Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга О.У

Улсын яллагч Б.С

Хохирогч  Э.Б

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг,  оршин суух, Замын-Үүд дулааны цахилгаан станцад ковш оператор ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дуднын шүүхийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Б.ы Б /РД:/-д холбогдох эрүүгийн 2220000000... тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй диско баарны үүдэнд иргэн Э.Б.ын нүүрэн тус газарт 1 удаа  цохиж, унаган биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна талд зулгаралт, дотор талд язарсан шарх, зүүн эрүү орчмоор зөөлөн эдийн няцрал, хуйханд дагзны дээд талд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ тэр өдөр хүний төрсөн өдөр тэмдэглэж яваад Б.ийн бааранд орсон юм. Тэнд Б ахтай таарамжгүй харьцаа үүсгэж, нүүрэнд нь цохисон чинь газарт уначихсан. Уруулдаа оёдол тавиулсан гэж байсан. Шүүхийн танхимд Б ахаас уучлалт гуйя, эмчилгээний зардлыг төлнө, мөн эмнэлгийн байгууллагад учирсан 262,000 төгрөгийг төлнө. Би хүүтэйгээ хамт амьдардаг, Дулааны станцад ажилд ороод 2 сар болж байна, 640,000 төгрөгийн цалинтай. Хохирол төлбөрөө төлөхөд мөнгө төгрөг хэрэгтэй байгаа тул торгох ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э.Б.ын шүүх хуралдаанд өгсөн “ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд найз Д.ийн гэрт очиж  0.5 граммийн  1 шил рахи  хувааж уусан. 21 цагийн орчимд бид хоёр Б нэртэй бааранд орж нэг хүний 4 шихэг лаазтай пиво уугаад бүжиглэж байхад бааран дотор нэг өндөр залуутай муудалцсан. Тэгээд байж байхад нэг залуу танай найзыг  хүмүүс гадна зодох гээд байна гэхээр нь баарнаас гарч ирэхэд манай найз нэг залуутай муудалцаад байхаар нь би найзыгаа өмөөрөөд  тэр залуутай муудалцаад  нэг нэгийгээ хальт цохих шиг болсон. Мөн тухайн үед тэнд байсан залуусаас нэг залуу миний шанаа болон  уруул хэсэг рүү нэг удаа гараараа цохих шиг болоход би газар унасан. Намайг сэргэхэд цагдаа, эмнэлгийн хүмүүс  ирсэн байсан. Эмнэлэг дээр  очиж дээд уруулын хэсэгт оёдол тавиулсан.Одоо биеийн байдал хэвийн байна. Тухайн үед эмчилгээнд 200-гаад мянган төгрөг зарцуулсан, түүнийг гаргуулж авмаар байна, одоогоор баримт байхгүй байна, банкны хуулгаас харагдах байх. Өөр ярих зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 01/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04/

Гэрч М.Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би гэртээ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн орчимд бөх үзээд байж байхад Э.Б гаднаас  орж ирсэн. Тэгээд бид хоёр  0.5 граммын  1 шил архи хувааж уусан. 21 цагийн орчим бид хоёр  Б нэртэй бааранд  орж нэг хүний 4 ширхэг лаазтай  пиво захиалаад миний бие 3 лааз  пивогийг нь уугаад гараад утсаар яриад буцаад ороод ирсэн чинь манай найз бүжиглэж байхад нэг залуу миний бөгс бариад байсан гэж хэлсэн. Тэгээд би хэсэг хугацааны дараа баарнаас гарсан чинь бааранд байсан залуучууд гараад ирсэн байхаар нь та нар манай найзын бөгсийг яагаад бариад байсан юм бэ адилхан архи уучихаад гэж хэлээд зогсож байхад манай найз гарч ирээд  нөгөө баарны  гадна байсан залуутай  муудалцах шиг болоод баарны  баруун тал руу  явахад тэнд байсан шар алаг куртиктэй залуу манай найз Б.ыг  гараараа нэг удаа  цохиод газар унаад өгсөн. Энэ үед цагдаа, эмнэлэг ирээд манай найзыг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед баарны гадна  муудалцах  зүйл болоогүй байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

