Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 58

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ням даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, улсын яллагч Э.*******, шүүгдэгч Н.*******, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох 201613000164 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
    Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Завхан аймаг, ******* сум, ******* баг, ******* тоотод оршин суух, урд ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн ажилгүй, ******* овогт *******ын *******/РД: *******/ 
Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.******* нь согтуугаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед Завхан аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод хашаанд өөрийн дүү Н.гийн гэрт хувийн тааламжгүй харилцааны улмаас хохирогч А.-гийн толгойн тус газарт түлээний хагалсан модоор цохиж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “... 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би хүргэний дээ юм угаагаад сууж байтал манай хүргэн ах гэртээ согтуу орж ирчхээд над руу янз бүрээр яриад янхан, банзал жингэр, танайхан бүгд хулгайч нар гэх мэтээр доромжлоод байхаар нь юм хэлэлгүй дуугүй байж байтал цэцэрлэгээс хүүхэд авах гээд гараад явсан. Тэгээд хүүхдээ аваад хүргэний дээ ороод хүргэнтэйгээ хэрэлдэж байгаад сүүлдээ учраа олоод надаас уучлалт гуйгаад байж байтал гаднаас гийн ах ******* орж ирээд тар нар юу юм яагаад байгаа юм. Чи муу миний дүүтэй хэрэлддэг хэн бэ гээд түлээний савнаас мод аваад над руу шидээд над руу дайраад түлхэж явсаар байгаад орон дээр унагаад толгой руу яртай модоор хоёр удаа цохисон. Тэгээд толгойноос цус гарсан байсан. Тэгээд куртикны малгайгаар хоолой боогоод болохгүй байсан чинь *******ын эхнэр нь гаднаас орж ирээд тай хамт *******ыг салгаж аваад гараад явсан. Тэгээд нөгөөдөр нь цагдаад өргөдөл өгсөн” гэсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас А.-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн “...А. Иргэн А.-гийн биед: Тархи доргилт, дагзны ар талд шарх гэмтэл тогтоогдлоо. Б. Биеийн эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. В. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. Г. Иргэн А.-гийн биед: Тархи доргилт, дагзны ар талд шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 201620344 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Иймд Н.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.******* нь хохирогчид 200.0 мянган төгрөгний хохирол нөхөн төлж түүнээс уучлалт хүссэн гэдгийг болон хохирогч А.- гомдол саналгүй болохоо шүүх хуралдаанд бэлтгэх шатанд илэрхийлэн өөрийнхээ оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргажээ.
Шүүгдэгч хохирлоо нөхөн төлж хохирогчоос уучлалт гуйснаар хохирогч гомдолгүй болохоо илэрхийлсэн байх тул тэднийг эвлэрсэн гэж үзэх үндэстэй. 
Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч түүнтэй сайн дураар эвлэрсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл хангагдсан гэж үзэх үндэстэй. 
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан байгаа ч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д энэ нөхцөлийг шаардаагүй байна. Дээрх хоёр хуулийн заалтыг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэн Н.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дах хэсэг, 283 дугаар зүйл, 286 дугаар зүйлийн 286.1, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.*******т холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолтой, 201613000163 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
3. Н.*******т өмнө авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Н.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлөх хохиролгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг дурдсугай. 
6.  Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