| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 125/2024/0010/3 |
| Дугаар | 221/МА2024/0800 |
| Огноо | 2024-12-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0800
Б.Бын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Эийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Б
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Галцэцэг
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Б
Хариуцагч: Ховд аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Г.Ч
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Б/цахим/
Хэргийн индекс: 125/2024/0010/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын ”Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэн гэж ээ...
2.1.Гэтэл нэхэмжлэгч Б.Б нь анх Ховд аймгийн Жаргалант сум 3 дугаар баг Бичигтийн үйлдвэрийн 1-*** тоотод байрлах хашааны газрыг 2020 оны 04 сарын 16-ны өдрийн А/155 дугаартай Захирамжаар эзэмшиж мөн 2022 оны 02 сарын 16-ны өдрийн А/87 захирамжаар тус газрыг өмчилж авсан байдаг. Нэхэмжлэгч Б.Б нь маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгч мөн гэдэг нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, газар өмчлүүлэх тухай Ховд аймгийн Засаг даргын Захирамж, Ховд аймгийн Ббагийн засаг даргын тодорхойлолт, Т.З, Н.Б нарын хүсэлт, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын газар эзэмшүүлэх мөн өмчлүүлэх тухай захирамж, гэрч Нын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүй анхан шатны шүүх нь хууль зүйн үндэслэлгүй Шийдвэр гаргасанд Гомдолтой байна.
2.2.Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж ээ... анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьж, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/XT2023/ 00202 дугаар тогтоолоор тогтоогдсон гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгч Б.Бын үндсэн хуульд заасан газар өмчлөх эрхэнд халдсан шийдвэр гаргасанд Гомдолтой байна. Анхан шатны шүүх нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд тухайн хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Б.Баас “Ховд аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
2.Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Анх Н.Б нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Ббагийн 9 дүгээр гудамжны **Б тоот хаягт байрлах газрыг Б.Бт бэлэглэх журмаар шилжүүлж байгаа талаар өргөдлийг[1], Т.З нь “...Н.Бээс уг хашааг авах аман тохиролцоо хийсэн боловч тухайн үеийн боломж нөхцөл байдлаас болоод миний нэр дээр хашааны бичиг баримт гараагүй нь үнэн болно. Иймд ах дүүгийн холбоотой Б.Бт хашааны бичиг баримтыг гаргахад татгалзах зүйлгүй” талаарх өргөдлийг[2] Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад тус тус гаргажээ.
2.2.Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/155 дугаар захирамжаар[3] Б.Бт Ховд аймгийн Жаргалант сумын Ббагийн Үйлдвэрийн районы 1 дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах 1935 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай №08401-2020/00*** дугаар гэрээ[4] байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Э-1617000*** дугаарт бүртгэж иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг[5] олгожээ.
2.3.Ховд аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/87 дугаар захирамжаар[6] “эзэмшиж байгаа газраа өмчлөх хүсэлт ирүүлсэн” гэх үндэслэлээр маргаан бүхий газрыг Б.Бт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
2.4.Улмаар Б.Б нь гуравдагч этгээд болох Г.Чтой газрын маргаан үүсгэж Г.Чт холбогдуулан 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан “Ховд аймгийн Жаргалант сумын Ббагийн Үйлдвэрийн районы 1 дүгээр гудамжны *** тоотод байрлах хашааны газрыг Г.Чоос чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэл гаргасныг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2023/00122 дугаар шийдвэрээр[7] Б.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий газрыг Г.Чийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.
2.5.Уг шийдвэрийг гуравдагч этгээд Г.Ч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дагуу Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 206/МА2023/00022 дугаар магадлалаар[8] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
2.6.Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2023/00202 дугаар тогтоолоор[9] “...Маргааны зүйл болсон Ховд аймгийн Жаргалант сумын 3-р баг, Бүйлдвэрийн-1 гудамжны *** тоот хашааг 2007 оноос Т.З эзэмшиж байсан ба хариуцагч Г.Ч хашаа бүхий газрыг худалдаж авах үед Т.Згийн төрсөн эх Д.Д, төрсөн ах Т.Б нар тус хаягт амьдарч байсан, 2011 онд Т.Б нь хашаа бүхий газрыг Г.Чийн эзэмшлийн автомашинаар арилжсан талаар гэрч Д.Д, Т.Б нар мэдүүлсэн бөгөөд тэдний энэ тохиролцоог тухайн үед Т.З мэдэж байсан байна. Үүнээс хойш хариуцагч Г.Ч тус хашаа бүхийг газрыг эзэмшиж, өнөөдрийг хүртэл 12 жил амьдарч байгаа тул хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй хууль ёсны гэж үзнэ” гэх үндэслэлээр Г.Чийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Г.Чийн газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг “...газар өмчлөх харилцаа нь нийтийн эрх зүйн шинжийг агуулж, Иргэний хуулиар бусад хуулиар зохицуулагдах нь нийтлэг тул газар өмчлөх эрхийг олгосон төрийн эрх бүхий байгууллагын дүгнэлт, мэдээлэлгүйгээр газар өмчлөх эрхийг нэгээс нөгөөд шилжүүлэхээр шууд тогтоох боломжгүй. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн хүчин төгөлдөр байдал, өмчлөх эрхийг хүчингүй болгох асуудлаар нэхэмжлэл гаргаагүй тул шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.
2.7.Үүний дараа маргаан бүхий Ховд аймгийн Засаг даргын 2024 оны А/292 дугаар захирамжаар[10] “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 202 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ...Улсын дээд шүүхийн тогтоолоор иргэн Г.Чийг Жаргалант сумын 3 дугаар баг, Ббагийн Үйлдвэрийн 1 дүгээр гудамжны *** тоотод байрлах газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоосон тул ...” гэх үндэслэлээр Б.Бт газар өмчлөх эрх олгосон 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/87 дугаар захирамжийн Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ “миний бие улсын бүртгэлийн дугаартай 1935 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч мөн. Үүнийг Ховд аймгийн Засаг дарга Э.Б 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/292 тоот гарган иргэн Г.Чт эзэмших эрхийн захирамж гарган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргажээ.
4.Хариуцагч байгууллагаас “...Дээрх Ховд аймгийн Засаг даргын А/292 дугаар захирамжийг гаргахдаа энэхүү асуудлыг шийдвэрлэсэн иргэний хэргийн Дээд шүүхийн тогтоол болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг тус тус үндэслэсэн.” гэж тайлбарласан.
5.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.”, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.” гэж тус тус заажээ.
6.Маргааны үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч захиргаанаас Улсын дээд шүүхийн тогтоолоор Г.Чийг маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигчээр тогтоосныг буюу шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигчийг тогтоосон тул нэхэмжлэгч Б.Бт газар өмчлүүлсэн өөрийн гаргасан 2022 оны А/87 дугаар захирамжийг хүчингүй болгосон, тодруулбал, хариуцагчаас өөрийн хуульд нийцээгүй шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон байна.
8.Энэхүү нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг хүчингүй болгон шийдвэрлэх замаар өөрийн хуульд нийцээгүй шийдвэрээ зөвтгөсөн хариуцагчийн үйлдлийг дээр дурдсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг зөрчсөн “хууль бус” гэж үзэхээргүй байх бөгөөд хариуцагчийн уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
9.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 29 дахь тал
[2] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал
[3] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал
[4] Хэргийн 1-р хавтас 24-26 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал
[6] Хэргийн 1-р хавтас 31 дэх тал
[7] Хэргийн 1-р хавтас 184-190 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 202-207 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 217-223 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 32 дахь тал