Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2021/01228

 

  

Т.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02465 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар магадлалтай, 

Т.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй,

И.Отгоод холбогдох  

Зээлийн гэрээний үүрэг 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, хариуцагч И.Отгоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Үүрийнтуяа миний бие 2019.08.15-ны өдөр миний нөхрийн дүүгийн эхнэр болох И.Отгоогийн гуйлтаар 1,200,000 төгрөгийг зээлсэн. Уг мөнгийг зээлэхдээ миний бие өөрийн ээжийн ээмэг, бөгжийг 3 дугаар хорооллын эцэст орших Начин Заан ломбарданд 1,300,000 төгрөгөөр барьцаанд тавиад, И.Отгоогийн хэлсэн 5095085943 тоот дансанд шилжүүлсэн. Иймд И.Отгоогоос 1,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхэд илтэд худал тайлбар гаргажээ. Тухайлбал намайг өөрөөс нь мөнгө зээлсэн мэтээр, түүний хүсэлтийн дагуу манай найзын данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар тайлбарласан байна. Тийм зүйл огт болоогүй бөгөөд би И.Отгоо болон түүний төрөл садангийн хүнээс мөнгө аваагүй, бусад руу шилжүүлээгүй. Т.Үүрийнтуяа хоёр хүүгийн хамт Ирланд улсад амьдарч байхад бага хүүхдийнх нь бие муудаж яаралтай Монгол Улс руу буцах шаардлага гарч онгоцны тийзийн мөнгө шаардлагатай болсон бөгөөд өөрийн хадам н.Дамдиндоржоос мөнгө зээлдүүлэх талаар асуусан боловч байхгүй гэсэн учир өөрийн найз Л.Солонгоогоос 2,500,000 төгрөг зээлж Ирланд улсаас Монгол Улсад ирсэн. 2019.07.26-ны өдөр зээлсэн 2,516,800 төгрөгийг найз Л.Солонгод өгсөн. Мөн И.Отгоо нь Т.Үүрийнтуяагаас мөнгө зээлэхдээ хадмуудад битгий хэлээрэй, нөхөрт битгий хэлээрэй зөвхөн та бид хоёрын нууц шүү гэж хэлээд зээлэхээр болсон, зээлсэн мөнгөө өөрийн аав М.Иш гуайн данс руу шилжүүлүүлсэн гэжээ.  

Хариуцагч И.Отгоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т.Үүрийнтуяа нь миний нөхрийн ахын эхнэр байсан бөгөөд 2019.03 дугаар сараас тусдаа амьдарч байгаа. Тэрээр 2019.07 дугаар сард Ирланд улс руу явсан бөгөөд тухайн улсад байхдаа ...хүүхдийн бие өвдсөн, мөн хүргэн ах, өөрийн эгчтэйгээ муудалцсан таарахгүй байгаа тул буудалд байна, миний дүү эгчдээ мөнгө зээлээч, хугацаанаасаа өмнө билетээ урагшлуулж, Монгол явах боллоо гэж ярихаар нь тэр үед надад бэлэн мөнгө байгаагүй тул өөрийн аав М.Ишээс гуйсан юм. Аавыг мөнгө өгөх болоход Монголд байгаа найзынхаа данс руу 1,000,000 төгрөг хийлгэсэн, тэгээд ирэхээр нь мөнгөө нэхэхэд аавын дансанд 2019.08.15-ны өдөр 1,200,000 төгрөг хийсэн байсан. Та өгсөн мөнгөө л буцааж өгөхөд болно гэхэд зүгээрээ тус болсон гээд өөрийнхөө хүсэлтээр хоёр зуун мянган төгрөг нэмж хийсэн байсан гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02465 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Отгоогоос 1,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн Т.Үүрийнтуяагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2019/02465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Т.Үүрийнтуяагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.  

Хариуцагч И.Отгоо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Анхан шатнь шүүх хуулийг зөв тайбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Шүүх үзэхдээ М.Ишийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг хангахгүй нь үндэслэл муутай болсон байна гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талууд өөрсдөө нотлох баримтаа цуглуулах, түүнд хамааралтай хүсэлтийг гаргах үүрэгтэй гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч талуудаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуухад нэхэмжлэгч тал байхгүй гэсэн байдаг. Үүний үндсэн дээр шүүгч шүүх хүрлын дарааллыг тогтоож хэрэг хянан шийдвэлэх ажиллагаа явагдсан. Гэтэл нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргасан. Энэ тохиолдолд шүүх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм. Мөн хариуцагчийн хариу тайлбар болон гэрчийн мэдүүлгээс үндэслэн нэхэмжлэгч нь уг хүсэлтийг гаргаж болох байсан бөгөөд шүүх боломжит хугацаагаар хангасан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүх зохигчийн эрхийг тэнцвэртэй хангаж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ: 

Т.Үүрийнтуяа нь И.Отгоод холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.  

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Давж заалдах шатны шүүхээс М.Ишийг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлий 26.3, 28 дугаар зүйлийн 28.1, 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна. Зохигч нь мөнгө зээлсэн эсэх талаар маргажээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үздэг хэдий ч иргэн М.Ишийн буцаан шилжүүлсэн гэх төлбөр хэний данс руу орсон эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэжээ. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхой болгосноор талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг гаргаж мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх, боломжтой нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч И.Отгоогийн гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 98 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч И.Отгоогийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА

                                                                          ШҮҮГЧИД                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                                   Х.СОНИНБАЯР 

                       П.ЗОЛЗАЯА 

                       Х.ЭРДЭНЭСУВД