлсэн. 20** оны 10-р сараас нойргүйдэж энэ үеэс намайг онгодоо ав гэж чихэнд сонсогдоод, миний гэр өөр хүний гэр болчихсон юм шиг санагдсан. Сэтгэцийн автоматизм толгойнд юм бодуулаад үг хэлүүлээд байдаг, сонсголын хий үзэгдэл, шоолоод инээгээд байгаа юм шиг чимээ сонсогдоод байсан. Миний үйл хөдөлгөөнийг заагаад бос, суу, яв гээд байдаг.
Өвчин анх 2015 оноос чихэнд хий юм сонсогдоод шүлэг яруу найраг уншиж онгодын бөө болоод эмнэлэгт хүргэгдэж ирсэн.Түүнээс хойш дэмийрлийн хам шинж ухамсарт ухаан зүүдчилэн балартах байдал сэтгэцийн гол хөдөлгөөний авмотизмаар даамжирч тус эмнэлэгт олон удаа хэвтэж эмчлэгдсэн.Одоогоор клиникт нойргүйдэл хөдөлгөөн үг яриа ихтэй сэтгэцийн болон хөдөлгөөний автомотизмтай бие хүний хуваагдах эмгэг бодол санаа ил болох шинж тэмдэг сонсголын хий үзэгдэл захиран тушаах үзэгдэл илэрнэ.Нойрондоо муу сүүлийн нэг сар гаруй унтахгүй байнга ганцаараа ярина сүүлийн 3 хоног ээжийгээ миний ээж биш дээр үед айл дээрэмддэг хүн байна гээд байсан.Ээж аавгүй төрсөн дүү нартаа би тэд нарыг үүсгэсэн метофинээс үүсгэдэг бурхан хүн юм.
2021 оны 1 сард тус эмнэлэгт хэвтээд 3 сард гарсан. Тэр цагаас хойш огт гэрээс гараагүй 2 удаа вакцин хийлгэсэн. Ээжийн үгээр эмнэлгээс 3 сард гараад огт эм уугаагүй, гэрээс гардаггүй, хүн байхгүй үед чанга чанга ганцаараа яриад байдаг. Хүн хажууд нь байвал амандаа бувтнаад дуу нь намсдаг. 2022 оны 02 сарын 13-нд орой гэртээ орж ирэхэд нэлээн уур уцаартай байсан. Чингисын Артур гэдэг нэр хэлээд би чамайг зодмоор дур хүрээд байгаа шүү, чамайг ална гээд намайг ширээ угаалтуур 2-н дунд байхад хутганы комноос томыг авч эхлээд цээж рүү хутгалах үед гараар хамгаалахад гар луу тохойн хавьд хутгалаад зугтаагаад эргээд утас авах гэтэл араас хутгалсан. Тэгээд орон дээрээ очоод зүв зүгээр ороод хэвтсэн. Тэгээд цагдаа эмнэлэг дуудсан. Сүүлийн үед өөрийн хуучин нөхрийн нэрийг дуудаад эхнэрийг нь ална гэж орилоод тайван бус байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлэхэд хүн ороод ирэхээр зүв зүгээр томоотой дуугүй болдог. Ээжийгээ мангас, вампир гэж хэлээд өөрийгөө түүхэн баатрын хатан болгоно.
Болсон хэргийн талаар:
“...2022 оны 02 дугаар сарын 12-нд ирж хэвтсэн. ...Ээжтэйгээ муудалцаад, ээжийгээ хутгалаад цагдаагаар СЭМҮТ-д хүргэгдэж ирсэн. ...Ээж намайг арчаагүй, аягаа угаагүй гэх зэргээр загнасан. Гэнэт огцом уур хүрээд би үсэрч босоод ээжтэйгээ муудалцаад ээжийгээ хутгалсан. ...Дараа нь орондоо ороод хэвтчихсэн. ...” гэх мэдүүлэг
Одоогийн сэтгэцийн байдал: 38 настай, эмэгтэй, өөртэй арчаатай, харилцан ярилцана. Нойрондоо сайн, сэтгэл санаа тогтуун гэхдээ шүүх хуралтай холбоотой мэдээллээс айдас түгшүүртэй, санаа зовнилтой байна. Ээжийгээ хутгалж биед нь гэмтэл учруулсандаа маш их шаналж айж, зовж байна. Ээжээсээ уучлалт гуйсан. Өнөөдөр ээж эргэж ирсэн, ээжээсээ уучлалт гуйсан. Ахиж ингэж ээжийгээ зовоохгүй. Тухайн үед ээж намайг ажил хий балай галзуу новш гэхээр нь гэнэт уур хүрээд гал тогооны комын хутга аваад цохисон гэж бодсон чинь хутгалсан байсан, цус гарахаар нь хутгалсан байна гэж мэдсэн, тэгээд орондоо ороод хэвтсэн. Болсон үйл явдлыг одоо санаж байна.
Дүгнэлт
1. М.Г нь сэтгэцийн хувьд шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэртэй эмгэгтэй байна.
2. М.Г-ын дээрх эмгэг нь сэтгэцийн дотоод шалтгаант, сэтгэцийн архаг эмгэг юм.
3. М.Г нь болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвар султай байна.
4. М.Г нь 2004 шизофренийн хий үзэгдэлт дэмийрлийн хам шинжээр өвчилж эхэлсэн. Хэвтэж эмчлүүлсэн өвчний түүх дөрөв байна.
5. Энэ өвчин нь дотоод шалтгаант сэтгэцийн архаг эмгэг юм.
6. М.Г нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ойлгон мэдрэх чадваргүй байсан байна.
7. М.Г-д хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна.
8. М.Г нь эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаатайгаар авах саналтай байна /сэтгэцийн эмч О.Баатаржав, Л.Баттулга, Ц.Цэрэнмөнх/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 33-36 дахь тал),
9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 40 дэх тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), Бакалаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 46-47 дахь тал), магистрын дипломын хуулбар (хавтаст хэргийн 48 дахь тал), СЭМҮТ-өөр үйлчлүүлсэн мэдээлэл (хавтаст хэргийн 54-62 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 19.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт, 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б*** овогт М.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтыг баримтлан шүүгдэгч М.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Г-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч М.Г-д авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн энгийн тасагт 6 (зургаа) сарын хугацаагаар авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт зааснаар Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээх бөгөөд шүүхийн шийдвэр, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад баримт бичгийг хамтад нь хүргүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Г нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 13.5 см урт иштэй, ажлын хэсэг нь 20.5 см урт, нийт 33.5 см урт хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Г нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байгаа болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ И.ГАНБАТ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН