Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 00010

 

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 153/ШШ2019/00010

Жаргалант сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт оршин суух, М овогт Кы Ж / /-ннэхэмжлэлтэй,

Келемжаныг өөрчилж эцгийн нэр Ибрахим болгож тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 153/2018/00805/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хэлмэрч Б.Казима, гэрч К.Смах, К.Марияам нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Келемжан овогтой У нь 1937 онд Баян-Өлгий аймгийн Дэлүү суманд Нажидбайн Ибрахим буюу Ивракимын гэр бүлд айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. К.Угийн аав Нажидбайн Ибрахим буюу Ивраким нь 1938 онд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж цаазаар авахуулсан бөгөөд ээж Тохтарбай овогтой Жази, ах Ивракимын Аси, ах Ивракимын Хапиз, дүү Ивракимын Жупар нарын хамт үлдсэн.

Нажидбайн Ибрахим буюу Ивраким нь тухайн үеийн казак ястны заншлаар хоёр эхнэртэй байсан. Анхны эхнэрийнх нь нэрийг Мустапа овогтой Зейнеп гэдэг байсан. Анхны эхнэрээс нь Аси, Хапиз гэдэг хоёр хүүхэд гарсан. Харин хоёр эхнэрийнх нэрийг Тохтарбай овогтой Жази гэдэг. Хоёр дахь эхнэрээс нь Ж, Жупар гэдэг хоёр хүүхэд гарсан байдаг.

К.Ж нь Нажидбайн Ибрахим буюу Ивракимын төрсөн охин болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 872 дугаартай архивын лавлагаанд Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогоор 10 дугаар багийн 2 дугаар өрхөд Ивраким Хапиз 10 настай, Мустапа Зейнеп 58 настай, Тохарбай Жази 31 настай, Иварким Ж 8 настай, мөн Жупар 7 настай гэж бүртгэгдсэн байгаа. 1944 оны хүн амын тооллогонд том эхнэрээс нь гарсан том ах Аси нь 21 настай, эхнэр Бахат овогтой Хапиза нь 21 настай, Аси овогтой Калш нь 2 настай гэж бүртгэгдсэн болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 876 дугаартай архивын лавлагаагаар тогтоогдож байгаа.

Нэхэмжлэгч К.Ж нь надад хэлэхдээ Намайг 14 настай байхад миний ээж Т.Жази нь Баян-Өлгий аймгийн иргэн Б.Келемжантай гэрлэж, хоёр хүүхдээ буюу Ж, Жупар нартай хамт ирсэн гэж ярьсан. Нэхэмжлэгч К.Жгийн ээж Т.Жази нь Б.Келемжантай гэрлэснээс хойш Жупар, Ж нар нь төрсөн эцгээрээ буюу Нажидбайн Ибрахим /Ивраким/-аар овоглохоо больж, Бажабай овогтой Келемжанаар овоглодог болсон.

Нэхэмжлэгч нь Б.Келемжанаар овоглож Келемжан овогтой Ж болсон болох нь Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03-6/5299 дугаартай Ховд аймгийн Ховд сумын 1 дүгээр багийн 1956 оны 2 сард явагдсан хүн амын тооллогын бүртгэлийн 55 дугаар хуудсанд өрхийн тэргүүн Тохторбайн Жазий, 50 настай, эмэгтэй, охин Хэлэмжаны Жупар, 17 настай, эмэгтэй, хүү Хэлэмжаны Баянхан, 0 нас 1 сартай, Турамын Авдол, 35 настай, эрэгтэй, хүү Хэлэмжаны Хавалхан, 17 настай гэж бүртгэгдсэн лавлагаагаар тогтоогдож байна.

Казак ястнуудын нэрийг бичихдээ К үсгийг Х үсгээр, В үсгийг Б үсгээр гэх зэргээр дуудлагаараа бичсэн байгаа нь архивын лавлагаануудаас харагдаж байгаа юм.

Бажабай овогтой Келемжаны 1944, 1947 онуудын хүн амын архивын лавлагаануудыг 1956 оны хүн амын тооллогын лавлагаатай харьцуулан үзэхэд К.Жгийн ээж Т.Жази нь Келемжантай гэрлэж, Баянхан гэдэг нэртэй хүү гаргасан, дүү Жупар нь Келемжан гэсэн овогтой байгаа зэрэг нь харагдаж байгаа.

Нэхэмжлэгч К.Ж нь 1956 оноос хойш Келемжаны Ж болгосон байдаг. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар К.Жг Нажидбайн Ибрахим буюу Ивракимын төрсөн охин болохыг тогтоож өгнө үү....К.Ж нь намайг эхлээд өмгөөлөгчөөр аваад, дараа нь надад итгэмжлэл олгосон. Нажидбайн Ибрахим буюу Ивракимын төрсөн хүүхдүүдээс ганц амьд үлдсэн нь К.Ж байгаа юм. Казах ястан үндэсний цөөнхи бөгөөд К.Ж нь амьд байгаа дээрээ өөрийнхөө ураг төрлөө зөвтгөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Одоо 81 настай, биеийн байдал нь муу байгаа.

