Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 19

 

                      

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Гомдол гаргагч: Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байр  тоотод оршин суух, М.Ц,

   Хариуцагч: Увс аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч Т.Б холбогдох,

     Увс аймгийн Татварын хэлтэс, татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч зөрчилд холбогдогч М.Ц /Улаанбаатар хотоос цахимаар/, түүний өмгөөлөгч У.Х /Улаанбаатар хотоос цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Гомдол гаргагч М.Ц шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “М.Ц миний бие Увс аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч Т.Б 2021 оны 04 дугаар сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг дараах хууль зүйн үндэслэлээр эс зөвшөөрч, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд

   1. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 24-р хэсгийг буруу хэрэглэсэн тухайд

      М.Ц миний бие нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт Зөв хүн Электорат эвслээс нэр дэвшүүлэхээр бүртгүүлсэн. Увс аймагт сонгуулийн сурталчилгаа хийгээгүй, мөн нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваагүй болно. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.3 дахь хэсэгт "нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг" гэж нэр дэвшигчийг тодорхойлсон байх бөгөөд мөн энэ хуулийн 32 дугаар зүйл 32.14 дэх хэсэгт "Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно." гэж тус тус заасан байна. М.Ц миний бие Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигч болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэх гардаж аваахгүй байхад энэхүү зөрчлийн тухай хуулийн заалтаар торгож буй нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.

    2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу бус явуулсан, мөн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөний хувьд

    2.1.3өрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нутаг, дэвсгэрийн харьяаллын дагуу бус явуулсны хувьд

    Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.4 дахь хэсэгт "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар. банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй.", Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно." гэж тус тус заасан. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн зардлын дансны дугаарыг Төрийн аудитын дээд байгууллага буюу Үндэсний Аудитын газарт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл М.Ц-ийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 24 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж байгаа бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна" гэж заасны дагуу Үндэсний аудитын газрын албан ёсны хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн нутагт дэвсгэрт буюу Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч энэхүү зөрчлийг харьяаллын дагуу шалгах ёстой.

   2.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг ноцтой зөрчсөний хувьд

     Татварын улсын байцаагч Т.Б нь зөрчлийн хэргийн холбогдогч болох М.Ц-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх, үүргийг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй атлаа зөрчил ногдуулж буй нь хүний эрхийг зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна.

     6. 0176474 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн тухайд

      Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйл 37.5 дахь хэсэгт заасан сөрөг нөлөөл бүхий захиргааны акт юм.

     Татварын улсын байцаагч Т.Б нь сөрөг нөлөөл бүхий захиргааны акт гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй. нөхцөл байдлыг тогтоогоогүй. Иймд Зөрчлийн хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн Увс аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай "Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б би, Монгол улсын ерөнхий аудитор Д.Занданбатаас Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан "Нам, эвсэл, болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн талаарх гомдол мэдээлэлтэй танилцаад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

      М.Ц /Улаанбаатар хот, дүүрэг, хороо, байр тоотод оршин суух, регистрийн дугаартай, утасны дугаар /-ыг оролцуулж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр, 3.6 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх, үүргийг утсаар тайлбарлан өгч, М.Ц-ийн хэлсэн ...... цахим хаягруу илгээсэн боловч хүлээн авсан болон танилцсан тухай хариу ирээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрч оролцоогүй болохыг тэмдэглэв.

      2020 оны 2-р сарын 03-ны өдөр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг анх хүлээн авч ажиллагааг эхлүүлсэн. Хүн намын дарга Д.Г-ын утсаар хэлсэн нь Улаанбаатар хотод оршин суудаг, 15-р тойрогт нэр дэвшсэн боловч Увс аймагт очиж сонгуулийн сурталчилгаа хийгээгүй гэв. Холбогдогч М.Ц-тай дахиж холбоо барих гэсэн боловч огт утсаа авахгүй, мөн цахим шуудан, фэйсбүүк чат зэргээр холбогдох гэсэн боловч чадаагүй. Фэйсбүүк чатад идэвхитэй, Т.Б миний явуулсан танилцуулах ажиллагаа, асуулт зэргийг үзсэн боловч хариу өгөөгүй. Холбогдогчтой цар тахал, хөл хорионы улмаас биечлэн уулзах боломжгүй байсан. Үүнээс хойш хэлтсийн дарга болон прокурорын тоггоолоор хэргийн хугацааг сунгаж холбогдогчтой өдөр болгон холбогдох гэсэн боловч огт холбогдоогүй. Энэ хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд холбогдогчийн хаяг, холбоо барих утас, ажил эрхлэлтийн талаар мэдээлэл авах хүсэлт гаргаж мэдээлэл авах, Үндэсний Аудитын газарт данс нээлгэсэн мэдээлэл хүргүүлсэн эсэх, зардлын тайлангаа хүргүүлж аудит хийлгэсэн эсэх талаар албан бичгээр хандаад холбогдогч нь тайлагнаагүй, дансаа бүртгүүлээгүй гэсэн хариуг авсан. Прокурорын зөвшөөрлөөр бүх банкнаас данс нээсэн эсэх талаар мэдээлэл авахад ХААН банкинд данс нээсэн боловч дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдээгүй байв. Сонгуулийн санал хураалтын албан ёсны дүнгээр нэр дэвшигч М.Ц нь 170 хүний санал авсан. ХААН банкинд ......... дугаартай данс 2020 оны 05-р сарын 28-ны өдөр нээсэн, Үндэсний аудитын газарт тайлангаа хүргүүлээгүй нь дээрхи байгууллагуудаас ирсэн нотлох баримтаар дансаа бүртгүүлээгүй зөрчил үйлдсэн нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэл ногдуулав” гэжээ.

