Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

Б.Сд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Өсвөр насны яллагдагч Б.С, түүний хууль ёсны төлөөлөгч

Л.Дэлгэрцэцэг

Өмгөөлөгч Л.Золжаргал

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/627 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Б.Сд холбогдох эрүүгийн 1814005010136 дугаар хэргийг 2019 оны 08 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.С, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй,

Өсвөр насны Б.С нь Баянхонгор аймгийн Галуут сумын Баянхошуу 6 дугаар багийн Асарын гудамжны 1-1 тоотод оршин суух иргэн Л.Бы хүн байнга амьдрах гэрт 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 534000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух Б.Агийн хүн байнга амьдрах гэрт 2018 оны 06 дугаар сард хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 566000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух Б.Дын хүн байнга амьдрах гэрт 2018 оны 07 дугаар сард хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 320000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын 6 дугаар багт оршин суух Б.Мын хүн байнга амьдрах гэрт 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр иргэн Г.Гын гэрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч гар утас хулгайлж 95000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Сд холбогдох эрүүгийн 1814005010136 дугаартай хэргийг дараах үндэслэлээр прокурорт буцаажээ.

...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.. мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т... шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэж хуульчилсан байна.

Өсвөр насны яллагдагч Б.Сгаас мэдүүлэг авсан тэмдэглэл / хх-ийн 137-138/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглох, 7.3 дугаар зүйлд ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, 7.6 дугаар зүйлд заасан өмгөөлөгчтэй харилцах, 7.7 дугаар зүйлд заасан гомдол, хүсэлт гаргах эрх, 7.4, 7.5 дугаар зүйлд мэдүүлэг авах эрхүүдийг өсвөр насны яллагдагч Б.Сд тайлбарлаж өгөөгүй мэдүүлэг авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно...гэж заасан бөгөөд энэ талаар хүсэлтийг бичгээр гаргаагүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд Өсвөр насны яллагдагч Б.Сгаас өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргаагүй, өмгөөлөгч авах эрхийг нь түүнд тайлбарлаж өгөөгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2-т … өсвөр насны яллагдагч...гэж заасан өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй этгээдэд хамаарч байхад мөрдөн шалгах ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулсан.

Түүнчлэн өсвөр насны яллагдагч Б.Сгийн гэрчийн мэдүүлэг авсан / 21-22/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан өсвөр насны яллагдагч Б.Сд гэрчийн эрх, үүргийг мөрдөгч түүнд тайлбарлаагүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлаж хууль ёсны төлөөлөгч оролцуулсан боловч насанд хүрээгүй гэрч Б.Сгаас өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэх эсэх өөрийнх нь эсрэг түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авах талаар тайлбарлаж мэдүүлэг өгөхөөс татгалзах эсэх талаар асууж тодруулаагүй, эрхээ эдлэх боломжийг асуултаараа олгоогүй хаана юу хийж байсан талаар тодорхой ярина уу гэснээр байцаалтыг эхлүүлсэн нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах мэдүүлэг авсан нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Өсвөр насны яллагдагч Б.С гэрчээр өгсөн мэдүүлэгтээ Намуунаатай 1 жилийн өмнө танилцсан, Дөлгөөнийг 2018 оны 6 сард танилцсан, ... тэр 2 Сооко Сэко сургуульд 10, 8 дугаар ангид суралцдаг,... Дөлгөөнөө, Намуунаа 2 надад гурвуулаа айл руу оръё гээд намайг хашааны гадаа байж бай гээд бид хоёр орчихоод ирье гээд Л. Б даргын хашааны хаалгаар ороод гэрт 5-6 минут болоод гарч ирэхдээ 2 ширхэг цүнх авч гарч ирсэн, .. Дөлгөөнөө, Намуунаа бид 3 А гэдэг айлаас хүүхдийн хувцас, гар цүнх авсан, Далай гэх айлаас байшингийн цонхоор орж хүүхдийн цүнх, палантай төмөр сав авсан, .. Б.М гэх айлаас хар өнгийн эмэгтэй хүний нүдний шил, эмэгтэй хүний гоо сайханы хэрэгсэл, эмэгтэй хүний хувцас зэргийг авсан... гэх мэдүүлгээс / хх-ийн 21-22/ үзэхэд Дөлгөөнөө, Намуунаа нар нь Баянхонгор аймгийн Галуут суманд хэн гэх айлд очдог байсан болон Баянхонгор аймгийн Сооко Сэко сургуульд 8, 10 дугаар ангид суралцдаг талаар холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргах, уг хэрэгт хамтран оролцсон эсэх талаар шалгаж тогтоох,