К.Ж нь Нажидбайн Ибрахим буюу Ивракимтай садан төрлийн холбоо тогтоолгосноор цагаатгалын нөхөн олговор авахгүй. Нажидбайн Ибрахим буюу Ивраким гэдэг хүний хэлмэгдлийн цагаатгалын нөхөн олговорыг ах Аси нь 1998 онд авсан байгаа. Нажидбайн Ибрахим буюу Ивракимын том эхнэрээс нь гарсан Аси, Хапиза нар нь төрсөн эцэг Ибрахим буюу Ивракимаар овоглож байсан юм билээ. Тэгээд тухайн үед төрсөн хүүхэд нь, эцгийн нэр нь таарч байгаа гээд садан төрлийн холбоо тогтоолгохгүйгээр шууд цагаатгалын нөхөн олговрыг нэхэмжлэгчийн том ах Аси авсан юм билээ. Одоо К.Ж бол Ибрахим буюу Ивракимын цагаатгалын нөхөн олговрыг авахгүй. Ураг төрлийнхөө нэрийг зөвтгөх хүсэлтэй байгаа учир садан төрлийн холбоо тогтоолгох хүсэлт гаргасан гэж тайлбарласан.

....Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/200 дугаартай шийдвэрээр И.Аси нь Нажидбайн Ибрахим буюу Ивракимын цагаатгалын нөхөн олговор 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлээд 860,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байдаг....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Ж нь Келемжаныг өөрчилж эцгийн нэр Ибрахим болгож тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал нь Молхы овогт Келемжаны Жг Нажидбайн Ибрахим /Ивраким/-тай садан төрлийн холбоо тогтоолгох гэж тодрууллаа.

К.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч К.Ж нь Нажидбайн Ибрахим /Ивраким/-ын төрсөн охин мөн болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 872 дугаартай Дэлүүн сумын 1944 оны хүн амын тооллогоор 10 дугаар багийн 2 дугаар өрхөд: Ивраким Хапиз 10 настай, Мустапа Зейнеп 58 настай, Тохарбай Жази 31 настай, Иварким Ж 8 настай, мөн Жупар 7 настай гэж бүртгэгдсэн байна. Ф№1, Д№01, ХН-126, Х-01 лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 05/5663 дугаартай Нажидбайн Ибрахим /Ибарай/ нь Ховд аймгийн харьяат, казах, лам, нас: 44/1938 оны байдлаар/. Ам бүл 8, эхнэр 2, хүүхэд 5 /нэр дурдаагүй/.... лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч К.Смахын шүүх хуралдаанд гаргасан ....К.Жгийн эцэг Ивраким гэдэг хүн эсэргүү гэсэн үндэслэлээр баригдаад явсан. Нөхөр нь баригдаад явсны дараа эхнэр Жази нь манай эцэгтэй суусан. Манай аав 2 эхнэртэй байсан. Миний эцгийг Келемжан гэдэг байсан. Манай эцэг Келемжан нь Т.Жазитай 1947 оны хавьд гэрлэсэн. Тэр үед би 13, 14 настай байсан....аав, Жгийн ээж хоёрын дундаас Баянхан төрсөн....Жупар, Ж гэсэн 2 охинтой ирсэн.... гэх мэдүүлэг, гэрч .Марияамын шүүх хуралдаанд гаргасан ....К.Жгийн эцэг нь хилс хэргээр баривчлагдаж яваад ээж нь 2 хүүхэдтэй үлдсэн. Миний аавын дүү Б.Келемжамтай Жн ээж Жази нь гэрлэсэн. Тухайн үед К.Ж 13 настай, би өөрөө 18 настай байсан байх, насны энэ талаар сайн санахгүй байна. К.Жгийн ээж Т.Жазигийн нөхөр нь хэлс хэргээр баригдаж явсны дараа Б.Келемжамтай 2 дагавар хүүхдийн хамт гэр бүл болж амьдарсан....К.Жгийн аав Ибрахим гэдэг хүн байсан.... Ж, Жупар хоёр ирж байсан....Келемжан, Жази хоёын дундаас Баянхан төрсөн.... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. /хх-ийн 9, 21-23, 25, 46-47 дугаар тал/

Хавтаст хэргийн 5, 7 дугаар хуудсанд авагдсан иргэн К.Смах, К.Марияам нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

Нажидбайн Ибрахим /Ивраким/-ын цагаатгалын нөхөх олговрыг том хүү И.Аси нь Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2/200 дугаартай шийдвэрээр авсан болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.1-д зааснаар Молхы овогт Келемжаны Ж / /-г Нажидбайн Ибрахим /Ивраким/-ын төрсөн охин мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч  К.Жн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    С.ОЮУНЖАРГАЛ