     Гомдол гаргагч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно." гэж тус тус заасан байдаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.4 дахь хэсэгт "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх гэсэн үүрэг болгосон заалтыг зөрчсөн байна. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар байдаг ба Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хот буюу Чингэлтэй дүүрэгт байрладаг. 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх гэсэн үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлээгүй учир Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт харьяалагдах ёстой байсан. Харьяаллын асуудлыг хариуцагч талаас буруу тодорхойлж шийтгэл оногдуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 21 дэх хэсгийг буруу хэрэглэж М.Ц надад шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй гэж үзэж байна. Би сонгуульд нэр дэвшээгүй ба нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан аваагүй байхад харьяаллын бус Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 04 дугаар 06-ны өдрийн 0176474 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудас оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд гомдлын шаардлагыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 04 дугаар 06-ны өдрийн 0176474 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

       Гомдол гаргагч М.Ц-ийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 21 дэх хэсэгт заасан заалтыг буруу хэрэглэж М.Цт үндэслэлгүйгээр шийтгэлийн хуудас оногдуулсан гэж үзэж байна. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.3 дахь хэсэгт "нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг" гэж нэр дэвшигчийг тодорхойлсон байх бөгөөд мөн энэ хуулийн 32 дугаар зүйл 32.14 дэх хэсэгт "Нэр дэвшигчийн эрх нь үнэмлэх авснаар эхэлж, санал хураалтын албан ёсны дүн гарснаар дуусгавар болно." гэж тус тус заасан байдаг. М.Ц-ийн нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй байхад сонгуульд нэр дэвшсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд М.Ц-ийг сонгуульд нэр дэвшигч гэж өмгөөлөгчийн зүгээс үзэхгүй байна.

       Хэрэв М.Ц-ийг нэр дэвшигч гэж үзэж байгаа бол Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно." гэж заасан байдаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйл 51.4 дахь хэсэгт "Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх гэсэн үүрэг болгосон заалтыг зөрчсөн байна. Төрийн аудитын дээд байгууллага нь Үндэсний аудитын газар байдаг ба Үндэсний аудитын газар нь Улаанбаатар хотод буюу Чингэлтэй дүүрэгт байрладаг. 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх гэсэн үүрэг болгосон заалтыг хэрэгжүүлээгүй учир Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт харьяалагдах ёстой байсан. Харьяаллын асуудлыг хариуцагч талаас буруу тодорхойлж шийтгэл оногдуулсан учир Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэжээ.

    Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

   Гомдол гаргагч М.Ц Увс аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай “Зөрчлийн шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргажээ.

     Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гаргасан гомдол гаргагч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд Увс аймгийн татварын хэлтэс, татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

     Гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Зөрчлийн хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зөрчсөн, нэр дэвшигч болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэх гардаж аваагүй, сонгуулийн сурталчилгаа хийгээгүй байхад торгосон, эрх үүрэг танилцуулаагүй, мэдүүлэг аваагүй, хэргийн материалтай танилцуулаагүй, нөхцөл байдлыг тогтоож сонсох ажиллагаа хийгээгүй зэргээр Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр маргажээ.