Өсвөр насны яллагдагч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... намайг Жигмэд цагдаа эрүүлжүүлэхэд хийгээд 1 цагийн дараа гаргаад байцаалт авна гээд сандал дээр суулгаад гав зүүлгэсэн, намайг тэр айлд орсон гэж хэл гээд утсаараа бичлэг хийсэн ... гэж мэдүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2 дугаар зүйлийн 1-т... мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ... гэж, 28.2 дугаар зүйлийн 3-т.. мөрдөгч ажиллагааг эхлэхийн өмнө дуу-дүрсний бичлэг хийх талаар тухайн ажиллагаанд оролцох хүнд мэдэгдэж бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулна... гэж тус тус заасан бөгөөд Баянхонгор аймгийн Галуут сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Жигмэд нь өсвөр насны яллагдагч Б.Сгаас мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрцэцэгийг байлцуулсан бөгөөд бичлэгийг ямар зорилгоор ашиглах талаар танилцуулсан болон утсаараа бичлэг хийсэн эсэх, тухайн бичлэгийг бэхжүүлж хэрэгт хавсаргах шаардлагатай бөгөөд дээр дурдсан ажиллагааг хийгээгүй шүүхэд шилжүүлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заагдсан нотолбол зохих байдлыг нотлоогүй байх тул өсвөр насны яллагдагч Б.Сд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хэргийг прокурорт очтол өвсөр насны шүүгдэгч Б.Сд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: …Өсвөр насны яллагдагч Б.Сг яллагдагчаар байцаахдаа хуульд заасан эрхийг тайлбарлан өгөөгүй, өмгөөлөгч авах эсэхийг асууж тодруулахгүй, өмгөөлөгчөөр хангаагүй буюу дээрх эрхийг эдлэх эсэхийг асуултаараа хангаж өгөөгүй зөвхөн хаана юу хийж байсан гэж мэдүүлэг авсан байгаа нь хууль зөрчсөн гэжээ.

Өсвөр насны яллагдагч Б.Сг хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр мэдүүлэг авахдаа түүний хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрцэцэг, эгч Ж.Баасансүрэн нарыг оролцуулан мэдүүлэг авсан бөгөөд тухайн үед гэрчээр мэдүүлэг авах үед өмгөөлөгч оролцуулаагүй бөгөөд яллагдагчаар мэдүүлэг авах үедээ хуульд заасан шаардлагыг хангаж мэдүүлэг авсан болно. Мэдүүлгийн бланкад гэрчийн эрхүүд байх бөгөөд үүнийг заавал асуулт болгож асуух шаардлагагүй бөгөөд гэрч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь уншиж бичиж чадах ба мэдүүлгийг уншин танилцаад гарын үсэг зурсан болно.

Өсвөр насны яллагдагч нь Сооко секо сургуулийн 10, 8 дугаар ангиудад сурдаг Дөлгөөнөө, Намуунаа гэдэг 2 хүүхэдтэй хулгай хийсэн талаар мэдүүлсэн байх тул дээрх хүүхдүүдийг Галуут суманд хэн гэдэг айлд очдог болох, Сооко секо сургуулийн 10, 8 дугаар ангиудад суралцдаг талаар холбогдох хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, холбогдох баримтуудыг авах, гэмт хэрэг хамтран үйлдсэн эсэх талаар шалгаж тогтоох гэжээ.

Уг хэрэгт Намуунаа, Дөлгөөнөө гэсэн хүүхдүүдийг олж тогтоох талаар холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Сооко Секо сургуульд сурдаг Намуунаа гэдэг хүүхдүүдийг сургуулийн албан бичгээр нэрсийг гаргуулж дээрх хүүхдүүдийг гэрчээр байцаасан. Мөн насанд хүрээгүй гэрч Д.Эрдэнэбилэгт Б.С нь дээрх хүүхдүүдийг таньдаг уг хүүхдүүдийг Дархан явсан гээд хэлж өгвөл чихэр, шоколад өгөх талаар хэлсэн байсныг Д.Эрдэнэбилэг нь гэрчээр мэдүүлсэн. Дээрх баримтуудаас дүгнэхэд Б.С нь 2 хүүхэдтэй хамт явсан гэж худал мэдүүлж байх бөгөөд нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоох талаар холбогдох ажиллагаануудыг хийсэн болно.

Өсвөр насны яллагдагч Б.С нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Б.Жигмэд цагдаа намайг эрүүлжүүлэхэд хийгээд 1 цагийн дараа гаргаад байцаалт авна гээд сандал дээр суулгаад гав зүүсэн...намайг тэр айлд орсон гээд гар утсаараа бичлэг хийсэн гэж мэдүүлсэн тул мөрдөгч Жигмэд нь гар утсаараа бичлэг хийсэн эсэх ямар зорилгоор хийсэн болох зэргийг шалгаж тогтоох шаардлагатай гэжээ.