 

Гэрч Н.З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... нэг танихгүй залуу бүжиглэж байхаар нь тойрог дотор нь ороод бүжиглэх гээд бөгс хэсэгт нь гараараа  хүрсэн чинь намайг тохой хэсгээрээ цохиод авах шиг болсон. ...Баарнаас гарч  ирээд нөгөө залуутай муудалцаад намайг цохих гээд дайрч, бид хоёр нэг нэгнийгээ цохисон зүйл болоогүй. Тэгээд баарны гадна гараад  ирсэн миний таньдаг залуутай муудалцаад цаашаа яваад тэр хоёр нэг нэгнийгээ цохиод миний таньдаг залуу нөгөө залуугийн нүүр хэсэг рүү цохих үед хамар хэсгээс нь цус гараад газар унасан. Тэгээд цагдаа эмнэлгийн эмч нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

 

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 сарын 28-ны өдрийн “1. Э.Б.ын биед  дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна талд зулгаралт, дотор талд язарсан шарх, зүүн эрүү орчмоор зөөлөн эдийн няцрал, хуйханд дагзны дээд талд зулгаралт гэмтлүүд  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн  удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.

4. Хөнгөн гэмтэл нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба  энгийн хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэсэн 04/230 тоот дүгнэлт /хх-ийн 21-22/

 

2022 оны 11 сарын 26-ны өдрийн яаралтай тусламжийн хуудасны  хуулбар /хх-ийн 23/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.Б нь  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн  төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн сангаас 262,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх  тусламж үйлчилгээний  зардлыг яллагдагч Б.Б.ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/  

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 19/67 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Э.ын Б.ын /РД:/ эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 262,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 43-44/

Шүүгдэгч Б.Б нь урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт  /хх-ийн 47/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 сарын 06-ны өдрийн 120 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-59/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цаг 30 минутын үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б нэртэй баарны үүдэнд хохирогч Э.Б.тай ”найзыгаа өмөөрч” хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт 1 удаа  цохиж, газарт унаган биед нь дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна талд зулгаралт, дотор талд язарсан шарх, зүүн эрүү орчмоор зөөлөн эдийн няцрал, хуйханд дагзны дээд талд зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Хохирогч Э.Б.ын эрүүл мэндэд учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг талаар Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн хошууч П.Г нь 2022 оны 11 сарын 28-ны өдөр 04/230 тоот дүгнэлтийг гаргасан байх ба уг дүгнэлттэй шүүгдэгч, хохирогч нар танилцсан, энэ талаар ямар нэг маргаан гараагүй байна.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт болох шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Б.ын шүүхийн хэлэлцүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 04/230 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Б нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас 200-гаад мянган төгрөгийн эмчилгээ хийлгэсэн, түүнийг гаргуулна гэх боловч энэ талаарх баримт хэрэгт  авагдаагүй байх тул тэрээр нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй юм.

 

Түүнчлэн хохирогч Э.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан байх ба тухайн үед 262,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 19/67 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Э.ын Б.ын эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 262,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 43, 44/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 262,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хувьд:

            Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Улсын яллагч  шүүх хуралдаанд “ шүүгдэгчид найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч нь хүүтэйгээ амьдардаг, 640,000 төгрөгийн цалинтай, хохирогчид болон эмнэлгийн байгууллагад хохирол төлөх тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирол төлбөр төлөх байдал, тодорхой оршин суух хаягтай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 3 сарын хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.ы Б /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.ы Б.г Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 3  /гурав/ сарын хугацаагаар явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч Э.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус, тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Б.Б.ээс гэм хорын хохиролд 262,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020... тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг  хоногийг хорих  ялын нэг  хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           А.Ц