     Хариуцагч улсын байцаагчаас “М.Ц нь хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газар тайлангаа өгөөгүй, түүний нэр дэвшсэн 15-р тойрог Увс аймаг тул харьяалал зөрчөөгүй, цар тахалтай холбоотой зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг цахимаар явуулсан” гэсэн тайлбар гаргаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

    Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч  Т.Б-ын үйлдсэн 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсаар М.Ц-ийг

     Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэх хэсэгт заасан “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчсөн зөрчил гаргасан нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын  2020.10.02-ны өдрийн 2879 дугаартай албан бичиг, Үндэсний аудитын газрын 2021.03.11-ний өдрийн 01/772 дугаар албан бичиг, Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 5822/141 дугаар албан бичгээр тогтоогдсон гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дахь хэсэгт заасны дагуу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

     Монгол Улсын Ерөнхий Аудитор 2020.10.02-ны өдөр Татварын Ерөнхий газарт “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланд аудит хийхэд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг бүртгүүлээгүй 91 нэр дэвшигч, сонгуулийн зардлын дансанд өөрийн хөрөнгийг төвлөрүүлээгүй 1,287.1 сая төгрөг зарцуулсан 15 нэр дэвшигч, хуульд заасан шаардлага хангаагүй 407.2 сая төгрөгийн хандивын орлогыг буцаан шилжүүлээгүй болон буцах хаяг нь тодорхойгүй 1.9 сая төгрөгийн хандивыг улсын орлого болгоогүй зарцуулсан 78 нэр дэвшигч, иргэнээс хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн 38.5 сая, хуулийн этгээдээс 6.2 сая төгрөгийн хандив авсан 6 нэр дэвшигч, сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 48.8 сая төгрөгөөр хэтрүүлсэн 2 нэр дэвшигч байгаа тул Зөрчлийн тухай хуульд заасан зохих хариуцлага хүлээлгэх тухай” 2879 дугаар албан бичгийг хүргүүлсэн байна.

    Монгол Улсын Татварын Ерөнхий газрын Хуулийн хэрэгжилтийг хангах газрын дарга Д.М-аас Увс аймгийн Татварын хэлтэст “Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2879 тоот албан бичгийн хавсралтад дурдсан нэр бүхий нэр дэвшигч нарт харьяа татварын албадаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12-т заасан харьяаллын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хийж, явцын талаар тухай бүр, зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн үр дүнг хариу мэдэгдэх тухай талаар 2020.10.29-ны өдрийн 06/3212 дугаар албан бичгийг, хавсралтын хамт хүргүүлжээ.

     Үндэсний аудитын газрын 2021.03.11-ний өдрийн 01/772 дугаар албан бичгээр “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5-д заасны дагуу арилжааны банкнуудаас ирүүлсэн дансны хуулгаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 15 дугаар тойрог буюу “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч М.Ц нь сонгуулийн зардлын гүйлгээний хуулга ирүүлээгүй, мөн М.Ц нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасныг зөрчиж сонгуулийн зардлын тайланг Үндэсний аудитын газарт ирүүлээгүй байна” гэж хариу ирүүлсэн байна.

      Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Нам, эвсэл болон нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын дээд байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж,

     Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж  тус тус заажээ.

     Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна” гэж зааснаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхээр байна.

     Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг  эрх бүхий албан тушаалтанд хуулиар харьяалуулсан байхаас гадна нутаг дэвсгэрийн харьяаллыг анхаарч мөрдөхөөр байна.

     Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд хуулийн нэр томьёоны тодорхойлолтыг хийсэн ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн бусад нэр томьёог Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан утгаар ойлгоно” гэжээ.

     Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдэгдсэн, түүний үр дагавар илэрсэн газрыг зөрчил үйлдсэн газарт тооцно” гэж заасан байна.

    Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт  заасан зөрчлийн хувьд үйл баримт нь  нэр дэвшигч сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг Үндэсний Аудитын газарт хүргүүлэх үүргээ биелүүлсэн эсэхтэй холбоотой байх бөгөөд сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэр  хүргүүлээгүй эс үйлдлийн үр дагавар Үндэсний Аудитын газрын оршин байх нутаг дэвсгэрт илэрсэн байна.

     Үндэсний Аудитын газар нь Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэгт байршиж, үйл ажиллагаа явуулдаг байхад Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон  нутаг дэвсгэрийн харьяаллын журмыг зөрчсөн байна.

   Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.1-д заасны дагуу гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх байжээ.

    Иймд Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

    Шүүхээс Улсын байцаагчийн 2021 оны 04 сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсыг  “нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул М.Ц-ийг Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх шаардлагагүй болно.

     Гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул М.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч улсын байцаагчийн харьяалах Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан М.Ц-т олгох нь зүйтэй байна.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Зөрчлийн тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 21, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч М.Ц-ийн гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б-ын үйлдсэн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 0176474 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1,48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар гомдол гаргагч М.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Татварын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулан М.Ц-т олгосугай.

     3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ОЮУНГЭРЭЛ