-Б.Сгаас мөрдөгч Б. Жигмэд нь 1 удаа мэдүүлэг авсан бөгөөд уг мэдүүлэг авах ажиллагаанд түүний ээж Л.Дэлгэрцэцэг суусан байдаг. Б.Сгаас мэдүүлгийн зөрүүг гаргах үүднээс мөрдөгч Б.Жигмэд түүний ээж Л.Дэлгэрцэцэг, эгч Ж.Баасансүрэн нарыг гэрчээр байцаасан бөгөөд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн, бичлэг хйисэн талаар дээрх хүмүүс мэдүүлээгүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Сгийн дээрх мэдүүлсэн мэдүүлэгт дурдагдсан зүйлүүдийг тодруулах шаардагатай бол Б.Сгийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрцэцэг мөн гэрч Ж.Баасансүрэн, Б.Жигмэд нарыг шүүх хуралдаанд оролцуулан мэдүүлэг авч тодруулах боломжтой болно.

Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй буюу захирамжид заагдсан дээрх ажиллагаанууд нь мөрдөн байцаалтын явцад хийгдсэн ажиллагаанууд бөгөөд мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 627 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Э.Гантулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхийн шүүгч хэргийг үндэслэлгүй буцаасан тул захирамжийг хүчингүй болгоно уу гэв.

Өмгөөлөгч Л.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгчийн захирамж үндэслэл бүхий байгаа тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд Прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлахад анхан шатны шүүхээс өсвөр насны яллагдагч Б.Сгаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч авах эрхийг нь түүнд тайлбарлаж өгөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан, уг хэрэгт хамтран оролцогч байгаа эсэх талаар шалгаж тогтоох, Баянхонгор аймгийн Галуут сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч цолтой Б.Жигмэд нь өсвөр насны яллагдагч Б.Сгаас мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрцэцэгийг байлцуулан утсаараа бичлэг хийсэн эсэх, хийсэн бол тухайн бичлэгийг бэхжүүлж хэрэгт хавсаргах шаардлагатай зэрэг үндэслэлээр хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй болжээ.

Хавтаст хэргийн 21-22 дугаар талд өсвөр насны яллагдагч Б.Сд эрх, үүргийг нь тайлбарлаагүй, өмгөөлөгч оролцуулаагүйгээр гэрчийн мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3-д өсвөр насны яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж заасныг зөрчсөн үндэслэл болох бөгөөд мөн хуулийн 1.14 дүгээр зүйлд заасан өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь ноцтой зөрчсөн гэж үзэх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.2, 1.3-д тус тус зааснаар өмгөөлөгчгүй авсан мэдүүлэгүүдийг нотлох баримтаар тооцохгүй байх эсэхийг прокурор санал, оролцогч хүсэлт гаргаж шийдвэрлэх үндэслэл болсон байна.

Мөн өсвөр насны яллагдагч Б.Сгийн хувийн байдалтай холбоотой амьдарлын нөхцөл байдал ба хүмүүжилтэй холбоотой мэдээлэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд хамтран үйлдэгч байсан эсэх мөн түүнчлэн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа биеэ хэрхэн авч явж байсан зан байдал, араншин, гэмт хэрэг үйлдэх үедээ ямар нөхцөл байдалд байсан зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдлыг нягт нямбай тогтоох нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангахад чухал ач холбогдолтой байхад анхааралгүйгээр шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ.

Түүнчлэн Прокурор мэдүүлгийн бланкад гэрчийн эрхүүд байгаа бөгөөд үүнийг заавал асуулт болгож асуух шаардлагагүй бөгөөд гэрч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь уншиж бичиж чадах ба мэдүүлгийг уншин танилцаад гарын үсэг зурсан, Б.С нь 2 хүүхэдтэй хамт явсан гэж худал мэдүүлж байх бөгөөд нэр бүхий хүүхдүүдийг олж тогтоох талаар холбогдох ажиллагаануудыг хийсэн, Б.Сгаас мэдүүлгийн зөрүүг гаргах үүднээс мөрдөгч Б.Жигмэд түүний ээж Л.Дэлгэрцэцэг, эгч Ж.Баасансүрэн нарыг гэрчээр байцаасан бөгөөд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн, айлган сүрдүүлсэн, бичлэг хийсэн талаар дээрх хүмүүс мэдүүлээгүй талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2018/ШЗ/627 дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2019/ШЗ/627 дугаар захирамжийг хэвээр үлдээж, Б.Сд холбогдох эрүүгийн 1814005010136 дугаар хэрэгт анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                          ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

                                                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